Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0456

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар  шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.3, 5 дугаар зүйлийн 5.9, 10 дугаар зүйлийн 10.9.8, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Ц.Бямбасүрэнг Завхан аймгийн Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 3444720 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдсон Ж.Сайнзаяа нь өөрийн хүсэлтээр татгалзсан тул захирамжуудыг хүчингүй болгосон бөгөөд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/400 дугаартай албан бичиг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Ц.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан гадны биетийн зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр ямар зөрчил илэрсэн болон гадны биет хоолноос нь гарсан болох нь тогтоогдсон байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх Аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас ирүүлсэн хоолноос гарсан гэх төмөрний зураг нь бүдэг, төмөр мөн эсэх, хоолноос гарсан эсэх нь эргэлзээтэй, уг төмөр нь бодит байдлаар байхгүй байхад таамгаар дүгнэлт гаргаж байгаа нь буруу байна гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Захирамжид ажлаа хүлээлгэн өгөлгүй ажил тасалсан гэж бичсэн бөгөөд хэрэгт авагдсан өөрийнх нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын орлогч Д.Ойдовт гаргасан өргөдлөөр тогтоогдож байна. Учир нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн “Б/119 дүгээр захирамжийн дагуу гэсэн мөртлөө ажлын шаардлагаар Улаанбаатар хот руу явах болсон тул 10 хоногийн чөлөө олгож өгнө үү” гэсэн байгаа нь өөрөө ойлгомжгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн захирамжинд албан ажлаар Улаанбаатар хот явах юм байхгүй байгаа болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах заалт бөгөөд шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон аймгийн Засаг даргын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар шалгаж тогтоогоогүй гэжээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө төрийн үйлчилгээний ангилалд хамаарах албан хаагч тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэх бүрэн боломжтой бөгөөд гаргасан зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас шалгаж тогтоосон байтал шүүх буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнг Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч Завхан аймгийн Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх Б/119 дүгээр захирамжаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/322 дугаар захирамжаар хүчингүй болгож, мөн өдрийн Б/146 дугаар захирамжаар дахин ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/147 дугаар захирамжаар томилогдсон Д.Лхамсүрэн хуулийн үндэслэлтэй томилогдсон эсэхийг тогтоолгох, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-04-053-152 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн байх бөгөөд, шүүх хуралдаанд “Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/147 дугаар захирамжаар томилогдсон Д.Лхамсүрэн хуулийн үндэслэлтэй томилогдсон эсэхийг тогтоолгох” шаардлагаа дэмжээгүй тул бусад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэжээ..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үүрэгтэй тул тус шүүх хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

           Маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/146 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнг “ажлын хариуцлага алдсан, шалтгаангүйгээр ажлаа хүлээлгэн өгөлгүй ажил тасалсан” гэх үндэслэлээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийг Завхан аймгийн Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, 

            Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”  гэж заасан нь Засаг даргын ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт мөн боловч тэрээр энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Бямбасүрэнг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр захирамжаар Шилүүстэй сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд үндэслэлгүй гаргасан захирамжаа хүчингүй болгон мөн өдөр дахин ажлаас нь чөлөөлөхдөө дээрх Б/119 дүгээр захирамжийг биелүүлж нэхэмжлэгчийн ажлыг хүлээж авахаар очсон комиссын гишүүдийн хоолноос төмөр гарсан үндэслэлээр Аймгийн Боловсрол, соёлын газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн а/396 дугаар албан бичгийн дагуу удирдамжгүй, газар дээр нь очиж биечлэн шалгалгүй гаргасан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 дугаартай дүгнэлт, энэхүү дүгнэлтийг үндэслэн явуулсан Завхан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/400 дугаартай албан бичгийг маргаан бүхий Б/146 дугаар захирамжид баримталсан байгаагаас  дүгнэхэд санаатайгаар төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн, төрийн албаны шударга ёс, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай нийцэхгүй хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 07-03-043-152 тоот дүгнэлт нь удирдамж, тэмдэглэлгүй, тухайн үед хоолноос гадны биет гарсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, зөвхөн аймгийн Боловсролын газраас ирүүлсэн бүдэг зургийг үндэслэн гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ нь холбогдох хуулийг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байх ба хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гомдол гаргаагүй тул энэ талаар дэлгэрэнгүй дүгнэх шаардлагагүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн атлаа 11 дүгээр сарын 12-ны өдрөөс “ажил тасалсан”, “ажлаа хүлээлгэж өгөөгүй” гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болж чадахгүй байна.

          Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд дүгнэлт хийх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                            ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН