Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2024/00018

 

Ө.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух К овогт Ө-ны А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал Б.А /-д холбогдох,

 

“Мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай”  иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Ө.А- нь Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар мөн оны өдрөөс Мэдээлэл зүйн багш болон IТ-ээр томилогдож ажиллаж байсан. Сургуулийн захирал буюу ажил олгогч тухайн үед надтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан.

1.2. Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авч 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.С-ыг төрүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж ажилд орох гэж очиход орон тоо хасагдаж байна, илүү орон тоонд ажиллаж байгаа хүмүүсийг явуулж байгаа, чамд өнөө маргаашдаа өгөх ажил байхгүй, 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө ав гэхээр нь өргөдлөө бичиж өгч хүүхэд асрах чөлөө авсан.

1.3. Гэтэл 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилд ороход ажлын 15 хоногийн ээлжийн амралт олгосон. Ээлжийн амралтын хугацаа 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусаж ажилд орохоор очиход надад долоо хоногт 5 цагийн мэдээлэл зүй хичээлийн цаг өгсөн.Норм дүрэм ёсоор багш долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой.

1.4. Захирал надад одоогоор 5 цагийн хичээлээ зааж бай, цаашид орон тоо гарвал бүтэн цагаар ажиллуулна гэсэн. Би тэгэхээр нь та тэгвэл намайг цагийн багшаар томилсон тушаал гаргаж өг гэхэд одоогоор тушаал гаргах шаардлагагүй, одоогоор өмнөх тушаалтайгаа явж бай гэж тушаал гаргаж өгөөгүй. Үүнээс болж би үндсэн багшийн тушаалтай атлаа цагийн багшаар ажиллаж цалин хөлс хасагдаж эрх ашиг маань зөрчигдөж байна.

1.5. Би тэгэхээр нь эрх ашгаа хамгаалуулахаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 51 дугаартай тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ хооронд нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/102 тоот тушаалаар мэдээлэл, технологи хариуцсан ажилтны орон тоо хасагдсан тул Ө.А-ийг мэдээлэл технологийн багшаар ажиллуулсугай гэж өөрчлөлт оруулсан. Тэгсэн атлаа мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахгүй хохироосоор байна.

1.6. Миний хоёр дахь хүү Т.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн, одоо 1 нас 11 сартай, бага хүү Т.С- 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо 7 сартай байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний орон тоог хэвээр хадгалах ёстой. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаа цуцлахыг хориглодог.

1.7. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж цагийн багшаар томилсон шийдвэр гаргаагүй атлаа намайг бүтэн цагаар ажиллуулахгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж мэдээлэл технологийн багшийн бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захиралд даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус сургуулийн ажилтан Ө.А- нь манай сургуульд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар IT /мэдээлэл технологи хариуцсан ажилтан болон мэдээлэл зүйн багш/-аар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авсан.

2.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар тушаалын дагуу томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар тус сургуулийн санхүүгийн уйл ажиллагаанд хяналт шинжилгээ дотоод аудит хийсэн ба дараах 11 орон тоо илүү болох нь тогтоогдсон. Үүнд: сургалтын менежер 1, хүмүүжлийн эрхлэгч 1, мэдээлэл технологи хариуцсан ажилтан 1, хичээл зохицуулагч 1, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан 1, туслах номын санч 1, мужаан 1, үйлчлэгч 4 нийт 11 орон тоо нь батлагдсан орон тооноос илүү ажиллуулж 2023 оны 4 сарын байдлаар нийт 33,858,0 мянган төгрөг илүү зарцуулсан зөрчил илрүүлсэн байна. /Ө.А-ийн ажиллаж байсан мэдээлэл технологи хариуцсан ажилтны орон тоо нь батлагдаагүй, 2023 оны эхний 4 сарын байдлаар 4,020,520 төгрөгийн цалин тооцож, 502,565 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлсөн/ Дээрх зөрчлийг арилгуулахаар Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлагыг тус тус хүргүүлсэн учир Ө.А-ийг уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэгдэж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн.

2.3. Түүнээс өмнө Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга А.Камелият нарт илүү орон тооны жирэмсэн, 0-3 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн 1 жилийн хугацаанд боломж олгох хүсэлт хүргүүлж байсан. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлага хүргүүлсэн тул дээрх нөхцөл байдал үүссэн. 10 дугаар сарын 02-ны өдөр учир байдлыг ойлгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээр тушаалаар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1093 дугаар албан бичиг, Баян- Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаар албан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өрийн Б/58 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах дараах саналыг ажил олгогчийн зүгээс дэвшүүлсэн. Үүнд:

-Мэдээлэл технологийн ажилтны орон тоо хасагдсан тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мэдээлэл технологийн багшаар ажиллах,

-Хэрэв сургуульд мэдээлэл технологийн багшийн ямар нэгэн орон тоо /цагийн, түр, үндсэн/ гарвал эхний ээлжид ажлын байраар хангана,

-Хэрэв хүүхэд асрах чөлөө хүсвэл хүүхэд нь 3 нас хүртэл хууль журмын дагуу нийгмийн даатгалыг шимтгэлийг байгууллагаас төлнө гэсэн заалтуудыг санал болгосон боловч Ө.А- тухайн саналаас татгалзсан болно.

2.4. Өөрөөр санал болгох ажил байгаагүй тул хичээлийн жилийн 1-р улиралд мэдээлэл технологийн багш нарт байсан илүү 3 цаг дээр 10-11 дүгээр ангийн сонгох ангийн 2 цагийг нэмж хичээлийн хуваарьт тусгаж өгсөн. 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 10 хоногийн чөлөө авсан мэдээлэл технологийн багш Б.А-ын оронд ажиллуулсан. Үүнээс хойш Ө.А- нь хөрвөж сурч төгссөн математикийн багшийн дипломтой болохыг мэдсэн тул 10 дугаар ангийн математикийн сонгох ангийн 2 цагийг нэмж заахыг санал болгосон. Гэвч ахлах ангид математикийн хичээлийг зааж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хугацаанд бусад сургуулиудад /Бастама, Өлгий сумын 2-р сургууль/ гарсан математикийн багшийн орон тоонд давхар ажиллаж орлогоо нэмэгдүүлж болох талаар мэдэгдэж байсан.

2.5. 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн цалингүй чөлөө авсан Математикийн багш Т.Г, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан М.М нарын оронд тус бүр 5, 5 хоног цалинтай ажиллуулсан ба ажлын хөлсийг 11-р сард нэмж олгоно. Мөн 2-р улирлаас 7 дугаар ангийн математикийн 4 цагийг нэмж нийт 9 цагийг заахаар хичээлийн хуваарьт тусган ажиллуулж байна. 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж Өлгий сумын 2 дугаар сургуульд гарсан 14 цаг заах цагийн багшийн орон тоонд давхар ажиллаж байна. 2024 оны 9 дүгээр сард бүлгийн тоо нэмэгдэх учраас үндсэн багшийн 19 цагийг гүйцээн математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар ажиллуулах боломжтой бөгөөд Ө.А- энэ хичээлийн жилийг дуустал манай сургууль болон Өлгий сумын 2 дугаар сургуульд давхар ажиллахыг зөвшөөрч, дээрх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч тохиролцоонд хүрсэн нөхцөлд цаашид хамтран ажиллахад бэлэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00020 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.А-ийг Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захиралд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Ө.А-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тус сургуульд мэдээлэл технологийн багшийн заах бүтэн цагийн хичээл байхгүй байхад түүний байгаа мэтээр бүтэн цагаар ажиллуулахыг ажил олгогчид даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Одоогоор Ө.А- нь Өлгий сумын 2 ба 3 дугаар сургуульд 19 цагийн хичээл зааж байгаа нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл шүүхээс ажил олгогчийн бүрэн эрхэд халдаж мэдээлэл технологийн хичээлийн бүтэн цагийн хичээл заах боломжгүй байсан нөхцөл байдлыг мэтсээр байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, ажил олгогчид даалгах шийдвэр гаргаж байгаа явдалд гомдолтой байна.

4.2. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130\ШШ2024\00020 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ө.А-ийн Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мэдээлэл технологийн үндсэн багшаар ажиллуулж байгаа. Тэгсэн атлаа 7 хоногт 5 цаг хичээл заалгаж, холбогдох журмыг зөрчиж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны журамд зааснаар стандартын дагуу 7 хоногт 34 цагийн хичээл, үүний 19 нь хичээл заах стандарт байгаа. Тухайн стандартад зааснаар ажлын байраар хангахгүй байгаа учраас гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. 

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэлтэй тогтоосон, уг маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

            7. Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдуулж “мэдээлэл зүйн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож өгнө үү” гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус сургуулийн мэдээлэл зүйн багш болон сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтнээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсан, 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.С- төрсөн. 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт дуусаж ажилдаа орохоор очиход, орон тоо хасагдсан, чамд өнөө маргаашдаа өгөх ажил байхгүй, 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө ав гэхээр нь хүүхэд асрах чөлөө авсан. 9 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөний хугацаа дуусаад ажилдаа очиход 15 хоногийн ээлжийн амралт олгосон. Ээлжийн амралтын хугацаа дуусаж 9 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орохоор очиход 5 цагийн мэдээлэл зүйн хичээлийн цаг өгсөн, дүрэм ёсоор багш долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой. Би үндсэн багшийн тушаалтай атлаа цагийн багшаар ажиллаж, цалин хөлс багасаж эрх ашиг маань зөрчигдөж байна” гэж тайлбарлажээ.

 

            8. Хариуцагч ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “эрх бүхий дээд шатны байгууллагын шаардлагаар Ө.А-ийг орон тоо нь байхгүй учир мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй болж 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Ингээд 2021 оны б/58 дугаар Ө.А-ийг мэдээлэл зүйн багш болон мэдээллийн технологийн мэргэжилтний ажилд томилсон тушаалд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, түүнтэй байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр хөдөлмөрийн гэрээнд:

  • Мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоо хасагдсан тул 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мэдээлэл технологийн багшаар ажиллах,
  • Хэрэв сургуульд мэдээлэл технологийн багшийн ямар нэгэн орон тоо гарвал /цагийн, түр, үндсэн/ эхний ээлжид ажлын байраар хангана,
  • Хэрэв хүүхэд асрах чөлөө хүсвэл хүүхэд нь 3 нас хүртэл хууль журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлнө гэсэн заалтуудыг ажилтанд санал болгосон боловч тухайн саналаас татгалзсан болно.

2023 оны 10 дугаар сарын 30-аас цалингүй чөлөө авсан Математикийн багш Т.Г, архив бичиг хэрэг хариуцсан ажилтан М.М нарын оронд тус бүр 5, 5 хоног цалинтай ажиллуулсан ба ажлын хөлсийг 11 дүгээр сард нэмж олгоно. Мөн 2 дугаар улирлаас 7 дугаар ангийн математикийн 4 цагийг нэмж, нийт 9 цагийг заахаар хичээлийн хуваарьт тусган ажиллуулж байна. 2024 оны 9 дүгээр сард бүлгийн тоо нэмэгдэх учраас үндсэн багшийн 19 цагийг гүйцээн математик, мэдээлэл зүй үндсэн багшаар ажиллуулах боломжтой” гэжээ.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, тус сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Ө.А-ийг мэдээлэл зүйн багш болон сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтнээр томилж ажиллуулан 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр түүнтэй мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоо хасагдсан тул Ө.А-ийг мэдээлэл зүйн багшаар авч ажиллуулж, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дурдаж, ажилтны үндсэн цалинг ТҮБД-3 зэрэглэлээр сарын 1.273.000 төгрөгөөр тогтоосон байна.

 

10. Ажил олгогчоос ажилтан Ө.А-д сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар албан бичгээр сургуулийн орон тооны бүрэлдэхүүнээс мэдээлэл технологи хариуцсан ажилтны ажлын байр хасагдаж үгүй болсон талаар мэдэгдэж, захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаалд тус орон тоо хасагдсан талаар дурдаж, өмнө нь мэдээлэл зүйн багш болон мэдээлэл технологийн мэргэжилтний ажлыг зэрэгцүүлэн хийж байсан О.А-ийг мэдээлэл зүйн багшаар томилж, түүнд өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх талаар санал болгосон бөгөөд ажилтан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоо хасагдсан талаар гомдол гараагүй тул хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцэхийг тэмдэглэж байна.

 

11. Ажилтан Ө.А-ийн мэдээлэл зүйн багшийн ажлаар бүтэн цагаар ажиллуулахыг шаардсан гомдол үндэслэлтэй. Ажил олгогч сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар ажилтныг Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшаар томилсон атлаа түүнтэй уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй, ажилтныг тухайн сургуулийн мэдээллийн технологийн багшаар томилсон атлаа өмнөх хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажил олгогчийн саналд “хэрэв сургуульд мэдээлэл технологийн багшийн орон тоо /цагийн, түр, үндсэн/ гарсан тохиолдолд эхний ээлжид ажлын байраар хангана” гэж тэмдэглэснийг ажилтан хүлээн зөвшөөрөөгүй буюу хөдөлмөрийн гэрээг уг нөхцөлөөр үргэлжлүүлэхээс татгалзсан нь ажил олгогчийн ажилтныг ажилд томилох тухай 2023 оны Б/102 дугаар шийдвэрт үндэслэгдсэн байна.

 

            12. Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдээлэл технологийн мэргэжилтний ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тухайн орон тоо хасагдсан талаарх ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гарч, энэ талаар ажилтан маргаагүй хүлээн зөвшөөрснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтаар дуусгавар болсон ба ажил олгогчоос ажилтныг мэдээлэл зүйн багшаар томилсны дараа түүнийг тодорхой хугацаанд цагийн багшаар ажиллуулж ажил үүргийг нь гүйцэтгүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул, сургуулийн захиргаанаас ажилтан Ө.А-тэй мэдээлэл зүйн багшийн орон тоонд хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамаараад талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт нийцэх юм.

 

13. Нэгэнт ажил олгогчийн шийдвэр гарч, ажилтныг ажилд томилсон буюу ажилтан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор тодорхой ажил үүргийг буюу сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажлыг ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх, үүрэг үүссэнд тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь заалтаар ажил олгогч нь ажилтныг ажлын байраар хангах, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүрэгтэй. Нөгөө талаар, ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтаар гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, энэ талаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд ажилтан Ө.А- нь тухайн сургуульд мэдээлэл зүйн багш болон мэдээллийн технологийн мэргэжилтний ажил үүргийг зэрэгцүүлэн гүйцэтгэж байгаад мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоо хасагдсаны улмаас сургуулийн захирлын тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдсон, ажил олгогчоос хууль тогтоомжид зааснаар тухайн багшийн сарын үндсэн цалин хөлсийг тогтоосон атлаа долоо хоногт заах хичээлийн цаг хүрэлцээгүй гэх шалтгаанаар цагийн багшаар ажиллуулснаар ажил олгогчийн шийдвэрээр тогтоосон хэмжээнээс доогуур цалин хөлс авах зэргээр эрх нь зөрчигдсөнийг зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд хангалттай нотолсон байна.

 

14. Иймээс талуудын хооронд ажилтан Ө.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллах талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, тухайн орон тоонд хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй боловч ажилтанд ажил үүргийг гүйцэтгүүлж байгаа зэргийг харгалзаж, талуудын хооронд нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн нь ажил олгогчийн шийдвэр болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул ажил олгогч нь ажилтныг ажилд томилсон тушаал шийдвэрт заасан ажил үүргийг гүйцэтгүүлэх нөхцөл боломжоор хангах, тогтоосон цалин хөлсийг олгох үүрэгтэй тул мэдээлэл зүйн багш Ө.А-ийн ажил олгогч сургуулийн захиргаанд холбогдуулж гаргасан “мэдээлэл зүйн багшаар бүтэн цагаар ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгох” тухай гомдлыг хангаж  шийдвэрлэсэн анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

15. Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзсэн учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан холбогдох үүргийг биелүүлэх талаар дурдсанаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тухай тушаалаар баталсан "Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох,багш албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын холбогдох заалтыг баримталж, ажил олгогчийн шийдвэрээр тус сургуулийн мэдээлэл зүйн багшаар томилогдсон нэхэмжлэгч Ө.А-ийг тушаал шийдвэрт заасан ажлын байраар хангах, тогтоосон стандартын дагуу ажиллуулахыг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

16. Ажилтан Ө.А- нь цагийн багшаар ажиллах хугацаандаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуульд мэдээлэл зүйн цагийн багшийн орон тоонд түр хугацаагаар ажиллаж, цалин хөлс авч байсан нь түүний дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК