Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00314

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00314

 

                                      

“И” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “И” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А , Н.Ц , Д.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 195,206,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.А болон хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч М.А, хариуцагч Д.А , түүний өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.А , Б.Б Н.Ц нар нь “И” ХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр В14022042003 тоот зээлийн гэрээг байгуулан 200,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар, хороолол, Хасбаатарын гудамж, 10Б байрны 1107 тоот хаягт байрлах орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайвангийн өргөн чөлөө гудамж, 31 байрны 15 тоот хаягт байрлах орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний зөрчил гарч эхэлснээс хойш, зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардаж утсаар холбогдох, зээлийн гэрээний зөрчлийг арилгах тухай мэдэгдсэн боловч хариуцагч тус бүр нь нөгөө талаа авч ашигласан тул дахин төлбөр төлөхгүй, нөгөө талаа үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ гэж үзэн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг хэн төлсөн, цаашид аль хариуцагч нь бүрэн төлж барагдуулах эсэх асуудлыг нэхэмжлэгч талаас тогтоох боломжгүй бөгөөд уг ойлгомжгүй байдлын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаж байна.

Зээлдэгч нарын зээлийн үлдэгдэл өр, хүүгийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцвол үндсэн зээл 157,571,702.35 төгрөг, зээлийн хүү 36,790,499.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 844,198.72 төгрөг, нийт 195,206,400.58 төгрөг

Нэхэмжлэгчээс Д.А ыг барьцаалагчийн хувьд нь хариуцагчаар татаж, барьцааны хөрөнгөөр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан ба батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаар татаагүй. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хамтран хариуцах үүрэгтэй тул хэн нэгнээс нь хэдэн төгрөг гэж нэхэмжлээгүй. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран зээлдэгч Б.Бат-Эрдэнийн хаяг тодорхойгүй байсан тул хариуцагчаар оролцуулахаас татгалзсан.

Иймд хариуцагч Б.А , Н.Ц нараас зээлийн төлбөр 195,206,400 төгрөгийг гаргуулж “И” ХК-д олгож, Б.А , Д.А нарын өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагч Б.А ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний өмчлөлийн орон сууц Хаан банкинд 50,000,000 гаруй төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Уг зээлийг хаахын тулд хүнээс түр хугацаагаар мөнгө зээлж, барьцааг чөлөөлсөн. Н.Ц, Д.А нарын орон сууц банк бус санхүүгийн байгууллагад 20,000,000 гаруй төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлээ хааж, барьцаа хөрөнгийг чөлөөлж чадахгүй гэсэн учраас надаас мөнгө олж өгөхийг гуйсан. Би найз н.Гомбоцэдэнгээс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Н.Ц гийн ээж Д.А ын данс руу 16,000,000 төгрөгийг түр хугацаатай зээлсэн. Улмаар Н.Ц , Н.С нарт зээл гарах боломжгүй гэсэн учраас Б.А үндсэн зээлдэгчээр орж, орон сууцуудыг барьцаанд тавьсан. 

Н.Ц , Н.С , Ж.Т нар нь зээл авсан мөнгөө Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах Галуутын хавцал гэдэг газар байдаг Ж.Ты эзэмшлийн алтны уурхайд зарцуулаад 1 сарын дараа орон сууцыг зээлээс чөлөөлж дээрээс нь 100,000,000 төгрөг өгнө гэж надад итгүүлж намайг залилсан болно.

Зээлээ аваад Н.Ц гийн өмнөх зээлийг дарахын тулд найз н.Гомбоцэдэнгээс авсан 16,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Н.С , Ж.Т, Н.Ц нарын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн нийт 167,450,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Би 1 сарын дотор орон сууцаа барьцаанаас суллуулж зохих хэмжээний ашиг авна гэж хүлээж байсан нь талаар болж байгааг мэдээд 2022 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Ж.Т байцаагдаж 14 хоногийн дотор хохиролгүй болгон 200,000,000 төгрөг буцааж өгнө гэж өөрийн биеэр гарын үсэг зурсан.

Н.Ц Н.С Ж.Т нар cap бүрийн төлөлтөө төлөх боломжгүй болохыг мэдээд намайг 80,000,000 төгрөг төлөхийг шаардсан.

Иймд Б.А миний бие зээлж авсан мөнгөнөөс өөрийн зарцуулсан 30,000,000 төгрөгөө хүүтэй нь нийлүүлээд нийт 50,000,000 төгрөг төлөөд өөрийн орон сууцаа чөлөөлж авах хүсэлтэй байна. Үлдсэн зээлийн төлбөрийг Д.А , түүний 2 хүү Н.Ц Н.С болон Н.С гийн найз Ж.Т нар төлөх үүрэгтэй.

3. Хариуцагч Н.Ц гийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 04 дүгээр сарын эхээр Б.А надруу утсаар холбогдож би Баянхонгор аймагт уурхайд хөрөнгө оруулж хамтарч ажиллахаар боллоо. Тус уурхайд нийт 150,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулах гэсэн боловч миний байр зээлэнд тавихад хүрэхгүй байна, хамтарч хөрөнгө оруулъя гэж надад санал тавьсан. Ингэхдээ Ж.Т газар гаргана, Н.С тоног төхөөрөмж гаргана, Б.А мөнгө гаргана, гарсан ашигаа 33,3 хувиар авахаар тохирсон гэж хэлсэн. Ингээд би өөрийн болон эх Д.А ын нэр дээрх орон сууцны зээлийн үлдэгдэл болох 16,500,000 төгрөгийг хүнээс зээлж орон сууцаа чөлөөлсөн.

Үндсэн зээлдэгч Б.А 199,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан ба урьдчилан дарсан байрны зээл 16,500,000 төгрөгийг хүнээс түр хугацаанд зээлсэн байсан тул үүнийг авч зээлээ дарсан. Б.А той хамтран зээлдэгч болохын тулд хэрэглээний зээл 4,000,000 төгрөгийг мөн зээлээ авч дарсан. Нийт 20,000,000 төгрөгийг Н.Ц миний бие авч хэрэглэсэн, үлдсэн 179,000,000 төгрөгийг Б.А өөрийн дансаараа захиран зарцуулсан.

Баянхонгор аймагт уул уурхайг гаргах шийдвэр хойшлогдсоноор ажил удааширч эхний сарын төлөлтийн хугацаа болсон. Би Ж.Т, Н.С нартай хамт зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Зээлийн үлдэгдэл 179,000,000 төгрөгөөс Н.Ц миний бие нэмж мөнгө аваагүй, үүнийг Б.А захиран зарцуулсан.

Б.А нь бүх ажлын явцыг хариуцаж байсан атлаа 1 удаа зээлийн төлөлт хийсэн. Тэрээр мөнгө олохгүй ажил бүтэлгүйтэх үед намайг залилсан гүтгэж байна.

Миний бие зээлийн мөнгөн хөрөнгөөс 20,000,000 төгрөгийг хүлээн авсан. Мөн би хангалттай хэмжээнд зээлийн төлбөр төлсөн тул орон сууцаа зээлийн барьцаанаас чөлөөлүүлэн авах хүсэлтэй байна.

4. Хариуцагч Д.А ын татгалзал, тайлбарын агуулга:

Би зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй тул Б.А Н.Ц нараар төлөлтийг хийлгэн миний үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.А , Н.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 170,401,414 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,804,986 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А , Н.Ц нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.А ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220507**** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 10Б байрны 1107 тоот, 68.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Н.Ц , Д.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22040***** дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоот, 51.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,547,941 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А , Н.Ц нараас 1,150,357 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх зээлийг хэн ямар хэмжээгээр төлөх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Зээлийн эргэн төлөлтийг 96,352,100 төгрөгийг Б.А төлсөн бөгөөд уг төлбөрөөс Н.Ц гурван удаагийн төлөлтийг төлсөн. Гэтэл Н.Ц нь төлбөрийг төлсөн мэтээр худлаа тайлбар гаргасан бөгөөд энэ нь Б.А ын дансны хуулгаар няцаагдах болно.

Б.А нь 199,000,000 төгрөгийн зээлээс нийт 167,450,000 төгрөгийг Цамбасүрэн, Н.С , Ж.Т нар луу шилжүүлсэн бөгөөд үүнээсээ зээлийн эргэн төлөлтөд 35,044,000 төгрөг төлсөн. Б.А нь Н.Ц , Д.А , Н.С , Ж.Т нарт залилуулсан.

Батлан даалтын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 2.3 дах зүйлд зааснаар батлан даагч нь зээлдэгчийн өмнөөс үүргийн бүрэн гүйцэтгэх, нөхөх хариуцлага хүлээхээр заасан байх тул үлдэгдэл 170,401,414 төгрөгийг батлан даагч Д.А аас гаргуулах нь зүйтэй болно.

Гэхдээ Б.А уг зээлээс өөрийн хэрэглэсэн 30,000,000 төгрөг, хүүнд 50,000,000 төгрөгийг төлсөн. Иймд 170,401,414 төгрөгийн зээлээс 85,200,707 төгрөгийг хариуцахаас төлсөн 50,000,000 төгрөгийг хасч 35,200,707 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэсэг дээр гомдлоо гаргаж тэмдэгтийн хураамж төлсөн болно.

“И” ХК-аас авсан 199,000,000 төгрөгийн зээлээс 167,450,000 төгрөгийг хариуцагч Н.Ц аваад өөрийн төрсөн дүү болон бусад шилжүүлж хэрэглэсэн байхад 85,200,707 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Н.Ц д илтэд ашигтай, мөн батлан даагч Д.А ыг нэг ч төгрөг төлөхгүйгээр шийдвэрлэсэнд  гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.А ын төлөх төлбөрөөс 35,200,707 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү.

7. Хариуцагч Д.А ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Б.А Н.Ц гээс тэмдэгтийн хураамж 1,150,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХК-д олгож шийдвэрлэсэн. Уг мөнгөн дүнг Б.А , Н.Ц нар нь хувааж төлөх ёстой. Тиймээс Н.Ц гээс 575,178.5 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

8. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Б.А , Н.Ц нарыг хуваан төлөхөөр шийдвэрлэсэнд хариуцагч Д.А гомдол гаргасан нь уг маргаанд хамааралгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3, 4.4-т хамтран хариуцагч үүрэг хүлээж, зээлдэгч нар үүргийг гүйцэтгэнэ гэж зохицуулсан. Үүргийг гүйцэтгэж, хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлын хэмжээг өөрсдөө гүйцэтгэх ёстой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

9. Хариуцагч Д.А ын давж заалдах гомдолд хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс Б.А , Н.Ц нарыг улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад Д.А нь улсын тэмдэгтийн хураамжийн талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй.

10. Хариуцагч Б.А ын давж заалдах гомдолд хариуцагч Д.А ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч Б.А ын гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс Д.А ыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэг шаардсан учраас батлан даалтын гэрээний үүргийг биелүүлэхгүй байх асуудал үүнд хамаарахгүй. Б.А , Н.Ц нарын хооронд хэдэн төгрөг төлөх ёстой нь хамтран ажиллах гэрээний асуудал учраас уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “И” ХК нь хариуцагч Б.А , Н.Ц , Д.А , Б.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 195,206,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн уг татгалзлыг батлалгүй орхигдуулсныг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.

3. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр “И” ХК нь Б.А , Б.Б Н.Ц нарт 200,000,000 төгрөгийг, сарын 2.7 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгожээ /хх 16-21/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1  дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

3.1. Зээлийн гэрээний 3.1.3, 3.6-д заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

3.2. Зээлдэгч нар нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт нийт 96,352,100 төгрөгийг төлсөн, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийг хуваарийн дагуу төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, уг үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3.3. Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 157,571,702.35 төгрөг, хүү 12,732,538.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,673.63 төгрөг, нийт 170,373,914 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсныг анхан шатны шүүх зөв тооцож, энэхүү төлбөрийг хариуцагч Б.А , Н.Ц нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалтыг баримтлалгүй орхигдуулсныг залруулна.

Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 24,804,986 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч, нотариатын зардалд 27,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч тал тус тус давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцүүлэн эдгээрт давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт хамтран хариуцуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь зээлдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох шаардлагаас татгалзаж, зээлийн төлбөрийг зээлдэгч Б.А , Н.Ц нараас гаргуулахаар шаардсан хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.12 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4.1. Хариуцагч нарын гаргасан зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан болон бусдад шилжүүлсэн хэмжээ, мөн зээлийн төлбөрийг буцаан төлсөн хэмжээ зэргийг харгалзан харилцан адилгүй байдлаар зээлийн төлбөрийг хуваарилах ёстой гэх мэтгэлцээний байр суурийг анхан шатны шүүх хүлээн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нарын хариуцвал зохих үүргийн хэмжээг заагаагүй тул тэдгээрийн зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргийн хэмжээ дээрх хуулийн зохицуулалтаар тэнцүү хэмжээтэй байна. Түүнчлэн одоо шийдвэрлэж буй зээлийн гэрээний маргааны хүрээнд зээлдэгч нарын хооронд үүссэн зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан болон зээлийн эргэн төлөлтийг төлсөн талаарх маргаан хамаарахгүй юм.

Энэ талаар гаргасан хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

4.2. “И” ХК нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.А тай дээрх зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан батлан даалтын гэрээ байгуулжээ.

Гэхдээ хариуцагч нараас зээлийн үүргийг шаардахдаа батлан даагчаас шаардаагүй, батлан даалтын гэрээнд үндэслэн шаардлага гаргаагүй, Д.А ыг зөвхөн барьцааны гэрээний шаардлагад хариуцагчаар татсан болохоо нэхэмжлэгч тодруулж тайлбарласан байх тул зээлийн төлбөрийг батлан даагчид хариуцуулах ёстой гэх хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

5. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.А ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 10Б байрны 1107 тоот, 68.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн Н.Ц , Д.А нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 31 байрны 15 тоот, 51.83 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй.

6. Мөн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрт дутуу заасан байгааг залруулж, илүү төлсөн 273,422 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн баримталбал зохих заалтыг нэмсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Харин хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хариуцуулсан байх тул үүнд холбогдох хариуцагч Д.А ын давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.А ын өмгөөлөгч болон хариуцагч Д.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.А , Н.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 170,401,414 төгрөгийг гаргуулж “И” ХК-д олгож, нэхэмжлэлээс 24,804,986 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

“3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “И” ХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэх заалт нэмж, 

3 дахь заалтыг “4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,547,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 273,422 төгрөг, хариуцагч Б.А , Н.Ц нараас 1,150,357 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.А ын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,160 төгрөгийг, хариуцагч Б.А ын өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 333,954 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                          Т.ГАНДИЙМАА

                                                                                         Т.БАДРАХ