Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2024/00012

 

Х.Р-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00945 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ***** оршин суух, Б овогт Х-ын Р-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /захирал Х.Н/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай Х.Р-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Ж.Энхжаргал /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд компьютерын багш, тэнхимийн эрхлэгч, НТОНХАлбаны дарга, дэд захирал, сургалтын албаны менежерийн үүрэгт ажлуудыг тасралтгүй 23 жил үр бүтээлтэй гүйцэтгэн ажиллаж ирлээ.

1.2. Одоогоор сургалтын албаны менежерийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажилласан хугацаанд хариуцсан ажилдаа эзэн болж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэн сургалтын бүхий үйл ажиллагааг хэвийн явуулж, багш нарын өдөр тутмын хичээлийн бэлтгэл, цаг ашиглалт, дадлагын хичээлийн үйл явц, үйлдвэр сургалтын хичээлийн хяналт, цаг хуваарилалт, хичээлийн хуваарь гэх мэт өөрийн үүрэгт ажлаа хэвийн явуулж ирлээ.

1.3. Гэтэл тус төвийн захирал Х.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалаар Тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материал-ыг шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил гаргасан хэмээн сахилгын шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна.

1.4. Ажил олгогчоос намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч зөрчлийг тогтоогоогүй, гаргасан гэх зөрчилд холбогдуулан надаас тайлбар аваагүй шууд хариуцлага хүлээлгэсэн. Ажлын хэсгийн гишүүд бүгд танилцаж дүгнэлт гаргасан ба өөрсдөө гарын үсэг зурсан. Би уг дүгнэлтийг ганцаараа өөрчилж чадахгүй юм. Дүгнэлт гаргах явцад ажлын хэсгээс техникийн шинжтэй алдаа гарсныг бүгдээрээ засварлаж гаргасан.

1.5. Бүх ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог нэгтгэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд явуулсан. Багш нарын оноотой холбоотой нийтийн хоолны тогооч багш мэргэжилтэй З.Б багш гомдол гаргасан байдаг. Excel программ дээр 0,5 оноо байвал тухайн оноогоор өгч 0,5 оноогоос дээш гарвал 1 оноогоор тооцож нэмж өгдөг. Гарсан зөрчлийг хянаж дахиж явуулсан. Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноогоор зэрэг дэвийн нэмэгдэл өгөхгүй. Дээд шатны байгууллагаас багш нарын явуулсан материалыг шалгаж байгаад оноо өгдөг. Энэхүү асуудлаас болж хохирсон хүн байхгүй. Харин гомдол гаргасан З.Б багшид тэргүүлэх зэрэг дэв олгогдсон.

1.6. Ажлын хэсгийн ахлагчаар ганц би ажиллаж багш нарт оноо өгөөгүй. Ажлын хэсгийн гишүүдийн нэрийн өмнөөс би ганцаараа хариуцлага хүлээж байгаад гомдолтой байна. Хувийн өш хонзонгоор хариуцагч байгууллагын төлөөлөгч ганц надад хариуцлага хүлээлгэсэн байх. Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захирал Х.Н нь өмнө нь надад сахилгын шийтгэл ногдуулсан ба тухайн үед шүүхэд хандсан. 2023 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 130/ШШ2023/00429 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захирал Х.Н- нь цаашид сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/139 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг өөрөө хүчингүй болгохоор эвлэрсэн.

1.7. Урьд нь 8 захиралтай хамтарч ажилласан. Тухайн үед миний ажил сайн үнэлгээтэй үнэлэгдэж сарын цалингаар шагнагдаж байсан. Х.Н- захирал миний ажлыг яагаад муу үнэлж байгааг ойлгохгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байна. Багш нарт зэрэг дэв олгох нь миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ хууль журмын дагуу сайн гүйцэтгэж байгаа. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн маань шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

1.8. Урьдчилан шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаар тэмдэглэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлж ав хэмээн шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авч хуулийн хугацаандаа гомдлоо гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Н-ий 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2 дахь жилдээ захирлаар ажиллаж байна. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлын хэсэг байгуулж тэргүүлэх зэрэг олгох багш нарыг үнэн бодитоор шалгаруулаарай гэж үүрэг даалгаврыг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж багш нарын хийж бүтээсэн бүтээл, үйл ажиллагааг шалгаруулж Улаанбаатар хотод сургалтын менежер нэгтгэл дүнгээ явуулдаг.

2.2. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн нийтийн хоолны багш З.Б- гомдол гаргасан. Тус гомдолд ... ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тэргүүлэх зэрэг шинээр авах буюу сунгуулах тайлан хамгаалсан. Миний бие шинээр зэрэг дэв авах шалгалтад орсон. Нийт 10 багшаас 89 оноогоор 2 дугаар байранд орсон. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад 10 багшийн нэр орсон ба миний оноо буурж 88 оноо болсон байна. Хурлын тэмдэглэл дээр байгаа оноо зөрж байгаа тул гомдолтой байна. Та энэхүү гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэснээр 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг миний бие бүхэлд нь өрөөнд дуудаж энэхүү зөрчлийн талаар асууж тодруулсан.

2.3. Ажлын хэсэгт орсон Боловсрол шинжлэх ухааны яамны газрын мэргэжилтэн ирээгүй. Ажлын хэсгийн ахлагч Х.Р, дотоод чанар баталгаажилт статистик хариуцсан мэргэжилтэн П.Б, Ж, Л, нарийн бичиг А нар тус хуралд оролцсон. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүх багш нарын материалыг шалгаж Улаанбаатар хот руу явуулахдаа техникийн алдаа гарсан гэж хэлсэн. Энэ талаар нэхэмжлэгч тайлбар дээр дурдсан. Техникийн алдаа гарч болно. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш нарын тэргүүлэх зэргийг зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад 7 зүйл бүхий шалгуураар шалгасан материалыг шалгаж оноог дахиж нэмж үзсэн. Багш нарын дүнг нэмж үзэхэд З.Б- багшаас 1 оноо хасагдаж бусад 4 багшид дүн нэмэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг шалгалтын комисст орсон хүмүүс хүлээн зөвшөөрсөн. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн нарийн бичиг хөтөлсөн.

2.4. Ажлын хэсгийн гишүүд багш нарт өгсөн оноог баталгаажуулж гарын үсэг зурсан ба сургалтын менежер ажилтай Х.Р нь дур мэдэн өөрөө багш нарын оноог өөрчилснийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хурлын тэмдэглэлийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэхээс илүүтэй олон багш нарын эрх ашиг удаа дараа зөрчигдөж байгаа. Хувь хүний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн өш хонзон санаасан асуудал байхгүй. Б- багшийн гомдолтой холбоотой мөн бусад багш нар удаа дараа гомдол гаргасан, нэхэмжлэгч зөрчил гаргасан тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ба тус сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэхэмжлэгчид сануулж хэлсэн. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Тус ажлын хэсгийн ахлагч сургалтын менежер байсан. Ажлын хэсгийн ахлагч багш нарын дүнг нэгтгэж яамд илгээсэн тул нэхэмжлэгчээс арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00945 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Р-ы гомдлыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай Х.Р-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн Захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/11 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Тэргүүлэх зэрэг хамгаалах” багш нарын дүнг шалгуур үзүүлэлт бүрээр багш тус бүрийн оноог тусад нь гаргаж, нийлбэр оноог багш тус бүрээр гаргаж 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэсэн байдаг.

4.2. Комиссын ахлагч, сургалтын менежер Х.Р нь комиссын гишүүдийн тавьсан оноог нэгтгэж, нэгдсэн дүн гаргах явцад зарим багш нарын оноог нэмэх, багш З.Б-ын комиссын гишүүдээс өгсөн оноог хасах үйлдэл хийж, өөрчлөлт оруулсан талаар багш З.Б- гомдол гаргасан байдаг. Багш З.Б-ын гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсгийн гишүүдийг байцуулан Сургуулийн Захирал өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, нотлох баримтыг судалж, ажлын хэсгийн гишүүдээс мэтгэлцээний явцад тодруулж, зөрчил гаргагч Х.Р-д сонсох ажиллагаа хийж, тайлбарыг авч, тэмдэглэлд тусгуулан, баталгаажуулсан болно.

4.3. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан “Ажил олгогч Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах,” зэрэг сонсох ажиллагаа журмын дагуу хийгдсэн болохыг нотолж байгаа юм. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00945 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 12-рт “Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах, шийтгэлийг сонгож хэрэглэх заалт зөрчигдсөн” гэж нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна.

4.4. Мөн шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 10- дугаарт “ ...Дээрх хоёр төрлийн дүгнэлтийг ...ажлын хэсгийн ахлагч болон гишүүд гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул ажлын хэсгийн дүгнэлтийг зөвхөн ажлын хэсгийн ахлагч Х.Р дур мэдэн өөрчилсөн, зарим багш нарын оноог санаатай нэмсэн гэж үзэх боломжгүй, дүгнэлтийг ажлын хэсэг хамтын зарчмаар гаргасан байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь гомдол гаргах үндэслэл болж байна.

4.5. Эхний дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүд багш тус бүрээр гаргаж, өөрсдийн үнэлгээг тус тусад нь гаргасан байхад хоёр дахь удаа “Нэгтгэсэн дүгнэлт”-ийг зөвхөн ажлын хэсгийн ахлагч өөрөө дангаараа үйлдэж, З.Б-ын оноог хасах, бусад 4 багшийн оноог нэмэх байдлаар гаргасан болох нь З.Б-ын гомдлыг шалгах явцад тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийж, “Нэгтгэсэн дүгнэлт”-ийг хамтын зарчмаар гаргасан гэж буруу дүгнэлт хийж, Х.Р-ы өөрийн гараар “оноо нэмэх”, “оноо хасах” үйлдэл хийснийг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан явдалд гомдолтой байна.

4.6. Анхан       шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00945 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 12 дугаарт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т: “Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах” гэжээ. Ажил олгогчийн зүгээс багш З.Б-ын гомдлыг ажилтан Х.Р-д танилцуулж, тайлбарыг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд өөрөөр нь яриулж, тайлбарыг хурлын тэмдэглэлд тусгуулж авсан байгаа болно.

4.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дахь хэсэгт “Тайлбар авах” хэлбэрийг заагаагүй тул ямар ч байдлаар тайлбар авахыг хуульчлаагүй байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 123.2.1-д зааснаар “Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хамгийн хөнгөн сахилгын шийтгэл бөгөөд зөрчлийн шинж, үр дагаврыг тохирсон шийтгэлийн төрөл учир шийтгэлийг зөв сонгож хэрэглэсэн гэж үзнэ.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/00945 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Х.Р-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

5. Нэхэмжлэгчийн давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Миний бие тухайн ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайн үед 1 хүн ирээгүй. 4 хүн ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэг сайдын гаргасан 124 дүгээр журмын шалгуур үзүүлэлт бүрийг ажлын хэсэг тарааж өгч, өөр өөрийн үнэлгээгээ гаргасан.

5.2. Эхэндээ шууд компьютерт бичээгүй, гараар бичээд сүүлд нь надад нэгтгэ гэж хүлээлгэж өгсөн. Би бүгдийн нэгтгээд компьютерт оруулсан. Компьютерт оруулахдаа excel программаар оруулсан. Excel программ томьёогоор боддог. Томьёогоор бодоход 05-аас доошоо орсон нь тухайн оноогоор явна. 05-аас дээшээ гарсанд нь 1 оноо нэмэгдэнэ. Жишээ нь Б- багшийнх гараар бодоход 89 байсан. Харин excel программд ороход 88.25 болсон учраас 88-аар бодсон. Би дур мэдэн оноо нэмээгүй.

5.3. Зарим ажлын хэсгийн гишүүд гараараа бичсэн юмыг балласан байсан учраас зарим нь танигдаагүй техникийн алдаа гарсан. Техникийн алдаа гарсныг ажлын хэсгийн бүх гишүүдэд танилцуулаад дотоод хяналт хариуцсан ажилтан З.Б- өөрөө танилцаад гарын үсгээ зураад холбогдох газарт явуулсан.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Р-ы Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /тухайн үеийн нэрээр/-д холбогдуулан гаргасан “тус төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай Х.Р-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай Х.Р-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

 

9. Нэхэмжлэгч гомдлынхоо үндэслэлийг “...Ажил олгогчоос намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч зөрчлийг тогтоогоогүй, гаргасан гэх зөрчилд холбогдуулан тайлбар аваагүй шууд хариуцлага хүлээлгэсэн. Ажлын хэсгийн гишүүд бүгд танилцаж дүгнэлт гаргасан ба өөрсдөө гарын үсэг зурсан. Дүгнэлт гаргах явцад ажлын хэсгээс техникийн шинжтэй алдаа гарсныг бүгдээрээ засварлаж гаргасан. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласныг хариуцагч “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаж багш нарын хийж бүтээсэн бүтээл, үйл ажиллагааг шалгаруулж Улаанбаатар хотод сургалтын менежер нэгтгэл дүнгээ явуулдаг. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн нийтийн хоолны багш З.Б-аас 89 оноо авсан байхад тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалтад миний оноо 88 оноо болсон байна гэж гомдол гаргасны дагуу ажлын хэсгийн гишүүдийг дуудаж энэ талаар асууж тодруулж, оноог дахиж нягтлан үзэхэд З.Б- багшаас 1 оноо хасагдаж бусад 4 багшид дүн нэмэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг шалгалтын комисст орсон хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Тус ажлын хэсгийн ахлагч сургалтын менежер байсан ба ажлын хэсгийн ахлагч багш нарын дүнг нэгтгэж яамд илгээсэн тул нэхэмжлэгчээс арга хэмжээ авсан” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:  

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/11 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар багшид мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчаар сургалтын албаны менежер Х.Р, гишүүдээр С.Е, П.Б, Б.Ж, Н.Л нарыг томилж, зохих журмын дагуу ажиллахыг үүрэг болгосон байна.  

- Тус ажлын хэсэг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн Тэргүүлэх зэрэг хамгаалах багш нарын дүнгийн жагсаалтаар тус сургуулийн нэр бүхий 10 багшийн ерөнхий болон тусгай шалгуурын оноог нэгтгэж, ерөнхий дүнг гаргаж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Тэргүүлэх багш зэргийг шинээр авах буюу сунгуулах багш нарын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлд:

- нийтийн хоолны багш З.Б-ын ерөнхий дүн 89 оноо,

- хими, биологийн багш А.А-ийн ерөнхий дүн 82 оноо,

- оёдолчин мэргэжлийн багш Т.Н-ийн ерөнхий дүн 91 оноо,

- нийтийн хоол, нарийн боовны технологийн багш Г.Жаргалсайханы ерөнхий дүн 82 оноо,

- амьдрах ухаан ур чадварын багш Б.И-ын ерөнхий дүн 85 оноо гэж тэмдэглэгдсэн атлаа 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн багш нарын Тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалт /шалгуур үзүүлэлт тус бүрээр/-д:

- нийтийн хоолны багш З.Б-ын ерөнхий дүн 88 оноо болж буурсан,

- хими, биологийн багш А.А-ийн ерөнхий дүн 83 оноо болж өссөн,

- оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш Т.Н-ийн ерөнхий дүн 93 оноо болж өссөн,

- нийтийн хоол, нарийн боовны технологийн багш Г.Ж-ны ерөнхий дүн 86 оноо болж өссөн,

- амьдрах, ухаан ур чадвар эзэмшүүлэх хичээл заах багш Б.И-ын ерөнхий дүн 86 оноо болж өссөн буюу зөрүүтэй бичигдсэн нь тогтоогджээ.

 

- Нийтийн хоолны багш З.Б-ын тус төвийн захирал Х.Н-д гаргасан гомдлын дагуу түүний гомдлын талаар хэлэлцсэн “Тэргүүлэх багш” зэрэг авахаар материал өгсөн багш нарын материалыг хянан шалгах ажлын комисстой хийсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч бөгөөд тус төвийн Сургалтын албаны менежер Х.Р нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Тэргүүлэх мэргэжлийн зэрэг хамгаалсан багш нарын дүнгийн жагсаалт /шалгуур үзүүлэлт тус бүрээр/-д нийтийн хоолны багш З.Б-ын ерөнхий дүн 1 оноогоор хасагдаж, хими, биологийн багш А.А-ийн ерөнхий дүн 1 оноогоор, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн багш Т.Н-ийн ерөнхий дүн 2 оноогоор, нийтийн хоолны багш Г.Ж-ны ерөнхий дүн 4 оноогоор, амьдрах ухаан, ур чадвар эзэмшүүлэх хичээл заах багш Б.И-тын ерөнхий дүн 1 оноогоор тус тус нэмэгдэж бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар учир шалтгаанаа тайлбарласан байна.

 

“Тэргүүлэх багш” зэрэг авахаар материал өгсөн багш нарын материалыг хянан шалгах ажлын комисстой хийсэн хуралдаанд ажил олгогчоос нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоосон, тус төвийн захирал Х.Н- нь нэхэмжлэгч Х.Р-д сахилгын шийтгэл авахаа мэдэгдэж, түүний тайлбарыг авсан зэргээс дүгнэвэл, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.1.4, 3.2.1, 8.1, 8.2, 8.2.1-д заасныг үндэслэн сургалтын албаны менежер Х.Р нь тус төвийн Тэргүүлэх зэрэг шинээр авах болон сунгуулахаар өгсөн багш нарын материалыг шалгуур хангасан гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлтийг өөрөө дур мэдэн өөрчилж, зарим багш нарын оноог зөвшөөрөлгүй, санаатайгаар нэмсэн зөрчил гаргасан тул түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх үйл баримуудаас дүгнэвэл, ажилтан Х.Р нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасан үүргээ тус тус зөрчсөн нь тогтоогдсон, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 123.2 дахь хэсгийг 123.2.1 дэх заалтад заасныг зөрчөөгүй, ажил олгогчийн ажилтанд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт нийцсэн байхад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохдоо анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

12. Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Н- нь ажилтан Х.Р-д 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаартай тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Тэргүүлэх багш” зэрэг авахаар материал өгсөн багш нарын материалыг хянан шалгах ажлын комисстой хийсэн хуралдаанд сахилгын шийтгэл авахаа мэдэгдсэн, улмаар уг хуралдаанд ажилтан өөрийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрч, учир шалтгааныг тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

 

13. Ажилтан Х.Р нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар тус төвийн багш нарт мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн бусад гишүүдийг арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлын хэсгийн бусад гишүүдийн “мэргэжлийн зэрэг шинээр авах, бататгах багш” нарт урьдчилан батлагдсан шалгуур, үзүүлэлт бүрээр оноо, үнэлгээ өгөхдөө ямар нэгэн засваргүй, хариуцлагатай хандах талаар шаардлага тавьж, ажлын хэсгийн гишүүдийн багш нарт оноо өгөх хүснэгтийг засваргүй буюу зохих шаардлага хангуулсан хэмжээнд авч чадаагүйгээс дүнгийн нэгтгэл болон шалгуур үзүүлэлт бүхий нарийвчилсан үнэлгээтэй хүснэгт дэх багш нарт өгсөн ажлын хэсгийн нийт үнэлгээ зөрсөн, энэ талаар нягтлан шалгах боломжтой атлаа шалгалгүйгээр эцсийн нэгтгэлд ажлын хэсгийн гишүүдийг гарын үсэг зуруулж, албажуулсан нь багш З.Б-ын сургуулийн удирдлагад хандаж гаргасан гомдлыг шалгах явцад илэрч, тогтоогдсон учраас ажилтан Х.Р-д мэргэжлийн зэрэг шинээр олгох, бататгах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ажилласны хувьд, ажлын хэсгийн бусад гишүүдээс үнэлгээний хуудсыг зохих шаардлага хангуулан, засваргүйгээр авч чадаагүйн улмаас дүнгийн эцсийн нэгтгэл дээр 1 багшийн оноог хасаж, 4 багшийн оноог нэмж тусган баталгаажуулсан буруутай үйл ажиллагааг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцсон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзаж, уг зөрчлийн талаар тус ажлын хэсэг болон сургуулийн удирдлагын хамтарсан хуралдаанаар урьдчилан хэлэлцэж, ажилтны тайлбарыг авч, улмаар хуульд заасан ажилтны өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны болоод шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

14. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Р-ы гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2023/000945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай  хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Р-ы “Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 дугаар “Х.Р-д сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Х.Р-ы нэхэмжлэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ