Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03761 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч  З.З-д холбогдох, 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 13,500,000 төгрөг, алданги 32,400,000 төгрөг, нийт 45,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч З.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч З.З- болон нэхэмжлэгч Б.Т- бидний шүүх дээр 2023 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр ...Харин 2023 оны 05 сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи тухайн зээл, төлбөрийг хаах төлөлт хийх өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг хагаслахгүйгээр, бүтнээр нь нөхөж төлөх болно гэдгийг хариуцлагатайгаар сайн дураар харилцан тохиролцож энэ гэрээг байгууллаа... гэж зохицсоны дагуу хариуцагч З.З нь надад 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи 6 сарын хугацаанд харгалзах зээлийн хүү болон алданги нөхөж төлөх ёстой. 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи 6 сарын хугацаанд зээл огт төлөөгүй учир зээлийн хүү нь 2,250,000 төгрөг х 6 сар = 13,500,000 төгрөг, алданги нь 36,000,000 төгрөг х 0.5 хувь = 180,000 төгрөг х 180 хоног = 32,400,000 төгрөг болно. Тиймээс 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи 6 сарын хугацааны зээлийн хүү болон алдангийг нэгтгэвэл 13,500,000 төгрөг + 32,400,000 төгрөг = 45,900,000 төгрөг болно. Уг дүнг хариуцагч З.З-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч надад хөнгөлөлт давуу боломж олгож байгааг бүрэн ойлгосны үндсэн дээр 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш дахиад нэг сарын хугацаанд хүү болон алданги төлөхгүйгээр зээл, төлбөрийг 1 сар хойшлуулах нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээг 2023 оны 04 сарын 08-ны өдөр Б.Т-тэй байгуулсан болно. Харин хариуцагч би хэлсэн амандаа хүрэхгүй бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи бүх зээл, төлбөр, өрийг төлж барагдуулж дуусах өдрийг хүртэл хуримтлагдсан зээлийн хүү болон алдангийг хагаслахгүйгээр бүрэн бүтнээр нь төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээнд хатуу тусгаж зохицсон нь үнэн. Гэтэл З.З би нэхэмжлэгч Б.Т-д уг эвлэрлийн гэрээгээр тохиролцсоны дагуу 2023 оны 05 сарын 07-ны өдрийн дотор мөн өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр өгч чадаагүй байна. З.З- би нэхэмжлэгч Б.Т-д 45,900,000 төгрөгийг 2024 он гарахаас өмнө бүрэн төлж барагдуулахаа амлаж байгаа бөгөөд албадан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй. 2022 оны 11 сарын 09-ний өдөр 8,600,000 төгрөг дансаар авсан. Харин 13,900,000 төгрөг бэлнээр огт авч байгаагүй. Анх Алтанбумба ББСБ ХХК-аас 2022 оны 11 сарын 08-ны өдөр Б.Т-гийн нэр дээр зээл авахуулсан. 8,600,000 төгрөгийн зээлийн хүүнд сар бүр 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч төлж чадаагүй. Дээрх 13,900,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь төлөөгүй хугацааны хүүг тооцсон. Ингээд нийт 32,625,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн юм гэжээ. 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч З.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн илтэд хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2.  Хариуцагч З.З- шүүх хуралдааны явцад ...2023 оны 04 сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээг батлахдаа хүү төлнө гэж тохирсон, үүнтэй холбоотойгоор хүү, алданги нэхэмжилж байгааг ойлгож байгаа, ... хүү хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно... гэж тохирсон гэх мэдүүлэг, тайлбар өгсөөр байхад шүүхийн шийдвэрийн 10, 11, 12-т хийсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дурдаж буй үндэслэлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, өөрийнх нь үндэслэлийг дэмжих нотлох баримтгүй байхад шүүгч хэт нэг талыг баримталж, хариуцагчийн талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

4.3.  Талуудын хооронд 2023 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний гол нөхцөл нь ...Харин 2023 оны 05 сарын 07-ны өдрөөс хэтрүүлж З.З- би төлөлт хийх юм бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи тухайн төлөлт хийх өдрийг хүртэл бүх төлөөгүй өдрийн хугацааныхаа хүү болон алдангийг нөхөж төлөх болно гэдгийг хариуцлагатайгаар үүгээр илэрхийлж байна..." гэсэн заалт байсныг талууд харилцан зөвшөөрч, үгүйсгэдэггүй бөгөөд уг заалт тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар захирамжид тэмдэглэгдэж, дурдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2023 оны 04 сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч З.З- хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхийг өөрөө сонгох бөгөөд цаг хугацаандаа багтаан биелүүлэх эсэхээс шалтгаалаад учирч болзошгүй эрх зүйн үр дагавар нь харилцан адилгүй байсан гэдгийг хариуцагч урьдчилан сайн ойлгож байсан талаараа шүүх хуралдаан болон шүүхэд өгсөн тайлбар, нотлох баримтууд, мэдүүлэгтээ батлан, тайлбарлаж байгаа үндэслэлүүдээр шүүхийн "...талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч З.З-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй..." гэж үзсэн шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

4.4.  Шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар захирамж гаргах үндэслэл болсон эвлэрлийн гэрээ, үзлэгийн тэмдэглэл, З.З-гийн баталгаа, шүүхэд гаргасан тайлбар, банкны дансны хуулга гэх хариуцагчаас тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад З.З- нь надаас 22,500,000 төгрөгийн зээл авсанаа эсэргүүцэлгүй бүрэн хүлээн зөвшөөрч байсан бөгөөд түүний тайлбар, сэлтэд үндэслэж шүүх шийдвэр гаргасан байдаг. Гэвч хариуцагч нь 2023 оны 12 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өмнө нь ярьж байгаагүй, нотлох баримтгүй, өөрийнхөө ярьж байсан зүйлээ үгүйсгэж нэхэмжлэгч надаас 8,600,000 төгрөг зээлсэн, 13,900,000 төгрөгийг зээлж аваагүй гэж байгаа нь түүнийг шүүгчтэй ямар нэгэн байдлаар холбоо сүлбээ тогтоож, түүнд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлэхэд хүргэж байна.

4.5.  Шүүгчийн 2023 оны 182/ШШ2023/01372 дугаар захирамж гаргахад үндэслэл болгосон нотлох баримтууд хуурамч эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ямар нэгэн үйл баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч ...Хариуцагч З.З- нь 2022.11.09-ны өдөр 8,600,000 төгрөг дансаар авсан. Харин төгрөг бэлнээр огт авч байгаагүй бөгөөд 13,900,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь төлөөгүй хугацааны хүүг тооцсон гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг тайлбарыг няцааж баримтаар үгүйсгэж чадаагүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол болох 45,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хариуцагчид барагдуулахыг даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 12 сард нэхэмжлэгчид сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож зээл авсан. Анх гэрээ хийхдээ ямар нэгэн хүү тооцох талаар тохиролцоогүй атлаа гэнэт зээлийн хүү авна гэсэн ба зээлийн хүү үндэслэлгүйгээр өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаад 30,000,000 гаруй төгрөг болсон. Миний хувьд одоогийн байдлаар зээлээ төлөх боломжгүй байгаагаа нэхэмжлэгчид хэлж удахгүй төлөх талаар дурдсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

2.   Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч З.З-д холбогдуулан 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт зээлийн хүү 13,500,000 төгрөг, алданги 32,400,000 төгрөг, нийт 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3/

Хариуцагч З.З- нь дээрх шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг анх гаргасан боловч шүүх хуралдааны явцад ...би бэлнээр 13,900,000 төгрөгийг аваагүй, анхнаасаа 8,600,000 төгрөг л зээлсэн... гэсэн үндэслэл заан маргасан байна. /хх 54-55, 78/

 3.   Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч З.З- нар тэдгээрийн хооронд байгуулагдсан 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээтэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм. /хх 30-31, 32/

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар захирамжаар Б.Т-гийн нэхэмжлэлтэй, З.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 30-31/

Иймд нэхэмжлэгч Б.Т- нь тухайн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ-тэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, улмаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байжээ.

4.   Дээр дурдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Т-гийн үндэслэл болгож буй Эвлэрлийн гэрээ-ний ...Харин 2023 оны 05 сарын 07-ны өдрөөс хэтрүүлэн З.З- нь зээлийн төлөлт хийх юм бол 2023 оны 04 сарын 08-ны өдрөөс хойшхи тухайн төлөлт хийсэн өдрийг хүртэлх бүх төлөөгүй хоногийн хүү болон алдангийг нөхөж төлөх болно... гэх нөхцөлийг батлаагүй буюу уг нөхцөл захирамжийн захирамжлах нь хэсэгт дурдагдаагүй байна. /хх 30-31/ 

5.   Нэхэмжлэгч Б.Т- нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01372 дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх 27-29/  

6.   Хариуцагч З.З- нь шүүхэд нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус заасныг шүүх зөрчих үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. 

7.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч З.З-д холбогдох, 2022 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт зээлийн хүү 13,500,000 төгрөг, алданги 32,400,000 төгрөг, нийт 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 387,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР