Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О- гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б- д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн,

Гэрч З.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч С.О- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Н.М-ын хүргэн дүү болох Б.Б-ийн санал болгосны дагуу З.Б-д 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тэр өдөртөө 35,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Н.М-ын ХААН банкин дахь 5156** дугаартай данснаас мөнгө шилжүүлэх гэтэл 3.Б- нь Б.Б-ийн данс руу шилжүүлчих гэсний дагуу Б.Б-ийн ХААН банкин дахь 5014** дансанд шилжүүлсэн. Би өөрөө хөдөө орон нутагт амьдардаг тул З.Б-д зээл олгох, үндсэн зээл болон зээлийн хүүг өөрийн дансаар шилжүүлэн авч буцаан төлөхийг Б.Б-д зөвшөөрч, түүний дансаар мөнгөө өгч авалцаж байсан. Гэтэл зээлдэгч З.Б- нь сүүлдээ мөнгө өгөхгүй байсан тул түүнтэй холбогдоход тэрээр гэрээнийхээ дагуу авсан мөнгөө бүрэн төлсөн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн үлдэгдэл мөнгө 20,000,000 төгрөгийг Б.Б-ийн данс руу шилжүүлсэн баримтыг үзүүлсэн. Б.Б-тэй холбогдож уг мөнгийг авахаар шаардахад мөнгийг минь өгөхгүй байх тул 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ С.О- болон З.Б- нарын хооронд байгуулагдсан. 2020 оны 12 дугаар 07-ны өдөр З.Б- нь Б.Б-ийн данс руу буцааж 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг хэлж байна. Яг үнэндээ энэ буцаасан  нь  С.О- 35,000,000 төгрөг зээлснийхээ дараа 15,000,000 төгрөгийн хэрэг гарсан, буцааж өгнө үү гэж хэлсний үндсэн дээр Б.Б- өөрийнхөө зүгээс 15,000,000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэгч С.О- өөрөө нэхэж авсан асуудал бөгөөд үлдсэн 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойших буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З.Б-гээс орж ирсэн мөнгийг тэр чигт нь С.О- руу шилжүүлсэн ба нийт 55,366,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр болох Н.М-ын данс руу хийсэн. З.Б-гээс орж ирсэн мөнгө болгоныг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг З.Б-гийн мөнгө гээд шилжүүлсэн. Энэ нь зөвхөн З.Б-, С.О- нарын хоорондын тохиролцооны мөнгө, тэрнээс биш зээлийн хүүтэй холбоогүй. Б.Б-ийн данснаас бусад зээл гээд 5,000,000 төгрөгийг өгсөн дансны хуулга байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр С.О-ын гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд ,

Хариуцагчаас нотлох баримтаар Хаан банкны депозит дансны  дэлгэрэнгүй хуулгууд, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр З.Б-гээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч С.О- хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: З.Б- нь Б.Б-ийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн тул төлбөрөө шаардах эрхтэй. Б.Б-тэй Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ амаар байгуулсан байсан гэж тайлбарлав.

5.Хариуцагч Б.Б- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: З.Б-гийн зээлийн болон хүүгийн төлбөрт 55,366,000 төгрөг шилжүүлсэн гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч С.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр З.Б-тэй 35,000,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн гэж үзнэ.

 

8.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч З.Б- 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд талууд маргаагүй.

 

9.Зээлдэгч З.Б- нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагч Б.Б-ийн харилцах данс руу шилжүүлж байснаас маргаан үүсчээ.

 

10.Гэрч З.Б- шүүх хуралдаанд “С.О-тай 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөг авсан. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг, хэзээ төлсөн болохоо тодорхой сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн.

 

11.Нэхэмжлэгч С.О- нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  байгуулсан 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч З.Б-гээс шаардах эрхтэй байтал хариуцагч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх ба хариуцагч Б.Б-өөс зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзвэл энэ талаар нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй байна.

 

12.Иймд хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.О- нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

13.Хариуцагч Б.Б-д холбогдуулан  дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ