Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00945

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2023/00945

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт  Х.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал Н/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай “Р-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н, түүний өмгөөлөгч З,

Гэрч Б, Л, А, Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р нь хариуцагч Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын  Ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай “Рд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерын багш, тэнхимийн эрхлэгч, НТОНХАлбаны дарга, дэд захирал, сургалтын албаны менежерийн үүрэгт ажлуудыг тасралтгүй 23 жил үр бүтээлтэй гүйцэтгэн ажиллаж ирлээ.

1.2 Одоогоор сургалтын албаны менежерийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажилласан хугацаанд хариуцсан ажилдаа эзэн болж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэн сургалтын бүхий үйл ажиллагааг хэвийн явуулж, багш нарын өдөр тутмын хичээлийн бэлтгэл, цаг ашиглалт, дадлагын хичээлийн үйл явц, үйлдвэр сургалтын хичээлийн хяналт, цаг хуваарилалт, хичээлийн хуваарь гэх мэт өөрийн үүрэгт ажлаа хэвийн явуулж ирлээ.

1.3 Гэтэл тус төвийн захирал Н нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалаар “Тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материал”-ыг шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил гаргасан хэмээн сахилгын шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна.

1.4 Ажил олгогчоос намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч зөрчлийг тогтоогоогүй, гаргасан гэх зөрчилд холбогдуулан надаас тайлбар аваагүй шууд хариуцлага хүлээлгэсэн. Ажлын хэсгийн гишүүд бүгд танилцаж дүгнэлт гаргасан ба өөрсдөө гарын үсэг зурсан. Би уг дүгнэлтийг ганцаараа өөрчилж чадахгүй юм. Дүгнэлт гаргах явцад ажлын хэсгээс техникийн шинжтэй алдаа гарсныг бүгдээрээ засварлаж гаргасан.

1.5 Бүх ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог нэгтгэн Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд явуулсан. Багш нарын оноотой холбоотой нийтийн хоолны тогооч багш мэргэжилтэй Б багш гомдол гаргасан байдаг. Excel программ дээр 0,5 оноо байвал тухайн оноогоор өгч 0,5 оноогоос дээш гарвал 1 оноогоор тооцож нэмж өгдөг. Гарсан зөрчлийг хянаж дахиж явуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноогоор зэрэг дэвийн нэмэгдэл өгөхгүй. Дээд шатны байгууллагаас багш нарын явуулсан материалыг шалгаж байгаад оноо өгдөг. Энэхүү асуудлаас болж хохирсон хүн байхгүй. Харин гомдол гаргасан Б багшид тэргүүлэх зэрэг дэв олгогдсон.

1.6 Ажлын хэсгийн ахлагчаар ганц би ажиллаж багш нарт оноо өгөөгүй. Ажлын хэсгийн гишүүдийн нэрийн өмнөөс би ганцаараа хариуцлага хүлээж байгаад гомдолтой байна. Хувийн өш хонзонгоор хариуцагч байгууллагын төлөөлөгч ганц надад хариуцлага хүлээлгэсэн байх. Хариуцагч Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирал Н нь өмнө нь надад сахилгын шийтгэл ногдуулсан ба тухайн үед шүүхэд хандсан. 2023 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 130/ШШ2023/00429 дугаартай шийдвэрээр Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захирал Н нь цаашид сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/139 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг өөрөө хүчингүй болгохоор эвлэрсэн.

1.7 Урьд нь 8 захиралтай хамтарч ажилласан. Тухайн үед миний ажил сайн үнэлгээтэй үнэлэгдэж сарын цалингаар шагнагдаж байсан. Н захирал миний ажлыг яагаад муу үнэлж байгааг ойлгохгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байна. Багш нарт зэрэг дэв олгох нь миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ хууль журмын дагуу сайн гүйцэтгэж байгаа. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн маань шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

1.8 Урьдчилан шийдвэрлүүлэхээр Ө аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан ба Ө аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар тэмдэглэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлж ав хэмээн шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авч хуулийн хугацаандаа гомдлоо гаргаж байна. Иймд Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2.1 Миний бие Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2 дахь жилдээ захирлаар ажиллаж байна. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлын хэсэг байгуулж тэргүүлэх зэрэг олгох багш нарыг үнэн бодитоор шалгаруулаарай гэж үүрэг даалгаврыг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж багш нарын хийж бүтээсэн бүтээл, үйл ажиллагааг шалгаруулж Улаанбаатар хотод сургалтын менежер нэгтгэл дүнгээ явуулдаг.

2.2 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийтийн хоолны багш Б гомдол гаргасан. Тус гомдолд “... ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тэргүүлэх зэрэг шинээр авах буюу сунгуулах тайлан хамгаалсан. Миний бие шинээр зэрэг дэв авах шалгалтад орсон. Нийт 10 багшаас 89 оноогоор 2 дугаар байранд орсон. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад 10 багшийн нэр орсон ба миний оноо буурж 88 оноо болсон байна. Хурлын тэмдэглэл дээр байгаа оноо зөрж байгаа тул гомдолтой байна. Та энэхүү гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэснээр 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг миний бие бүхэлд нь өрөөнд дуудаж энэхүү зөрчлийн талаар асууж тодруулсан. Ажлын хэсэгт орсон Боловсрол шинжлэх ухааны яамны газрын мэргэжилтэн ирээгүй. Ажлын хэсгийн ахлагч Р, дотоод чанар баталгаажилт статистик хариуцсан мэргэжилтэн Б, Ж, Л, нарийн бичиг А нар тус хуралд оролцсон. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүх багш нарын материалыг шалгаж Улаанбаатар хот руу явуулахдаа техникийн алдаа гарсан гэж хэлсэн. Энэ талаар нэхэмжлэгч тайлбар дээр дурдсан. Техникийн алдаа гарч болно. Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын тэргүүлэх зэргийг зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад 7 зүйл бүхий шалгуураар шалгасан материалыг шалгаж оноог дахиж нэмж үзсэн. Багш нарын дүнг нэмж үзэхэд Б багшаас 1 оноо хасагдаж бусад 4 багшид дүн нэмэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг шалгалтын комисст орсон хүмүүс хүлээн зөвшөөрсөн. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нарийн бичиг хөтөлсөн.

2.3 Ажлын хэсгийн гишүүд багш нарт өгсөн оноог баталгаажуулж гарын үсэг зурсан ба сургалтын менежер ажилтай Р нь дур мэдэн өөрөө багш нарын оноог өөрчилснийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хурлын тэмдэглэлийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэхээс илүүтэй олон багш нарын эрх ашиг удаа дараа зөрчигдөж байгаа. Хувь хүний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн өш хонзон санаасан асуудал байхгүй. Б багшийн гомдолтой холбоотой мөн бусад багш нар удаа дараа гомдол гаргасан, нэхэмжлэгч зөрчил гаргасан тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ба тус сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэхэмжлэгчид сануулж хэлсэн. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Тус ажлын хэсгийн ахлагч сургалтын менежер байсан. Ажлын хэсгийн ахлагч багш нарын дүнг нэгтгэж яамд илгээсэн тул нэхэмжлэгчээс арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Ө аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай хуралдааны тэмдэглэл, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаал, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын Тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш  нарын дүнгийн жагсаалт /шалгуур үзүүлэлт бүрээр/, мөн тус төвийн Мэргэжлийн зэрэг олгох сургуулийн ажлын хэсгийн дүнгийн нэгтгэл 3/27/2023, Н-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ры иргэний үнэмлэхийн лавлагаа,  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А/277 дугаар тушаал 1, 2-р хавсралтын хамт, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн багш нарын хурлын тэмдэглэл зэргийг,

Хариуцагчаас Э-тэй байгуулсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын Тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан дүнгийн жагсаалт, Б-аас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Тэргүүлэх багш” зэргийг шинээр авах буюу сунгуулах багш нарын хурлын тэмдэглэл,  Нийтийн хоолны тогооч мэргэжлийн багш Б гаргасан гомдолтой холбоотой хурлын тэмдэглэл, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Тэргүүлэх багш” зэргийг шинээр авах буюу сунгуулах багш нарын хурлын тэмдэглэл, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/11 дүгээр тушаал, Ө аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 дугаар тушаал, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн  дотоод журам, 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/2718 дугаар албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаар тушаал хавсралтын хамт, Б, З.Б, Ж, Л, А нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч  Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай “Рд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б/42 дугаартай тушаалаар тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материалыг  шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил гаргасан хэмээн сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч байна. Ажил олгогчоос намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч зөрчлийг тогтоогоогүй, гаргасан гэх зөрчилд холбогдуулан надаас тайлбар аваагүй шууд хариуцлага хүлээлгэсэн. Ажлын хэсгийн гишүүд бүгд танилцаж дүгнэлт гаргасан ба өөрсдөө гарын үсэг зурсан. Дүгнэлт гаргах явцад ажлын хэсгээс техникийн шинжтэй алдаа гарсныг бүгдээрээ засварлаж гаргасан. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаж багш нарын хийж бүтээсэн бүтээл, үйл ажиллагааг шалгаруулж Улаанбаатар хотод сургалтын менежер нэгтгэл дүнгээ явуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийтийн хоолны багш З.Баас 89 оноо авсан байхад тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад миний оноо 88 оноо болсон байна гэж гомдол гаргасны дагуу ажлын хэсгийн гишүүдийг дуудаж энэ талаар асууж тодруулж оноог дахиж нэмж үзэхэд Б багшаас 1 оноо хасагдаж бусад 4 багшид дүн нэмэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг шалгалтын комисст орсон хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэхээс илүүтэй олон багш нарын эрх ашиг удаа дараа зөрчигдөж байгаа, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Тус ажлын хэсгийн ахлагч сургалтын менежер байсан ба ажлын хэсгийн ахлагч багш нарын дүнг нэгтгэж яамд илгээсэн тул нэхэмжлэгчээс арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.1.4, 3.2.1, 8.1, 8.2, 8.2.1-д заасныг үндэслэн сургалтын албаны менежер Р нь тус төвийн “Тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материал”-ыг шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил гаргасан тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7.2 Ө аймаг дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/11 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийн бүрэлдэхүүний байгуулсан ба уг бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн ахлагчаар Р (сургалтын албаны менежер) , гишүүдэд С (Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн), Б (Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан), Ж(Тэргүүлэх багш), Л (тэргүүлэх багш ) нар байхаар байгуулсан байна.

7.3 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ө аймаг дахь МСҮТ-ийн багш нарын Тэргүүлэх зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалт /шалгуур үзүүлэлт бүрээр/-аар тус сургуулийн нэр бүхий 10 багшийн ерөнхий болон тусгай шалгуурын оноог нэгтгэж ерөнхий дүнг гаргасан ба уг жагсаалтад комиссын дарга болон гишүүд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.

7.4 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжлийн зэрэг олгох сургуулийн ажлын хэсгийн дүнгийн нэгтгэлээр нэр бүхий 10 багшид ажлын хэсгийн гишүүдийн тус тус өгсөн оноог тусгаж нийлбэр оноог гарган, багш тус бүрийн дундаж оноог гаргасан байх ба уг дүнгийн нэгтгэлд сургалтын менежер Р, ДЧБСМХАжилтан Б, Оёдлын мэргэжлийн багш Ж, компьютерын мэргэжлийн багш Л нар гарын үсэг зурж тамга дарсан байна.

7.5 Ө аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захиралд тус сургуулийн багш Б-аас “2023 оны 03 дугаар сарын 27-нд тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад миний оноог бууруулж 88 болгосон байх тул зөрчлийг арилгаж, комиссоос арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байх ба 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 31 минутаас эхлэн Тэргүүлэх багш зэрэг авахаар материал өгсөн багш нарын материалыг хянан шалгах ажлын комисстой хамт захирлын өрөөнд хурал хийсэн байх ба уг хурлаар Тэргүүлэх багш зэрэгт материал өгсөн Нийтийн хоолны тогооч мэргэжлийн багш Б-ийн гаргасан гомдлын тухай хэлэлцжээ.

7.6 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тэргүүлэх багш зэргийг шинээр авах буюу сунгуулах багш нарын хурлаар “Тэргүүлэх баш” зэргийг шинээр авах болон сунгуулах багш нарын тайлан хамгаалалтыг хэлэлцэж БӨМ-ийн багш Х өөрийн хүсэлтийн дагуу татгалзсаныг дурдаж, тэнцсэн 9 багшийн материалыг журмын дагуу Боловсролын Ерөнхий газарт хугацаанаас нь өмнө pdf файл буюу цахимаар хүргүүлэхийг ажлын комисст үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

7.7 Гэрч Б-ээс “ Тухайн сургуулийн захирлын тушаалаар Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тэргүүлэх зэрэг авахаар санал ирүүлсэн багш нарын материалыг үнэлж, шалгуур хангах эсэхийг тогтоохоор комисс байгуулагдсан ба ажлын хэсгийн гишүүнээр миний бие ажилласан ба багш нарын өгсөн материалтай тулгуурлан ажлын хэсгийн гишүүд өөр өөрийнхөө үзэмжээр багш нарт оноо өгсөн. Тухайн өдрийн хурал дээр ажлын хэсгийн гишүүд оноо нэгтгэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Маргааш нь сургалтын албаны менежер манай өрөөнд орж ирээд өчигдрийн ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог нэгтгэж хүснэгтэд оруулж яамд яаралтай илгээх хэрэгтэй байна, гарын үсэг зураад өгөөрэй гэж хэлснээр хамт ажиллаж байсан хүний хувьд итгэж гарын үсгээ зурсан. Тухайн үед нэхэмжлэгчээс өчигдрийн өгсөн оноотой холбоотой ямар нэгэн онооны зөрүү байхгүй юу гэж асуухад нэхэмжлэгч Р байхгүй гэдгийг хэлсэн. Тэргүүлэх зэрэг авахаар материал өгсөн багш нар, ажлын хэсгийн гишүүдийн дунд групп чат нээсэн байсан. Тухайн групп чатад Б багш ажлын хэсгийн багш нарын өгсөн оноо, сургалтын албаны менежер Р-ийн гарын үсэгтэй баримтын хавсралтыг тавьж би 89 оноо авсан байхад яагаад 88 оноо болсон бэ гэж асуулт тавьсан байсан. Б багшийн гомдолтой холбоотой захирлын өрөөнд ажлын хэсгийн гишүүд хуралдаж багш нарт өгсөн оноог дахин шалгах үед онооны зөрүү гарсан болох нь тодорхой болсон. И багшид 4-5 оноо нэмэгдсэн асуудал гарсан. Дараа нь ажлын хэсгийн гишүүдийн тавьсан оноогоор багш нарын оноо бодогдож зөрчлийг арилгасан” гэж,

гэрч З.Баас “2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн зүгээс ажлын хэсэг байгуулж бид нарын материалыг шалгасан. Ажлын хэсгээс дүгнэлт хийж багш нарт өгсөн оноог танилцуулсан. Өмнөх жилүүдэд сургалтын байгууллага хавтсаар багш нарын материалыг явуулдаг байсан. Энэ жил pdf файлаар багш нар өөр өөрсдөө явуулахаар болсон. Тухайн материалтай хамт сургуулиас авсан дүнг хавсарган явуулах ёстой байсан. Групп шатанд нэхэмжлэгчийн явуулсан дүн нь өмнөх дүнгээс зөрүүтэй байсан. Зарим багш нарын дүн нэмэгдэж миний дүн хасагдсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар хэлээгүй. Нэхэмжлэгч Р-аас миний дүн яагаад хасагдсан бэ гэж асуухад тайлбарлаж өгөөгүй групп чатад миний дүн зөрүүтэй байгаа гэж хэлэхэд тайлбар өгөөгүй тул сургуулийн захиралд гомдол гаргасан” гэж,

гэрч Ж-аас “2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсгийн гишүүд захирлын өрөөнд очсон. Тухайн үед Б багш байсан. Зарим багш нарын оноо зөрүүтэй байсан нь үнэн. Сургалтын албаны зүгээс багш нарын онооны зөрүүтэй холбоотой тайлбар хийсэн. Багш нарын оноог excel программд оруулж тооцохдоо бутархай тоо гарсан ба 0,5 дээш байвал оноо нэмэгдэж 0,5 доош байвал оноо нь хасагдана гэж тайлбарласан. Ажлын хэсгийн гишүүдийн оноо 89 байсан. Сургалтын албаны тавьсан оноо 88 байсан. Сургалтын албанаас энэхүү асуудлын талаар тайлбар гаргасан. Эхний оноог ажлын хэсгийн гишүүд гаргасан. Ажлын хэсгийн гишүүдийн тавьсан оноог нэгтгэж бичгээр сургалтын албанд өгсөн. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь Б багшийн гомдлыг хэлэлцэх хурал болсон” гэж,

Л-аас “Ажлын хэсгийн гишүүд багш нарт өгөх оноогоо гаргасан. Тухайн оноог нэгтгэх ажлыг сургалтын менежер, Б хоёр хийсэн. Дараа нь сургалтын менежер тус оноог компьютерт шивж оруулсан байна. Зарим багш нарын оноо зөрүүтэй гарсан. Excel программ нь 0,5 дээш байвал оноо нэмэгдэж 0,5 доош байвал оноо нь хасагдсан тул онооны зөрүү гарсан гэж тайлбарласан. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурал дээр хэдэн багшийн оноо нэмэгдэж хэдэн багшийн оноо хасагдсан талаар санахгүй байна. Миний хувьд Б багшид 94 оноо өгсөн байна” гэж,

гэрч А-ээс “2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлын хэсгийн гишүүдийн хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн. Ажлын хэсгийн гишүүд багш бүрт оноо өгч хурлын сүүлд танилцуулж гарын үсгээ зурсан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн. Б багшийн гомдлын дагуу ажлын хэсгийн гишүүдийн багш нарт өгсөн оноог нэг бүрчлэн дахин тооцсон. Тухайн үед Б багшийн оноо 1,5 оноогоор хасагдсан байсан. 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ажлын хэсгийн гишүүдийн хуралдаанаар гаргасан оноотой холбоотой 4 багшийн оноо нэмэгдэж зөрүүтэй гарсан. Б багшийн гомдлын дагуу хурал болсон ба ажлын хэсгийн гишүүд багш нарын оноог тооцоолсон” гэж тус тус мэдүүлжээ.

 

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Хууль зүйн үндэслэлийн талаар:  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2 дахь хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.1 дэх хэсэгт “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” гэж тус тус заасан байна. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

10.Ажил олгогчоос нэхэмжлэгч  Р-д ““Тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материал”-ыг шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил” гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 4/127 дугаартай тушаалаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журамд зааснаар  Сургалтын байгууллага нь “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт, багш нарын нэрсийг нотлох материалын хамт жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор Мэргэжлийн боловсрол сургалтын Үнэлгээ, мэдээлэл, арга зүйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ гэж заажээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэхээр хоёр баримт байх ба үүнд  1. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ө аймаг дахь МСҮТ-ийн багш нарын Тэргүүлэх зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалт /шалгуур үзүүлэлт бүрээр/, 2. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжлийн зэрэг олгох сургуулийн ажлын хэсгийн дүнгийн нэгтгэл гэх баримтууд хамаарахаар байна. Дээрх хоёр төрлийн дүгнэлтийг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч болон гишүүд гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч буюу нэхэмжлэгч Р дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил аргасан гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн дүгнэлтийг ажлын хэсэг хамтын зарчмаар гаргасан байна гэж үзэхээр байна. Дээрх бичгийн нотлох баримтууд нь шууд нотлох баримтууд бөгөөд тухайн ажлын хэсгийн зарим гишүүдийн “хамт ажиллаж байсан хүнд итгэж зөрүү байхгүй гэж ойлгож гарын үсэг зурсан гэх” гэрчийн мэдүүлэг нь тухайн баримтыг няцаах үндэслэл болохгүй болно.

11.“Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг  Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын төвийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсэг хамтын зарчмаар гаргасан байхад ажил олгогчоос тухайн ажлын хэсгийн ахлагч Р-д сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэлээ.

12.Мөн нэхэмжлэгч Р-д ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн  123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ заасан байх тул энэхүү журмыг хэрэгжүүлээгүй байна. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийтийн хоолны тогооч мэргэжлийн багш З.Б-ын гаргасан гомдолтой холбоотой хурлын тэмдэглэлээс үзэхэд тухайн хурлаар Тэргүүлэх багш зэрэг материал өгсөн Нийтийн хоолны тогооч мэргэжлийн багш Б-ийн гомдлыг хэлэлцсэн байх  ба ийнхүү хэлэлцэх үед ... удаа дараа ийм асуудал, алдаа гаргаж хамт олны эв нэгдлийг алдагдуулсан тул менежер танаас энэ удаа сахилгын шийтгэл авахыг мэдэгдэж байна гэж дурдсаныг хуулийн дээрх журам зохих ёсоор хэрэгсэн гэж үзэх боломжгүй байна.

 

13.Иймд Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай “Р-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

14.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ болох 70200 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р-ийн гомдлыг хангаж, Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай “Р-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ө аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК