Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1675

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01713 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” СӨХ, “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдох

 

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 101 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгөнд техникийн нөхцөлийн дагуу цахилгааны холболт хийх, сантехник, бохир цэвэр ус, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ хийхэд саад болохгүй, цахилгаан таслахгүй байхыг хариуцагч “Х” СӨХ-нд даалгах, “Х” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, хохирол 3 155 000 төгрөгийг хариуцагч “Х” СӨХ-оос гаргуулах, нэхэмжлэгчийн цахилгааны тоолуур /заалт/-ыг хүлээн авч гэрээ байгуулахыг хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд даалгах, олох байсан орлого 20 000 000 төгрөгийг хариуцагч “Х” СӨХ, “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нараас гаргуулах үндсэн,

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 6 214 434 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчийг СӨХ-той гэрээ байгуулахыг даалгах хариуцагч “Х” СӨХ-ны сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч “Х” СӨХ-ны өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жанаргүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн цахилгааныг таслахгүй байхыг СӨХ-д даалгах шаардлагын хүрээнд Ц.У Токио гудамж, 8 дугаар байр 101 тоотыг “Плазо” ХХК-иас худалдаж авснаас эхлэн “Х” СӨХ-ны захирал н.Гаамаа хууль бус шаардлага тавиад та нарын хаалгыг гаргахгүй эсвэл үйл ажиллагаагаа явуулахдаа манайд төлбөр төлнө гэх зэрэг шаардлагуудыг тавьсан. Ингэхэд нь өөрт байгаа боломж болох цахилгааныг шууд тасалдаг, хэд хэдэн удаа тасалсан. Үүнийг зохих ёсны дагуу хуулийн шаардлага тавьж байна гэж тайлбарладаг. Гэтэл энэ хүн албан ёсоор цахилгаан таслах эрх үүргийг хэн ч ногдуулж оноогоогүй, эрхийг нь олгоогүй. Ц.Уд 1300 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Бид нар цахилгаан холбоонд 20 000 0000 төгрөгийн өртэй, энэ өрийг төлнө. Төлөхгүй бол таны цахилгааныг тасална гээд бүх юмыг нь бичээд заагаад өгсөн. Хариуцагч “Х” СӨХ-д цахилгааныг таслахгүй байхыг даалгаж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгөнд техникийн нөхцөлийн дагуу цахилгаан холболтын ажил хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү. Сууц өмчлөгчдийн холбоо зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд гэмтэл учруулахгүйгээр өөрийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах үүрэгтэй болохоос биш нийтийн эзэмшлийн талбайд байгаа монтажийн талбайг цоожлоод явж боломжгүй. 101 тоотын сантехник, бохир, цэвэр усны дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхэд саад учруулахгүй байхыг “Х” СӨХ-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын протоколыг хүчин төгөлдөр бусд тооцож өгөөч гэсэн байгаа. Энэ СӨХ-ны хурлын протоколыг үндэслэж 1300 төгрөг тогтоож гаргасан. 1300 төгрөгийг тогтоохдоо УБЦТС ТӨХК-д өртэй байгаа 20 000 000 төгрөгийг өмчлөгч нараар төлүүлнэ гэж шийдвэрлэсэн байдаг юм. Ингэж шийдвэрлэхдээ “Х” СӨХ гэдэг байгууллага хавтаст хэргийн 39 дүгээр талд “УБЦТС” ТӨХК-д ажилладаг тоолуурын хяналтын ажилтан н.Мөнхбаатар гэж хүний хариуцлагагүй байдлын улмаас энэ хүмүүс тоолуурын заалтаа хуурамчаар өгсөөр байгаад 20 сая төгрөгийн өр үүссэн нь нэхэмжлэгч байр авахаас өмнө үүссэн учраас төлөхгүй гэж үзсэн. Удирдах зөвлөлийн дарга, гишүүд 6-7 хүний хурлаар орон сууцны нийт өмчлөгч нарын өр төлөх үү гэдгийг шийдвэрлээд 1300 төгрөгөөр тогтоочихсон. Үүнийгээ 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор хүчин төгөлдөр болгож тооцож гарын үсэг зураад баталгаажуулаад яваад өгсөн. “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэлх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад 600 гэдэг нь Сууц өмчлөгчдийн дээд байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон сууц конторыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтооно хэмээн журам байдлаар баталсан, энэ тогтоолын дагуу өр төлбөр төлөх хүртэл хугацаанд 600 төгрөгөөр тогтоож өгөөч гэсэн хуулийн заалтыг ашигласан. Нэхэмжлэлд “Х” СӨХ-ны бүтэн жилийн хугацаанд цахилгааныг тасалдууллаа тиймээс 1 жилийн хугацаанд тасалдуулсан 20 000 000 төгрөгийг гаргаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 101 тоотын цахилгааны тоолуурыг хүлээн авч Ц.Утай гэрээ байгуулахыг хариуцагч “УБЦТС” ТӨХК-д даалгаж өгнө үү. Бид “Х” СӨХ-ны шаардсан тоолуурын мөнгө 300 000 төгрөг өгсөн. Хэрэглэгч болгон тусдаа тоолууртай болсон. Албан ёсоор “УБЦТС” ТӨХК-тай гэрээ байгуулах боломжтой болдог. “УБЦТС” ТӨХК-иас Баянзүрх нийтэд үйлчлэх үйлчилгээний төвийн даргад нь Пласо барилгын бүх хэрэглэгчдийг нь тоолууржуулсан бол хүлээж ав гэсэн албан бичиг ирдэг юм. Гэтэл “Х” СӨХ, “УБЦТС” ТӨХК хоорондоо тоолуураа хүлээж өгөлцөж авалцаад гэрээ байгуулах эрхийг нь хангах болоод ирсэн чинь Ц.У болон нэр бүхий 4 хүн, Ц.У-ын өмчлөлийн орон сууцны тоолуурыг өгөлцөж авалцаагүй. Бусдыг нь бүгдийг нь хүлээж өгөлцөж авалцчихаад Ц.У-ын тоолуурыг аваагүй. Үүнийг “УБЦТС” ТӨХК шаардаж аваагүй. Бусад 1300 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүст очоод гэрээг нь байгуулаад хүлээлгээд өгчихсөн. Нэг ёсондоо “УБЦТС” ТӨХК гэдэг ганцхан компаниас ямар ч дамжуулах эрхгүйгээр шууд гэрээ байгуулахаар Ц.У нь хоёр удаа очиход гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалздаг. Дээрээс нь тоолуур нь тавигдчихаад байхад хүлээж авахаас татгалзаад өнөөдрийг хүртэл явсан гэжээ.

Хариуцагч “Х” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний 3 шаардлагыг багцлаад тайлбарлая. Дэд бүтэцтэй холбоотой асуудал яригдаж байна. Цахилгаан тасалсан асуудлыг түрүүн нэхэмжлэгч ярьсан. Техникийн нөхцөлийн дагуу цахилгааны ямар холболт хийх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Плазо гэдэг барилгыг маань “Ажигана” ХХК барьж улсын комисст хүлээлгээд өгчихсөн. Цахилгааны холболт, цэвэр бохир, дулаан шугам сүлжээний энэ ажлууд зохих мэргэжлийн байгууллагуудаар хянагдаад дүгнэлт гараад хүлээгээд авчихсан. Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаад дундын өмчлөлийн асуудлаа сууц өмчлөгчдийн холбоо хариуцаад өмчлөлийн орон сууцтай үйлчилгээний зориулалттай барилгаа өмчлөгч нар нь хариуцаад явах асуудал байгаа юм. “Х” СӨХ засвар үйлчилгээ хийхэд ямар саад учруулаад байгаа нь тодорхойгүй. Хууль бусаар цахилгаан тасалсан учирсан хохирол болох 3 155 000 төгрөгийг “Х” СӨХ-оос нэхэмжилж байна. Нэхэмжлэгч “Х” СӨХ-ны цахилгаан тасалсан буруутай үйлдлээс хохирол учирсан гээд байгаа. Хэдний өдөр цахилгааныг яаж таслаад энэ тасалсан үйлдлийн улмаас ямар хохирол учирсан юм. Энэ учирсан хохирол сууц өмчлөгчдийн холбоо буруутай үйлдэл хоёрын хооронд ямар нэгэн шалтгаан байна уу гэдэг хохирлын асуудал шийдэгдээд яригдах байх. Гэтэл нэхэмжлэгч энэ асуудлыг ерөөсөө нотлоогүй. Хохирол 3 155 000 төгрөг гэж барилга засвар ажил хийсэн хүмүүстэй хийсэн гэрээ хэлцэл бөгөөд уг гэрээнд сул зогсолт гээд баахан мөнгөн дүн жагсаасан. Засвар хийсэн гээд ажилчдыг шүүх гэрчээр асуусан. Шүүх асуухдаа гэрч асуух журмыг зөрчсөн. Тухайлбал 2 гэрчийг асуугаад эрүүгийн хууль сануулсан боловч хууль сануулсан тухай баримтад гарын үсэг зуруулаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тогтоол гаргасан. Энэ хуралд нийт 74 гишүүнээс 38 иргэн биеэр оролцоод саналаа өгсөн. Хуралд оролцсон 38 хүний 100 хувь санал өгч дэмжсэн. Үйлчилгээний зардал 1300 төгрөг болохыг дэмжсэн. Сууц өмчлөгчдийн холбоо хуралдаад үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа бүх хүмүүсээс нийт ялгаж салгахгүйгээр 1300 төгрөг авъя гэж тогтоосон. Сууц өмчлөгчдийн холбоо зардлыг 600 төгрөгөөр тогтоолгох гэж байгаа. Нэхэмжлэлийн энэ шаардлага хууль бус ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. Ц.У өөрийн биеэр оролцсон. 1300 төгрөг байхыг эсэргүүцэж маргаагүй. Баар, рестораны зориулалттай 1 м.кв 1500 төгрөг байдаг. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэж тогтоохгүй. Ц.У 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг дагаж мөрдөж өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилгынхаа 1 м.кв тутамд 1300 төгрөг төлөх ёстой, үүрэгтэй гэжээ.

Хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жанаргүл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 шаардлагатай холбогдуулаад 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3/259820 тоот албан бичгийн дагуу хүлээж авах шийдвэр гарсан байдаг. Хүлээж авах шийдвэр маань Монгол улсын эрчим хүчний тухай хууль цахилгаан түгээх хангах тусгай зөвшөөрөл, Компани дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11-д заасны дагуу цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани захирлын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын 18 дугаар шийдвэрийг үндэслэн орон сууц борлуулалтын хүлээж авах шийдвэрийн дагуу албан бичиг ирсэн. Уг албан бичгийн дагуу бүх файлуудыг 23 аж ахуйн нэгжүүдээр хүлээн авч гардуулсан байдаг. Ц.У-тай холбогдох гэрээний нөхцөл шаардлага нь аж ахуйн харилцааны дүрмийн 2018 оны 291 дүгээр тогтоолын хавсралтад заасан байгаа. Уг хавсралтад гэрээний нөхцөл шаардлага гэж байдаг. Хэргийг эвлэрлийн журмаар шийдье, гэрээгээ хийгээч хэмээн удаа дараа шаардсан боловч хүрч ирдэггүй. Манайхаас үндэслэлгүйгээр 10 000 000 төгрөг нэхсэн. Өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байж үндэслэлгүйгээр гэрээ байгуулаагүйгээс болоод манайх ингэж хохирсон гэх үндэслэлгүй 10 000 000 төгрөг гаргаад ирсэн. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг зөвшөөрч, нэхэмжлээд байгаа 10 000 000 төгрөгийг дээрх хууль дүрмийн дагуу үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Х” СӨХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс 1 м.кв талбайд дундын өмчлөлтэй холбоотой засвар үйлчилгээг 1300 төгрөг болгож тогтоосон. Ц.У-ын хувьд сар бүр 201 500 төгрөгт нэмж хогны төлбөр 10 000 төгрөг  нийт 211 500 төгрөг сар болгон төлөх ёстой. Ц.У 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл сар бүр 50 000 төгрөг төлсөн. Өөрийн дураар энэхүү мөнгөн дүнг шийдээд төлдөг. Энэ 6 сарын төлбөрөөс 161 500 төгрөг үлдэж байгаа юм. 161 500 төгрөгийг 6 сар төлөх ёстой. 2017 оны 01 дүгээр сараас 06 дугаар саруудад төлөөгүй үлдэгдэл төлбөр нь 969 000 төгрөг, 2016 оны 12 сарын 26-ны өдрийн байдлаар засвар үйлчилгээний 1 438 434+969 000 төгрөгийг нэмээд 2 007 434 төгрөг болж байгаа юм. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 18 сарын засвар үйлчилгээний зардал 3 807 000 төгрөг нэмж нийт 6 214 434 төгрөг болж байна. Энэ төлбөрийг 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна. Хуулийн зохицуулалтаар Ц.У үйлчилгээний барилгыг өмчилж байгаа учраас заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн юм. Ц.У сууц өмчлөгчдийн холбооны гишүүн мөртлөө гишүүн биш гэж маргаад иргэний эрх зүйн харилцааг тодорхойгүй нөхцөл байдалд хүргэж байгаа. Тэгсэн мөртлөө сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээ авч өдийг хүртэл явж байгаа учраас бид нар энэ тодорхойгүй харилцааг өөрчлөхийн тулд гэрээ байгуулах шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт шаардлагыг иргэний хуулийн 147 дугар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Хоёрдугаар шаардлагыг иргэний хуулийн иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар гаргасан байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа болон нэмэгдүүлэх үедээ баримталж байгаа удирдах зөвлөлийн тогтоол хурлын протокол зэргээр өөрснийхөө тогтоолоор хүчингүй болгочихсон. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болгож байгаа тогтоолоо хүчингүй болгочихоод мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. 2017 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар, 2018 онд нэхэж байгаа мөнгөний үндэслэл болсон удирдах зөвлөлийн тогтоол хурлын шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болгочихоод 1300 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн 1300 төгрөгөөр гэрээг тооцох хуулийн заалт нь хэдэн сарын хэдний өдрөөс хэрэгжиж байгаа үндэслэл нь тодорхойгүй. Ийм байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь өөрөө энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэх хуулийн гаргалгаа харагдаж байгаа. Манайхыг гишүүн биш гэж маргасан гэж байна. Яг үнэндээ гишүүн биш мөн гэх асуудлыг н.Гаамаа гэх хүн өөрөө гаргасан юм. Ямар үндэслэлээр гаргасан юм вэ гэхээр барилгын өр төлбөр гэдэг асуудал хэдэн сарын хэдний өдрөөс эхэлж тооцогдох юм бэ гэдэг асуудал яриад гишүүн л бол барилгын өрийг төлнө гэсэн. Бид нар хэлсэн 2016 оноос үүссэн өр төлбөр дээр бид нар гишүүн байгаагүй. Тэр үед гишүүн байгаагүй байж энэхүү өр төлбөрийг төлөх шаардлага байхгүй гэхэд тэгвэл чи манай барилгаас зайлаач гэсэн. Бид гишүүн нь мөн бөгөөд үүрэг хүлээх ёстой. Ц.У энэ барилгын өмчлөгч учир өмчлөгчийн хувиар сууц өмчлөгчдийн холбоонд заасан хуулийн дагуу гишүүн мөн. Төлбөр төлөх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ төлөх ёстой үндэслэл нь юу вэ гэдэг дээр маргаж байгаа болохоос биш энэ гишүүний төлбөрийг төлөх үү гэдэг дээр бид хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь нэхэмжлээд байгаа үндэслээд байгаа мөнгөн дүн нь шаардах эрхгүй мөнгийг шаардаж байгаа учраас үнэ нь дээр наана цаана гэж маргаад байгаа болохоос биш бид гишүүн биш учраас төлөхгүй гэсэн зүйл биш. Энэ нь анх гэрээ байгуулагдсанаас хойш 50 000 төгрөг төлөөд та бүхэн 1300 төгрөг гэдгийн задаргааг гаргаад өгөөч 1300 төгрөг гэдэг чинь энэ барилга дотор ийм, ийм задаргаа гаргаад ирвэл өртэй холбоотой хэсгийг хасаад үлдсэнийг нь төлөөд явах боломж байсан, задаргааг гаргаж өгөхгүй байсан учраас гишүүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд 50 000 төгрөг төлөөд байсан. Боломжийг хангаж өгөөгүй. Гэрээ байгуулахыг даалгаж өгөөч гэсэн харилцаа явж байна. Чөлөөт гэрээний харилцаа бол талуудын чөлөөт байдлын харилцаа. Сууц өмчлөгчдийн холбоо тусдаа байгууллага болчихоод өмчлөгч нараа шахаж, бусдыг шантаачлах замаар эрх үүрэг хэрэгжүүлээд байгаа асуудал болоод байна. Хариуцагч тал 5 сар цахилгаан тасалсныг 10 сар гэж тайлбарлаад байгаа юм. Энэ 5 сар цахилгаан тасалсныг 2017 оны 02 дугаар сараас тасалсан гэдгээ хариуцагч зөвшөөрөөд 6 сарын 29-ний өдөр зөвшөөрснийг 2018 оны 02 дугаар сард буюу бүтэн жилийн дараа цахилгааныг албадан залгасан ийм харилцаа болсон шүү. Тийм учраас 10 сарын харилцаа гэж явж байгаа юм гэдгийг хариуцагч хараарай гэж хэлж байгаа юм гэжээ.         

            Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 101 тоотод орших үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204043247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн цахилгааныг хязгаарлаж байгаа хууль бус үйлдлийг цаашид гаргахгүй байхыг хариуцагч “Х” СӨХ-д, нэхэмжлэгч Ц.У-ын эзэмшлийн цахилгааны тоолуур /заалт/-ыг хүлээн авч, эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд тус тус даалгаж, үндсэн нэхэмжлэлээс хариуцагч “Х” СӨХ, хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нарт холбогдох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 101 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгөнд техникийн нөхцөлийн дагуу цахилгааны холболт хийх, сантехник, бохир цэвэр ус, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ хийхэд саад болохгүй байхыг хариуцагч “Х” СӨХ-д даалгах, “Х” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах, “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, хохиролд 3 155 000 төгрөг гаргуулах, хариуцагч нараас олох байсан орлого 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.У-аас орон сууцны дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 5 305 434 төгрөг гаргуулж хариуцагч “Х” СӨХ-д олгож, хариуцагч “Х” СӨХ-той гэрээ байгуулахыг нэхэмжлэгч Ц.У-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс 909 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 674 380 төгрөг, хариуцагч “Х” СӨХ-ны төлсөн 199 530 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Х” СӨХ-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д, нэхэмжлэгч Ц.У-аас 170 036 төгрөг гаргуулж хариуцагч “Х” СӨХ-нд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01713 дугаартай шийдвэрийн дараах хэсэг нь үндэслэлгүй болсон байна. Нэгдүгээрт хариуцагч “Х” СӨХ-ны төлөөлөгч удаа дараа үйл ажиллагаанд саад учруулж байснаа өөрөө хүлээн зөвшөөрч, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй бол үйлчилгээ үзүүлэх албагүй гэх шалтгаанаар цахилгаан тасалдаг байсныг шүүхэд нэхэмжлэх гаргахаар ус дулаан, лифт зэрэг үйлчилгээг хааж, засвар хийх боломж олгохгүй боогдуулж байхад шүүхээс цахилгаан таслахгүй байхыг даалгасан хэрнээ, цахилгаанд холболт хийх, сантехник, цэвэр бохир, дулааны шугам сүлжээнд засвар хийхэд саад болохгүй байх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс үзлэг хийхэд "Х" СӨХ нь хэрхэн засвар хийлгэхгүй гэрэл цахилгаан тасалж, холболт хийлгүүлэхгүй байснаас цахилгаангүй байгаа нь тодорхой харагдаж байх бөгөөд, сантехникийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай газрыг шүүгчид харуулж тэмдэглэлд тусгуулахаар болсон. Ц.У нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээр өөрөөсөө их хэмжээний мөнгө гаргаж үл хөдлөх эд хөрөнгөндөө засварын ажил эхлүүлж байхад цахилгаан таслах эрх олгогдоогүй "Х"СӨХ нь цахилгаан таслаад үүний улмаас учирсан хохирлыг "Х" СӨХ хариуцах ёсгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Иргэний хуульд хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо шаардах эрх нээлттэй, мөн Ц.У нь өөрт учирсан хохирол болох 3 155 000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн “Х” СӨХ-ны “УБЦТС” ТӨХК-д 20 000 000 гаруй төгрөгийн өр төлөгдөх хүртэл Ц.У-аас 1 м.кв тутамд 1300 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул Монголын Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн тогтоосон 1 м.кв тутам 600 төгрөгөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаагүй байна. Гэтэл Монголын Сууц Өмчлөгчдийн дээд зөвлөлийн тогтоолыг дагах үндэслэлгүй гишүүд өөрсдөө тогтооно гэж үзэж байгаа бол "Х" СӨХ нь шүүхэд 1 м.кв-ыг 1300 төгрөгөөр тогтоох болсон үндэслэл, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гэрч дуудах боломжтой байсан ч энэ талаар хариуцагч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч "Х" СӨХ-ны төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрээр 1 м.кв тутамд 1300 төгрөг болж тогтоолгосон энэ нь хуульд нийсэн гэж шүүх дүгнэсэн боловч хариуцагч "Х" СӨХ нь 1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах тухай 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн албан бичигтээ "Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Удирдах зөвлөлийн даргын тогтоол зэрэг шийдвэр нь сууц өмчлөгч нарын ашиг сонирхолд нийцсэн учир одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна" гэж тайлбар гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс харахад хариуцагч "Х" СӨХ, түүнийг төлөөлөгч н.Гаамаа нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд анх гаргасан сөрөг нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээ мэдээгүй гэх логик гарч ирэх бөгөөд үүнийг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч "Х" СӨХ нь илтэд үндэслэлгүй баримт бичгийг шүүхээр нотлуулж үүний улмаас нэхэмжлэгч 5 305 434 төгрөг төлөх болсон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна. Гэрээ нь талуудын чөлөөт байдал бөгөөд "Х" СӨХ нь 1300 төгрөгийн тооцоог нэхэмжлэгчид танилцуулахгүй байхад гэрээ байгуулахыг даалгасан нь үндэслэлгүй байна. Гуравдугаарт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01713 дугаартай шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан Ц.У-ын өмчлөлийн Ү-2204043247 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнд цахилгаан   холболтын   ажил   хийж   гүйцэтгэхэд  саад  учруулахгүй байхыг "Х" СӨХ-д даалгах, сантехник, бохир, цэвэр дулааны шугам сүлжээд засвар хийхэд саад учруулахгүй байхыг "Х" СӨХ-д даалгах, 3 155 000 төгрөг "Х" СӨХ-оос гаргуулж өгөхийг, Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны  10 дугаар сарын 9-ний өдрийн Удирдах зөвлөлийн даргын тогтоолыг хүчингүйд тооцуулах, 1 м.кв 600 төгрөгөөр тогтоож өгөх тухай, 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага зэргийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул хангаж өгнө үү. Мөн 101/ШШ2019/01713 дугаартай шийдвэрийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т “энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч тухайн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг даргалагчаар шүүгч Э.Энэбиш, бүрэлдэхүүнд шүүгч Д.Ганболд, Н.Сарангүн нарыг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 844 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

                

                               ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                               Ц.ИЧИНХОРЛОО