Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00039

 

С.М нарын 41 хүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэртэй, С.М нарын 41 хүний нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К, Д.А нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд зарим нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Х.Бакен, нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Еркежан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас 41 ажилтны унаа, хоолны нэмэгдэлд 14.833.000.00 төгрөг гаргуулан, С.М, Б.Ш, Б.А, Х.Т, Б.Х, М.М, Б.Г, Х.Н, И.Ж, Ш.А, Б.Б, Б.Т, Д.Т, Ж.Е, Х.А, Х.Ж, Т.Б, И.Х, Х.М, Х.А, Ж.Х, К.С, М.М, Х.С, М.Н, Б.Б, К.О, Х.Д, К.Т, А.Д, А.С, Х.Р, Н.У, Х.С, Ш.Х, Е.С, Х.С, А.Н, Ш.Ж, Д.Б нарын тус бүрд 361.800.00 төгрөг, Е.С-нд 352.200.00 төгрөг тус тус олгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай" захирамжаар тус байгууллагын бүтэц нь 42 орон тоотойгоор ажиллаж ирсэн. Харин аймгийн Засаг даргын орлогч А.К Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/76 дугаартай "Үлгэрчилсэн дүрэм, чиглэл батлах тухай" тушаалыг зөрчиж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/34 дугаартай "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" захирамжаар дээрх А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус байгууллагын бүтэц, орон тоог 47 болгож баталсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 42 орон тоотой байснаас шинээр 5 орон тоо нэмж баталж, тус байгууллагын орон тоог хэтрүүлсэн, үүнийг үндэслэж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А нь шинээр 5 хүнийг дур мэдэн ажилд томилон цалинжуулснаар бусад албан хаагчид, хоол, унааны зардлыг авч чадахгүй байдалд хүрсэн. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын орон тоог 2018 онд 41 байхаар Сангийн яамнаас хянасан ба батлагдсан төсвийн хүрээнд албан хаагчдын унаа, хоолны зардлыг тусгаагүй нь тус байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал буюу Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3, мөн Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн 6.28-т заасныг тус тус зөрчсөн. Бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандахад албан хаагчдын гомдлыг харьяаллын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр ...төсвийн шууд захирагч хуулийн холбогдох зүйл заалт, журмыг зөрчсөнийг тогтоож, унаа, хоолны хөнгөлөлтийг мөнгөөр тухайн байгууллагын төрийн албан хаагчийг хохироосон байна ... гэж мэдэгдсэн хэдий ч илүү орон тоонд ажиллаж буй албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулж бидний хохирлыг барагдуулахаас татгалзсан. Улмаар ажилтан, албан хаагчид нь Авлигатай тэмцэх газарт хандсан байх ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05/10299 дугаартай "Хуулийн хэрэгжилтийг хангах тухай" албан бичгийг хүргүүлсэн болохыг дурдаж байна. Дээрх аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Санхүүгийн хяналт, аудитын алба, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг, зөвлөмжүүдэд орон тоо хэтрүүлсэн нь хууль бус болсон талаарх асуудлыг дүгнэж, албан хаагчдын нэмэгдлийг олгохыг зөвлөсөн болно. Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтан нарт олгох хоол унааны зардал болох 14.833.000.00 төгрөгийг тус байгууллагын төсвөөс гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Сангийн яамнаас тус байгууллагын албан хаагчдын орон тоог 41 хүнээр баталсны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Аймгийн Засаг даргын орлогч А.К дур мэдэн төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин орон тоо баталж тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.А 5 хүн томилсноос үүдэн тус газрын албан хаагчид хоол унааны зардал болох 14.833.000.00 төгрөгөөр хохироод байгаа. Иймд дээрх төлбөрийг буруутай этгээдээр нь /шийдвэр гаргасан орлогч дарга А.К, газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д.А нараар төлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “2017 оноос 2019 оны 1 дүгээр сар хүртэл нэмэгдэл урамшуулал олгохгүй байх гэсэн УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан зарим зардлыг Сангийн яамнаас хянасан үед хассан байна. Аймгийн хэмжээнд орон нутгийн нийт орлого, зарлага 16,0 тэрбум, үүний зөвхөн 6,0 тэрбумыг орон нутгаас бүрдүүлж 10,0 тэрбумыг улсын төсвөөс санхүүжилт өгдөг. Төсвийн тухай хуульд зааснаар Улсын төсвийг Монгол Улсын Их хурал, Орон нутгийн төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталдаг. Иймд аймгийн удирдлага дур мэдэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын унаа, хоолны хөнгөлөлтийг хассан асуудал байхгүй. Төсвийн тухай хуульд дараа жилийн төсвийн төслийг өмнөх оны 6 дугаар сард Сангийн яаманд хүргүүлж Сангийн яам хянаад Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан Улсын их хуралд өргөн барих хуулийн заалттай. Уг хуваарилсан төсвийг аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж батлуулах эрхтэй. Аймгийн Орон нутгийн төсвийг батлуулахаар Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс тухайн байгууллагын саналыг авч Сангийн яаманд хүргүүлэх хуулийн заалттай.Байгаль орчны аялал жуулчлалын газрын унаа, хоолны хөнгөлөлтийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Сангийн яаманд 12,5 сая төгрөгөөр батлуулахаар явуулсан боловч Сангийн яам хянахдаа үүнийг хасаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлаад аймагт уг батлагдсан төсвийг явуулсан тул бид аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Сангийн яамыг хуулийн байгууллагад татах нь зүйтэй. Уг төсвийг батлах, захиран зарцуулахдаа Төсвийн тухай хуулийн 3.4, 4.1.27, 6.2.5, 12.1.1, 41.2.2, 64.1.2, 65.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ажилладаг. Иймд бид ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн тус газрын зарим албан тушаалтнууд аймгийн Засаг даргын орлогч хууль зөрчиж илүү баталснаас болж цалингийн сан хэтэрч унаа, хоолны мөнгийг авч чадахгүй байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016-2017 онуудад 43 хүн ажиллаж байсан. 2017 онд тус газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж нэг орон тоо нэмж нэг хүнийг ажлын байраар хангасан. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймгийн Засаг дарга ба эрх хэмжээг Төсвийн тухай хуулийн 14, 65 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тус хуульд заасны дагуу төсөвт зохицуулалт хийх эрхтэй. Аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны цалин хүрэлцэхгүй жилийн эцэст өр гарах магадлалтай байсан тул уг байгууллагын нэг ажилтныг цалингийн фонд нь хүрэлцээтэй байсан Байгаль орчин, ачлал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулсан. Мөн аймагт аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын ачааллыг хөнгөвчлөх үүднээс аялал жуулчлал хариуцсан нэг орон тоог нэмж ажиллуулах зохицуулалт хийсэн. Зөвхөн 3 хүний орон тоог нэмж цалинг зохицуулан ажиллуулсан нь хууль зөрчсөн асуудал биш. Засаг дарга цалингийн сандаа багтаан орон тоо баталж хэдэн хүн ажиллуулах нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн Засаг дарга байхгүй үед орлогч дарга нь орлох бүрэн эрхийг шилжүүлсэн тул хууль зөрчөөгүй. Авлигатай тэмцэх газарт бүтэц орон тоотой холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох хүмүүс гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газраас зөвлөмж ирсэн тул тус байгууллагын орон тоог Засаг дарга өөрөө захирамж гарган баталсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын нэхэмжлэлийн унаа, хоолны хөнгөлөлтийг Сангийн яаманд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Сангийн яам хянаад зөвшөөрсөн нөхцөлд орон нутгаас татгалзах зүйлгүй болно. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтан албан хаагч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх зөвшөөрөх боломжгүй, аймгийн зүгээс шалтгаалан хасагдсан асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

 

Хамтран хариуцагч Д.А-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “Миний бие Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба одоогоор ямар ч ажил хийхгүй байгаа. Миний бие Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байх хугацаанд хэн нэгний эрх ашгийг зөрчиж цалин дутуу олгосон асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М нарын 41 ажилтан, албан хаагч нарын хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “хоол, унааны мөнгө 14833000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К, Баян-Өлгий аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.А нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч нар, зарим нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь энэхүү маргаан үргэлжилсэн шинжтэй таслагдаагүй маргаан юм. Ажилтан албан хаагчид хууль журмын дагуу авах ёстой хоол, унааны мөнгөө 2018 оны 1 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл авч чадалгүй эрх ашиг нь зөрчигдөж, хохирсоор байгаа. Маргааныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар таслагдсан маргааны хөөн хэлэлцэх хугацаагаар нь тооцож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан гэх үндэслэл болж байна. Үргэлжилсэн шинжтэй маргаанд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй. Өөрөөр хэлбэл бидний зөрчигдсөн эрх өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Ажилтан албан хаагчид бид энэхүү маргааныг шүүхэд хандахгүйгээр шийдвэрлүүлэх талаар дээд шатны болон холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, хавтаст хэрэгт авагдсан төрийн холбогдох дээд шатны байгууллагуудаас зөрчил арилгуулах, зөрчигдсөн эрх сэргээгдэх талаар боломжтой хариу ирж байсан боловч тухай үеийн даргаар ажиллаж байсан Д.А нь үл тоомсорлож, асуудлыг шийдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бидний зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байна. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй, хэрэв хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тус тус томьёолсон байдаг. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжаар тус байгууллагын бүтэц нь 42 орон тоотойгоор ажиллаж ирсэн. Харин 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/34 дугаартай аймгийн Засаг даргын орлогч А.К “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай" захирамжаар дээрх А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус байгууллагын бүтэц, орон тоог 47 болгож баталсан шийдвэр гаргасан. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын орон тоог 2018 онд 41 байхаар Сангийн яамнаас хянасан ба батлагдсан төсвийн хүрээнд албан хаагчдын унаа, хоолны зардлыг тусгаагүй нь тус байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал буюу Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3, мөн Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн 6.28-т заасныг тус тус зөрчсөн. Бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан, салбар зөвлөлөөс албан хаагчдын гомдлыг харьяаллын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр ...төсвийн шууд захирагч хуулийн холбогдох зүйл заалт, журмын зөрчсөнийг тогтоож, унаа, хоолны хөнгөлөлтийн мөнгө аваагүй гэх тухайн байгууллагын төрийн албан хаагчийг хохироосон байна.... гэж мэдэгдсэн хэдий ч илүү орон тоонд ажиллаж буй албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулж бидний хохирлыг барагдуулахаас татгалзсан. Улмаар ажилтан, албан хаагчид нь Авлигатай тэмцэх газарт хандсан байх ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05/10299 дугаартай “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичгийг хүргүүлсэн. Дээрх аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Санхүүгийн хяналт, аудитын алба, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг, зөвлөмжүүдэд орон тоо хэтрүүлсэн нь хууль бус болсон талаарх асуудлыг дүгнэж, албан хаагчдын нэмэгдлийг олгохыг зөвлөсөн. Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд шийдвэрлэгдэх шатанд байсан бөгөөд шийдвэрлэх боломжтой гэсэн албан шаардлагууд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхээр байна. Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчдын нэхэмжлэлтэй хоол, унааны мөнгө 14.833.000.00 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж: анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон боловч хууль хэрэглээний зарим алдаа гаргасныг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Нэхэмжлэгч С.М нарын 41 хүн хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К, иргэн Д.А нарт холбогдуулан 2018 оны хоол, унааны нэмэгдэл 14.833.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

            Нэхэмжлэгч нарын 41 хүний К.С нарын 28 хүн нэхэмжлэгч С.М-аар шүүхэд төлөөлүүлсэн бол бусад 12 нэхэмжлэгч буюу Х.Т, Б.Х, М.М, Б.Г, Х.Н, И.Ж, Ш.А, А.С, Х.Р, А.У, Ш.Х, Е.С нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдөө оролцсон байна.

 

            Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан нэмэгдлийг хариуцагч нараас шаардсан үндэслэлээ “2018 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч болон тухайн үед тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.А нар дур мэдэн 5 хүний орон тоог нэмж, тэдгээрийг цалинжуулснаас нэхэмжлэгч 41 хүний цалин хөлсөнд нэмэгдэж олгогдох хоол, унааны нэмэгдэл олгогдоогүй, тиймээс хариуцагч нараас гаргаж өгнө үү” гэж тайлбарлан, уг шаардлагаа нотлохоор Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/10299 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 107 дугаар албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 33 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/34 дүгээр захирамж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвийн зарлагын 2017, 2018 оны хуваарилалт, судалгаа, 2019 оны төсөв, орон тоо, цалин хөлсний зардал нэмүүлэх санал, аймгийн Засаг даргын 2017 оны А/61 дүгээр захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

 

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/61 дүгээр захирамжаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүрэлдэхүүнийг 42 хүний орон тоотойгоор, 2018 оны А/34 дүгээр захирамжаар 47 хүний орон тоотойгоор баталсан, байгууллагын 2017 оны төсвийн задаргаанаас үзвэл ажиллагсдын нэмэгдэлд 48.589.20 төгрөг, 2018 онд 42.815.00 төгрөг зарцуулахаар байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог боловч чухамхүү нэхэмжлэгч нарт олгогдох хоол, унааны нэмэгдлээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэх 5 орон тоонд ажиллагсдыг 2018 оны турш  цалинжуулсан гэсэн үйл баримт тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нар 2018 онд хоол, унааны нэмэгдэл авах ёстой гэж үзэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-т ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгохоор хуульчилсан. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй ба   тэдгээрийн гаргаж өгсөн баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг хэрэглэсэн нь оновчгүй болсон учраас “шийдвэр хууль ёсны байх” шаардлагын үүднээс уг заалтыг шүүхийн  шийдвэрээс хасаж өөрчиллөө.

 

2. Нэхэмжлэгч нар 2018 оны нэмэгдэлд нийт 14.833.000.00 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан “нэмэгдэл”-ийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд багтаахаар хуульчилсан.

 

Нэхэмжлэгч нар 2018 оны цалин хөлсний бүрэлдэхүүн болсон нэмэгдэлтэй холбоотой эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан боломжит хугацааг /ажил олгогч нь ажилтанд цалин хөлсийг сар бүр олгож байсан талаар талууд маргаагүй учраас/ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тооцон, С.М нарын нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээж авсан зэргээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 41 албан хаагч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах гурван сарын хугацааг хэтрүүлсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны болжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар ажилтанд цалин хөлс олгох нь ажил олгогчийн үүрэг учраас нэхэмжлэгч нарын хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан иргэн Д.А нараас хоол, унааны нэмэгдэл шаардсан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар нэхэмжлэгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.365.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нарын 41 хүний хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.К, Д.А нарт холбогдуулан гаргасан “хоол, унааны нэмэгдэл 14.833.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.365.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

                        ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                    С.ӨМИРБЕК