Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00221

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00221

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03379 дугаар шийдвэртэй

Г.М-ийн нэхэмжлэлтэй

Т.Д-д холбогдох,

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т.Д-тай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг хоолны чингэлэг, 8 ширхэг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Т.Д-д 37,400,000 төгрөгөөр худалдсан. Т.Д тоног төхөөрөмжийг хүлээн авч хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Т.Д нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 8,400,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 28,400,000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх 9,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.М аас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоол, хүнсний зориулалтын чингэлгийг 37,400,000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Гэвч гэрээний биелэлт маш муу хангалтгүй, өнөөдрийг хүртэл бичиг баримтаа аваагүй. Гэрээний 2.1-т Эд хөрөнгийн чанар, иж бүрдэл заалтад сайн гэж тусгасан. Гэвч дотор тоноглолууд чанар муу, маш доогуур, зарим төхөөрөмжүүд ачилт, тээвэрлэлтийн явцад эвдэрч хэмхэрсэн. Тэргэнцрийн цонхны шилнүүд хагарсан, гадна гэрэл дохио хагарсан, ерөнхий рам гажилттай, 1ш хөргүүр ажиллаагүй. Гэрээний 3.3-т тэргэнцрийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 хоног хоцорч ирсэн нь улирлын чанартай үйлчилгээ үзүүлэхэд томоохон хохирол үүсгэж байгаа. Тухайн өдрөө өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй. Энэ тэргэнцрүүдийг худалдаж авсан гол зорилго нь Үндэсний их баяр наадмаар ажиллуулах байсан. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбайн ойр хавыг тусгай хамгаалалтад авсан. Манай тэргэнцрийн үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 сарын дараа эхэлсэн. Гэрээний 4.1-т заасан зөрчигдөж бичиг баримт, гэрчилгээ огт байхгүй. Мөн гэрээнд биет байдлын доголдолгүй гэж заасан боловч эвдрэл гэмтэлтэй, гадна дохио хагарсан, доторх тоног төхөөрөмжүүд бүгд хөдөлсөн, хагархай шилнүүд хаа сайгүй байсан. Гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой байхаар заасан ч дотор ажлын ширээ байхгүй, 2 хөргүүрийн 1 нь ажиллахгүй, гоймон чанагч, газын плитка байгаа ч хямд муу материалаар хийгдсэн, ашиглалтад нийцэхгүй буюу гэрээний 4.3-т тусгагдсан бүхэн зөрчигдсөн. Гэрээний 4.7-д тусгагдсаны дагуу дээрх зүйлсийг бүгдийг дурдаж явсны эцэст үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг хасуулахаар аман тохиролцоо хийсэн. Гэрээний 5.1-т заасны дагуу гэрээг цуцалж, өгсөн 28,400,000 төгрөгийг буцааж авъя гэж удаа дараа хүсэлт гаргасан. Гэвч маш хүнд нөхцөл байдалтай байгааг тайлбарлаж гуйсан тул бүтэн 10 сар ажиллаагүй. Гэрээний хугацаанд огт ажиллаагүй. Өвөл ашиглахаар битүүмж сайтай биш, чанар хангалтгүй. Мөн хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй, зааварчилгаа байхгүй, бичиг баримтаа өгөөгүй. Г.М нийт 580,000 төгрөг шилжүүлсэн тул үлдэх 4,000,000 төгрөгөөс тавцан, тавиур хийлгэсэн зардал 2,500,000 төгрөгийг хасч тооцуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Д-аас 3,420,000 /гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 69,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,580,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй ба нэхэмжлэгч 580,000 төгрөг авсан талаар маргаагүй тул 5,000,000 төгрөгийн шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан хариуцагч нь надад 4,000,000 төгрөг өгнө гэж хэлж байсан боловч тухайн өдрөө мөнгө орж ирээгүй гэснийг зохигчид 4,000,000 төгрөг дээр тохиролцсон гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба 4,000,000 төгрөгийг хариуцагч тухайн өдөрт өгөхөөр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг дараа нь өгнө гэсэн тохиролцоог шийдвэрт гуйвуулан бичиж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба уг 5,000,000 төгрөгийг хангасан байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Т.Д-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тэргэнцэрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй, доторх тоноглолууд чанар муу, зарим төхөөрөмжүүд эвдэрч хэмхэрсэн, бичиг баримт гэрчилгээ байхгүй тул үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасахаар тоохиролцсон, үлдэх 4,000,000 төгрөгөөс тавцан, тавиур хийлгэсэн зардал 2,500,000 төгрөгийг хасч тооцуулна... гэх агуулгаар тайлбарлан маргасан байна.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал хоолны Quotgtion TR0609 маркийн чингэлгийг 8 ширхэг дагалдах тоног төхөөрөмжийн хамт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч тал 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 28,400,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 37,400,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

3.2. Хариуцагч Т.Д 28,400,000 төгрөг төлсөн, талууд энэ талаар маргаагүй байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 5. Талууд хоолны чингэлгийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт худалдах-худалдан авахаар тохиролцсон ба тухайн эд зүйл тодорхой хэмжээгээр доголдолтой байсны улмаас үнийг бууруулж тооцохоор хариуцагч маргасан. Хэрэгт авагдсан 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд талуудын харилцсан цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбараар эд хөрөнгө тодорхой хэмжээний доголдолтой байсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлсэнээ нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно, энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно гэж зааснаар худалдан авагч нь үнэ бууруулахаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр талууд үнийг 5,000,000 төгрөгөөр бууруулахаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 80,000 төгрөг, нийт 580,0000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй тул төлбөрөөс хасаж тооцон худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,580,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгчийн 4,000,000 төгрөгийг хариуцагч нь тухайн өдөрт өгөхөөр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг дараа өгнө гэж тохиролцсон гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул 5,000,000 төгрөгийн шаардлагыг нэмж хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН