Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2023/01699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01925/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....., ****, туул гол *******ны *******од оршин суух хаягтай, утас: 99055536, ****ы **** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******,*******,*******,******* тоотод оршин суух, 2254, ****д холбогдох,

 

76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Монгол улсын иргэн **** нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний бие ***ын ажлын газар болох , 17-р хороо, Их монгол плаза 1 давхарт байрлах Системс дэлгүүрт ирж надад БНХАУ-аас хайлаас модыг өөрийн буюу *** компани болох ***-аар дамжуулан импортоор оруулж ирнэ, оруулж ирсний дараа *** ТӨХК-д нийлүүлнэ, *** ТӨХК-д нийлүүлэх гэрээгээ миний компани байгуулсан байгаа, хайлаас мод захиалах хэрэгтэй байна, намайг хөрөнгө оруулалт хийвэл ашгаа хуваая гэж ятган үнэмшүүлсэн. Миний бие хариуцагчийн хууран мэхлэлтэд автаж, 80,000 ширхэг хайлаас модны мөнгө болох нийт 53,800,000 төгрөг, эдгээр модыг оруулж ирэх тээвэрлэлтийн зардалд 5,000,000 төгрөг, өөрт нь зээлээр 2,000,000 төгрөг, нийт 60,800,000 төгрөгийг *** 5055101099 тоот дансанд болон БНХАУ мод захиалсан хүний данс руу тус тус шилжүүлсэн болно. Хариуцагч нь 220,000 ширхэг хайлаас мод захиалж 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн хэдий ч эдгээр модыг *** ТӨХК-д нийлүүлэх гэрээгээ огт байгуулж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл миний хөрөнгө оруулалт хийсэн төлбөрийг өгөөгүй байхын сацуу, утсаар ярьж уулзахад надад ямар ч мөнгө байхгүй, би үхвэл чи юу ч олж авахгүй гэх мэтээр сүрдүүлж надад бие сэтгэлийн болон хөрөнгө мөнгөний их хохирол учруулсаар байна. Хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, өнөөдрийг болтол миний төлсөн төлбөрийг өгөөгүй болно. Мөн хариуцагч **** нь хэрэв мод захиалахад туслаад мөнгөө гаргаад өгвөл 80,000 ширхэг модны нэг бүрийн үнийн хамгийн багадаа 1,200-1500 төгрөгөөр зарна. Нэг ширхэг модны өртөг 800 төгрөг, ашиг 400 төгрөг болно гэж амлаад гарсан нийт ашгийг нь тэнцүү хуваана гэж тохиролцсон юм. Бидний тохиролцсноор тооцоолвол өнөөдрийн байдлаар нийтдээ 32,000,000 төгрөг олох байснаас надад 16,000,000 төгрөгийн ашиг ногдох байсан юм. Миний бие хариуцагчийн хийсэн үйлдэл нь анхнаасаа залилангийн шинжтэй байсан тул 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ****цагдаагийн 1-р хэлтэст тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан хэдий ч Нийслэлийн ****Прокурорын газраас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *** тоот Прокурорын тогтоолоор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Иймд ИХШХШтХ-ийн 14.2 болон 15.2-т заасныг үндэслэн иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаас 60,800,000 төгрөг, мөн олох ёстой байсан ашгийн 50 хувь болох 16,800,000 төгрөг, нийт 76,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

**** 74,500 ширхэг модны өртөг 37,250,000 төгрөг, татвар гаалийн зардал 7,916,996.56 төгрөг нийт 45,166,966 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан ***ын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Миний *** нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд нийлүүлдэг. 2022 оны хавар би өөрийн танил ****тай уулзаад БНХАУ-аас мод импортлох хэрэгтэй байна. Найз Ертөнцтэйгээ холбогдоод асуугаад өгөөч гэхэд тэрээр тэгье гэсэн. Тэгээд **** нь Ертөнцтэй ярьсан. Мод захиалаад оруулж ирж болох юм байна гэхээр нь би 160,000 ширхэг хайлаас модыг БНХАУ-аас захилан авъя гээд төлбөр болох 68,000,000 төгрөгийг **** Хаан банкны ****663 дугаарын данс руу 2022.04.29-ний өдөр 4,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг, 2022.04.27-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2022.04.30-ны өдөр 9,000,000 төгрөгийг, 2022.05.11-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2022.05.06-ны өдөр ****ийн Хаан банкны ****590 дугаарын данс руу 7,000,000 төгрөг болон 12,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ данс руу модныхоо мөнгийг хийгээрэй гэж **** надад хэлсэн учраас шилжүүлсэн. Миний хувьд хятад талаас мод худалдаж, ачуулж байгаа хүмүүстэй холбогдоогүй ба **** л Ертөнцтэй холбогдож байсан. Харин **** нь өөрөө таны модон дээр мод нэмж захиалъя л гэж байсан болохоос хэдэн төгрөг, хэзээ, хэн рүү шилжүүсэн тухайгаа надад тодорхой хэлээгүй болно. Мөнгө шилжүүлснээс хойш захиалгын дагуу БНХАУ-аас 178,000 мод ирсэн бөгөөд захиалсан хэмжээндээ хүрэхгүй, өндөр нам, үндэсгүй, жижигхэн, миний захиалсан стандарт шаардлага хангахгүй байсан ба энэ бүх үйл явцыг **** мэдэж байсан. Тэрээр чингэлэгт өөрийнхөө модыг БНХАУ-аас хамт ачуулж орж ирсэн бөгөөд тэр модноос би өөрт оногдох хэсгээ аваад **** модоо авсан. Би тээврийн зардал болон холбогдох бүх зардлыг өөрөө төлсөн учраас ****д төлөх төлбөр, ****д өгөх өглөг байхгүй, мөн бидний хооронд ашиг хуваах талаар яриа огт болж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч хариуцагч нар тухайн модыг оруулж ирэх тал дээр тус тусдаа үүрэг хүлээж оролцсон байгаа. **** өөрөө Хятад улсаас мод оруулж ирэхэд таних хүнгүй учраас ***д учраа хэлэхэд Консулын газар миний найз Ертөнц гэж хүн байгаа, тэр хүн туслаад оруулж өгнө гэсэн байдаг. Ингээд би модны зөвшөөрөлтэй, оруулсан хөрөнгөөрөө өөрөө модоо авъя гэж тохирсон байдаг. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 45,166,966 төгрөг болгож байна гэж байна. Үүнтэй холбогдуулаад дансны хуулгаар шүүж үзэхэд 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг **** эгчид гээд шилжүүлээд **** буцаагаад шилжүүлсэн баримт байгаа. 14,3000,000 төгрөг мөн **** рүү *** шилжүүлсэн, гэтэл **** мөн ялгаагүй модны мөнгө шилжүүлсний дараа **** орж ирсэн орлогоо **** рүү шилжүүлсэн баримт байгаа. 04 дүгээр сарын 27-ны өдөр 16,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсний дараа ***, **** гэж хүний данс руу 05 дугаар сарын 02-ны өдөр 14,300,000 төгрөг, 2,675,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр **** орж ирсэн данс дахь мөнгөө **** рүү шилжүүлснээ би энэ модны мөнгийг гаргасан гэдэг байдлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Дараа нь 2,000,500 төгрөг гэсэн байгаа, АТМ, АТМ гээд гэсэн утгатай байгаа энэ мөнгөө нэхэж байгаа юм байна. /Үүнийг явцад тодруулж асууна./ 4,750,000 төгрөг Голомт банк **** гүйлгээний утга дээр 9905 гэж хийсэн байгаа. Энэ мөнгө *** дансанд ороогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 320,000 төгрөг ***** гэж хүний данс руу шуудай гэж хийсэн байгаа. Үүнийг мөн яагаад **** нэхэж байгаа вэ. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг **** гэж хүний дансанд шилжүүлсэн байгаа. Үүнийг яагаад **** нэхээд байгаа юм бэ. Хоёрдугаарт орж ирсэн мод маргаантай, Хятад улсаас ямар мод хэдэн төгрөгөөр авсан юм тодорхойгүй. Тэгэхээр **** өөрөөсөө 74,000,000 төгрөг гаргасан байна. Үүнийг нотлох баримтаас шүүгээд баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Урдаас мод худалдаж авах процессыг ***, Ертөнц гэдэг хоёр хүн зохион байгуулсан. Тэгэхээр урд авсан мөнгө нь нэг ширхэг мод хэдэн төгрөг, тээврийн зардал хэдэн төгрөг, Монголд орж ирсэн мод хэдэн төгрөг, тээврийн зардал хэдэн төгрөг байгааг гаргаж байж бодит байдлыг тогтоох ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч үүнийг тайлбарласны дараа тодорхой тайлбар хэлэх боломжтой. Энэ нэхээд байгаа 45,166,966 төгрөг нь **** өөрөө ***ын дансанд 33,100,00 төгрөг, ****ийн дансанд 38,000,000 төгрөг, ****ийн данснаас ***ын өөрийн дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөөр нь худалдан авалт хийсэн. Өөрөө хөрөнгө оруулсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй нэхэж байна. Хэрэв үндэслэлтэй бол тоочиж хэлэх байх. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн ****прокурорын газрын *** дугаартай тогтоол, Гаалиар нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн татвар төлсөн баримтууд, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, /зөрчилд холбогдогч ***, **** ХХК/, Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /2022.05.02-05.12-ны өдөр/, *** иргэний цахим үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ерөнхий захирлаар томилсныг бүртгэсэн, шүүхийн баримтууд, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *** шүүхэд гаргасан хариу тайлбар, Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, ****ын иргэний үнэмлэхийн лавлагаа, **** дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, шүүхийн баримтууд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар ангийн албан хаагчийн тогтоол, шүүхийн баримтууд, **** компанийн дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, дедозит дансны дэлгэрэнгүй хуулга хх-82-89-р тал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, **** *****д олгосон итгэмжлэл, ***ын Дархан анхан тамгын газар гэсэн мэйл хаягаар гэрчээр асуух асуултыг явуулсан баримт, амбулаториор эмчлүүлэгчийн карт, шинжилгээний бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх хуудас, Хаан банкны дипозет дансны хуулга, билет захиалгын хуудаснууд, *** Хаан банкны ***** дугаартай дипозет дансны хуулга 12 хуудас, Голомт банкны ****ийн дансны хуулга 3 хуудас, гэрч *****ы мэдүүлэг, хурлын тэмдэглэл, шүүхийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ****д холбогдуулан 76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Улмаар шүүх хуралдаанд 45,166,966 төгрөг болгон багасгасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

2. Хариуцагч нь тээврийн зардал болон холбогдох бүх зардлыг би өөрөө төлсөн учраас ****д төлөх төлбөр, өгөх өглөг байхгүй, мөн бидний хооронд ашиг хуваах талаар яриа огт болж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргадаг.

3. Нэхэмжлэгч *** хариуцагч ****д холбогдуулж хайлаас модны мөнгө 53,800,000 төгрөг, модыг оруулж ирэх тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, зээл 2,000,000 төгрөг, олох байсан ашиг 16,000,000 төгрөг, нийт 76,800,000 төгрөг гаргуулах, ****иар дамжуулан импортоор хайлаас мод оруулж ирнэ, ирсэний дараа *** ТӨХК-нд нийлүүлнэ, гэрээ байгуулсан байгаа, намайг хөрөнгө оруулалт хийвэл ашгаа хуваая гэсний дагуу хөрөнгө оруулсан боловч мөнгө ч үгүй, мод ч үгүй болсон учир хөрөнгө оруулалтын гэрээнээс учирсан хохирол гаргуулж өгнө үүгэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хэрэгт авагдсан татвар төлсөн баримтад 3,878,700 төгрөг, 1,470,716 төгрөг, 1,939,350 төгрөгийг нэхэмжлэгч *** төлсөн байна.

Дээрх татвар, торгуулийг нэхэмжлэгч төлсөн гэдэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан**** дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль төлсөн баримтад ****ийн мэдүүлсэн барааны бичиг баримтыг шалгах явцад засварлаж татвараас зайлсхийсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 1,939,350 төгрөгийн торгууль оногдуулсаныг нэхэмжлэгч *** тушаасан, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт ****ийн 2,000 ширхэг хайлаас модны татварт 3,878,700 төгрөг төлсөн, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт ****ийн 40 тн ачаа бараа зөөх зориулалт бүхий чингэлэгийн татварт 1,470,716 төгрөг төлсөн, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, хураамж 7,000 төгрөг төлсөн баримтуудаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн эдгээр мөнгийг нэхэмжлэгч *** төлсөнтэй маргахгүй гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

5. Мөн Хаан банкны ***ын ****663 депозит дансны хуулгаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ***** тоот гын данс руу 320,000 төгрөг 4 шуудай **** гэж хийсэн гүйлгээ, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5075102556 тоот Г.****ын данс руу 300,000 төгрөг ***** гэж хийсэн гүйлгээгээр төлбөр төлсөн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн байна.

6. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байх тул нэхэмжлэгч *** нь ****ийн нэр дээр ирсэн барааг өөрөө мэдэж төлсөн байх тул энэхүү төлбөрийг буюу зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

**** ХХКомпани нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000183033 дугаартай гэрчилгээгээр ****г ерөнхий захирлаар томилсныг бүртгэв гэснээс үзэхэд энэ хуулийн этгээд нь хариуцагч ****гын компани болох нь тогтоогдов.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,916,966 төгрөг ****ийн өмнөөс төлсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх учир нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учир шаардах эрх үүсээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан хэлцэл хийгдээгүй учир нэхэмжлэгч ***ын 74,500 ширхэг хайлаас модны мөнгө 37,250,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй, энэ талаарх харилцаа үүссэнийг нотолж чадаагүй.

9. Нэхэмжлэгч *** нь хөрөнгө оруулалтын гэрээг бичгээр байгуулаагүй ч хэлцлийн хэмжээнд хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж Хаан банкны ***ын ****663 депозит дансны хуулга гаргаж өгсөн боловч дээрх баримтад **** руу мөнгө шилжүүлсэн гэж буй боловч үүнийг хариуцагчид хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэхгүй, дээрх мөнгө шилжүүлсэн гэж тэмдэглэсэн данснууд нь ****, ****, *****, ****, ***** гэж хүмүүсийн эзэмшлийнх байх тул талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхээргүй байна.

10. Нэхэмжлэгч ***ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 541,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141,621 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.


Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар **** 7,916,966 төгрөг гаргуулж, ***д олгож, 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** 141,621 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС