Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1531

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01985 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК, Б.М нарт холбогдох 324 101 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, өмгөөлөгч Н.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь “Оюут хясаа групп” ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дугаартай магадлалаар “Оюут хясаа групп” ХХК-аас 252 301 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлбөр төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. “Оюут хясаа групп” ХХК нь өмчлөлдөө хөрөнгөгүй, дансаар нь орлого ордоггүй, ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй учир төлбөрийг барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй гэдэг тайлбарыг өгсөн. Өнөөдрийг хүртэл энэхүү компаниар дамжуулан нэг ч төгрөг орж ирээгүй. Манайх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн манай өмчлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байсан “Оюут хясаа групп” ХХК-ийн хөрөнгийг саатуулсан байсан. Хөрөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой хариуцагчтай хэд хэдэн удаагийн уулзалт хийж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авлага барагдуулах болон батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Энэхүү авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр “Оюут хясаа групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.М, батлан даалтын гэрээний батлан даагчаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК нь тус тус оролцож гэрээг баталгаажуулсан. Уг гэрээнүүдийг холбогдох журмын дагуу нотариатаар батлуулж, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Авлага барагдуулах гэрээ байгуулагдсанаас хойш үүрэг гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийн дагуу урьдчилж 10 000 000 төгрөгийг төлж байж саатуулагдсан хөрөнгөө авсан. Үүнээс хойш төлбөр төлөгдөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас хэд хэдэн удаагийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн авлага барагдуулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.М аас үндсэн үүрэг болох 242 301 000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнг алданги 81 800 000 төгрөг, нийт 324 120 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.М нь үүргээ гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгэгч Б.М-ын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч болох “Б” ХХК-аас нөхөн гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М, “Б” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй, шийдвэр гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд тайлбарлаад байна. Хариуцагч нь өөрчлөгдсөн ч гэсэн 252 000 000 төгрөгтэй холбоотой асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хүчин төгөлдөр шийдвэртэй. Хэлцэл хийх гээд талууд хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсэг зурахдаа сайн дураараа гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал тайлбартаа бид нар эд хөрөнгийг нь барьцаалсан, барьцаалж байгаад ийм гэрээ хийсэн гэж ойлгохоор зүйлийг хэллээ. Сургуулийн үйл ажиллагаа эхлээд байна. Сургалтын тоног төхөөрөмж, эд зүйлээ авмаар байна гэхэд энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол өгөхгүй гэсэн учир аргагүй эрхэнд авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ тайлбарыг нэхэмжлэгч тал ч хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр энэ гэрээ нь үүрэг гүйцэтгэсэн хэлцэл биш. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасны дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хуулийн хүрээнд гэрээ байгуулах ёстой. Гэтэл энэхүү авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ нь хууль бус гэрээ болсон. Учир нь өмнө шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад эд хөрөнгөөр нь барьцаалж байгаад гэрээ хийсэн учир энэ гэрээний дагуу хариуцагч тал ямар нэгэн үүрэг хүлээхгүй. “Оюут хясаа групп” ХХК болон “Б” ХХК нь нэг эзэнтэй бөгөөд захирал нь Б.М. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой учир энэхүү 242 000 000 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч Б.М төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл “Оюут хясаа групп” ХХК нь төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар төлөөд дуусгаж байж энэхүү маргаан дуусах ёстой. Нэхэмжлэгч тал өмнө ч тэр, сая ч тэр тайлбарлахдаа манайх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайн дураараа дуусгавар болгох юм бол дараа нь ямар нэгэн байдлаар сэргээж чадахгүй нөхцөл байдалтай байгаа гэж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал ойлгож байгаа болохоор шаардлагаасаа татгалзах байх гэж бодож байсан ч татгалзсангүй, харин ч шаардлагаа нэмэгдүүлж орж ирсэн. Үүнийг нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Өмнө нь “Оюут хясаа групп” ХХК-д холбогдуулан гаргасан 252 000 000 төгрөгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, талуудын тайлбарыг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож, “Б” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Маас 324 101 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Б” ХХК-д холбогдох 324 101 000 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 1 778 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...2016 онд нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэл гаргаж, “Оюут хясаа групп” ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 676 009 137 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч “Оюут хясаа групп” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Х” ХХК-аас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардал, элсэлтийн квотын зөрүү, сургалтын төлбөрийн зөрүүд 722 631 950 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1341 дүгээр шийдвэр гарган шийдвэрлэж, Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Оюут хясаа групп” ХХК-аас 350 455 000 төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 325 554 137 төгрөг болон хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч “Оюут хясаа групп” ХХК-ийн өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 1691 тоот магадлал гаргаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн төлбөрийг 252 301 000 төгрөг болгон бууруулж, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК үүнийг нь төлөхөө зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг эвлэрлийг баталж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 350 455 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252 301 000 төгрөг болгон бууруулсныг, хариуцагч “Оюут хясаа групп” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Азбаяр ажиллагаа хийж, “Оюут хясаа групп” ХХК-д төлбөр төлөх мэдэгдэл өгсөн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно. Хариуцагч Б.М-ын захирлаар нь ажилладаг “Оюут хясаа групп” ХХК-д холбогдох асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн, мөн түүний захирлаар нь ажилладаг Б мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “Х” ХХК нь “Оюут хясаа групп” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлсэн. Сургуулийн тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг түрээсийн байрнаас гаргаж авах гэтэл “Х” ХХК зөвшөөрөхгүй, байрандаа харуул хамгаалалт гаргаж биднийг нэвтрүүлэхгүй байсан ба шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн мөнгийг төлнө гэсэн энэ гэрээнд гарын үсэг зурж эд зүйлээ бүрэн бүтэн авсан гэсэн тодорхойлолт гаргаж өгвөл тоног төхөөрөмжийг чинь өгнө гэсэн тул сургалтын үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахын тулд арга буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авлага барагдуулах гэрээ, батлан даалтын гэрээнд нь гарын үсэг зурж эд зүйлээ авсан. Энэ талаар ч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлдэг. Талуудын байгуулсан авлага барагдуулах гэрээний 1 дэх хэсэгт "Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар “Оюут хясаа групп” ХХК-аас 252 301 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг хавсралт №1-д заасан хугацаанд төлж барагдуулан үүрэг гүйцэтгэгчийг хохиролгүй болгох, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний, зорилго оршино" гэж заасан ба шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэх ёстой байтал дахин авлага барагдуулах гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол алданги тооцон өгч, авна гэсэн нь хууль бус, хууль зөрчсөн тохиролцоо болсон. Шүүхээр шийдвэрлэсэн үнийн дүнг дахин үүрэг хүлээсэн мэт болгож гэрээ байгуулан, энэ гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргаж, алданги тооцон нэхэмжилсэн ба шүүх талуудын байгуулсан гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэж, шүүхээр шийдвэрлэгдсэн 242 101 000 төгрөгийн төлбөр дээр нэмж алданги тооцон хариуцагч Б.Маас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Б.М нь “Оюут хясаа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь бөгөөд уг компани Б.М гэдэг нэг хувьцаа эзэмшигчтэй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 93 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх хариуцлагыг хүлээхгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан, гэтэл шүүгчийн гаргасан алдаатай энэхүү шийдвэрээр “Оюут хясаа групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанийнхаа 242 301 000 төгрөг төлөх үүргийг алдангийн хамт төлөхөөр болоод байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу 252 301 000 төгрөг гаргуулах асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэж, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул.шүүх дахин 252 301 000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёсгүй юм. “Х” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байхад энэ шийдвэрээр төлөхөөр болсон 252 301 000 төгрөгтэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан. 3өвхөн энэ нөхцөл байдлаас нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж үзэхээр байна. Гэтэл шүүгч Б.Азбаяр шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт хийлгүй, "шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөр үндэслэлээр, өөр этгээдүүдийн хооронд гэрээний үүрэг үүссэн, түүнтэй холбоотой маргаан үүссэн..." гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл болсон байна. Түүний энэ дүгнэлтээр бол шүүхийн шийдвэрлэсэн төлбөрийн асуудлаар үүрэг үүсгэсэн хэлцлийг өөр этгээдтэй байгуулаад, түүнээс үүргийн гүйцэтгэл шаардан нэхэмжлэл гаргадаг, шүүх түүнийг нь өөр этгээдтэй гэрээ байгуулсан, үүрэг үүссэн учраас төлүүлэх нь зөв, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу өмнөх шийдвэрээр төлөх болсон төлбөрийг талууд эвлэрэн дуусгадаг гэсэн сонин практик анх удаа тогтох болж байгаа бөгөөд энэ нь хууль зөрчин хэрэгжээд явбал шүүхүүд 1 төлбөрийн асуудлаар эцэс төгсөлгүй шийдвэр гаргах болж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Х” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд үүссэн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй маргааныг хянан шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх дээр зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас 2018 оны 4 дүгээр сард Б.М, “Б” ХХК-тай байгуулсан авлага барагдуулах гэрээ, батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргах эрх нэхэмжлэгч “Х” ХХК-д байхгүй гэж хариуцагч нарын зүгээс үзсэн. Гэтэл шүүх хариуцагчийн энэ маргаж байгаа үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй ба нэхэмжлэгчийн нөлөөнд автаж хууль бус шийдвэр гаргасан. “Х” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн байгуулсан авлага барагдуулах гэрээнд гэрээний зорилгыг “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар “Оюут хясаа групп” ХХК-аас 252 301 000 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг хавсралт №1-д заасан хугацаанд төлж барагдуулан үүрэг гүйцэтгүүлэгчийг хохиролгүй болгох, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж тодорхойлсон бөгөөд үүнээс харахад талуудын байгуулсан дээрх гэрээ нь шинээр үүрэг үүсгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ" гэж заасан ба талуудын байгуулсан авлага барагдуулах гэрээ нь гадаад илэрхийллийн хувьд талуудын хооронд эрх, үүрэг үүсгэж байгаа мэт боловч өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар дахин эрх, үүрэг үүсгэсэн мэт гэрээ байгуулсан байгаа учраас хууль бус болсон. Ийм учраас Б.М нь энэ гэрээгээр 242 301 000 төгрөг төлөх үүргийг энэ гэрээгээр хүлээх ёсгүй. Тэгээд ч дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар татагдсан “Оюут хясаа групп “ХХК заавал биелүүлэх ёстой ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг анхаарч үзнэ үү. Шүүгч шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт "Хэлцэл хийхдээ талууд хүсэл зоригоо илэрхийлээд гарын үсэг зурахдаа сайн дураараа гэрээ байгуулсан" хэмээн хариуцагч талын шүүх хуралдаан дээр яриагүй зүйлийг ярьсан болгож бичсэн байх бөгөөд хэрэв хариуцагч ийм байр суурьтай, сайн дураараа гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм бол сургуулийн эд хөрөнгөө авч сургалтын үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахын тулд гэрээ байгуулсан гэж маргахгүй байх байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагч хариу тайлбар гаргахдаа энэ талаар тодорхой бичсэн бөгөөд хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч хариу тайлбар өгөөгүй бөгөөд энэ талаар ч маргаагүй. Нэхэмжлэгч сургуулийн эд хөрөнгийг өгөхдөө уг гэрээнд гарын үсэг зуруулж байж өгсөн гэж гарын үсэг зуруулсан болзлоо хүртэл хэлдэг. Шүүгчийн энэ үйлдэл нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн зарим нэг хэсгийг зөвшөөрч байсан байна гэж бусдад ойлгуулах оролдлого хийсэн гэж үзэж байна. Хүчин төгөлдөр магадлал дээр нэмж хариуцагч Б.М-аас 324 101 000 төгрөгийн төлбөрийг “Х” ХХК-д олгохоор нэг үйл явдлыг давхардуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж талуудын хооронд өр авлага барагдуулах гэрээний дагуу үүрэг үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу. Шүүгч хэт нэг талыг барьж гаргасан хууль бус шийдвэрээ хамгаалахын тулд өгсөн зөвлөгөө тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.М, Б ХХК-д холбогдуулан 324 101 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар “хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, мөн авлага барагдуулах болон батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт “Х” ХХК, “Оюут хясаа групп” ХХК-ийн хооронд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”, мөн №ХХ-18/03БД дугаартай “Х” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Батлан даалтын гэрээ” зэрэг хүчин төгөлдөр гэрээнүүд авагдсан байна.

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Авлага барагдуулах гэрээ”-ээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн магадлалын дагуу төлөгдөх төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, хэрэв хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тус тус тохиролцсон, “Батлан даалтын гэрээ”-ээр “Оюут хясаа групп” ХХК нь дээрх гэрээний үүргийг биелүүлж чадахгүй болсон тохиолдолд батлан даагч “Б” ХХК нөхөх хариуцлага хүлээхээр талууд тохиролцжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 350 455 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252 301 000 төгрөг болгож бууруулсныг, хариуцагч Оюут хясаа групп ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. /хх.19-22/

Анхан шатны шүүх хариуцагч Б.М-аас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар зохигчид эвлэрч хариуцагчаас төлөхийг зөвшөөрсөн 252 301 000 төгрөг гаргуулахтай холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад уг төлбөрийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний дагуу батлан даагч болох “Б” ХХК-аас төлбөр гаргуулахаар шаардсан байхад төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тодруулаагүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зохих ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

                

                               ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                               Ц.ИЧИНХОРЛОО