Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00489

 

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00838 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1044 дүгээр магадлалтай,

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“..........” ХХК болон Б.М нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 324,101,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: “Авлага барагдуулах гэрээ” болон “Батлан даалтын гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан үндсэн өр болох 242,301,000 төгрөг, алданги 81,800,000 төгрөг, нийт 324,101,000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгэж чадахгүй бол батлан даагч “..........” ХХК-аас нөхөн гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч “..........” ХХК-д холбогдуулан “..........” ХХК, “Оюутхясаа групп” ХХК нарын хооронд 2018.04.02-ны байгуулагдсан “Авлага барагдуулах гэрээ”, “..........” ХХК, “..........” ХХК нарын хооронд мөн өдөр байгуулагдсан “Батлан даалтын гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00838 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 189 дүгээр зүйлийн 189.5, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 тоот Авлага барагдуулах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03БД Батлан даалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “..........” ХХК, Б.М нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган, хариуцагч нараас 324,101,000 төгрөг гаргуулах, нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэгч “..........” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,778,955 төгрөгийг, хариуцагч “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,417,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,419,455 төгрөг, 1505 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1,419,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1044 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00838 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “..........” ХХК-аас 242,101,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д олгож үндсэн нэхэмжлэлийн, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-ний “гурав”-ын 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 81,800,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-г болон мөн өдрийн Батлан даалтын гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1,419,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид” гэснийг “хариуцагчаас 801,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,778,955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Шүүх энэхүү өөрчлөлт оруулсан үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусахаас өмнө эвлэрэх эрхтэй. Талуудын эвлэрлийг баталсан шүүхийн магадлалын дагуу төлбөл зохих төлбөрийг төлөх хуваарийг тогтоож гэрээ байгуулсныг, мөн тус гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцан барагдуулах Батлан даалтын гэрээг Барилга технологийн коллежтэй байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд төлбөр төлөх хуваарь гарган гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй нь үнэн, “..........” ХХК, “Оюутхясаа групп” ХХК-ийн хооронд “Авлага барагдуулах гэрээ” байгуулагдсаныг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд эвлэрлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх боломжтой бөгөөд “..........” ХХК, “..........” ХХК-ийн хооронд “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар ч хамааралгүй, харин шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн, төлбөр төлж, төлүүлэх ажиллагаа Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу явагдаж байхад дахин үүрэг үүсгэсэн гэрээ байгуулагдсан байгааг анхааралгүй ийм төрлийн гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй гэж үзэж, “..........” ХХК-аас 242,101,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Зүй нь “..........” ХХК, “Оюутхясаа групп” ХХК- ийн төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг гэрээний графикт заасны дагуу явагдаж дуусах ёстой байтал нэхэмжлэгч “..........” ХХК гэрээний үүргийн биелэлт шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөж байгаа төлбөрийн асуудлыг шүүх дахин шийдвэрлэх ёсгүй юм. Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа төлбөрт шинээр үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн байхад давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан гэрээний агуулгыг буруу дүгнэж, төлбөр төлөх гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийн дагуу “Оюутхясаа групп” ХХК-аар төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн 242,101,000 төгрөгийн төлбөрийг “..........” давхар төлөхөөр болж байх бөгөөд “..........” ХХК, “Оюутхясаа групп” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байгааг шүүх анхаарсангүй.

4.2. 2016 онд нэхэмжлэгч “..........” ХХК нэхэмжлэл гаргаж, “Оюутхясаа групп” ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 676,009,137 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч “Оюутхясаа групп” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “..........” ХХК-аас түрээсийн байрны засвар үйлчилгээний зардал, элсэлтийн квотын зөрүү, сургалтын төлбөрийн зөрүүд 722,631,950 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.05.09-ний өдрийн 102/ШШ2017/01341 дүгээр шийдвэр гарган шийдвэрлэж, Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Оюутхясаа групп” ХХК-аас 350,455,000 төгрөг гаргуулж, “..........” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 325,554,137 төгрөг болон хариуцагч “Оюутхясаа групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч “Оюутхясаа групп” ХХК-ийн өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.07.24-ний өдөр хянан хэлэлцээд 1691 тоот магадлалаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн төлбөрийг 252,301,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч “Оюутхясаа групп” ХХК үүнийг нь төлөхөө зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, эвлэрсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг эвлэрлийг баталж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/01341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “..........” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 350,455,000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг 252,301,000 төгрөг болгон бууруулсныг, хариуцагч “Оюутхясаа групп” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа ба Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол тойргийн шийдвэр гүйцэтгэгч Азбаяр ажиллагаа хийж, “Оюутхясаа групп” ХХК-д төлбөр төлөх мэдэгдэл өгсөн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

4.3. Хариуцагч Б.Мын захирлаар нь ажилладаг “..........” мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд сургуулийн тоног төхөөрмж, бусад эд зүйлсийг түрээсийн байрнаас гаргах гэтэл “..........” ХХК зөвшөөрөхгүй байсан ба “шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн мөнгийг төлнө гэсэн гэрээ хийвэл тоног төхөөрөмжийг чинь өгнө” гэсэн тул сургалтын үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахын тул 2018.04.02-ны өдөр “Авлага барагдуулах гэрээ”, “Батлан даалтын гэрээ” гэгчид нь гарын үсэг зураад эд зүйлээ авсан юм. Талуудын байгуулсан “Авлага барагдуулах гэрээ”-ний нэг дэх хэсэгт “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар “Оюутхясаа групп” ХХК-аас 252,301,000 төгрөгийг гаргуулж “..........” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг хавсралт №1-д заасан хугацаанд төлж барагдуулан үүрэг гүйцэтгэгчийг хохиролгүй болгох, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж заасан ба шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлэх ёстой байтал дахин Авлага барагдуулах гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхгүй бол алданги тооцон өгч, авна гэж тохиролцсон нь хууль бус, хууль зөрчсөн тохиролцоо болсон. Шүүхээр шийдвэрлэсэн үнийн дүнг дахин үүрэг хүлээсэн мэт болгож гэрээ байгуулан, энэ гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргаж, алданги тооцон нэхэмжилсэн байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй гэж дүгнэн дахин өөр этгээдээр буюу Б.М захиралтай “..........” ХХК-аас /242,101,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн дээрх дүгнэлтээр бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд төлбөр төлөх гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу дахин шүүхэд нэхэмжлэл гарган, шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлээд байвал нэг гэрээний маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэхээр болж байгааг анхаарч үзнэ үү.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу 252,301,000 төгрөг гаргуулах асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэж, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул шүүх дахин 252,301,000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёсгүй юм. “..........” ХХК, “Оюутхясаа групп” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байхад энэ шийдвэрээр төлөхөөр болсон 252,301,000 төгрөгтэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан. Зөвхөн энэ нөхцөл байдлаас нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх. Өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж. 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. “Хесахолдинг” ХХК, “Оюутхясаа групп” ХХК-ийн байгуулсан Авлага барагдуулах гэрээнд гэрээний зорилгыг “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.24-ний өдрийн 1691 дүгээр магадлалаар “Оюутхясаа групп” ХХК-аас 252,301,000 төгрөгийг гаргуулж “..........” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг хавсралт №1-д заасан хугацаанд төлж барагдуулан үүрэг гүйцэтгүүлэгчийг хохиролгүй болгох, үүнтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж тодорхойлсон бөгөөд үүнээс харахад талуудын байгуулсан дээрх гэрээ нь шинээр үүрэг үүсгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна.

4.5. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ” гэж заасан ба талуудын байгуулсан Авлага барагдуулах гэрээ нь гадаад илэрхийллийн хувьд талуудын хооронд эрх, үүрэг үүсгэж байгаа мэт боловч өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар дахин эрх, үүрэг үүсгэсэн мэт гэрээ байгуулсан байгаа учраас хууль бус болсон. Ийм учраас Б.М болон “..........” ХХК нь 242,301,000 төгрөг төлөх үүргийг Авлага барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээгээр хүлээх ёсгүй. Тэгээд ч дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар татагдсан “Оюутхясаа групп” ХХК заавал биелүүлэх ёстой ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн ... хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан Авлага барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, заавал биелэгдэх, биелүүлэхгүй бол зохих журмаар, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан биелүүлэх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр байгуулсан гэрээ бөгөөд “..........” ХХК, “..........” ХХК-ийн байгуулсан Батлан даалтын гэрээ нь Авлага барагдуулах гэрээтэй холбоотой учраас мөн адил хуульд заасан шаардлага хангаагүй, хууль зөрчсөн гэрээ юм.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Б.М болон “..........” ХХК-д холбогдуулан төлбөр 242,301,000 төгрөг, алданги 81,800,000 төгрөг, нийт 324,101,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “шүүхийн шийдвэрээр “Оюутхясаа групп” ХХК-аас 252,301,000 төгрөг гаргуулж манай компанид олгохооор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч төлбөр төлөгч өмчлөлдөө хөрөнгөгүйгээс төлбөр барагдуулах боломжгүй болсон, энэ үед хариуцагч Б.М болон “..........” ХХК уг “Авлага барагдуулах гэрээ” болон “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Гэвч мөнгийг төлөхгүй байх тул дээрх хариуцагч нараас мөнгийг гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй ““Оюутхясаа групп” ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон 252,000,000 төгрөгийг төлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад дахин өр “Авлага барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээний үүргийн биелэлт болгон нэмж алданги шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бий болсон.” гэж маргасан байна.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч “..........” ХХК-д холбогдуулан тус компани болон “Оюутхясаа групп” ХХК нарын хооронд 2018.04.02-ны өдөр байгуулагдсан “Авлага барагдуулах гэрээ”, “..........” ХХК, “..........” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан “Батлан даалтын гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...талуудын хооронд хуульд нийцсэн, хуульд заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсан бол иргэний эрх зүйн харилцаа үүсч, энэ үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан этгээдүүд бие биедээ төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэж ойлгоно, эдгээр гэрээ нь шүүхийн шийдвэрээр төлөх мөнгийг төлөх агуулгаар шинээр үүрэг хүлээлгэсэн гэрээ бус хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч саатуулан барьсан үйл ажиллагааг зогсоох зорилгоор хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...Төлбөрийн асуудал нь 2015 оноос эхэлсэн. 2017 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 3 жил өнгөрөх үед “Оюутхясаа групп” ХХК төлбөр төлөөгүй, “Авлага барагдуулах гэрээ” нь хүчин төгөлдөр бус, хүчээр байгуулсан гэх үндэслэлгүй, бидний зүгээс мөнгөө гаргуулахаар хэд хэдэн удаа уулзалт хийж, ямар нэгэн байдлаар дахин хөнгөлөх, үнийн дүнг бууруулах, үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг барагдуулаад бартераар авах зэрэг хувилбарууд яригдаж байгаад хариуцагч талаас боломжит хугацаа олговол график гаргаж төлье гэсэн учир энэ гэрээг байгуулсан, нотариатаар гэрээг гэрчлүүлсэн.” гэжээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 242,101,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

8. Хэргийн баримтаас үзвэл, “Оюутхясаа групп” ХХК нь “..........” ХХК-д 252,301,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үүрэгтэй, уг төлбөрийг гаргуулах албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэдий ч төлбөр төлөгдөх бодит боломжгүй нь тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Оюутхясаа групп” ХХК  төлбөрийг төлөх баталгаа гаргаж дахин шинээр “..........” ХХК-тай “Авлага барагдуулах гэрээ”-г, уг гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар “..........” ХХК-тай “Батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулсан, “Оюутхясаа групп” ХХК болон “..........” ХХК нь тус тус нэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй, тухайн хувьцаа эзэмшигч нь энэ хэргийн хариуцагч болж байгаа Б.М болох нь тогтоогджээ. Мөн тэрээр эдгээр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болохыг зохигч маргаагүй байна.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа ““Оюутхясаа групп” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа, энэ ажиллагаа дуусгавар болсон, тухайн компани дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдоогүй, нэгэнт ийм байхад дахин хариуцагч нараас төлбөрийг алдангийн хамт гаргуулах “Авлага барагдуулах гэрээ” байгуулсан нь гадаад илэрхийллийн хувьд шинэ хэлцэл мэт боловч агуулгаараа өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин хэлцэл хийсэн нь талуудын хооронд шинээр үүрэг үүсгэсэн гэж үзэхгүй, иймээс “Авлага барагдуулах гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус, “Батлан даалтын гэрээ” мөн зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул мөн хүчин төгөлдөр бус” гэсэн дүгнэлт хийжээ.

10. Давж заалдах шатны шүүх, “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч төлбөр авагч эвлэрэх эрхтэй, талууд шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг барагдуулах хуваарь тогтоож, “Авлага барагдуулах гэрээ”-г байгуулсан, уг гэрээний үүргийг биелүүлэхгүй бол “..........” ХХК төлөхөөр “Батлан даалтын гэрээ” байгуулсан нь хууль зөрчихгүй, иймээс нэхэмжлэгч нь “Батлан даалтын гэрээ”-ний дагуу үүргийг шаардах эрхтэй тул үндсэн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангана, харин өмнөх шүүхийн шийдвэрээр талуудын хооронд үүссэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай маргааныг шийдвэрлэсэн атал авлага барагдуулах болон “Батлан даалтын гэрээ”-ний алданги гаргуулахаар заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусаас нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно” гэж үзсэн байна.

11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх өөр өөр дүнэлт хийжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хамааралтай үйл баримтын болон түүнд хийсэн давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин тус шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсэгт техникийн чанартай алдаа (мөнгөн дүнг буруу бичсэн) гаргаснаас гадна найруулгыг ойлгомжгүй байдлаар тодорхойлж бичсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан эвлэрэх эрхтэйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д заасан байна.

Төлбөр төлөгч “Оюутхясаа групп” ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр болох 252,301,000 төгрөгийг төлбөр авагч “..........” ХХК-д хуваарийн дагуу төлөхөөр талууд тохиролцож “Авлага барагдуулах гэрээ”-г 2018.04.02-ны өдөр байгуулсан нь хууль зөрчихгүй атал анхан шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хууль зөрчсөн хэлцэл гэдэгт аливаа хэлцлийн агуулга нь тодорхой хуулийн хориглолтыг зөрчсөнийг ойлгох бөгөөд авлага барагдуулах болон “Батлан даалтын гэрээ” байгуулахыг хуулиар хориглоогүй тул гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд эрх, үүргээ өөрсдөө тодорхойлж гэрээ байгуулсан гэж үзнэ. Өмнө шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг “Оюутхясаа групп” ХХК төлөөгүй, төлөх боломжгүй тохиолдолд төлбөрийг өөр этгээд төлөхөөр тохиролцохыг хуулиар хязгаарлахгүй тул “Батлан даалтын гэрээ”-гээр талууд шинэ харилцааны дагуу эрх, үүрэг үүсгэсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчихгүй байна.

Хэргийн баримтаар “Оюутхясаа групп” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагаа явагдсан боловч тус компани тодорхой хөрөнгөгүйгээс ямар эх үүсвэрээс төлбөр төлөгдөх нь тодорхой бус болсон нь тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар “Батлан даалтын гэрээ”-ний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэхээр “..........” ХХК-аас нийт 242,301,000 төгрөгийг (төлсөн 10,000,000 төгрөгийг хасч) шаардах эрхтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд нэг төлбөрийн асуудлыг дахин шийдвэрлэж байгаа гэх үндэслэлгүй болно.

13. Алданги гаргуулах болон хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Харин алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “Авлага барагдуулах гэрээ”-ний 3.1 дэх заалтыг хүчингүй болгох шаардлагагүй болсныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1044 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “..........” ХХК-аас 242,101,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-ний “гурав”-ын 1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 81,800,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-г болон мөн өдрийн “Батлан даалтын гэрээ”-г бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “..........” ХХК-аас 242,301,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д олгож, 81,800,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “..........” ХХК-д холбогдох 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ХХ-18/03 дугаартай “Авлага барагдуулах гэрээ”, “Батлан даалтын гэрээ”-г бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох Б.Мын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “..........” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг/-ийн 2020.06.08-ны өдөр 1,382,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД