Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00425

 

Х.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2019/00038 дугаар магадлалтай,

Х.Ргийн нэхэмжлэлтэй

БНС-ын ЭМТДд холбогдох

Баян-Өлгий аймгийн БНС-ын ЭМТДын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Р миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг. Тус сумын өрхийн их эмчээр ажилладаг ба 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хөлсийг маань хасаж байгаад их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн. Тэгээд ч нэг жилийн өмнөх асуудлыг хүчээр тулгаж байгаад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан. Надад ингэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа гол шалтгаан нь үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж ажлаас халах гэсэн нууц санаа байгаа гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал шийдвэрийн нэг хувийг олгохоос татгалзсан тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба шүүхийн журмаар гаргуулан авах болно. Иймд надад 3 сарын хугацаагаар 20 хувийн цалин хасах шийтгэл ногдуулсан БНС-ын ЭМТДын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс харахад хариуцагчийн өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан, цалин хөлсийг хассанд гомдолтой байгаа, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөж эмчийн үзлэгийн маягт олгосон гэж гүтгэсэн гэсэн нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа, эмчийн үзлэгийн маягт нөхөж олгосон гэж хэн хэрхэн гүтгэсэн зэрэг нь тодорхойгүй зөвхөн өөрийн үзэл бодлыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Х.Р нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын өрхийн их эмчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа хуульд заасан холбогдох журмуудыг зөрчиж иргэн Б.Тд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль бус эмнэлгийн магадалгаа олгосон нь Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад тогтоогдсон. Тэрээр тухайн иргэнд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн атлаа 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр 06-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөх тухай бичилт хийж хуурамч эмнэлгийн магадалгаа олгосон. Тухайн үед иргэн Б.Т 2018 оны 3 дугаар сарын 28-нд Баян-Өлгийгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан ба энэ нь тухайн эмчийн үзлэгийн болон эмнэлгийн магадалгааны огноо хоорондоо зөрүүтэй байгаа, мөн өвчтөнд үзлэг хийснийг эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа зэргээр нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч сахилгын зөрчлийг 2018 онд гаргасан боловч тус үйлдэл нь Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 албан бичгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж, 131.1-т "Ажил олгогч албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж болно" гэж тус тус заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад БНС-ын ЭМТДын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тушаал юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Х.Ргийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ргийн Баян-Өлгий аймгийн БНС-ын ЭМТДын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2019/00038 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 9 дүгээр сарын 9.4.7 гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Тухайлбал, “2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Тд магадалгаа бичиж өгсөн” буруутай үйлдэл нь тогтоогдсон тул түүний 3 сарын цалин хөлсийг 20 хувиар буруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Х.Ргийн гаргасан зөрчлийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/170 дугаартай албан бичиг болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ёх/01 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгүүдээр тогтоогдсон гэжээ. Гэтэл тухайн албан бичигт дурдагдсан зөрчил нь зөвхөн “Б.Тд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эмнэлгийн магадалгаа”-тай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл тухайн албан бичигт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчил гаргасныг тогтоогоогүй байсан. Тодруулбал 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэ гэсэн” албан бичгийг үндэслэн ажил олгогч хариуцлага ногдуулахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаараагүй. Нэхэмжлэгч Х.Рг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчил гаргасныг тогтоогоогүй мөртлөө түүнд цалингийн 3 сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй байна. Х.Р нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Урьд өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүйгээс гадна, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Тд магадалгаа бичиж өгснөөс болж ажил олгогчид ямар нэгэн хохирол учраагүй. Ажил олгогч 2 удаагийн давтан зөрчилд нь 3 сар 20 хувиар цалин хасах шийтгэл хүлээлгэсэн мөртлөө үүний нэг зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анзаараагүй. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны хурлын тэмдэглэлд Х.Ргийн хэлсэн үг гэх “Өвчтөнийг үзэж магадалгааны хуудас байхгүй болохоор Майрагүл эмч ирэхээр эмчийн магадлагааны хуудас бичиж өгнө гэж Төлепбергенийг явуулсан ба 11 дүгээр сарын 02-ны өдөр Төлепбергений нөхөр нь ирж магадлагааг надаас авсан” гэснийг үндэслэн түүнд хариуцлага хүлээлгэсэн болох нь харагдаж байна. Үүнээс үзвэл эмч Х.Р нь өвчтэй хүнийг үзэж магадлагаа олгох хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зөрчил гаргаагүй болох нь харагдаж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульд заасан байхад нэг жилийн өмнөх-буюу Х.Ргийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү зөрчилд нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зөв дүгнэсэн боловч эмч Х.Ргийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн үйлдлийг ямар ч үндэслэлгүйгээр зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэж байна гэж буруу дүгнэсэн. Ажилтан Х.Р нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн магадлагаа бичихдээ чухам ямар зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй байхад анхан шүүх буруу дүгнэж нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Ёс зүйн хариуцлага хүлээлгэх юм бол ёс зүйн хороо хариуцлага хүлээлгэх ёстой байсан боловч ажил олгогч нь хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй болжээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ёс зүйн зөрчлийг дагнан шийдвэрлэж, мэргэжилтнүүдэд хариуцлага хүлээлгэдэг бие даасан байгууллага. Гэтэл ёс зүйн зөрчилд ажил олгогчоос сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдиргэн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг шийдвэртээ үндэслэсэн байх бөгөөд “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж тайлбарласан байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байхад хуульд биш тогтоолыг үндэслэн шүүгч шийдвэр гаргасан болох нь харагдаж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу тайлбар хийсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Р нь Баян-Өлгий аймгийн БНС-ын ЭМТд холбогдуулан “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т заасан эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.Ргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг заасан, нийтлэг үндэслэлийг тодорхойлсон тул уг хэм хэмжээ нь зохигчийн хооронд үүссэн маргааныг зохицуулах, шаардах эрхийн эрх зүйн үндэслэл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Баян-Өлгий аймгийн БНС-ын ЭМТДын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар тус байгууллагын ёс зүйн хорооны 2019 оны 04 сарын 08-ны 01 тоот тогтоолыг үндэслэн Х.Ргийн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулж, сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогчийн тушаалын үндэслэл болох ажилтны гаргасан зөрчил буюу Х.Р нь иргэн Б.Тд 2018 оны 4 дүгээр сарын 03, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус эмнэлгийн магадлагаа олгохдоо Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, Эрүүл мэндийн сайдын 2013 оны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай 446 дугаар тушаалын 3.12-т заасан хэм хэмжээ, эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, үзлэг хийхгүйгээр, нөхөж олгосон зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан тул 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, харин 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуурамч эмнэлгийн магадлагаа бичсэн зөрчлийг 2019 оны 03 сарын 26-ны өдөр илрүүлж, 2019 оны 04 сарын 02-ны өдөр ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцэж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг зөрчөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Х.Р нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Тд эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн боловч Б.Т нь тухайн өдрөө БНХАУ-ын Эрээн хот руу явсан үйл баримт Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон, нэхэмжлэгч зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн дүгнэлт өгсөн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 212/МА2019/00038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА