Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/03761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.З- д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,900,000 төгрөг гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т-,

Хариуцагч З.З- ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч З.З- д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй асуудлаар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахад, тус шүүхэд хариуцагч З.З-  нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш дахиад сарын хугацаанд хүү болон алданги төлөхгүйгээр зээл, төлбөр төлөлтийг нэг сар хойшлуулахыг надаас хүссэн тул би зөвшөөрч, бид харилцан тохиролцож 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан. Мөн хариуцагч хэлсэн амласандаа хүрэхгүй бол З.З-  нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хэрэг маргаанд холбогдох зээлийг бүрэн төлж барагдуулах өдрийг хүртэлх хугацаан дахь бүх зээлийн төлбөр, хүү, алдангийг хагаслахгүйгээр, бүрэн бүтнээр нь нөхөн төлж барагдуулахаар харилцан тохиролцож тус эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01372 тоот захирамжаар зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нийт зээлсэн 22,500,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн алданги 10,125,000 төгрөг, нийт 32,625,000 төгрөг төлөх ёстой нь үнэн юм. Харин 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З-  нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших тухайн төлөлт хийсэн өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг нөхөж төлөх болно гэдгийг хариуцлагатайгаар сайн дураар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор 32,625,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ” гэж тодорхойлсон байгаагаар ч нотлогдоно. Тус шүүх дээр 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталж, 182/ШШ2023/01372 тоот захирамжийг гаргаснаас хойш 06 сарын хугацаа өнгөрөхөд зээлдэгч зээл төлбөрийг ямар нэгэн хэмжээгээр огт төлж барагдуулсангүй. Хариуцагч З.З-  болон нэхэмжлэгч Б.Т- бидний тус шүүх дээр 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З-  нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших тухайн зээл, төлбөрийг хаах төлөлт хийх өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг хагаслахгүйгээр, бүтнээр нь бүрэн нөхөж төлөх болно гэдгийг хариуцлагатайгаар сайн дураар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа гэж зохицсоны дагуу хариуцагч З.З-  нь надад 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших 06 сарын хугацаанд харгалзах зээлийн хүү болон алданги нөхөж төлөх ёстой.  Үүнд:2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших 6 сарын хугацаанд зээл огт төлөгдөөгүй учир зээлийн хүү нь 9,000,000 төгрөг тайлбар: 2,250,000 төгрөг х 06 сар=13,500,000 төгрөг хуримтлагдсан. Алданги 22,500,000 төгрөг буюу зээл  нэмээд 13,500,000 төгрөг буюу 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 06 сарын хүүгийн төлбөр 36,000,000 төгрөг буюу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн юм. Тиймээс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны зээлийн хүү болон алдангийг нэгтгэвэл, 13,500,000 төгрөг 2,400,000 төгрөг 45,900,000 төгрөгийг хариуцагч З.З- нь эвлэрлийн гэрээний дагуу надад төлөх үүрэгтэй. Иймд бидний хооронд тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний үүргийг З.З- биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар буюу зээлийн хүү болон алдангийн төлбөр болох 45,900,000 төгрөгийг хариуцагч З.З- гээс гаргуулна гэв.

 

 2.Хариуцагч З.З-  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8,600,000 төгрөг дансаар авсан. Харин 13,900,000  төгрөг бэлнээр огт авч байгаагүй. Анх Алтанбумба ББСБ-аас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Т-гийн нэр дээр зээл авахуулсан. 8,600,000 төгрөгийн зээлийн хүүнд сар бүр 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч төлж чадаагүй. Дээрх 13,900,000  төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь төлөөгүй хугацааны хүүг тооцсон. Ингээд нийт 32,625,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн юм гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2023/10118 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эвлэрлийн гэрээ хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Баталгаа хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээг, хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг явуулж Баталгаа гаргаж өгөх тухай баримт, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн З.З- гийн тайлбар зэргийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч З.З- д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нийт зээлсэн 22,500,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн алданги 10,125,000 төгрөг нийт 32,625,000 төгрөг төлөх ёстой нь үнэн юм. Харин 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З-  нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших тухайн төлөлт хийсэн өдрийг өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг нөхөж төлөхөөр гэрээг байгуулсан” гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч З.З-  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8,600,000 төгрөг дансаар авсан. Харин 13,900,000  төгрөг бэлнээр огт авч байгаагүй бөгөөд 13,900,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь төлөөгүй хугацааны хүүг тооцсон гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2023/10118 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч З.З- д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны 5622045745 данснаас түүний Голомт банкны 2719019881 дансаар 8,600,000 төгрөг, мөн бэлнээр 13,900,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг, алданги 10,125,000 төгрөг нийт 32,625,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 30-31 тал/

 

8.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2023/10118 дугаар шүүгчийн захирамжаар “...тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2023/06758 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2023/00579 дугаартай гүйцэтгэх хуудаст өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгч Б.Т-гийн хүсэлтийг хангахгүй орхисугай гэж шидвэрлэсэн бөгөөд зохигч хэн аль нь дээрх шүүгчийн захирамжийг гардаж авсан боловч хариуцагч нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т- шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2023/06758 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2023/00579 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна. Дээрх 182/ШЗ2023/01372 дугаартай шүүгчийн захирамж нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гарсан тул шүүгчийн захирамжууд болон гүйцэтгэх хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлгүй. Хэдийгээр шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсэгт: “Нийт зээлсэн 22,500,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн алданги 10,125,000 төгрөг, нийт 32,625,000 төгрөг төлөх ёстой нь үнэн юм. Харин 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З-  нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи тухайн төлөлт хийсэн өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг нөхөж төлөх болно гэдгийг хариуцлагатайгаар сайн дураар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа.” гэсэн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийг гэрээний агуулгыг тусгасан боловч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх журамтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд 32,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан тул энэхүү шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг батлах нь хуульд нийцэх юм...” гэж дүгнэжээ. /хх-ийн 27-29 тал/

 

          9.Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч З.З- д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нийт зээлсэн 22,500,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн алданги 10,125,000 төгрөг нийт 32,625,000 төгрөг төлөх ёстой нь үнэн юм. Харин 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З-  нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи тухайн төлөлт хийсэн өдрийг өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг нөхөж төлөхөөр гэрээг байгуулсан тул хариуцагч З.З- гээс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөр 13,500,000 төгрөг, алданги 32,400,000 төгрөг нийт  45,900,000 төгрөг гаргуулна гэж мэтгэлцэв.

 

10.Гэтэл нэхэмжлэгч Б.Т- нь зээлсэн 22,500,000 төгрөг болон хугацаа хэтрүүлсэн алданги 10,125,000 төгрөг нийт 32,625,000 төгрөгийг хариуцагч З.З- гээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч З.З- гээс зээлийн хүүгийн төлбөр шаардсан нэхэмжлэл огт гаргаагүй, дээрх эвлэрлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь хүү, алданги төлөх үүргийн харилцаа үүсээгүй болох нь тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

11.Хариуцагч З.З- гээс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 6 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөр 13,500,000 төгрөг, алданги  32,400,000 төгрөг нийт 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч З.З- д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

12.Хариуцагч З.З-  нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8,600,000 төгрөг дансаар авсан. Харин 13,900,000 төгрөг бэлнээр огт авч байгаагүй бөгөөд 13,900,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь төлөөгүй хугацааны хүүг тооцсон гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг тайлбарыг няцааж баримтаар үгүйсгэж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

13.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

14.Нэхэмжлэгч Б.Т-гийн хүсэлтээр тус шүүх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шийдвэртэй иргэний хэргийн 6 тал, 28-29 талд авагдсан баримтууд, эвлэрлийн гэрээ, хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар гаргуулахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивд даалгаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн /хх-32-35 тал/ баримттай адил хэлбэрээр буюу шүүхийн архив “хуулбарлав” гэсэн тэмдэг дардаг байх тул 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/15933 дугаар шүүгчийн захирамжаар “тус шүүхийн архивд хадгалагдаж буй 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт буюу хэргийн 6, 28-29 дэх талд авагдсан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хариуцагч З.З- гийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тайлбар зэрэг баримтуудад үзлэг хийж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч З.З- д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ