Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/00008

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 181/ШШ2024/00008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...байрлах, И ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б.А /РД:.../,

Хариуцагч: ... оршин суух, Н.Ц /РД:.../,

Хариуцагч: ... оршин суух,  Д.А /РД:..../ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 195,206,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч М.А, хариуцагч Н.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.А, түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Б.А, Б.Б, Н.Ц, Д.А нь И ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ, ... болон .. тоот Ипотекийн гэрээ-г тус тус байгуулан 200,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Уг зээлийн барьцаанд .. тоот хаягтай, ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай орон сууц, мөн ... хаягтай, ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний зөрчил гарч эхэлснээс хойш, зээлдэгч нарт ... тоот Зээлийн гэрээ-ний үүргийг гүйцэтгэхийг шаардаж утсаар холбогдох, зээлийн гэрээний зөрчлийг арилгах тухай мэдэгдсэн боловч хариуцагч тус бүр нь нөгөө талаа авч ашигласан тул дахин төлбөр төлөхгүй, нөгөө талаа үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж үзэн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг хэн төлсөн, цаашид аль хариуцагч нь бүрэн төлж барагдуулах эсэх асуудлыг нэхэмжлэгч талаас тогтоох боломжгүй бөгөөд уг ойлгомжгүй байдлын улмаас нэхэмжлэгч И ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг ... тоот зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нараас шаардаж байна.

Зээлдэгч Б.А, хамтран зээлдэгч Б.Б, Н.Ц, Д.А нарын зээлийн үлдэгдэл өр, хүүгийн төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон тооцоолоход үндсэн зээл 157,571,702.35 төгрөг, зээлийн хүү 12,732,538.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,673.63 төгрөг, нийт 170,373,914.32 төгрөг байсан.

Зээлдэгч нарын зээлийн өр төлбөр нь нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүү нь 8,951,799.51 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү нь 186,372.99 төгрөгөөр нэмэгдэж, Мөн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зээлийн хүү нь 15,106,161.65 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү нь 588,152.10 төгрөгөөр тус тус нэмэгдэж, нийт 195,206,400.58 төгрөг болсон.

Нэхэмжлэгчээс хариуцагч Д.Аыг барьцаалагчийн хувьд нь хариуцагчаар татаж, барьцааны хөрөнгөөр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаар татаагүй. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хамтран хариуцах үүрэгтэй тул хэн нэгнээс нь хэдэн төгрөг гэж нэхэмжлээгүй. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран зээлдэгч Б.Б-ийн хаяг тодорхойгүй байсан тул хариуцагчаар оролцуулахаас татгалзсан.

Иймд хариуцагч Б.А, Н.Ц нараас зээлийн төлбөр 195,206,400 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, Б.А, Д.А нарын өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Би нь 2022 оны 04-р сарын 21-ний өдөр И ХХК-аас 200.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Энэхүү зээлийг авахдаа барьцаа болгон өөрийн эзэмшлийн ... тоотод байрлах 68.09 мк2 бүхий орон сууц болон найз болох Ц-гийн орон сууцийг нийлүүлж зээл авсан. Миний эзэмшлийн орон сууц Хаан банкинд 50,000,000 гаруй төгрөгний зээлтэй байсан. Тэр зээлээ хүнээс түр хугацаагаар зээлж байраа чөлөөлж авсан. Ц.А нарын байр ББСБ-д 20,000,000 гаруй төгрөгний зээлтэй байсан бөгөөд зээлээ чөлөөлж чадахгүй гэсэн учраас надаас байр чөлөөлөх мөнгө олж өгөхийг гуйсан. Би Г гэх найзаасаа 2022.04.13-ний өдөр Ц-ийн ээж хаан банк ... гэх данс руу 16,000,000 төгрөг түр хугацаатай зээлж шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн баримтыг дансны хуулгатай цуг хавсаргасан байгаа.

Хоёр тал байраа барьцаалж И ХХК зээл авахад үндсэн зээлдэгчээр миний бие А орсон. Жич: Ц.С нарт зээл гарах боломжгүй гэж үзсэн учир би үндсэн зээлдэгч болсон.

Би Энэхүү зээлийг Ц,С, Т гэх 3 хүний ятгалаганд орж 1 сарын дараа байр орон сууцаа зээлээс чөлөөлж авна гэж ярьж хэлсэн учраас зээл авсан. Энэ 3 хүн зээл авсан мөнгөө ... аймгийн ... суманд байрлах ...ын хавцал гэдэг газар байдаг Ты эзэмшилийн алтний уурхайд зарцуулаад 1 сарын дараа орон сууцыг минь зээлээс чөлөөлж дээрээс нь 100,000,000 төгрөг өгнө гэж надад итгүүлж намайг залилсан болно.

Зээлээ аваад Цгийн Өмнөх зээлийг дарахийн тулд Г гэх найзаасаа авсан 16,000,000 төгрөгөө .../хаан банк/ гэх дансруу 2022.04.22 ны өдөр шилжүүлсэн.

-2022.04.21ны өдөр ... /хаан банк/ С-ийн данс руу 3,000,000 төгрөг шилжүүлж бэлэн 2,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөг өгсөн

-2022.04.22 нд Ц байраа чөлөөлөхдөө эгчээсээ зээлсэн гэж хэлээд өөрийн данс болох ... гэх данс луу 4,000,000 төгрөг авсан.

-2022.04.23 ны өдөр С Т нар Улаанбаатар хотод ирж бичиг баримт хөөцөлдөж хүмүүстэй уулзана гэж ...  /хаан банк/ гэх С-гийн данс руу 3,000,000 төгрөг авсан.

-2022.04.24-ны өдөр ... /хаан банк/ Сгийн данс руу 20,000,000 төгрөг авсан. Техникийн түрээсийн урьдчилгаа гэж худлаа хэлж авсан байсан. Энэ мөнгөөрөө ... аймгийн ... сумаас 4 тооний адуу таньдаг айлаасаа авсан. Адуугаа портерт ачаад явж байхад нь 1 адуу нь машинаас үсэрч хөлөө гэмтээж явах боломжгүй болсон учир ... аймгаас Станаа маркийн машин дуудаад гэмтсэн адуугаа ачиж явуулсан. Ачиж явсан жолооч нь замдаа ... сумийн наана мотоциклтэй хүн мөргөж тэр хүн нь газар дээрээ нас барж жолооч нь шоронд орж ачиж явсан адуу нь машин дотор үхсэн. Энэхүү явдалийг би сүүлд нь мэдсэн надаас нуугаад хэлээгүй байсан.

-2022.04.24 ны өдөр Хөдөө уурхайд хэрэглэх машин авна гээд ... /хаан банк/ дансруу АТМ-ээс 35,000,000 төгрөг С Т нар авсан жич: Дахүрээгийн машин зардаг хүн, данснаас 20,000,000 төгрөгнөөс их мөнгө гарахгүй учир АТМ ээс шилжүүлсэн. Тэр өдрөө Ланд 100 маркийн хар хөх өнгийн машин авчирч үзүүлсэн. Т өөрийн Төрсөн дүүгийнхээ нэр дээр шилжүүлж авсан байсан.

2022.04.25-ны өдөр уурхайд худаг ухуулна гээд 100 айл хэвлэлийн хүрээлэнгийн баруун талын барилгад байрлах гүний худаг ухдаг компанитай С Т нартай имт очиж худгийн компаний захирал Ч гэх хүнтэй уулзаж урьдчилгаа болох 15,000,000 төгрөг ... /хаан банк/ гэх дансруу шилжүүлсэн. Худгаа нийт 40,000,000 төгрөгөөр ухуулахаар тохирсон.

-2022.04.25-ны өдөр С Т нар хэрэглээний мөнгө хэрэгтэй байна гэж хэлэн 1,900,000 төгрөг АТМ ээс авхуулсан

-2022.04.25-ний өдөр Дахүрээгээс авсан Ланд 100 маркийн машиндаа 4 ширхэг шинэ хятад дугуй 5 шард байрлах дугуйн захаас .. /хаан банк/ гэх дансруу 1,800,000 төгрөг шилжүүлж авсан.

-2022.04.28-ны өдөр Т .. /хаан банк/ гэх данс руу уурхайд хэрэглэнэ гэж 10,000,000 төгрөг авсан.

-2022.05.03-ны өдөр С ... /хаан банк/ дансруу 2,000,000 төгрөг хэрэгтэй гэж авсан.

-2022.05.04-ны өдөр С 3.80 ийн моторын тос масло солиулж байна гээд ... /хаан банк/ гэх дансруу 1,000,000 төгрөг шилжүүлж авсан.

-2022.05.05-ны өдөр С данс болох ... /хаан банк/ дансруу 3,000,000 төгрөг авсан.

-2022.05.07-ны өдөр С Т нар залгаад худгийн компаний захирал Чийн ... гэх дансруу 15,000,000 төгрөг шилжүүлүүлсэн.

2022.05.08-ны өдөр худгийн компани ажилаа хийж дууссан гэж ... /хаан банк/ Ч гэх хүний данс руу үлдэгдэл 10,000,000 төгрөг шилжүүлүүлсэн.

2022.05.08-ны өдөр Сгийн .../хаан банк/ гэх дасруу 12,500,000 төгрөг шилжүүлсэн. Энэхүү мөнгөөр Ты ахийн малчний зээлийг дарж нэмж зээл аван гэж худал хэлж авсан байсан. Энэ мөнгөөр ... аймгаас 2 ширхэг мөнгөн тоногтой эмээл 2 ширхэг адуу авсан байсан. Би ингэж авсанийг сүүлд мэдсэн болно.

-2022.05.11-ны өдөр Цгийн 5753427393/хаан банк/ гэх дансруу 1,742,000 төгрөг уурхайд хэрэглэх ачаа ачуулна гэж худал хэлээд вакум цонх ны тоног төхөөрөмж ачиж явуулсан байсан. Ингэж худал хэлснийг би дараа нь мэдсэн.

-2022.05.13-ны өдөр С-гийн .../хаан банк/ дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.15-ны өдөр портер машины засварийн хөлс гэж .../хаан банк/ 300,000 төгрөг шилжүүлсэн/ ... аймаг/ руу

-2022.05.17-ны өдөр Сгийн .../хаан банк/ дансруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.18-ны өдөр Сгийн .../хаан банк/ дансруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.20-ны өдөр Ты ../хаан банк/ дансруу 4,000,000 1,000,000 нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.21-ны өдөр Цгийн 5753427393/хаан банк/ дансруу 50,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.21-ны өдөр Цгийн 5753427393/хаан банк/ дансруу 4,000,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.05.26 ны өдөр С .../хаан банк/ дансруу 220,000 төгрөг шилжүүлсэн.

-2022.06.05 ны өдөр уурхайд хэрэглэх хар хоолой авна гээд ... гэх дансруу 200,000 төгрөг шилжүүлүүлсэн.

-2022.06.12 ны өдөр С залгаж .../хаан банк/ гэх дансруу 300,000 төгрөг шилжүүлэн авсан.

-2022.10.30 ны өдөр Т зээл төлөх гэж өгсөн мөнгөнөөс Ц ../Голомт банк/ гэх дансруу 2,000,000 төгрөг шилжүүлэн авсан.

Эдгээр хүмүүс нь нийтдээ их, бага хэмжээгээр мөнгө шилжүүлж авсаар 2022 оны 07 дугаар cap гэхэд нийтдээ 167,450,000 төгрөг шилжүүлэн авсан байдан.

Би 1 сарын дотор орон сууцаа барьцаанаас суллуулж зохих хэмжээний ашиг авна гэж хүлээж байсан маань талаар болж байгааг мэдээд 2022.10-р сард ... аймгийн цагдаагийн газрын байцаагч Дэслэгч Д гэх хүнд миний хохиролийг барагдуулж өгнө үү хэмээн өргөдөл гомдол бичиж өгсөн. Тэр үед Т байцаагдаж 14 хоногийн дотор хохиролгүй болгон 200,000,000 төгрөг буцааж өгнө гэж өөрийн биеээр гарийн үсэг зурсан.

Ц удаа дараа зээл төлөх тал дээр зээлээ төлөхгүй гэж маргаж байраа барьцаанд хураалгасан ч харамсахгүй гэж хэлж ярьдаг байсан. Ц С Т нар cap бүрийн төлөлтөө төлөх боломжгүй болохийг мэдээд намайг 80,000,000 төгрөг твлөхийг шаардсан. Иймд Б.А миний бие зээлж авсан мөнгөнөөс өөрийн зарцуулсан 30,000,000 төгрөгөө хүүтэй нь нийлүүлээд нийт 50,000,000 төгрөг төлөөд өөрийн орон сууцаа чөлөөлж авах хүсэлтэй байна. Үлдсэн зээлийн хэмжээг А түүний 2 хүү Ц С болон Сгийн найз Таар төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Миний бие Н овогтой Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр И ХХК-аас Аын хамтран зээлдэгчээр орж 200,000,000 төгрөг авсан нь үнэн болно. 2022 оны 04-ээр сарын эхээр А надруу утсаар холбогдож би ... аймагт уурхайд хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар боллоо. Тус уурхайд нийт 150,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулах гэсэн боловч миний байр зээлэнд тавихад хүрэхгүй байна 2-уулаа хамтарч хөрөнгө оруулъя гэж надад санал тавьсан. Ингэхдээ Т газар гаргана, С тоног төхөөрөмж гаргана, А мөнгө гаргана, гарсан ашигаа 33,3% р авахаар тохирсон гэж хэлсэн. Энэ 33% аа 2 уул тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Иймд 2-уулаа байраа тавьж зээл авч хөрөнгө оруулъя гэж ярьсан. А нь Т, С 2-той ярьж би мөнгө гаргаж хамтарж ажиллая, гүйлгээ наймаа зогсонг муу байгаагаа ярьсан. Ингээд ээж бид 2-ын нэр дээр байдаг 2 өрөө байрны зээлийн үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг хүнээс зээлж байраа чөлөөлсөн. Зээлнээс чөлөөсөн байраа Аын байртай нийлүүлж ББСБ-д тус бүрд нь Аын байрыг 120,000,000 сая төгрөг Ц болох миний байрыг 80,000,000 сая төгрөгөөр ББСБ үнэлж 2022 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр 2,7%-ийн хүүтэй нийт 200,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан болно.

Үндсэн зээлдэгч Аын хаан банкны (...) тоот дансанд 199,000,000 орсон гэж хэлсэн. Ц би урьдчилан дарсан байрны зээлийн мөнгө болох 16,500,000 төгрөгийг хүнээс түр хугацаанд зээлсэн байсан тул Аоос авч зээлээ дарсан болно. Атой хамтран зээлдэгч болохын тулд хэрэглээний зээл маань ойролцоогоор 4,000,000 сая төгрөгийн зээл байсаныг ойр дотны хүмүүсээсээ зээлсэн байсан бөгөөд Аоос нэмэж 4,000,000 төгрөгийг авж дарсан болно. Нийт 20,000,000 төгрөгийг Ц миний бие авч хэрэглэсэн нь үнэн болно. Үүнээс үлдсэн 179,000,000 төргөгийг А өөрийн дансаараа захиран зарцуулсан. Зээл авсанаас хойш А ... аймагт өөрийн биеэр мөнгө авч очин бүх төлбөр тооцоо болон ажлын явцыг өөрөө хариуцаж төлбөр тооцоог өөрөө захиран зарцуулж байсан. Миний бие Улаанбаатар хотод ажил эрхэлдэг тул ...т очих боломжгүй байсан бөгөөд ажлын явцын мэдээллийг Аоос авч байсан. ... аймагт нийт уул уурхайг гаргах шийдвэр хойшлогдсоноор ажил удааширч эхний сарын төлөлтийн хугацаа болсон.

Би А руу 2022.05.15-ны өдөр зээл төлөх өдөр ойртож байгааг анхааруулж залгасан. Үүнээс 4-н хоногийн дараа буюу 05-р сарын 19-ний өдөр надруу залгаад надад мөнгө олдохгүй байна аа эхний төлөлтийг чи төлчих гэж хэлсэн. Би ойлгохдоо хамт зээл авсан болохоор хувааж төлнө гэдэг ойлголттой байсан учраас эхний сарын төлөлтийг нийт 3-н хүнээс зээл авч төлсөн. 2022.05.20-ний зээлийг 3 хүнээс зээлсэн 8,700,000 төгрөгийг төлөхийн тулд эхнэр Б-ийн нэр дээр байдаг GROWN-202 маркийн авто машиныг зарж өрийн барагдуулсан.

2022.05.23-ны өдөр Аын данс болох ...-руу 6,350,000 төгрөг шилжүүлсэн. Эхнэр Б-ийн ... дансруу 2,400,000 төгрөг шилжүүлсэн.

2022.06.20-ны өдөр буюу дараа сарын төлөлт дээр мөн л мөнгө байхгүй чи төлчих гэсэн. Байраа барьцаанд тавьсан болохоор аргаа бараад өөрийн унаж байсан приус 20 маркийн машинаа зарсан. Машиныг А таньдаг хүндээ ярьж яаралтай хямд зарж төлөлтөө хийсэн.

2022. 07.20-ны өдөр мөн л Аод мөнгө байхгүй гэсний улмаас ээж Аын байрны ордерыг барьцаанд тавьж зээлээ төлсөн. А таньдаг хүндээ 10% ийн хүүтэй 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэхүү зээлийг хүүтэй хамт С Т нар төлж барагдуулсан.

2022.8.20-ны төлөлтийг Т 3,000,000 Ц 1,000,000 төгрөгийг Аын ... дансруу 2022.08.22 ны өдөр шилжүүлсэн.

2022.09.20-ны төлөлтийг 2022.10.07-ны өдөр Аын ... дансруу Ты .. данснаас хугацаа хэтэрсэн алдангитай нь нийлүүлж 9,400,000 төгрөг шилжүүлсэн.

2022.10.20 төлөлтийг 2022.10.26-ны өдөр Аын ... дансруу Ты .. данснаас 18,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022.10.29-ний өдөр Аын ... данс руу Т-ы .. данснаас 10,550,000 төгрөгийг шилжүүлсэн.

2022.12.20 болон 2023.01.20-ны төлөлтүүдийг land cruiser 100 маркын машиныг 18,000,000 төгрөгөөр зарж 2 сарын төлөлт болох 17,850,000 сая төгрөгийг Аын ... дансруу 2023.01.27-ны өдөр шилжүүлсэн.

2023.2.20-ны төлөлтийг С өөрийн Toyota prius20 маркын машиныг зарж төлсөн.

2023.02.25ны өдөр Аын ... дансруу 8,850,000 төгрөгийг С шилжүүлсэн. 2023.03.20-ны төлөлт 8,700,000 төгрөгийг А төлсөн.

Үлдэгдэл болох 179,000,000 төгрөгнөөс Ц миний бие нэмж мөнгө аваагүй болно. Миний бие 2023.02.23-ны өдөр Солонгос улсад ажиллаж мөнгө олохоор явсан очоод 10 хонож байх үед А холбогдож өөр банкнаас таньдаг хүнээрээ дамжуулан миний ээж Аын нэр дээрх байрыг барьцаалан мөнгө зээлээд ББСБ-н зээлээ төлж дуусгаад өөр өөрийн нэр дээр зээл авч зээлээ салгая гэсэн санал тавьж надтай холбогдсон. А нь өөрөө гадагшаа урт хугацаагаар явах болсон тул би 2023.03.08-ны өдөр буцаж ирсэн. Буцаж ирээд 2-3 хоног банкаар явсан боловч бүтээгүй. А зээл бүтэхгүй болохоор өөрөө зээлийн 90% аа захиран зарцуулсан. ... аймагт өөрийн биеээр удаан хугацаанд байж бүх ажлын явц болон саатлыг мэдэж байсан мөн зээлийн хүү болон үндсэн төлбөрийн төлөлтийг 1 удаа төлсөн мөртлөө намайг залилаа гэж уурлаж бид маргалдсан.

4 сарын 10-ны үед ББСБ-с Аын гадагшаа явсаныг мэдсэн. Мэдсэн үедээ миний ээж А өр зээлээ хэрхэн шийдвэрлэх талаар асууж бичсэн мессеж хавсаргав. А хэлэхдээ би байраа зарсан та нар наад зээлээ төлөөрөй. Би мөнгө өгч чадахгүй гэж уурлаж надад хамаагүй, цагдаа шүүхээрээ учраа ол эсвэл байраа алд гэх утгатай зүйлүүд бичсэн. Манай талаас зээлээ эрсдэлээ үүрэн зээлээ оногдох хэмжээгээр салгая гэж бичсэн боловч санаатайгаар би мөнгө төлөхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Ц миний бие Атой тохиролцон зээл авсан. Дээр бичсэнчлэн 20сая төгрөгийг бэлэн авсан өөр мөнгө аваагүй боловч өөрийн цалин, өөрийн 2 машинаа зарж, ээжийнхээ байрыг барьцаалан зээлийн төлөлт хийсэн. Бух ажлын явцыг А хариуцаж хийж байсан мөртлөө мөнгө олохгүй ажил бүтэлгүйтэх үед намайг залилсан гэж гүтгэн зээлээ төлж чадахгүй гэж уурлаж зүтгэсээр өнөөдрийн нөхцөлд хүргэж байна. Миний бие 20,000,000 төгрөгийг хүлээн авсан. Мөн би хангалттай хэмжээнд зээлийн төлбөр төлсөн тул өөрийн авсан 20сая төгрөг болон түүний хүүний мөнгийг төлж байраа суллан авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: 2022.04 сард А миний том хүү Н.Ц нь банкнаас зээл авах шаардлагатай боллоо Атой хамтарч зээл аван ажил хийх тухай ярьсан. Би 2-3 хоног татгалзаж байгаад байраа барьцаалуулсан. Бух зээл мөнгө төгрөгийг А нэр дээрээ авч дансаараа зарлагадсан. Ажиллах зөвшөөрөл гарахгүй байсаар сарын төлөлт болоход Ц хүнээс мөнгө төгрөг зээлж өөрийн нэр дээрхи машин тэрэг зарж төлөлт хийсэн А яагаад төлөхгүй байгааг удаа дараа асуухад мөнгө байхгүй олдохгүй гэсэн шалтгаар Ц дандаа төлөлт хийсэн. А ... аймагт уурхай эрхлэх бичиг цаас, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг бүх ажлыг өөрийн биеээр хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд би байнга санаа зовж асууж сураглаж ажлын явцыг нь Цгээс асууж байсан. А өөрөө ... байгаа мөн өөрөө зээлийн мөнгийг захиран зарцуулж ажлаа хөөцөлдөж Ц Улаанбаатарт ажиллаж олсон цалингаараа зээлийн эргэн төтөлт төлж байсан. Ажил нь зогсож гацалтанд орох үед А дүүтэйгээ нийлж намайг залилсан гэсэн яриа гаргаж уурлаж энэ 2 маргалдаж эхэлсэн. Надруу А согтуу удаа дараа залгаж орилж хашгирсан. Би энэ зээлийн мөнгөнөөс нэгтөгрөгч аваагүй тул А Ц нараар төлөлтийг хийлгэн миний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Б.Аын зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн Нэхэмжлэх, 2022.04.20-ны өдрийн №... тоот Зээлийн гэрээ, хавсралт-1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.04.20-ны өдрийн ... тоот Ипотекийн гэрээ, мөн өдрийн... тоот Ипотекийн гэрээ, барьцааны зүйл болох орон сууцнуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 ширхэг, зээлдэгч, барьцаалагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2022.04.20-ны өдрийн ... тоот Батлан даалтын гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Б.Аоос 2022.04.13-ний өдрийн ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл, Б.Аын Хаанбанкны дансны 2022.04.20-2023.04.20-ны өдрийг хүртэлх хуулга /131 хуудас/, ... аймгийн Прокурорын газрын 2023.12.05-ны өдрийн 241 дугаар хариу мэдэгдэх хуудас, Б.Аын ХААН банкны дансны хуулга 12 ширхэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч Б.Цгээс Н.Цгийн ХААН банкны дансны 2022.04.01-2023.02.28-ний өдрийг хүртэлх хуулгын зарим хэсэг /8 хуудас/, мессежүүдын хэсэг /нотлох баримтын шаардлага хангаагүй 5 хуудас/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.22-ны өдрийн ... дугаар албан бичиг, түүний хавсралтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.А, Н.Ц, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 195,206,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн төлбөрөөс өөртөө ашигласан хэсгээр төлнө гэж, зээлдэгч Б.А нь батлан даагч Д.А төлөх үүрэгтэй гэж, хариуцагч Д.А нь зээлдэгч нараар зээлийн төлбөрийг төлүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр тус тус маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. И ХХК нь Б.А, Б.Б, Н.Ц нартай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №... болон №... тоот Ипотекийн гэрээ-нүүдийг тус тус байгуулан 200,000,000 төгрөгийг сарын 2.70%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Аын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ..., 3 өрөө орон сууц, мөн Н.Ц, Д.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... тоот, 51.83 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалжээ. /хавтаст хэргийн 10-28, 155-156 хуудас/

Талууд Зээлийн гэрээ, Ипотекийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

а/ И ХХК нь Зээлийн гэрээ-ний 3.1.7, 3.2-д заасны дагуу зээл олголтын шимтгэл 0,05%-ийг зээлээс суутгаж, мөн гэрээний 3.1.8-д заасны дагуу 2022.04.21-ний өдөр Б.Аын эзэмшдэг ХААН банкны ... тоот дансанд 1 удаагийн гүйлгээгээр 199,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй.  /хавтаст хэргийн 16 хуудасны ар тал, 47 хуудас/

 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Талууд Зээлийн гэрээний 3.5, 3.6, 4.1, 5.1-д тус тус заасны дагуу зээл, зээлийн хүүг гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.  

 

Зээлдэгч Б.А, Б.Б, Н.Ц нар нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 96,352,100 төгрөгийг төлж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өөрөөсөө бусад зээлдэгч нарыг төлөх ёстой гэж тайлбарлан Зээлийн гэрээ-ний хавсралт-1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь Зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14, 133, 182 хуудас/

 

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ-ний 10.2, 10.2.2-т ...Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн, зээлийн төлбөрийг 90 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг буцаан төлөхийг шаардах гэж гэрээ цуцлах нөхцлийг тохиролцжээ.

Зээлдэгч Б.А, Б.Б, Н.Ц нар нь зээл, зээлийн хүүг зарим сар хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2023 оны 04 дүгээр сараас төлбөрийн зөрчил үүсгэсэн, төлбөрийг барагдуулах талаар шаардахад нөгөө зээлдэгчээ төлнө гэх үндэслэлээр төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар Зээлийн дансны хуулга-аар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч И ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээг цуцалсан үйл баримтад маргаагүй.

 

4. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг хэн ямар хэмжээгээр хариуцах талаар болон батлан даагч хариуцах эсэх талаар маргаж байна.

 

4.1. Нэхэмжлэгч И ХХК нь зээлийн гэрээг цуцалж, 2023.06.19-ний өдрөөр зээлийн төлбөрийн тооцооллыг гаргаж, хариуцагч нараас зээлийн нийт төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болдог тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшхи буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4.2. Нэхэмжлэгч И ХХК нь зээлийн төлбөрийг батлан даагчаас шаардаагүй, Батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмын дагуу зээлийн төлбөрийг батлан даагчаас гаргуулах, эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. /хавтаст хэргийн 29-30 хуудас/

 

4.3. Зээлийн гэрээнд Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил хуулинд болон гэрээнд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч Н.Ц нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.  

 

4.4. Нэхэмжлэгч И ХХК нь зээлийн төлбөрийг зээлдэгч тус бүрт ногдох хэсгээр тодорхойлох боломжгүй, зээлдэгч Б.Б-ийн хаяг тодорхойгүйн улмаас түүнээс зээлийн төлбөрийг шаардаагүй гэж тайлбарлан, зээлийн төлбөрийг зээлдэгч Б.А, Н.Ц нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасантай нийцсэн байна.

Тодруулбал, Үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч И ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн буюу хариуцагч Б.А, Н.Ц нарын хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд уг хэрэг маргааны хүрээнд зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нар /Б.А, Б.Б, Н.Ц/-ын хэн нь хэдэн төгрөгийг хариуцах үүрэгтэйг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймээс хариуцагч нарын зээлийн төлбөрөөс тодорхой хэсгийг төлнө, тодорхой хэсгийг нь нөгөө хариуцагчаа төлнө гэх тайлбар үндэслэлгүй тул хариуцагч Б.Аын 2022.04.13-ний өдрийн ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл, Хаанбанкны дансны 2022.04.20-2023.04.20-ны өдрийг хүртэлх хуулга, ... аймгийн Прокурорын газрын 2023.12.05-ны өдрийн 241 дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэг болон хариуцагч Н.Цгийн ХААН банкны дансны 2022.04.01-2023.02.28-ний өдрийг хүртэлх хуулгын зарим хэсэг зэрэг нотлох баримтууд нь талуудын энэхүү маргаанд ач холбогдолгүй байна. /хавтаст хэргийн 46-112, 122-125, 166 хуудас/

 

5. Хариуцагч Б.А, Н.Ц нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол, үндсэн зээл 157,571,702.35 төгрөг, зээлийн хүү 12,732,538.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,673.63 төгрөг, нийт 170,373,914.32 төгрөгийг төлөөгүй болох нь Зээлийн дансны хуулга, Б.Аын Хаанбанкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 167-178 хуудас/

 

6. Зээлийн гэрээ-ний 6.2.8-д Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрээний үүргийг хангахтай холбогдон зээлдүүлэгчээс гарсан шүүхийн болон бусад зардлыг хариуцахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал нотариатын зардал 27,500 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч нар нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардлын талаар маргаагүй. /хавтаст хэргийн 15 хуудас/

Иймд хариуцагч нараас нотариатын зардал 27,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Б.А, Н.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 170,401,414 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 24,804,986 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Зээлдэгч Б.А, Н.Ц нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот болон ... тоот Ипотекийн гэрээ-нүүдийн дагуу зээлдүүлэгч, барьцаалагч И ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Б.Аын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ..., 3 өрөө орон сууц, мөн Н.Ц, Д.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... талбай бүхий 2 өрөө орон сууц зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Н.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 170,401,414 /нэг зуун далан сая дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,804,986 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А, Н.Ц нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Аын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... орон сууц, мөн Н.Ц, Д.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ... 2 өрөө орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,547,941 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Н.Ц нараас 1,150,357 /нэг сая нэг зуун тавин мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж И ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА