Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/03379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.М- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Д-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагч Т.Д-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан нэхэмжлэгч Г.М- шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Т.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Д-тай 2022 оны  6 дугаар сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг ширхэг хоолны чингэлгийг 8 ширхэг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Т.Д-д 37,400,000 төгрөгөөр худалдсан. Т.Д- энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авч хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Т.Д- нь 2022 оны  6 дугаар сарын 13-ны өдөр 8,400,000 төгрөг, 2022 оны  6 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны  6 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 28,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 9,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна гэжээ.  

2.Хариуцагч Т.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.М-аас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоол, хүнсний зориулалтын чингэлгийг 37,400,000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Гэвч гэрээний биелэлт маш муу хангалтгүй, өнөөдрийг хүртэл бичиг баримтаа аваагүй. Гэрээний 2.1-д Эд хөрөнгийн чанар, иж бүрдэл заалтад сайн гэж тусгасан. Гэвч дотор тоноглолууд чанар муу, маш доогуур, зарим төхөөрөмжүүд ачилт, тээвэрлэлтийн явцад эвдэрч хэмхэрсэн. Тэргэнцрийн цонхны шилнүүд хагарсан, гадна гэрэл дохио хагарсан, ерөнхий рам гажилттай, 1ш хөргүүр ажиллаагүй. Гэрээний гол нөхцөл дэх 3.3 заалтад тэргэнцрийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 хоног хоцорч ирсэн. Энэ нь улирлын чанартай үйлчилгээ үзүүлэхэд томоохон хохирол үүсгэж байгаа. Тухайн өдрөө өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй. Энэхүү тэргэнцрүүдийг худалдаж авч байгаа гол зорилго нь Үндэсний их баяр наадмын үеэр ажиллуулах байсан. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэхэд аль хэдийн Сүхбаатарын талбайн ойр хавыг тусгай хамгаалалтад авсан байсан. Манай тэргэнцрийн үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 сарын дараа эхэлсэн. Гэрээний талуудын эрх, үүрэг 4.1 дэх заалтад заасан бүхэн зөрчигдөж бичиг баримт, гэрчилгээ огт байхгүй. Мөн гэрээнд биет байдлын доголдолгүй гэж заасан боловч эвдрэл гэмтэлтэй, гадна дохио хагарсан, доторх тоног төхөөрөмжүүд бүгд хөдөлсөн, хагархай шилнүүд хаа сайгүй байсан. Гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой байхаар заасан ч дотор ажлын ширээ байхгүй, 2 хөргүүрийн 1 нь ажиллахгүй, гоймон чанагч, газын плитка байгаа хэдий ч хамгийн хямд муу материалаар хийгдсэн, ашиглалтад нийцэхгүй буюу гэрээний 4.3 дахь заалтад тусгагдсан бүхэн зөрчигдсөн. Гэрээний 4.7 дахь заалтад тусгагдсаны дагуу дээрх зүйлсийг бүгдийг дурдаж явсны эцэст үлдэгдэл төлбөр болох 9,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг хасуулахаар аман тохиролцоо хийсэн. Гэрээний хариуцлага 5.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, өгсөн 28,400,000 төгрөгийг буцааж авъя гэж удаа дараа хүсэлт гаргасан. Гэвч маш хүнд нөхцөл байдалтай байгаагаа тайлбарлаж гуйсан тул бүтэн 10 сар ажиллаагүй. Гэрээний хугацаанд огт ажиллаагүй. Өвөл ашиглахаар битүүмж сайтай биш, чанар маш хангалтгүй. Мөн хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй, зааварчилгаа байхгүй, бичиг баримтаа өгөөгүй. Г.М- нийт 580,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэх 4,000,000 төгрөгөөс тавцан, тавиур хийлгэсэн зардал 2,500,000 төгрөгийг хасч тооцуулна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Худалдах, худалдан авах 2022 оны  6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /хуулбар/,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, гэрэл зургууд, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Т.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Т.Д- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тэргэнцрийн цонхны шил, гадна гэрэл дохио хагарсан, ерөнхий рам гажилттай, нэг хөргүүр ажиллахгүй байсан тул 9,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Худалдах, худалдан авах 2022 оны  6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, Гэрэл зургууд, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, зохигчдын тайлбар, Үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Г.М- хариуцагч Т.Д-тай 2022 оны  6 дугаар сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.Quotgtion TR0609, Хоолны чингэлэг /8 ширхэг дагалдах тоног төхөөрөмжийн хамт/ Эд хөрөнгийн чанар иж бүртэл заалтад “сайн”, 3.3.Худалдагч хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8-р хороо, худалдан авагчид хүлээлгэн өгнө, 4.10.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах  эрхтэй, 5.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцна гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

8.Хариуцагч Т.Д-аас нэхэмжлэгч Г.М-ид гэрээний үүрэгт нийт 28,400,000 төгрөг шилжүүлсэн болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба энэ тухайд зохигч хэн аль нь маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

10.Хариуцагч Т.Д- нь “Худалдагч хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу 20 хоног хоцорсон, мөн доторх ажлын ширээ байхгүй, 2 хөргүүрийн 1 нь ажиллахгүй, гоймон чанагч болон газын плитка байгаа хэдий ч хамгийн хямд муу материалаар хийгдсэн, ашиглалтад нийцэхгүй, бичиг баримтаа өгөөгүй, эрхийн зөрчилтэй” гэж маргасан.

 

11.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь Quotgtion TR0609, Хоолны чингэлэг /8 ширхэг дагалдах тоног төхөөрөмжийн хамт/ ашиглах боломжтой  байх, чанар “Сайн” байхаар заасан. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан зориулалтаар  ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.

 

12.Шүүх хуралдаанд хариуцагч Т.Д- нь хугацаа хэтэрсэн, мөн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч Г.М- нь 5,000,000 төгрөг хасч тооцохоор тохиролцсон гэж мэтгэлцэж байх ба нэхэмжлэгч Г.М- 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр шүүхэд бичгээр “Хариуцагч нь надад 4,000,000 төгрөг өгнө гэж хэлж байсан боловч тухайн үед мөнгө нь шилжиж орж ирээгүй бөгөөд тохирсноор байгаагүй учир одоогийн нөхцөл байдалд 9,000,000 төгрөгөө бүрэн авах хүсэлтэй байна” гэх тайлбар ирүүлсэн.

 

13.Хариуцагч Т.Д- нь нэхэмжлэгч Г.М-ийн шинээр ирүүлсэн тайлбартай холбогдуулан “Хоолны чингэлэг, түүний дагалдах бичиг баримтыг өгвөл үлдэгдэл мөнгийг шилжүүлэхэд бэлэн бөгөөд дагалдах бичиг баримтыг аваад мөнгөө шилжүүлнэ” гэж тохиролцсон тохиролцоогоо зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

 

14.Хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд талуудын харилцан солилцсон цахим зурваст Үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 47-55 тал/

 

15.Мөн хариуцагч Т.Д- нь Г.М-ийн Хаан банкны 5082122234 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 80,000 төгрөг нийт 580,000 төгрөг шилжүүлсэн тухайд нэхэмжлэгч тал маргаагүй тул төлбөрөөс хасч тооцох зүйтэй.

 

16.Харин хариуцагч Т.Д- нь тавцан, тавиур хийлгэсэн гэх 2,500,000 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул хохиролд тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагч Т.Д-аас 3,420,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

17.Хариуцагч Т.Д- чингэлгийн бичиг баримтаа өгөөгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгч нь хоолны чингэлэг, түүний дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

 18.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 69,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Д-аас 3,420,000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 69,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ