Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00040

 

  С.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэртэй, С.Г-ийн нэхэмжлэлтэй, Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие С.Г нь Б сумын цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогчийн ажилд томилогдсон. 2018 оны 8 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт авч дараа нь ээлжийн амралтыг үргэлжлүүлэн авсан. Би нялх хүүтэй учраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүхэд асрах 2 сарын цалингүй чөлөө авсан. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон. Гэтэл С.Г намайг ажилд ороод 8 дахь өдөр болж байхад Б сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн "С.Г-г ажлаас чөлөөлөх тухай" Б/06 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж Б сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-тэй уулзаж учир байдлыг хэлэхэд “таныг тус Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгт цалингийн хамт шилжүүлсэн учраас одоо ажилд авах боломжгүй" гэсэн хариу өгсөн. Би амаржаад 6 сар болж байгаа гурав хүртэлх насны нэг хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаас ажил олгогч нь надад ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. Иймд С.Г намайг Б сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томилж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогч нар сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрөн С.Г манай хүүхдийн цэцэрлэгийн санхүү тооцоог хариуцан ажиллаж байсан. 2018 оны 8 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт, ээлжийн амралтыг сумын Засаг даргын Тамгын газраас тушаал гаргуулан авч байсан. Аймгийн орлогч дарга А.К 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2-01/17 дугаар албан тоотоор сумын Засаг дарга нарт нягтлан бодогч бүр нэг сургууль, нэг цэцэрлэгийг хариуцан ажиллах талаар мэдэгдсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М надад төвлөрсөн санхүүжилтээс С.Г-гийн цалинг хүүхдийн цэцэрлэгийн төсөвт суулгаж өгнө гэж санал болгосноор тэр үгэнд үнэмшин бас нярай хүүхэдтэй С.Г-г ажилд авсан. Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй байгаа учраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч А.К, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е, төрийн сан Ж.А нарт танилцуулсан. Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, төсөвт цалинг тусгаагүй бөгөөд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад нягтлан бодогчийн цалинг тусгаж өгсөн, цэцэрлэгийг сургуулийн ня-бо хариуцан хийх ёстой гэсэн үндэслэлээр нягтлан бодогч С.Г-г 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэлд шилжүүлсэн. Мөн аймгийн орлогч дарга А.К 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2-01/352 дугаар албан тоотоор С.Г-г сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /хуучин нэрээр Цэцэгт бага сургууль/-ийн нягтлан бодогчоор томилж, цэцэрлэгийн нягтлан бодогчийг хавсруулан ажиллуулахыг сумын Засаг даргад мэдэгдсэн. Би уг албан тоотыг үндэслэн С.Г өөрөө зөвшөөрснөөр 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр А/06 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн санхүү тооцоог хавсруулан хийлгэхийг зөвшөөрсөн. Иймд С.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Г-г Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэжээ.     

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М нь Засаг даргын Тамгын газрын төсвөөс нягтлан бодогчийн цалингийн сан хасагдаж цэцэрлэгийн төсөвт нэмэгдэн орсон гэж 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 06 дугаартай тушаал гарган С.Г-г Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоос чөлөөлж манай цэцэрлэгт шилжүүлсэн. Г-гийн эцэг С нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг З.М-д өгсөн бөгөөд Засаг дарга С.Б Аймгийн Засаг даргын орлогч А.К нар бүгд үгсэн хуйвалдаж цэцэрлэгт хуурамч нягтлан бодогчийн орон тоо бий болгон, улмаар надад “Цалингийн санг шилжүүлж өгөхөөр болсон, шилжиж орж байна” гэж итгүүлэн Засаг даргын Тамгын газрын С.Г-г манай цэцэрлэгт шилжүүлж улмаар надаар ажилд томилуулсан тушаал гаргуулсан. С.Г нь ажилд оронгуутаа цалингүй (угаасаа цалин нь шилжин ирээгүйг мэдэж байсан) чөлөө авч ажилд орсноо баталгаажуулж, 8 хонолгүй эргэж ажилдаа орсон нь цэцэрлэгийн баттай ажилтан болсныг тогтоож, нотлох зорилготой байжээ. Гэтэл сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжаар цэцэрлэгт нэмж нягтлан бодогч 1 хүний орон тоог бий болгосон хэдий ч нягтлан бодогчийн цалингийн сан нь цэцэрлэгт шилжиж орж ирээгүй байхад дээрх албан тушаалтнууд намайг хууран мэхэлж С.Г-г ажилд оруулах ажлыг яаруу сандруу хөөцөлдөж, намайг хууран мэхэлж С.Г-гийн цалинг нь өнөө, маргааш оруулж өгнө гэж итгүүлэн намайг залилсан мөн хорлосон байна. Дээрх албан тушаалтан болох Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын орлогч нарын цаашдын уг санаа зорилго нь С.Г-г тэтгэвэрт гарах дөхсөн И.А миний оронд цэцэрлэгийн эрхлэгчээр оруулах гэж байсныг С.Г-гийн ойр дотнын хамаатан хүн нь нийтэд ярьж явснаар тодорхой болсон. Гэвч дээрх хууль бус байдлаар гаргасан захирамж, тушаал зэргээр халхавчлан С.Г-г цэцэрлэгийн нягтлан бодогч гэх албан тушаалтай болгосныг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү Төрийн Сангийн хэлтсээс мэргэжилтэн Ж.А-ийн гаргаж өгсөн “Сумын цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо төсөв батлагдаагүй, байхгүй” гэсэн тэмдэг дарсан орон тоо бүтцийн хүснэгт нь үгүйсгэж Б сумын цэцэрлэгт 2019 онд нягтлан бодогчийн оронтоо байхгүй гэдгийг нотолж байна. Энэ утгаар Засаг даргын 2019 оны А/01 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 06 дугаар тушаал, миний С.Г-г ажилд авсан Б/01 тоот тушаал зэрэг нь хууль бус, хүчин төгөлдөр биш эрхийн актууд. Би Засаг даргын Тамгын газрын дарга З.М-д цалин шилжүүлэхгүй бол С.Г-г Засаг даргын Тамгын газарт нь буцаана” гэж хэлж ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 заасныг баримтлахдаа  хэрэгт авагдсан нотлох баримтаар 2019 онд сумын цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо төсөв цалингийн сан байхгүй тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. С.Г нь сумын Засаг даргын Тамгын газраас цэцэрлэгт шилжихдээ шинэ орон тоо, цалингийн сан нь цэцэрлэгт шилжээгүй байхад шилжсэнээ, шилжээд ажилд орсны дараа ч цалингийн сан тогтоогоогүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсээс шилжүүлэхгүй гэдгийг мэдсээр байж цэцэрлэг буруугүй нь тодорхой байхад хариуцагчаа буруу сонгож нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг баримталж шийдээгүй. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Эцсийн эцэст С.Г-г цэцэрлэгт ямар ч шийдвэрээр нягтлан бодогчоор ажилд оруулсан ч авах цалингүй гэдгийг шүүх ойлгоно уу? Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож С.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Г нь Баян-Өлгий аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаал гаргаж даа Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар сарын 48.3.1, 48.3.3 дахь заалтуудыг үндэслэн нягтлан бодогч С.Г-г ажлаас чөлөөлсөн байна.

 

            Ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Б сумын Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, цалингийн сан нь орж ирээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтуудаар, тухайлбал Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж /хавтаст хэргийн 3 хуудас/, гэрч З.М, С.Б нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 41-45 хуудас/ зэрэг баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ талаар хариуцагч талд шүүхээс урьдчилан тайлбарласан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан “анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй, ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэснээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК