Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00020

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00020

Баян-Өлгий аймаг

 

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, К овогт Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал А /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Б,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдуулан Мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие А нь Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар мөн оны өдрөөс Мэдээлэл зүйн багш болон IТ-ээр томилогдож ажиллаж байсан. Сургуулийн захирал буюу ажил олгогч тухайн үед надтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан.

1.2 Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авч 3 дугаар сарын 25-ны өдөр хүү С-ийг төрүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтын  хугацаа дуусаж ажилд орох гэж очиход орон тоо хасагдаж байна, илүү орон тоонд ажиллаж байгаа хүмүүсийг явуулж байгаа, чамд өнөө маргаашдаа өгөх ажил байхгүй, 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө ав гэхээр нь өргөдлөө бичиж өгч хүүхэд асрах чөлөө авсан.

1.3 Гэтэл 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилд ороход ажлын 15 хоногийн ээлжийн амралт олгосон. Ээлжийн амралтын хугацаа 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусаж ажилд орохоор очиход надад долоо хоногт 5 цагийн мэдээлэл зүй хичээлийн цаг өгсөн.Норм дүрэм ёсоор багш долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой.

1.4 Захирал надад одоогоор 5 цагийн хичээлээ зааж бай, цаашид орон тоо гарвал бүтэн цагаар ажиллуулна гэсэн. Би тэгэхээр нь та тэгвэл намайг цагийн багшаар томилсон тушаал гаргаж өг гэхэд одоогоор тушаал гаргах шаардлагагүй, одоогоор өмнөх тушаалтайгаа явж бай гэж тушаал гаргаж өгөөгүй. Үүнээс болж би үндсэн багшийн тушаалтай мөртлөө цагийн багшаар ажиллаж цалин хөлс хасагдаж эрх ашиг маань зөрчигдөж байна.

 

1.5 Би тэгэхээр нь эрх ашгаа хамгаалуулахаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ө аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 51 дугаартай тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ хооронд нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/102 тоот тушаалаар мэдээлэл, технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан тул А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулсугай гэж өөрчлөлт оруулсан. Тэгсэн мөрдлөө мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахгүй хохироосоор байна.

1.6 Миний хоёр дахь хүү А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн, одоо 1 нас 11 сартай, бага хүү С 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо 7 сартай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний орон тоог хэвээр хадгалах ёстой. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаа цуцлахыг хориглодог.                                                     

1.7 Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж цагийн багшаар томилсон шийдвэр гаргаагүй мөртлөө намайг бүтэн цагаар ажиллуулахгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захиралд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал А хариу тайлбартаа: Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал А би А-ийн шүүхэд гаргасан гомдлын дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Тус сургуулийн ажилтан А нь манай сургуульд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар IT /мэдээлэл технологи хариуцсан ажилтан болон мэдээлэл зүйн багш/-аар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023  оны  02 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авсан.

2.2 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар тушаалын дагуу томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалаар тус сургуулийн санхүүгийн уйл ажиллагаанд хяналт шинжилгээ дотоод аудит хийсэн ба дараах 11 орон тоо илүү болох нь тогтоогдсон.

Үүнд: сургалтын менежер 1, хүмүүжлийн эрхлэгч 1, мэдээлэл технологи хариуцсан ажилтан 1, хичээл зохицуулагч 1, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан 1, туслах номын санч 1, мужаан 1, үйлчлэгч 4 нийт 11 орон тоо нь батлагдсан орон тооноос илүү ажиллуулж 2023 оны 4 сарын байдлаар нийт 33,858,0 мянган төгрөг илүү зарцуулсан зөрчил илрүүлсэн байна. А-ийн ажиллаж байсан мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо нь батлагдаагүй, 2023 оны эхний 4 сарын байдлаар 4,020,520 төгрөгийн цалин тооцож, 502,565 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлсөн/ Дээрх зөрчлийг арилгуулахаар Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлагыг тус тус хүргүүлсэн учир А-ийг уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэгдэж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн.

2.3 Түүнээс өмнө Боловсролын ерөнхий газрын дарга Н, аймгийн Засаг дарга К нарт илүү орон тооны жирэмсэн, 0-3 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн 1 жилийн хугацаанд боломж олгох хүсэлт хүргүүлж байсан. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлага хүргүүлсэн тул дээрх нөхцөл байдал үүссэн. 10 дугаар сарын 02-ны өдөр учир байдлыг ойлгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээр тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1093 дугаар албан бичиг, Баян- Ө аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаар албан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өрийн Б/58 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах дараах саналыг ажил олгогчийн зүгээс дэвшүүлсэн. Үүнд:

1.Мэдээлэл технологийн ажилтны орон тоо хасагдсан тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мэдээлэл технологийн багшаар ажиллах,

2.Хэрэв сургуульд мэдээлэл технологийн багшийн ямар нэгэн орон тоо /цагийн, түр, үндсэн/ гарвал эхний ээлжид ажлын байраар хангана,

3.Хэрэв хүүхэд асрах чөлөө хүсвэл хүүхэд нь 3 нас хүртэл хууль журмын дагуу нийгмийн даатгалыг шимтгэлийг байгууллагаас төлнө гэсэн заалтуудыг санал болгосон боловч А тухайн саналаас татгалзсан болно.

2.4 Өөрөөр санал болгох ажил байгаагүй тул хичээлийн жилийн 1-р улиралд мэдээлэл технологийн багш нарт байсан илүү 3 цаг дээр 10-11 дүгээр ангийн сонгох ангийн 2 цагийг нэмж хичээлийн хуваарьт тусгаж өгсөн. 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 10 хоногийн чөлөө авсан мэдээлэл технологийн багш А-ийн оронд ажиллуулсан. Үүнээс хойш А нь хөрвөж сурч төгссөн математикийн багшийн дипломтой болохыг мэдсэн тул 10 дугаар ангийн математикийн сонгох ангийн 2 цагийг нэмж заахыг санал болгосон. Гэвч ахлах ангид математикийн хичээлийг зааж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хугацаанд бусад сургуулиудад /Б,  Ө сумын 2-р сургууль/ гарсан математикийн багшийн орон тоонд давхар ажиллаж орлогоо нэмэгдүүлж болох талаар мэдэгдэж байсан.

2.5 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан Математикийн багш Т.Гүлгайым, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан М нарын оронд тус бүр 5, 5 хоног цалинтай ажиллуулсан ба ажлын хөлсийг 11-р сард нэмж олгоно. Мөн 2-р улирлаас 7 дугаар ангийн математикийн 4 цагийг нэмж нийт 9 цагийг заахаар хичээлийн хуваарьт тусган ажиллуулж байна. 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж Ө сумын 2 дугаар сургуульд гарсан 14 цаг заах цагийн багшийн орон тоонд давхар ажиллаж байна. 2024 оны 9 дүгээр сард бүлгийн тоо нэмэгдэх учраас үндсэн багшийн 19 цагийг гүйцээн математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар ажиллуулах боломжтой бөгөөд А энэ хичээлийн жилийг дуустал манай сургууль болон Ө сумын 2 дугаар сургуульд давхар ажиллахыг зөвшөөрч, дээрх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч тохиролцоонд хүрсэн нөхцөлд цаашид хамтран ажиллахад бэлэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаал, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаал, А, С нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Ө аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл,  Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/130 дугаартай тушаал,  мөн өдрийн 27 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчийн цалингийн тооцоонууд,  А-ийн Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаал, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, тус сургуулийн 2023 оны 08-ны өдрийн 126 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлага, тус сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаар тушаал хавсралтын хамт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаал хавсралтын хамт, Ө аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаартай алан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч А-ийн Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Ө аймгийн Ө сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар мэдээлэл зүйн багш болон IT-ээр хичээл зохицуулагчаар ажилд томилогдож ажилласан. Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт болон амаржсаны амралт авч 3 дугаар сарын 25-ны өдөр хүү С-ийг төрүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилд орох гэж очиход орон тоо хасагдаж байна, илүү орон тоонд ажиллаж байгаа хүмүүсийг явуулж байгаа, чамд өнөө маргаашдаа өгөх ажил байхгүй, 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө ав гэхээр өргөдөл бичиж өгч чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөө дуусаж ажилд очиход 15 хоногийн ээлжийн амралт олгосон. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/102 дугаартай тушаалаар мэдээлэл, технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан тул А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулсугай гэж өөрчлөлт оруулсан мөртлөө мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахгүй хохироож байна. Иймд намайг мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд даалгаж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч А нь манай сургуульд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар мэдээлэл технологи хариуцсан ажилтан болон мэдээлэл зүйн багшаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авсан.  Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/227 тоот тушаалын дагуу томилогдсон ажлын хэсэг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалаар тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт дотоод аудит хийж 11  орон тоо нь батлагдсан орон тооноос илүү болох нь тогтоогдсон ба энэхүү 11 орон тоонд А-ийн ажиллаж байсан мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо багтаж байгаа тул түүнийг уг орон тоонд ажиллуулах боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр учир байдлыг ойлгуулж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр мэдээлэл зүйн багшаар авч ажиллуулахаар болсон.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1 Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар А-ийг мэдээлэл зүйн багш болон IT-ээр авч ажиллуулж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогч Ө аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал болон ажилтан А нар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

6.2 Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив, Ө аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаар албан шаардлаа, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагыг үндэслэн Мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан тул А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулж, А-тэй хийсэн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, А-ийн үндсэн цалинг ТҮБД-3 зэрэглэлээр сард 1273000 төгрөгөөр зохих журмын дагуу тооцож олгохоор тогтоосон байна. 

6.3 Ө аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/12 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар Ө сумын Лаборатори 3 дугаар сургуулийн 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 1. Жишиг нормативт заасан орон тоонд ажиллуулж, байгууллагын бүтэц орон тоог тогтоох, 2. Батлагдсан төсвийг төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулахыг тус тус шаардсан нь тогтоогдсон байна.

6.4 Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар Ө аймгийн Ө сумын 3 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хянал-шинжилгээ, дотоод аудит хийхэд зөрчил илэрч зөрчлийг арилгуулахаар 1. Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны А/024/11 дугаартай хамтарсан тушаалын хавсралт (Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн багшаас бусад , захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив)-ыг мөрдөж, цалин, нийгмийн даатгал, татварын өр төлбөр үүсгэхгүй ажиллахыг сургуулийн удирдлага, нягтлан бодогч нарт үүрэг болгосон байна.

6.5 Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай “Албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар сургуульд ажиллах ажил мэргэжлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг жагсаалаар нийт 19 төрлийн ажил албан тушаалд 126 хүн ажиллахаар баталсан байна.

6.7 Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаартай мэдээлэл технологи хариуцсан ажилтан А танаа гэж хаягласан албан бичигт “Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 1/1093 дугаар албан бичгийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээр тушаалаар баталсан  “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”, тухай Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагыг үндэслэн мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоонд цомхотгол хийгдэх болсныг мэдэгдэж байгаа талаар тусгагдсан байна.

6.7 Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар А-ийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус сургуулийн мэдээллийн технологийн цагийн багшийн орон тоонд түр хугацаагаар томилж, мөн өдөр ажил олгогч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал болон ажилтан А нар нь хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байна.

 

7.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахгүй байгаа гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1, 80.1.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаас үзэхэд  мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан тул А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулсан байна. Нэхэмжлэгч А-ийн хувьд мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлд маргаагүй байх ба мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн байна.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн эрх,  үүргийн талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэгт ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үндсэн үүрэгтэй гэж заажээ.

 

10.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаартай Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим алба тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын Хоёрдугаар зүйлд багшийн ажлын бүтцийн талаар тусгасан байх ба уг журмын 11-д  Сургуулийн багш долоо хоногт  34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил, 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь  хичээл заах цагт зориулагдана гэж зохицуулжээ.

11.Ажил олгогч буюу Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал нь ажилтан А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу тухайн ажлаар  хангаж хууль тогтоомжоор тогтоосон стандартыг хэрэгжүүлж ажиллуулах үүрэгтэй байна.

12.Нэхэмжлэгч А-ийг мэдээлэл технологийн цагийн багшаар ажиллуулж байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон цалин олгох хүснэгтээр тогтоогдож байна. Ө аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/130 дугаартай тушаалаар А-ийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус сургуулийн мэдээллийн технологийн цагийн багшийн орон тоонд түр хугацаагаар томилж, мөн өдөр ажил олгогч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал болон ажилтан А нар нь хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж байгаа байдлыг хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын хувьд хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны ажлаар хангах үндсэн үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлд хамааруулах боломжгүй байна.

 

13.Иймд А-ийг Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захиралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, , 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан А-ийг  Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захиралд даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК