Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00416

 

С.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00040 дүгээр магадлалтай,

С.Г-гийн нэхэмжлэлтэй,

БӨА БН сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч И.Айгүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Г-шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баяннуур сумын цэцэрлэгт 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогчийн ажилд томилогдсон юм. 2018 оны 08 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт авч дараа нь ээлжийн амралтыг үргэлжлүүлэн авсан юм. Би нялх хүүтэй учраас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүхэд асрах 2 сарын цалингүй чөлөө авсан юм. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон юм.

Гэтэл ажилд ороод 8 дахь хоногт Баяннуур сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн "С.Г-г ажлаас чөлөөлөх тухай" Б/06 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж Баяннуур сумын ЗДТГ-ын мэдэлд шилжүүлсэн юм. Сумын ЗДТГ-ын дарга З.Мадениеттэй уулзаж учир байдлыг ярихад тэрээр “Таныг тус Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалаар хүүхдийн цэцэрлэгт цалингийн хамт шилжүүлсэн учраас одоо ажилд авах боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Би амаржаад 6 сар болж байгаа гурав хүртэлх насны нэг хүүхэдтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж байна. Нөгөө талаас ажил олгогч нь надад ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй байна. Иймд намайг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч И.Айгүл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нягтлан бодогч нар сумын Засаг даргын Тамгын газарт төвлөрөн С.Г-манай хүүхдийн цэцэрлэгийн санхүү тооцоог хариуцан ажиллаж байсан. 2018 оны 8 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт, ээлжийн амралтыг сумын Засаг даргын Тамгын газраас тушаал гаргуулан авч байсан. Аймгийн орлогч дарга А.Камелият 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2-01/17 дугаар албан тоотоор сумын Засаг дарга нарт нягтлан бодогч бүр нэг сургууль, нэг цэцэрлэгийг хариуцан ажиллах талаар мэдэгдсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мадениет надад төвлөрсөн санхүүжилтээс С.Г-гийн цалинг хүүхдийн цэцэрлэгийн төсөвт суулгаж өгнө гэж санал болгосноор тэр үгэнд үнэмшин бас нярай хүүхэдтэй С.Г-г ажилд авсан.

Хүүхдийн цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй байгаа учраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол, төрийн сан Ж.Айгүл нарт танилцуулсан. Хүүхдийн цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй, төсөвт цалинг тусгаагүй бөгөөд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад нягтлан бодогчийн цалинг тусгаж өгсөн, цэцэрлэгийг сургуулийн ня-бо хариуцан хийх ёстой гэсэн үндэслэлээр нягтлан бодогч С.Г-г 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэлд шилжүүлсэн.

Мөн аймгийн орлогч дарга А.Камелият 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2-01/352 дугаар албан тоотоор С.Г-г сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль /хуучин нэрээр Цэцэгт бага сургууль/-ийн нягтлан бодогчоор томилж, цэцэрлэгийн нягтлан бодогчийг хавсруулан ажиллуулахыг сумын Засаг даргад мэдэгдсэн. Би уг албан тоотыг үндэслэн С.Г-өөрөө зөвшөөрснөөр 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр А/06 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн санхүү тооцоог хавсруулан хийлгэхийг зөвшөөрсөн. Иймд С.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Г-г БӨА БН сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БӨА БН сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00040 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч И.Айгүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

С.Г-г ажлаас чөлөөлсөн гэх энэ хэргийн талаар хэрэгт хариуцагчаас тайлбар, гомдол олон гаргасан бөгөөд харамсалтай нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь нэг талыг барьж тухайлбал нэгэнт тушаал гаргаад авсан бол хүүхэдтэй эмэгтэйг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан муйхарлан зүтгэж нэхэмжлэлийг хангаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл энэ заалтыг баримталж бусад нотлох баримтуудтай танилцахыг хүсэлгүй, шалтгааныг судлахгүй шийдвэр гаргаж байгаа тул эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргийн байдлыг тодорхой шийдвэрлэхийн тулд сайн уншиж хянаж үзнэ үү.

3асгийн газрын 2014 оны “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолоор сумдын цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг албан байгууллагын нябо нарыг сумын Засаг даргын тамгын газарт цаашид ЗДТГазар төвлөрүүлж улс даяар нэг шуугиан болсон юм. Энэ үед цэцэрлэг хариуцсан соёлын төвийн нягтлан бодогч нь Засаг даргын тамгын газарт шилжсэн юм.

Тухайн үед шинэ орон тоо болгон тухайн үеийн сумын ЗДТГ-н дарга М.Сонгыбай нь энэ нэхэмжлэгч С.Г-гэдэг төрсөн охиноо ЗДТГ-т нябогоор албан тушаалаа ашиглан шинээр соёлын төвийн нягтлан бодогчоор ажилд авсан Дараа нь МАН-н төр барих үед 2019 оны 02 дугаар сарын 27-нд засгийн газраас 88 дугаартай тогтоол гарч дээрх 326 дугаар тогтоолд 1.1.10 дугаартай  заалт нэмж оруулж Засаг Даргын Тамгын газрын мэдэлд байсан нягтлан бодогчдыг сургууль, эмнэлэг, соёлын төв цэцэрлэгт нь буцаалгахаар болсон байдаг.

Энэ 88 дугаар тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргын орлогчоор одоо  ажиллаж буй А.Камелият гэдэг дарга 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 2/64/77  албан тоотоор сумдын Засаг даргын Тамгын газарт төвлөрч ажиллаж байгаа нябо нарыг төвлөрүүлсэн нь буруу болжээ. Буцааж өмнөх байгууллагад нь томилох тухай үүрэг, чиглэл өгсөн байдаг. /ХХ-н 25 дах тал/

Мөн А.Камелият дарга нь Баяннуур сумын Засаг дарга С.Берикт 2019 оны 2/01/352 дугаартай албан бичиг явуулсан бөгөөд үүнд “Баяннуур сумын Цэцэгт 1-р багт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бага сургуульд нягтлан бодогчийн орон тоог бий болгож энэ орон тоонд нэхэмжлэгч С.Г-г нябогоор ажиллуулах зохицуулалтыг даруй хийх, түүнд жирэмсний амралтыг олго” гэсэн утгаар бичиж үүрэг чиглэл өгсөн байдаг. Тодруулбал С.Г-г цэцэрлэгт биш тус сумын “Цэцэгт” 1-р багт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын бага сургуульд шинээр нэмэгдсэн нягтлан бодогчийн ажилд томил, жирэмсний амралтыг нь олго гэсэн үүрэг өгөөд байхад сумын ЗДТГ-ын дарга байсан М.Сонгыбайн оронд томилогдсон ЗДТГ-ын шинэ дарга А.Мадениет нь дээрх орлогч даргын өгсөн үүргийг овжин ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 14-ний  өдрийн 28 дугаар тушаалаараа хүүхдийн цэцэрлэг соёлын төвийг хариуцаж байсан ЗДТГ-ын нягтлан бодогч Сонгыбайн Гүлданаг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх тушаал гаргаад явуулчихдаг. Улмаар С.Г-гийн оронд түр энэ нябо орон тоог ЗДТГ-т хариуцуулж өөрийн намын гишүүн, найз Хонайн эхнэр Х.Хибат гэгчийг томилон ажилд оруулж ажиллуулсан байгаа. 28-р тушаал хэрэгт авагдсан бөгөөд Цэцэрлэгийг түр нябогоор хариуцан ажилладаг Х.Хибатад холбогдох баримт ч гэсэн хэрэг дотор бий. Аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятын өгсөн үүргийг үндэслэн 2019 он гарангуут сумын Засаг дарга С.Берик нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн байгуулах тухай " А/01 дугаартай захирамж гаргадаг бөгөөд уг тушаалын 5 дугаар хавсралтанд хүүхдийн цэцэрлэгт бүгд 28 ажилчин орон тоогоор ажилладаг болгож “Нябо -1” гэж дарааллын 8 дугаарт тусгаж өгдөг.

Энэ А/01 дугаартай захирамжийг үндэслэн, мөн овжин ашиглаж сумын ЗДТГ-ын дарга А.Мадениет нь 2019 оны 01 дүгээр сарын 07-нд А/01 захирамж гарсан өдөр 06 дугаартай тушаал гаргаж С.Г-г ЗДТГ-ын албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлдөг.

Ингээд сумын ЗДТГ-ын дарга А.Мадениет нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл намайг өөрийн ЗДТГ дахь өрөөндөө дуудаж, мөн төрчихсөн байсан С.Г-г дэргэдээ суулгаад Засаг дарга С.Берикийн А/01 дугаартай захирамжийг 5 дугаар хавсралтын хамт өөрийн дээрх 06 дугаар тушаалыг тус тус танилцуулж өнөөдөр С.Г-г цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд томил, мөн өнөөдрөөр тооцон С.Г-д хүүхэд асрах цалингүй чөлөө олго, өнөөдрөөр тасалбар болгож С.Г-гийн цалинг цэцэрлэгт шилжүүлж өгөх болно. С.Г-гийн оронд одоогоор түр Х.Хибат танай тооцоог хийж байх болно” гэж үүрэг даалгавар өгч даруй өөрөө миний тушаалыг төлөвлөж өгч гаргуулсан юм. Ингээд С.Г-нь ЗДТГ-с цэцэрлэгт шилжээд хүүхэд харах цалингүй чөлөөг аваад явчихдаг.

Гэтэл Цэцэрлэгт нягтлан бодогчийн цалин шилжиж ирдэггүй. ЗДТГ-ын дарга А.Мадениетээс асуухад удахгүй шилжинэ гэж хэлээд буцаагаад байдаг. Тэгээд И.Айгүл би Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс сумын  Цэцэрлэгийн нябогийн орон тоо, түүний ажилтны цалинг яагаад шилжиж өгөхгүй байгаа тухай лавлахад хэлтсийн дарга ажилтнууд: “Баяннуур сумын Цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, бүтэц байхгүй, нябо-гийн орон тоо байхгүй болохоор цалин ч хуваарилагдахгүй” гэж хэлсэн. Үүнийг сумын ЗДТГ-ын дарга А.Мадениетэд хэлэхэд тэр: “Би удахгүй цалинг нь хуваарилуулна” гэж хэлээд уурлан улмаар С.Г-г чөлөөлтэй байхад нь цэцэрлэгт ажилд нь ятгаж оруулсан. Энэ хугацаанд ЗДТГ-т цалингийн зохицуулалт хийж дарга А.Мадениет нь найзын эхнэр Х.Хибатыг цэцэрлэгийг хариуцуулж нябо-гоор одоо хүртэл ажиллуулаад байгаа билээ.

Баяннуур сумын Цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, төсөв цалин байхгүй гэсэн аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн түүний мэргэжилтэн Ж.Айгүлийн “цэцэрлэгт нябо орон тоо байхгүй гэсэн хүснэгтийг аваад би нэгэнт цалин орон тоо нь цэцэрлэгт шилжиж ирээгүй” гэсэн үндэслэлээр уг хүснэгтийг А.Мадениетэд үзүүлээд С.Г-г 3 сарын дараа буюу 2019.03.18-ны өдөр Б/06 дугаартай тушаалаараа нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэж тушаалд бичээд ажлаас чөлөөлж, Баяннуур сумын ЗДТГ-ын мэдэлд шилжүүлсэн. Аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн Ж.Айгүлийн гаргаж өгсөн хүснэгтийг хэргээс үзнэ үү.

Өөрөөр хэлбэл Төсөв, орон тоо, цалингүй ирсэн С.Г-г ирсэн ЗДТГ-т нь тушаалаараа буцаасан. Энэ хүснэгтэнд нябог “О” -гэж тэмдэглэсэн байгаа. Би уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1, 48.3.3-ыг үндэслэсэн маань шүүхэд болон нэхэмжлэгч нарт олзуурхмаар ашигтай болсон гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Би олон жил хөдөлмөрлөж тэтгэвэрт энэ оны эцсээр гарах гэж байсан үед  улс төржсөн, нутаг, отог, омог, төрөл, найз нөхдийн ашиг сонирхол харсан ЗДТГ-ын дарга А.Мадениет мэтийн хүмүүсийн хавсаадсан заль мэх, ашиг сонирхлын зөрчилтэй золиосонд орж эцэстээ С.Г-гийн цалинг төлөхөөр болж хохирч байна. Тэд намайг тэтгэвэрт гаргаж хэлмэгдсэн гэх С.Г-гийн цалин, шимтгэлийг нөхөн төлүүлж, эцэстээ миний оронд С.Г-г цэцэрлэгийн эрхлэгчээр томилуулахаар, үгсэн хуйвалдаж хохироохоор тохирсон болохыг  мэдсэн.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нь С.Г-гийн нэхэмжлэлийн хариуцагч сумын Цэцэрлэг биш, сумын ЗДТГ болохыг шүүх хурал болгонд хэлж тайлбарласнаар байхад анхаарч үзээгүй. С.Г-“Цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо байхгүй тул сумын  ЗДТГ-ын мэдэлд шилжүүлсэн гэдэг тушаалыг эрхийн акт гаргах зарчимыг  зөрчсөн гэж хуулийг буруугаар тайлбарлан нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангаж  шийдвэрлэсэн. Хэрэг дотор авагдсан аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн тэмдэг дарагдсан мэргэжилтэн И.Айгүлийн “... цэцэрлэгт нябо орон тоо 0”-гэсэн хүснэгтийг, тодруулбал Цэцэрлэгт нягтлан бодогчийн бүтэц орон тоо цалин байхгүй байгааг гэрчилсэн, баримтыг хариуцагчид ашигтай нотлох баримт болгон үнэлээгүй. Хэргийн үйл баримтыг өнгөц харж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг буруугаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг дотор “Баяннуур сумын Цэцэрлэг нь илүү орон тоогоор ажилтан авсан, цалин, шимтгэл олон сая төгрөгөөр төлөх ёстой” гэсэн Аудитын газрын шалгалтын акт зэрэг баримтуудад дүгнэлт хийж цэцэрлэгт нягтлан бодогч авах боломжгүй , харин Цэцэгт 1 дүгээр багийн бага сургуульд нягтлан бодогчоор ажиллах ёстой А.Гүлдана нь цэцэрлэгийг хавсарч ажиллах нь үндэслэлтэй байгаа тухай аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/01/352 дугаартай албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй цэцэрлэгт нябо-гийн бүтэц орон тоо, цалин нь үнэхээр байхгүй байна гэдэг дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

С.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сумын цэцэрлэгийг хариуцагч биш гэдэг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

С.Г-нь БӨА БН сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус цэцэрлэгт нягтлан бодогчийн орон тоо, цалингийн сан байхгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, С.Г-г Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар С.Г-нь Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт тус сумын цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан, 2018 оны 08 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралтаа авч, ээлжийн амралтыг үргэлжлүүлэн авсны дараа ажилдаа эргэж ороход Сумын Засаг даргын тамгын газраас хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн орон тоог цэцэрлэгт нь шилжүүлсэн үндэслэлээр Сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд шилжүүлсэн, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тушаалаар С.Г-г сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэж, түүний хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах 2 сарын цалингүй чөлөө олгожээ.

С.Г-чөлөөний хугацаа дуусаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэж орсон боловч Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1., 48.3.3., Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.-т зааснаар “Хүүхдийн цэцэрлэгийн норм, нормативт нягтлан бодогчийн орон тоо байхгүй...” гэх үндэслэлээр С.Г-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх тушаалыг ажилтан эс зөвшөөрч, ажлаас буруу халсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3. дахь заалтаар ажил олгогчоос хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн баталж мөрдүүлэх журмын жагсаалтыг зохицуулжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу, ажил олгогч тушаалын үндэслэлээ нотлоогүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх нэхэмжлэлийн хариуцагч нь ажил олгогч тул Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэг хариуцагч биш гэх гомдол үндэслэлгүй.

Ажилтны орон тоо, цалингийн сан байгууллагын төсөвт тусгагдаагүй, цалингийн санхүүжилт орж ирээгүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй, улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх заалтыг зөрчсөн байх тул “...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал, шалтгааныг судлалгүй шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00414 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00040 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч И.Айгүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД