Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2023/00074

 

2023 08 31 207/МА2023/00074

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.А-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.824.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.А-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.А- нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад ор сураггүй болсон. Барьцаанд тавьсан машинаа аваад явсан байсан. 6 дугаар сарын 27-нд Б.Б надаас 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15% хүүтэй хугацаа хэтэрвэл үнийн дүнгийн 0.1% алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан зээл авсан өөрийн данс болох 5037311893 тоот дансанд 06 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Гэвч мөнгө болон хүү алданги тооцоо төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дууссанаас хойш 256 хоног өнгөрсөн байна. Ц.А-ос авах үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 4.800.000 төгрөг, алданги 1.024.000 төгрөг болон нийт 9.824.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-ос 5.777.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.046.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.134 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ос 107.392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.А- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжпэгч Б.Б нь надад холбогдуулан 9.824.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие гэнэтийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож өөрийн тайлбар татгалзал холбогдох байр суурийг илэрхийлж биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангагдаагүй. Учир нь миний бие шүүх хуралдаан товлогдсон өдрийн өглөө шүүгчийн туслах М.О-ийн 99183251 дугаарын утсаар холбогдож "...эрүүп мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй байна, холбогдох эмнэлгийн магадлагааг эхнэрээрээ дамжуулан шүүх рүү хүргүүлсэн, нэг удаа хойшлуулах боломж бий эсэх..." талаар мэдэгдсэн. Гэтэл шүүх энэ гэнэтийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагч миний хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хуулинд заагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ" гэж заасан бөгөөд миний бие эрүүл мэндийн хүндэтгэн үзэх гэнэтийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон талаар шүүгчийн туслахтай холбогдож мэдэгдсэн. Мөн анхан шатны шүүх хариуцагч Ц.А- надад хэргийн материал танилцуулаагүй бөгөөд намайг хууль эрх зүйн мэдлэггүй гэдгээр далимдуулан нэхэмжлэлийн хувийн гардаж авсан өдөр эрх үүрэг танилцуулсан, нэхэмжпэл гардаж авсан баримтанд гарын үсэг зуруулахдаа хэргийн материал танилцуулсан баримтанд огноо тавиулахгүйгээр гарын үсэг зуруулсан байсныг миний бие сүүлд шүүхийн шийдвэрийг гардан авсны дараа 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэргийн материалтай бүхэлд нь танилцахдаа мэдсэн. Учир нь миний бие уг хэрэг маргаантай холбоотойгоор тус шүүхэд 1 удаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гардан авах гэж л очсон байдаг. Ингэж шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авахад надад 2 хуудас Б.Б гэж хүний өгсөн нэхэмжлэлийг л өгсөн өөрөөр ямар нэгэн баримтыг харуулаагүй, би холбогдох бусад баримттай танилцаагүй. Үүний дараагаар шүүхэд гаргах хариу тайлбарыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүнээр дамжуулан мэдээлэл лавлагааны албанд хүлээлгэн өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараагаар миний бие тус шүүх рүү очоогүй бөгөөд шүүгчийн туслах мөн хэргийн материалтай танилцах талаар надад мэдэгдээгүй болно. Шүүхээс хэргийн материалтай танилцах талаар мэдэгдээгүйн улмаас энэхүү эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нотолгоо, нотлох баримттай танилцаагүй тул түүнтэй холбоотой буюу нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох холбогдох баримтыг гаргаж өгөх, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаснаас хойш хариуцагч надад хэргийн материал танилцуулах боломжоор хангаагүй, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох, өөрийн татгалзал, түүнтэй холбоотой тайлбараа илэрхийлж мэтгэлцэх эрхийг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-Т заасныг зөрчиж хэрэг хяан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.А-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 9.824.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-ос 5.777.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.046.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутанд хийхээр товлосон шүүгчийн захирамж гарчээ.

Захирамжинд шүүгчийн туслахад шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдэхийг үүрэг болгосон ч шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг үйлдээгүй, хэрэгт хавсаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2., 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-д заасныг тус тус зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Ц.А- нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирсэн ба түүнд тухайн өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтыг үйлдэж хэрэгт хавсаргажээ.

Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан хэрэг танилцуулсан баримт нь огноо засвартай, хэргийн оролцогч нарын танилцсан огноо байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасныг зөрчсөн, хариуцагч Ц.А-ыг хэргийн материалтай танилцсан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Ц.А-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 106.150 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 106.150 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б