Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/02262/и

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр          Дугаар 101/ШШ2017/02262                                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт жамсранжав гудамж 23 дугаар байр, 6 тоотод оршин суух Чонос овогт Цолмонгийн Урантуул /РД:ЧП85082168/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 8 тоот Палаззо барилга хаягт байрлах “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө хаягт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд тус тус холбогдох,

 

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гэрээ байгуулахыг даалгах, хохирол 3.155.000 төгрөг гаргуулах, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах, “Хийморь” СӨХ-ны “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2.407.434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Гаамаа, өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.                                  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Урантуул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “.... Би 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байр, Плаззо барилгын 101 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг “Ажигана” ХХК-аас авсан юм. Засварын ажил хийж эхлэх гэтэл “Хийморь” СӨХ-ны гүйцэтгэх захиралл Д.Гаамаа нь хууль бус шаардлага тавьж үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байсан тул ямар шалтгаанаар 1300 төгрөгөөр тооцож дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ байгуулахыг шаардаж байгааг асууж, зарцуулалт задаргааг шаардахад бид уг асуудлыг хэлэлцээд тохирчихсон, чи төлөх ёстой, хуримтлалын задаргааг чамд үзүүлэх албагүй гэж хэлээд тог тасалж, засварын ажлыг хойшлуулсаар байсан юм. Ингээд ямар учраас “Хийморь” СӨХ сар бүр 201.500 төгрөг нэхэмжилж байгааг шалгахад “Хийморь” СӨХ нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2013 оны 05 дугаар сараас хойш цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний төлбөрөө хийгээгүй, цахилгаан эрчим хүчний ажилтан нь төлөгчийн тоолуурын заалт харах, төлбөрийн үлдэгдлийн зөрчлөөр цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх ажил хийдэггүй, цахилгаан эрчим хүчний ажилтан, “Хийморь” СӨХ-ны ажилтан нар тоолуурын заалтыг мессежээр буруу явуулж, хүлээж авдаг байснаас “Хийморь” СӨХ-д 23.194.367 төгрөгийн төлбөр үүссэн байна. Гэтэл “Хийморь” СӨХ-ны захирал Д.Гаамаа нь дээрх төлбөрийг 101 тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 08 дугаар сард худалдаж авсан Ц.Урантуулаар төлүүлэхээр сард 201.500 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ байгуулахыг шаардаж, хэрэв гэрээ байгуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангахгүй гэж тулгаж, цахилгаан эрчим хүчийг тасалсан. Түүнчлэн Ц.Урантуул нь 2016 оны 08 дугаар сард уг барилгыг “Ажигана” ХХК-аас худалдаж авахад “Хийморь” СӨХ болон “Ажигана” ХХК нар хоорондоо уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой цахилгаан болон бусад өр төлбөр байхгүй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн бөгөөд Ц.Урантуул нь “Хийморь” СӨХ-өөс нэхэмжилж буй цахилгааны төлбөрийг цаг тухай бүрт нь төлсөөр байхад өөрийн хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд уг 101 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн цахилгааны тоолуур, тоолуурын заалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүлээлгэн өгөхгүй, тог тасалж байна. Үүнээс болж манай байгууллага 2016 оны 08 дугаар сараас хойш 7 сарын хугацаанд засварын ажлаа хийж чадалгүй, үйл ажиллагаа маань зогссон байдалтай, засварчид сул зогссоноос учирсан хохирол 3.155.000 төгрөгийг “Хийморь” СӨХ-оос гаргуулж өгнө үү. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1.4-т засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасан байх тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байр, Плаззо барилгын өмнө үүссэн өр төлбөрийг иргэн Ц.Урантуулын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд хамааруулж хуульд заагаагүй төлбөр тооцож, метр квадрат тутамд 1.300 төгрөг байхаар шаардаж, дээрх хуульд заагаагүй эрх эдэлж, цахилгаан тасалж, Ц.Урантуулд хохирол учруулж буй үйл ажиллагааг зогсоож өгнө үү. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Ц.Урантуулын эзэмшлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн цахилгааны төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байгаа, өмнөх өмчлөгч “Ажигана” ХХК өр төлбөргүй талаар “Хийморь” СӨХ-той тооцооны үлдэгдлийн баталгаа, албан тоот байсаар байхад “Хийморь” СӨХ-оос Ц.Урантуулд тавьж буй хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрч цахилгааны тоолуур, заалтыг хүлээн авахгүй, иргэн Ц.Урантуултай үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзаж байгаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйлдэл, эс үйлдэхүйг зогсоож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байр, Плаззо барилгын 101 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн цахилгааныг шалгаж тоолуур, түүний заалтыг хуульд заасны дагуу хүлээн авч, иргэн Ц.Урантуултай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. "Хийморь” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол, Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудал, 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, 9 дүгээр зүйлийн 9.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчсөн байна. Хурлын протоколд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг нэг аж ахуйн нэгжид 1.300 төгрөг болгосноор cap бүр Эрчим хүч түгээх төвд 800.000-1.000.000 төгрөгийн өр төлөх боломж гарч байгаа талаар дурдсан байна. Гэтэл уг өр авлага нь иргэн Ц.Урантуулд үл хөдлөх хөрөнгө шилжиж ирэхээс өмнө үүссэн бөгөөд үүнийг “Ажигана” ХХК болон бусад өр авлага үүсгэсэн аж ахуй нэгжүүдээр төлүүлэх нь зүйтэй юм. Уг асуудал нь тухайн үеийн “Хийморь” СӨХ-ны удирлага болон өр үүсэх үеийн аж ахуйн нэгж байгууллагад хамаарах асуудал бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх, 29 дүгээр зүйлийн 29.1.8-д энэ хуулийн 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх эрхтэй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д хуульд өөрөөр заагаагүй бол холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасны дагуу “Хийморь” СӨХ-ийн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг иргэн Ц.Урантуул хариуцах үүрэггүй болно. Иймд "Хийморь” СӨХ-ны 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол болон Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. “Хийморь” СӨХ-ны “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаагаар сууц өмчлөгчдийн холбооны зардлыг метр квадрат талбай тутамд 600 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Д.Гаамаа шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ц.Урантуул нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 тоот байрны 101 тоотын өмчлөгч тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасны дагуу “Хийморь” СӨХ-ны гишүүн мөн. Иймд сууц өмчлөгчийнхөө хувьд уг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай            хууль, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хийморь” СӨХ-ны захирал Д.Гаамаа нь "Хийморь” СӨХ-ны цахилгаан эрчим хүчний өр төлбөр болох 23.194.367 төгрөгийг 101 тоотын өмчлөгч Ц.Урантуулаас 201.500 төгрөг авч, төлүүлэхээр дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээ байгуулахыг шаардсан гэж тайлбарлан бичсэн нь огт үндэслэлгүй байна. Д.Гаамаа миний бие 2016 оны 5 дугаар сард “Хийморь” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ үед сууцанд байрлаж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд өмчилж байгаа сууцны ашиглалтын төлбөрийг хуульд зааснаар бус харилцан адилгүй тогтоосон байсныг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасныг удирдлага болгон Удирдах зөвлөлийн хурлаас тогтоож өгсөн. Уг тогтоолоор 1 м.кв-ын ашиглалтын зардлыг 1.300 төгрөгөөр тогтоосон. Намайг ажил авах үед 1 м.кв-ийн үнэ нь 1.700 төгрөг байсан. Тогтоолыг нийт сууц өмчлөгчдөд танилцуулсан, хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа болно. Түүнээс дээр дурдсанчлан СӨХ-ны эрчим хүчний өрийг нэхэмжлэгчээр төлүүлэх гэж гаргасан тооцоо биш бөгөөд нэхэмжлэгч Ц.Урантуул нь үүнийг маш сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч нь ашиглалтын төлбөрийг төлөх үүргээ зөрчин, өөрөө өөртөө ашиглалтын зардлын үнэ ханш тогтоон зөвхөн 50.000 төлнө, үүнээс илүү төлж чадахгүй гэж хэл ам хийгээд бусад өмчлөгч нарыг ятган тусдаа СӨХ байгуулан гарна гэсэн боловч түүнтэй хамтарч СӨХ байгуулах өмчлөгч гараагүй тэрээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдын адил ашиглаж байгаа. Тооцоо нийлсэн баримтын тухайд: иргэн Ц.Урантуулд үл хөдлөх хөрөнгө худалдсан этгээд нь манай СӨХ-д ашиглалтын төлбөрийн өглөгтэй мөн түүнчлэн огт тооцоо нийлээгүй байсан болно. 2017 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрчим хүч түгээх төвөөс 5 хоногийн хугацаатай нийтийн эзэмшлийн цахилгааныг түдгэлзүүлснээс үүдэн “Ажигана” ХХК ашиглалтын зардлыг энэ хугацаанд төлж барагдуулсан болно. Түүнээс биш Ц.Урантуулын тайлбарласнаар худалдаж авах үедээ огт өргүй гэсэн тооцоо нийлсэн баримт байгаа мэтээр гүтгэсэн байна. “Ажигана” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын эхний өдрүүдэд тус СӨХ-ны данс руу мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Цахилгааны тухайд: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 8 тоот орон сууцны байшингийн эрчим хүчний тооцоог толгой 3 тоолуураар тооцдог бөгөөд тоолуурын заалтыг Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан cap бүрийн 1-5-ны өдрүүдийн хооронд бичилт хийдэг. Энэхүү бичилтээс аж ахуйн нэгж тус бүрийн хэрэглэсэн цахилгааныг СӨХ-ны захирал өөрөө тус бүрээр нь бичилт хийж, хасаад үлдсэн нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгаан зарцуулалт болдог. Оршин суугчид нь эрчим хүч түгээх төвтэй тус бүртээ гэрээтэй бөгөөд харин 23 аж ахуйн нэгжээс нэгээс бусад нь эрчим хүчээр хангагдах гэрээгүй болно. Зөвхөн “Хийморь” СӨХ нь үлдсэн аж ахуй нэгжүүдийн өмнөөс гэрээтэй болохоор зарим нэгэн цахилгааны төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлдэггүй, эсхүл зохих ёсоор биелүүлдэггүй өмчлөгч нарын буруугаас цахилгааны түдгэлзүүлэлт хийж, нийтээр хохирдог байсан. Энэ байдлаас гарахын тулд хэрэглэгч тус бүрийг сүүлийн үеийн электрон тоолууртай болгох, хуучин хэрэглэж байсан механик тоолуур солих, цахилгаан монтаж угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэх албан шаардлагыг “УБЦТС” ТӨХК-ийн борлуулалтын хэлтсээс “Хийморь” СӨХ-ны захиралд 2 удаа ирүүлсэн болно. Үүний дагуу тусгай зөвшөөрөл бүхий “Мэргэн сор” компани дээрх ажлыг хийсэн. Цахилгаан угсралтын ажил хийх явцад 101 тоотын өмчлөгч Ц.Урантуулын өрөөний зөвхөн нэг өрөөнийх нь чийдэн тоолуурт тоологддог байсан зөрчлийг илрүүлсэн. Дундын өмчлөлийн хөрөнгийн цахилгаан зарцуулалтад сард дунджаар 700.000- 800.000 төгрөг тогтмол төлдөг байсан. Цахилгаан угсралтын энэхүү ажлын дараа СӨХ түүхэндээ 220.000- 420.000 төгрөг төлж цахилгаан эрчим хүчийг хууль бусаар хулгайн замаар хэрэглэж байсан хэрэглэгчдийн илрүүлсэн. Ийм хэрэглэгчийн нэг нь нэхэмжлэгч Ц.Урантуул юм. Урантуул нь уг зөрчлийг сайн дураар арилгах нь бүү хэл, дундын өмчлөлийн цахилгаанаас уртасгагчаар хулгайлан хэрэглэж, нийтийн эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл хийж байгаа. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасныг зөрчсөн. Иймд Ц.Урантуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 8-р байр Плаззо барилгын 101 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн цахилгааныг шалгаж, тоолуур, түүний заалтыг хуульд заасны дагуу хүлээн авч, иргэн Ц.Урантуултай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ. Нэгдүгээрт үл хөдлөх эд хөрөнгийн цахилгааныг шалгахыг даалгаж өгнө үү гэжээ. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж заасны дагуу нэхэмжпэгч өөрөө шалгах нь зүйтэй. Хоёрдугаарт тоолуур, түүний заалтыг хуульд заасны дагуу хүлээн авахыг даалгаж өгнө үү гэжээ. Эрчим хүчний тухай хууль болон бусад хуульд тоолуурын заалтыг авах талаар зохицуулсан заалт байхгүй болно. Гуравдугаарт иргэн Ц.Урантуултай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ. Тус Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж 8 дугаар байр Плаззо барилгыг манай Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд өнөөдрийг хүртэл бүхэлд нь буюу айл өрх, аж ахуйн нэгжийн борлуулалтыг хүлээлгэж өгөөгүй байгаа болно. Иймд тухайн барилгын оршин суугчдын байгуулсан төлөөлөл буюу “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоотой Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ, 30 дугаар зүйлийн 30.1.13-т нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх гэж заасны дагуу тус байрыг хүлээлгэж өгсний дараа айл өрх, аж ахуйн нэгж тус бүртэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж тус тусад нь код өгч хэрэглэгчийн мэдээллийн системд бүртгэдэг юм. Иймд цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй, дэд станц, шугам, тоноглолыг хүлээлгэж өгөөгүй зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй байгаа учир тус байр болон Ц.Урантуулын 101 тоотыг дангаар нь салгаж хүлээн авч гэрээ байгуулах боломжгүй тул манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич холбогдох хууль дүрэм журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өр төлбөрөө барагдуулбал борлуулалтыг хүлээж авахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Д.Гаамаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 тоот байрны 101 тоотын өмчлөгч Ц.Урантуул нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1.438.434 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.Урантуулын өмчлөлийн 101 тоот нь 155 метр квадрат ба 1 метр квадрат 1.300 төгрөг, нийт 201.500 төгрөг, үүн дээр хогны төлбөр 10.000 төгрөг, нийт 211.500 төгрөг төлөх ёстой. 2017 оны 01 дүгээр сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 50.000 төгрөг төлсөн үлдэгдэл 161.500 төгрөг, нийт 969.000 төгрөг, 2016, 2017 оны нийт төлбөр 2.407.434 төгрөгийг Ц.Урантуулаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Урантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Уг төлбөрийг хэрхэн тогтоосон, ямар үнийг үндэслэл болгосон талаар баримт авагдаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа 1.300 төгрөгийн талаар өөрийн нэхэмжлэлдээ тусгаж шаардлага гаргасан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

         

          Нэхэмжлэгч Ц.Урантуул нь хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд холбогдуулан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хохирол 3.155.000 төгрөг гаргуулах, Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүйд тооцуулах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Ц.Урантуулд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2.407.434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ц.Урантуул нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, 8 дугаар байр, 101 тоот хаягт байршилтай, 155 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх /хх-6/ бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.

 

Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрыг харьяалдаг болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгогдсон гэрчилгээгээр нотлогдож байна /хх-96/.

 

Зохигч Ц.Урантуул, “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нарын хооронд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхтэй холбоотой маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч нь ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх, уг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Урантуул нь түүнийг үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаас өмнө үүссэн өр төлбөрийг төлүүлэх зорилгоор сууц өмчлөгчийн төлөх төлбөрийг үндэслэлгүйгээр өндөр тогтоож, гэрээ байгуулахыг шаардсан, шаардлагыг нь биелүүлээгүйгээс эрчим хүчний хэрэглээг зогсоосон, мөн эрчим хүчээр хангах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, цахилгааны болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримтууд, холбооноос өгсөн мэдэгдэл, дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар хийх хөрөнгийн хуримтлалын гэрээний төсөл, үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан “Ажигана” ХХК-ийн тодорхойлолт, тооцоо нийлсэн баталгаа, “Ар богд” сууц өмчлөгчдийн холбооноос оршин суугчтайгаа байгуулсан гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргасан /8-28, 29-35, 38, 128-131, 138, 202/.

 

 Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчийн төлбөрийг Удирдах зөвлөлөөс тогтоосны дагуу нэхэмжилсэн, мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй оршин суугчдыг төлөөлж гэрээ байгуулан ажилладаг, өнөөдрийн байдлаар өр төлбөртэй байгаа тул цахилгааны хэрэглээг зогсоосон гэж маргаж, Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоол, 2016 оны ажлын тайланг хэлэлцсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, айл өрхийн төлбөрийн тооцоо зэрэг баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцсэн /хх-104-108, 160-185/.

 

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний өр төлбөртэй, дэд станц, шугам, тоноглолыг хүлээлгэж өгөөгүй зэрэг шаардлага хангаагүй тус байр болон нэхэмжлэгч Ц.Урантуулын 101 тоотыг дангаар нь салгаж хүлээн авч гэрээ байгуулах боломжгүй, “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг гэж мөн маргасан ба шүүхэд тайлбараа нотолж, баримт гаргаагүй.

 

“Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолоор аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлыг 1 м.кв талбайд 1.300 төгрөгөөр тогтоосон байх /хх-107/ ба нэхэмжлэгч уг тогтоолыг хууль бус гэж маргаж хүчингүй болгуулах шаардлагыг, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо уг тогтоолын дагуу нэхэмжлэгчийн дутуу төлсөн төлбөр 2.407.434 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7-д зааснаар сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журмыг тус тус холбооны дүрэмд заавал тусгах бөгөөд хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд дүрмээ ирүүлээгүй.

 

Мөн дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3 дахь хэсэгт холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах, холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан боловч хуульд заасан эдгээр асуудлыг зохих журмын дагуу “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал  шийдвэрлээгүй байна.

 

Иймд “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн  2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолын холбогдох заалтыг дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, улмаар уг тогтоолд заасан хэмжээгээр нэхэмжлэгчээс төлбөр нэхэмжилсэн нь хууль бус бөгөөд зохих журмын дагуу төлбөр тогтоох хүртэл нэхэмжлэгч сард 50.000 төгрөг төлж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас 2016 оны тайланг хэлэлцсэн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг ирүүлсэн байх боловч дээр хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар хурлын тэргүүлэгчид гарын үсэг зураагүй, тогтоол гаргаагүй, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон эсэх нь тодорхойгүй, мөн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэлд “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан байх боловч хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлбөрийг тухайн сууц өмчлөгчид бүх гишүүдийн хурлаараа тогтоох тул шүүх тогтоох үндэслэлгүй  юм. Мөн өөр сууц өмчлөгчдийн холбооны гишүүнтэйгээ байгуулсан гэрээг жишиг болгож үзэхгүй /хх-136-138/.

 

Дээр дурдсанаар Удирдах зөвлөл сууц өмчлөгчийн төлөх зардлын хэмжээг тогтоосон нь хууль бус боловч Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн агуулгаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны үүсгэсэн өрийг төлүүлэхээр өндөр тариф тогтоосон гэх байдал тогтоогдоогүй болно.   

 

Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо нь төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Урантуулын цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх эрхийг эрчим хүчээр хангагч эдлэхээр заасан байх ба “эрчим хүчээр хангагч” гэдэгт эрчим хүчний хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгохоор хуульчилжээ.

 

Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нар хоорондоо гэрээ байгуулан хамтран ажилладаг гэж шүүхэд тайлбарлаж байх боловч тухайн гэрээгээ шүүхэд гаргаагүй тул сууц өмчлөгчдийн холбоо эрчим хүчний хангамжийн талаар ямар чиг үүрэг хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчийн цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх эрх эдлэхгүй тул хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгч Ц.Урантуулын цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэстэй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргасныг хариуцагч нар үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ /хх-9, 12, 13, 16, 19, 22, 25, 129/.

 

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоо 8 дугаар байрны бүх айл өрх Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй гэрээ байгуулсан, харин аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан, мөн хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв өөрийн татгалзлаа шүүхэд баримтаар нотлоогүй тул өр төлбөртэй, дэд станц, шугам, тоноглолыг хүлээлгэж өгөх хуулийн шаардлага хангаагүйгээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах боломжгүй гэх түүний татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзэв.  

 

Нэхэмжлэлд “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагааны улмаас 2016 оны 08 дугаар сараас хойш учирсан хохирол 3.155.000 төгрөг гаргуулахыг шаардсан ба нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Урантуул нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 2016 оны 08-11 дүгээр сард хаалга гаргах /О.Батсайхан/, агааржуулалт салхивчны систем /Д.Банзрагч/, өрлөгийн ажил /Б.Бямбасүрэн/, тааз, мужаан, засал /Б.Эрдэнэбилэг/, замаск, эмульс, будаг, чигжээс, канаф /Г.Алтанцэцэг/ ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хүмүүстэй гэрээ байгуулсан, төлбөр төлсөн болох нь нотлогдож байх боловч дурдсан хугацаанд “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны жижүүр хүлээлцэх дэвтэрт 101 тоотод үйл ажиллагаа явуулсан тухай тэмдэглэгдсэн, мөн “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны хохирол учруулсан үйл ажиллагааг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. Гэрээний нөгөө тал болох иргэд “сул зогсолтын төлбөр” нэрээр гэрээний үнийн дүнгийн 20, 50, 100 хувиар эсхүл тодорхой дүнгээр төлбөр нэхэмжилснийг сууц өмчлөгчдийн холбооны учруулсан хохирол гэж дүгнэхгүй юм. 

 

          Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл болон  2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолын “аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлыг 1 м.квын үнийг 1.300 төгрөгөөр тогтоох” заалтыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ц.Урантуулын цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоонд даалгаж, нэхэмжлэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд даалгаж, нэхэмжлэлээс “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, хохирол 3.155.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг, мөн нэхэмжлэгч Ц.Урантуулаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2.407.434 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, 30.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол болон  2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолын “аж ахуйн нэгжийн ашиглалтын зардлыг 1 м.кв-ын үнийг 1.300 төгрөгөөр тогтоох” заалтыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбоонд, нэхэмжлэгчтэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд тус тус даалгаж, нэхэмжлэлээс “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үүсгэсэн өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны зардлыг м.кв тутамд 600 төгрөгөөр тогтоолгох, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооноос хохирол 3.155.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг, мөн нэхэмжлэгч Ц.Урантуулаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 2.407.434 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооны сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307.360 төгрөг, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооноос төлсөн 53.468 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хийморь” сууц өмчлөгчдийн холбооноос 140.400 төгрөг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөс 70.200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Урантуулд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА