Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2024/000010

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01699 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний бие *******ын ажлын газар болох Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их монгол плаза 1 давхарт байрлах ******* дэлгүүрт ирж надад БНХАУ-аас хайлаас модыг өөрийн буюу *******гийн компани болох ******* ******* ХХК-иар дамжуулан импортоор оруулж ирнэ, оруулж ирсний дараа Эрдэнэс таван толгой ТӨХК-нд нийлүүлнэ, Эрдэнэс таван толгой ТӨХК-нд нийлүүлэх гэрээгээ миний компани байгуулсан байгаа, хайлаас мод захиалах хэрэгтэй байна, намайг хөрөнгө оруулалт хийвэл ашгаа хуваая гэж ятган үнэмшүүлсэн. Миний бие хариуцагчийн хууран мэхлэлтэд автаж, 80,000 ширхэг хайлаас модны мөнгө болох нийт 53,800,000 төгрөг, эдгээр модыг оруулж ирэх тээвэрлэлтийн зардалд 5,000,000 төгрөг, өөрт нь зээлээр 2,000,000 төгрөг, нийт 60,800,000 төгрөгийг *******гийн тоот дансанд болон БНХАУ руу мод захиалсан хүний данс руу тус тус шилжүүлсэн болно. Хариуцагч нь 220,000 ширхэг хайлаас мод захиалж, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн хэдий ч эдгээр модыг Эрдэнэс таван толгой ТӨХК-нд нийлүүлэх гэрээгээ огт байгуулж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл миний хөрөнгө оруулалт хийсэн төлбөрийг өгөөгүй байхын сацуу, утсаар ярьж уулзахад надад ямар ч мөнгө байхгүй, би үхвэл чи юу ч олж авахгүй гэх мэтээр сүрдүүлж надад бие сэтгэлийн болон хөрөнгө мөнгөний их хохирол учруулсаар байна.

Хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, өнөөдрийг болтол миний төлсөн төлбөрийг өгөөгүй болно. Мөн хариуцагч ******* нь хэрэв мод захиалахад туслаад мөнгөө гаргаад өгвөл 80,000 ширхэг модны нэг бүрийн үнийн хамгийн багадаа 1,200-1500 төгрөгөөр зарна. Нэг ширхэг модны өртөг 800 төгрөг, ашиг 400 төгрөг болно гэж амлаад гарсан нийт ашгийг нь тэнцүү хуваана гэж тохиролцсон юм. Бидний тохиролцсоноор тооцоолбол өнөөдрийн байдлаар нийтдээ 32,000,000 төгрөг олох байснаас надад 16,000,000 төгрөгийн ашиг ногдох байсан юм. Миний бие хариуцагчийн хийсэн үйлдэл нь анхнаасаа залилангийн шинжтэй байсан тул 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан хэдий ч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 2919 тоот Прокурорын тогтоолоор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Иймд ИХШХШТХ-ийн 14.2 болон 15.2-т заасныг үндэслэн иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаас 60,800,000 төгрөг, мөн олох ёстой байсан ашгийн 50 хувь болох 16,800,000 төгрөг, нийт 76,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч *******гаас 74,500 ширхэг модны өртөг 37,250,000 төгрөг, татвар гаалийн зардал 7,916,996.56 төгрөг нийт 45,166,966 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус шүүхэд гаргасан *******ын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Манай "******* *******" ХХК нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд нийлүүлдэг. 2022 оны хавар би өөрийн танил *******тай уулзаад БНХАУ-аас мод импортлох хэрэгтэй байна, найз тэйгөө холбогдоод асуугаад өгөөч гэхэд тэрээр тэгье гэсэн. Тэгээд нь тэй ярьсан. Мод захиалаад оруулж ирж болох юм байна гэхээр нь би 160,000 ширхэг хайлаас модыг БНХАУ-аас захиалан авъя гээд төлбөр болох 68,000,000 төгрөгийг ын Хаан банкны дугаарын данс руу 2022.04.29-ний өдөр 4,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг, 2022.04.27-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2022.04.30-ны өдөр 9,000,000 төгрөгийг, 2022.05.11-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2022.05.06-ны өдөр ийн Хаан банкны дугаарын данс руу 7,000,000 төгрөг болон 12,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ данс руу модныхоо мөнгийг хийгээрэй гэж ******* надад хэлсэн учраас шилжүүлсэн. Миний хувьд Хятад талаас мод худалдаж, ачуулж байгаа хүмүүстэй холбогдоогүй ба ******* л тэй холбогдож байсан. Харин ******* нь өөрөө таны модон дээр мод нэмж захиалъя л гэж байсан болохоос хэдэн төгрөг, хэзээ, хэн рүү шилжүүлсэн тухайгаа надад тодорхой хэлээгүй болно. Мөнгө шилжүүлснээс хойш захиалгын дагуу БНХАУ-аас 178,000 мод ирсэн бөгөөд захиалсан хэмжээндээ хүрэхгүй, өндөр нам, үндэсгүй, жижигхэн, миний захиалсан стандарт шаардлага хангахгүй байсан ба энэ бүх үйл явцыг ******* мэдэж байсан. Тэрээр чингэлэгт өөрийнхөө модыг БНХАУ-аас хамт ачуулж орж ирсэн бөгөөд тэр модноос би өөрт оногдох хэсгээ аваад ******* модоо авсан. Би тээврийн зардал болон холбогдох бүх зардлыг өөрөө төлсөн учраас *******д төлөх төлбөр, өгөх өглөг байхгүй, мөн бидний хооронд ашиг хуваах талаар яриа огт болж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар *******гаас 7,916,966 төгрөг гаргуулж, *******д олгож, 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 141,621 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрээр *******гаас 7,916,966 төгрөгийг гаргуулж, 37,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

            ...Нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийг төлсөн эсэх, хариуцагч төлсөн эсэх дээр маргаан үүссэн. Нэхэмжлэгч 60,800,000 төгрөгийг хайлаас модны суулгац БНХАУ-с импортоор оруулж ирэхэд зарцуулж хариуцагчид өгсөн гэсэн бол хариуцагч хайлаас модны төлбөрт 68,000,000 төлсөн гэж маргаж байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтуудад огт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгч ******* миний бие тухайн шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцохоор Дархан-Уул аймагт өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн өмгөөлөгчтэй ярилцсан. Улмаар хоёр өмгөөлөгчтэй урьдчилан тохиролцсон байсан. Гэвч тухайн өдөр тэр хоёр өмгөөлөгч Дархан хотод байгаагүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэн хэлэлцэх саналыг хурлын өмнө гаргасан бөгөөд миний бие түүнийг эвлэрэх саналтай байна гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж шүүх хуралд орсон. Гэвч шүүх хурал эхэлсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх саналаасаа татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Миний бие хууль эрх зүйн ямар ч мэдлэг байхгүй. Үүний учир анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хуулийн хүрээнд зөв тодорхойлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул энэхүү гомдлыг гаргаж байна.

            Нэхэмжлэгч торгууль 1,939,350 төгрөг, 2000 ширхэг хайлаас модны татвар 3,878,700 төгрөг, тн чингэлгийн татварт төлсөн 1,470,716 төгрөг, мэдүүлгийн үнэ 1200 төгрөг, хураамж 7000 төгрөг, нийт 7,296,966 төгрөгийг төлсөнтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* маргахгүй гэх тайлбараар тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

Учир нь: 5.000.000 төгрөг, 2022.05.12-ний өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн нийт 7.100.000 төгрөгөөс ******* дээрх төлбөрийг төлсөн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* маргасан атал уг үйл явдал болон дансны гүйлгээ хийсэн баримтад дүгнэлт хийгээгүй.

            Нэхэмжлэгч *******ын эзэмшлийн данснаас гийн данс руу 320.000 төгрөг, Г.дуламын данс руу 300.000 төгрөг төлсөн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Учир нь: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, бусад руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг огт хүлээн зөвшөөрөөгүй гэж мэтгэлцээний явцад тайлбар хэлсээр байхад зөвшөөрсөн мэтээр хариуцагчаас нийт 620.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм.

            Шүүх талуудын хоорондох үйл явдал, болон мөнгөн гүйлгээ хийгдсэн нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, мөнгөн дүнгийн тооцоолол гаргаагүй, мөнгөний эх сурвалжийг тогтоох, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийгээгүй учир дутагдалтай, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн санал болгосны дагуу 80,000 ширхэг хайлаас модны суулгац авахаар 53,800,000 төгрөгийг гэгч рүү шилжүүлсэн боловч захиалсан модоо аваагүй учир модны үнэ 53,800,000 төгрөг, тээврийн зардал 5,000,000 төгрөг, зээлдүүлсэн 2,000,000 төгрөг, олох байсан ашгийн 50 хувь болох 16,000,000 төгрөг, нийт 76,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 45,166,966 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн Батсү бөх ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглах БНХАУ-аас 160,000 ширхэг хайлаас мод худалдан авахаар нэхэмжлэгч *******ыг найз тэй холбож өгөхийг хүсэхэд ******* нь зөвшөөрч, улмаар ******* нь хариуцагч *******гийн захиалсан модон дээр нэмж өөрөө 80,000 ширхэг хайлаас модны суулгац худалдан авч, Монгол Улсад оруулан ирж худалдан борлуулахаар тохиролцжээ.

Улмаар талуудын тохиролцоо ажил хэрэг болж, 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 5890 кг жинтэй, 2000 боодол модны суулгац Батсү бөх ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтэрсэн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдож байна. /хэргийн 8/

10. БНХАУ-аас хэдэн ширхэг мод Монгол Улсад орж ирсэн талаар талууд зөрүүтэй тайлбар, мэдүүлэг өгдөг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 168,000 ширхэг, хариуцагч 178,000 ширхэг хайлаас мод хилээр оруулж ирсэн гэж, гэрч Г.дулам ...220,000 ширхэг хайлаас мод хүлээн авсан гэж мэдүүлжээ. /хэргийн 37, 131/

Харин гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс үзэхэд 2000 боодол модны суулгац хилээр орж ирсэн бөгөөд 1 шуудайд 100 мод байсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2000 боодол буюу 200,000 ширхэг мод хүлээн авсан гэж үзэх үндэстэй.

Түүнчлэн хилээр оруулж ирсэн модны 10 хувийг хорогдолд тооцохоор талууд тохиролцсон байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул талуудын Монгол Улсын хилээр оруулж ирсэн модны хэмжээг 180,000 ширхэг мод гэж үзэхээр байна.

11. Хариуцагч ******* нь хилээр оруулж ирсэн модноос өөрт оногдох хэсгээ авч, үлдэх модыг ******* авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Г.Хуланг 110,000 мод хүлээн авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* нь 5500 ширхэг мод авсан, үүнийг хилээр оруулж ирсэн модноос хасна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, мөн гэрч Х.*******чулуун ...******* нь 2 удаагийн үйлдлээр 5500 ширхэг мод авсан. Намар болсон учир зоориндоо ногоо хадгалах гээд үлдсэн 33,400 ширхэг модыг ******* авч явсан гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгч *******ыг нийтдээ 38,900 ширхэг мод хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 235, 213/

12. Түүнчлэн талууд модны суулгац худалдах, худалдан авахаар хамтран ажилласан буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа тэдний хооронд үүсээгүй, улмаар талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын хилээр оруулж ирсэн 180,000 ширхэг модноос хариуцагч *******гийн авсан 110,000 ширхэг мод, нэхэмжлэгч *******ын авсан 38,900 ширхэг модыг хасахад 31,100 ширхэг мод үлдэж байгаа бөгөөд хариуцагч *******г *******ын авах ёстой байсан модноос 31,100 ширхэг модыг өөртөө авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь 1 ширхэг модыг 1 юаниар худалдаж авсан гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн үед юань ямар үнэтэй байсан талаар нотолж чадаагүй, харин *******гийн 160,000 ширхэг модыг 68,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч байсан гэх тайлбараас үзэхэд 1 ширхэг модыг 425 төгрөгөөр тооцон худалдан авсан гэж үзэхээр байх тул 31,100 ширхэг модны үнэ 13,217,500 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            13. Батсү бөх ХХК-ийн мэдүүлсэн барааны бичиг баримтыг шалгах явцад засварлаж татвараас зайлсхийсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан 1,939,350 төгрөгийн торгууль, 2000 боодол модны суулгацын татварт 3,878,700 төгрөг, ачаа зөөх зориулалт бүхий 40 тн чингэлгийн татварт 1,470,716 төгрөг төлсөн, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, хураамж 7,000 төгрөг, тоот М.Сумъяагийн данс руу 4 шуудай гэж хийсэн 320,000 төгрөгийн гүйлгээ, тоот Г.дуламын данс руу гэж хийсэн 300,000 төгрөгийн гүйлгээ, нийт 7,916,966 төгрөгийг нэхэмжлэгч ******* бусдын өмнөөс төлсөн гэх дүгнэлт хийж, хариуцагч *******гаас 7,916,966 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд ...яг энэ татвар, төлбөрүүдийг *******ын нэрээр төлсөн боловч тухайн үед тээврийн зардал, торгуулийн мөнгийг ын данс руу хийгээд цаашаа тай нийлж төлсөн гэж мэтгэлцсэн ба 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ******* нь өөрийн тоот данснаас 5,000,000 төгрөгийг гаалийн мөнгө гэсэн утгатайгаар тоот данс руу, 3,900,000 төгрөгийг ачаа тээвэр 9111-8806 гэсэн утгатайгаар тоот данс руу тус тус шилжүүлсэн боловч нэхэмжлэгч *******ын эзэмшлийн тоот дансанд *******гийн гүйлгээ хийж, мөнгө шилжүүлсэн , тоот данснаас орлого ороогүй байна.

Иймд хариуцагч *******гийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаалийн мөнгө, ачаа тээвэр 9111-8806 гэсэн утгатайгаар бусдад шилжүүлсэн 8,900,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батсү бөх ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн 2000 боодол модны суулгацын татвар, ачаа тээврийн төлбөр гэж үзэхээргүй байна. / хэргийн 87, 238/

            14. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 45,166,966 төгрөг болгон багасгасан байх бөгөөд уг шаардлагын дүнгээс 31,100 ширхэг модны үнэ 13,217,500 төгрөг, нэхэмжлэгч *******ын ачаа тээвэр, гааль, бусад төлбөрт төлсөн 7,916,966 төгрөг, нийт 21,134,466 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,032,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            15. Зохигчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан учир давж заалдсан гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,200 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,622 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01699 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар *******гаас 7,916,966 төгрөг гаргуулж, *******д олгож, 37,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг,

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар *******гаас 21,134,466 /хорин нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 24,032,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,   

            Тогтоох хэсгийн 2 дахь заалтын      

            ...хариуцагч *******гаас 141,621 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. Гэснийг8

            ...хариуцагч *******гаас 263622 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,200 төгрөг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,622 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Х.БАЙГАЛМАА                                 

             ШҮҮГЧИД    Г.МЯГМАРСҮРЭН

                                                                        Я.ТУУЛ