Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00526

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00526

 

 

С.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/00259 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.О

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. г, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бийн санал болгосны дагуу З.Бд 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Н.Мын Хаан банкин дахь 00000000000 дугаартай данснаас шилжүүлэх гэтэл 3.Б нь ...Б.Бийн данс руу шилжүүлчих гэсний дагуу Б.Бийн Хаан банкин дахь 000000000000 дансанд шилжүүлсэн. Би өөрөө хөдөө орон нутагт амьдардаг тул З.Бд зээл олгох, үндсэн зээл болон зээлийн хүүг өөрийн дансаар шилжүүлэн авч буцаан төлөхийг Б.Бд зөвшөөрч, түүний дансаар мөнгөө өгч авалцаж байсан.

1.2 Гэтэл зээлдэгч З.Б нь сүүлдээ мөнгө өгөхгүй байсан тул түүнтэй холбогдоход тэрээр гэрээнийхээ дагуу авсан мөнгөө бүрэн төлсөн, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн үлдэгдэл мөнгө 20,000,000 төгрөгийг Б.Бийн данс руу шилжүүлсэн баримтыг үзүүлсэн. Иймд Б.Бөөс 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийн гэрээ С.О болон З.Б нарын хооронд байгуулагдсан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр З.Б нь Б.Бийн данс руу буцааж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. С.О 35,000,000 төгрөг зээлснийхээ дараа ...15,000,000 төгрөгийн хэрэг гарсан, буцааж өгнө үү гэж хэлсний дагуу Б.Б өөрийнхөө зүгээс 15,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр З.Бгээс орж ирсэн мөнгийг бүгдийг нь С.О руу шилжүүлсэн. Нийт 55,366,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр н.Мын данс руу шилжүүлсэн.

2.2 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг З.Бгийн мөнгө гээд шилжүүлсэн. Энэ нь зөвхөн З.Б, С.О нарын хоорондын тохиролцооны мөнгө, түүнээс биш зээлийн хүүтэй холбоогүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлага нь Б.Бөөс ...зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай биш, харин З.Б гэж хүнээс С.От өгөх ёстой гэж шилжүүлсэн байсан 20,000,000 төгрөгийг гаргуулах байсан.

Нэхэмжлэгч нь өөрөө орон нутагт амьдардаг тул уг зээлийн төлбөр болон хүүг хариуцагч Б.Бийн дансаар дамжуулан авч байхаар, үүний хариуд Б.Б нь зээлийн хүүгээс 1 хувийг өөртөө авч, үлдэх 4 хувийг нь нэхэмжлэгч рүү шилжүүлж байхаар амаар харилцан тохиролцсон. Энэ тохиролцоо нь бодитоор хэрэгжиж байсан болох нь Б.Бөөс Н.М луу Бгийн зээлийн хүү 4 % хэмээн шилжүүлж байсан баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О болон хариуцагч Б.Б нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.2 Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд болох Б.Бөөс шаардах бүрэн эрхтэй болох нь Б.Бийн зүгээс Бгийн зээлийн хүү, Бгийн зээл төлөв гэсэн утга бүхий мөнгөнүүдийг Н.М луу дамжуулан шилжүүлж байсан баримтууд болон З.Бгээс Б.Б рүү зээл төлөв, хүү төлөв хэмээн шилжүүлж байсан баримтаар нотлогдож байгаа.

Гэвч З.Б нь 2021 онд зээл болон хүүг Б.Б рүү яг хэзээ, хэдэн төгрөгийг, ямар утгатай шилжүүлж байсан, өөр бусад зээлдэгч нар мөн Б.Б рүү тухайн цаг үед хэдэн төгрөгийг, хэнээс, ямар утгаар шилжүүлж байсан болохыг нотлох зорилгоор хариуцагч талаас, боломжгүй тохиолдолд Хаан банк ХК-аас 2021 оны дансны хуулгыг бүрэн гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. З.Бгээс нэхэмжлэгч С.От зээлийн хүү, зээл хэмээн шилжүүлж байсан мөнгийг Б.Б нь тухай бүрт шилжүүлж байх ёстой байсан боловч тэрээр З.Бгээс Б.Бийн дансаар дамжуулан төлсөн байсан мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй.

Дээрх баримтыг бүрэн гаргуулан авсан бол З.Бгээс яг хэзээ, ямар утгатайгаар, хэчнээн төгрөг Б.Б рүү шилжүүлсэн, Б.Б нь түүнээс хэдийг нь ямар утгаар С.О луу шилжүүлж байсан гэдэг нь харагдах, түүнчлэн энэхүү хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн зүгээс тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолж, төлбөр төлсөн баримтуудаа хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Мөн нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд З.Бгээс хэдэн төгрөгийг яаж төлсөн нь тодорхойгүй байна гэж тайлбарладаг. Гэвч З.Б нь нэхэмжлэгчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр оролцсон. Мөн З.Бгийн дансны хуулгыг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Уг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Бодит нөхцөл байдалд нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг төлж дуусгасан тул нотлох боломжгүй. Мөн уг хэрэг маргааныг анхан шатны шүүхэд буцааснаар ямар ажиллагаа хийлгэх, нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээх боломжтой нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тусгагдаагүй.

5.2 Зээлийн гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дараа төлөх ёстой зээлийн гэрээний хугацаанаас өмнө Б.Бөөс С.О 15,000,000 төгрөгийг урьдчилан авсан. Талуудын хэн аль нь маргадаггүй учраас З.Б сүүлд өр төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлөлтүүд хийгдсэн гэх үйл баримт тогтоогддог. Нийт 55,366,000 төгрөгийг төлчихсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс өөр харилцааны төлбөр гэж тайлбарладаг. Өөр харилцааны төлбөрийг тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Уг хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бүрэн боломжтой байсан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх шийдвэртээ энэ асуудлаар дахин хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй буюу шаардах эрхгүй, хариуцагч татгалзлаа нотолсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа зээлийн гэрээний төлбөр гаргуулах гэж тодорхойлсон. Уг нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-т зааснаар зуучлалын гэрээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн тохиолдолд тухайн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдалд дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...З.Бд 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, Б.Бд З.Бгийн зээлийн хүүг өөрийн дансаар шилжүүлэн авч буцаан төлөхийг зөвшөөрч, түүний дансаар мөнгөө өгч авалцаж байсан. Гэтэл З.Бгийн шилжүүлсэн мөнгийг Б.Б шилжүүлж өгөхгүй байх тул 20,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Зээлийн гэрээ С.О болон З.Б нарын хооронд байгуулагдсан. З.Б нь Б.Бийн данс руу буцааж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш З.Бгээс орж ирсэн мөнгийг бүгдийг нь С.О руу шилжүүлсэн ба нийт 55,366,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үгүйсгэн маргасан.

4. Хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн С.О, З.Б нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ авагдсан байна. /1хх 4/

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь, нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан, эсхүл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр, эсхүл талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр шаардсан эсэхийг тодруулж, үүнтэй холбоотой үйл баримтыг тогтоосны эцэст хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхээр байжээ. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх үүргээ зохист хэмжээнд хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч Б.Бөөс 000000000000 тоот дансны 2020 оны 10-12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны болон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулгыг боломжгүй тохиолдолд Хаан банкнаас гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/01223 дугаар захирамжаар ...дээрх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй, уг баримтыг өөрөөр бүрдүүлэх цуглуулах боломжгүй гэх баримтгүй гэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бийн дансны хуулгыг өөрөө бүрдүүлэх, цуглуулах боломжгүйгээс гадна талууд тухайн үйл баримтын талаар маргасан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үзнэ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг алдааг залруулан нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дахь хэсгийг хүчингүй болгуулах хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2024/00259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 257,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН