Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/шш2024/00228

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******** онд төрсөн, *** настай, У хот Ч дүүрэг 23 дугаар хороо С-ийн ************ тоотод оршин суух хаягтай, Б овогтой Б-н Б, /РД:*********/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ******* онд төрсөн, ***** настай, О аймаг Б-Ө сум, Ц баг ********* тоотод оршин суух хаягтай, Т овогт Ц-ын А /РД:*********/-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 824 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

          Хариуцагч 2024 оны 01 сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.А нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад ор сураггүй болсон. Барьцаанд тавьсан машинаа аваад явсан байсан. 6 сарын 27-нд Булнай надаас 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 % хүүтай хугацаа хэтэрвэл үнийн дүнгийн 0.1% алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан зээл авсан өөрийн данс болох 5037311893 тоот дансанд 06.27-ны өдөр шилжүүлсэн. Гэвч мөнгө болон хүү алданги тооцоо төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 сарын 27-ны өдөр дууссанаас хойш 256 хоног өнгөрсөн байна.        Ц.А-оос авах үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 4,800,000 төгрөг, алданги 1,024,000 төгрөг болон нийт 9,824,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.”  гэжээ

 

Нэхэмжлэгчээс Б.Б Ц.А нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн зээлийн гэрээ /хх-4/, Б.Б, Ц.А нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, Б.Бгийн оршин суугаа газрын лавлагаа /хх-7/, Б.Бгаас Ц.А-ын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-22/-г гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 9,824,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 4,800,000 төгрөг, алданги 1,024,000 төгрөг, нийт 9,824,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан бөгөөд ямар шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож няцаагаагүй болно.

 

Талуудын хооронд 2*** оны 06 сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлж өөрийн *********** тоот данснаас хариуцагчийн *********** тоот данс руу  шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хуулийн  282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талууд  хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон байх тул  нэхэмжлэгч нь үндсэн зээл,хүү,алданги  шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.А-оос үндсэн зээл 4,000,000 төгрөг, 1 сарын 15 хувийн хүү 600,000 төгрөг, алданги 1,177,600 / алдангийг 4,600,000₮х0,1%=4600₮х256 хоног=1,177,600/ нийт 5 777 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож 4,046,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,134 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-оос 107,392 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-оос 5,777,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,046,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,134 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-оос 107,392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БЯМБАСҮРЭН