Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 212/МА2019/00038

 

Х.Р-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дүгээр шийдвэртэй, Х.Р-гийн нэхэмжлэлтэй, Б сумын Эрүүл мэндийн төвийн даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Х.Р, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч Е.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Х овогтой Р миний бие Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суудаг. Тус сумын өрхийн их эмчээр ажилладаг ба 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хөлсийг маань хасаж байгаад их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн. Тэгээд ч нэг жилийн өмнөх асуудлыг хүчээр тулгаж байгаад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан. Надад ингэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа гол шалтгаан нь үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж ажлаас халах гэсэн нууц санаа байгаа гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал шийдвэрийн нэг хувийг олгохоос татгалзсан тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба шүүхийн журмаар гаргуулан авах болно. Иймд надад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс харахад хариуцагчийн өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан, цалин хөлсийг хассанд гомдолтой байгаа, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн гэсэн нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа, эмчийн үзлэгийн маягт нөхөж олгосон гэж хэн хэрхэн гүтгэсэн зэрэг нь тодорхойгүй зөвхөн өөрийн үзэл бодлыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Х.Р нь Баян-Өлгий аймгийн Б сумын өрхийн их эмчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хуульд заасан холбогдох журмуудыг зөрчиж иргэн Б.Т-нд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бус эмнэлгийн магадалгаа олгосон нь Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад тогтоогдсон. Тэрээр тухайн иргэнд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр 06-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөх тухай бичилт хийж хуурамч эмнэлгийн магадалгаа олгосон. Тухайн үед иргэн Б.Т 2018 оны 3 дугаар сарын 28-нд Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан ба энэ нь тухайн эмчийн үзлэгийн болон эмнэлгийн магадалгааны огноо хоорондоо зөрүүтэй байгаа, мөн өвчтөнд үзлэг хийснийг эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа зэргээр нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч сахилгын зөрчлийг 2018 онд гаргасан боловч тус үйлдэл нь Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 албан бичгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж, 131.1-т "Ажил олгогч албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж болно" гэж тус тус заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Б сумын эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тушаал юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Х.Р-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Р-гийн Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х.Р-гийн гаргасан зөрчлийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 дугаартай албан бичиг болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн СХ/01 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичгүүдээр тогтоогдсон гэжээ. Гэтэл тухайн албан бичигт дурдагдсан зөрчил нь зөвхөн "Б.Т-д 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Эмнэлгийн магадалгаа"-тай холбоотой байсан ба тухайн албан бичигт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчил гаргасныг тогтоогоогүй. Х.Р нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Т-д магадалгаа бичиж өгснөөс болж ажил олгогчид ямар нэгэн хохирол учраагүй. Ажил олгогч 2 удаагийн давтан зөрчилд нь 3 сар 20 хувиар цалин хасах шийтгэл хүлээлгэсэн атлаа үүний нэг зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анзаараагүй. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэлд Х.Р-гийн хэлсэн үг гэх "Өвчтөнийг үзэж магадалгааны хуудас байхгүй болохоор М эмч ирэхээр эмчийн магадалгааны хуудас бичиж өгнө гэж Т-ийг явуулсан ба 11 дүгээр сарын 02-ны өдөр Т-ний нөхөр нь ирж магадалгааг надаас авсан" гэснийг үндэслэн түүнд хариуцлага хүлээлгэсэн болох нь харагдаж байна. Эмч Х.Р нь өвчтэй хүнийг үзэж магадалгаа олгох хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн, зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж хуульд заасан байхад нэг жилийн өмнөх буюу Х.Р-гийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн магадалгаа бичиж өгсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус. Анхан шатны шүүх энэхүү зөрчилд нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөв дүгнэсэн боловч эмч Х.Р-гийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадалгаа бичиж өгсөн үйлдлийг зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэж байна гэж буруу дүгнэсэн. Ажилтан Х.Р нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадалгаа бичихдээ чухам ямар зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй. Ёс зүйн хариуцлагыг ёс зүйн хороо хүлээлгэх ёстой боловч ажил олгогч нь хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ёс зүйн зөрчлийг дагнан шийдвэрлэж, мэргэжилтнүүдэд хариуцлага хүлээлгэдэг бие даасан байгууллага. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг шийдвэртээ үндэслэсэн байх бөгөөд "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй" гэж тайлбарласан байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байхад хуульд биш тогтоолыг үндэслэн шүүгч шийдвэр гаргасан болох нь харагдаж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу тайлбар хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х.Р нь Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Р-гийн иргэн Б.Т-д 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр,  2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус бичиж өгсөн эмнэлгийн магадалгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, Эрүүл мэндийн садын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 дугаар тушаалын 3.12-т заасныг зөрчиж эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчиж сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад, хариуцагч Х.Р нь удаа дараа иргэн Б.Т-д өөрийг нь байхгүй үед эмнэлгийн магадалгаа бичсэн нь нотлох баримтаар нотлогдсон, анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан тусгайлсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч маргааны төрөлд шууд хамааралгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан нийтлэг үндэслэлийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталж алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн эмнэлгийн магадалгаа бичсэн зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөв дүгнэсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадалгаа  бичихдээ ямар зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй байхад шүүх буруу дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадалгаа  бичсэн зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 9 дүгээр сарын 9.4.7” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                    Д.КӨБЕШ