Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2023/00963

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2023/00963

Баян-Өлгий аймаг

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт С.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Е,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж, түүний өмгөөлөгч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е нь хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албанд холбогдуулан Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ж нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр надад цалинг 3 сараар буруулах сахилгын шийтгэл авсан.

1.2 Өмнө 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тайлбар авах тухай бичиг өгсөн. Тухайн мэдэгдэх хуудаст 11 төрлийн даалгавар өгсөн ба би нотлох баримттай тайлбар өгсөн. Би тухайн үед сахилгын шийтгэл авахыг зөвшөөрөөгүй. Өнгөрсөн жил 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоосон. Тиймээс дарга маань ялгаварлан гадуурхаж, удаа дараа сахилгын шийтгэл авсан гэж үзэж байна.

1.3 Би ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж байсан. Ө сумын 6 дугаар багийн гэрэлтүүлгийн төсөв нь хяналтын төсөв биш, компаниудын тендерт оролцохдоо хийдэг төсөв. Энэ төсвийг би ажлын цагаар хийгээгүй, үүнээс болж байгууллага хохирол амсаагүй.

1.4 Надад дарга өмнө сануулах арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хурлын тэмдэглэл хөтөлсөн гэдгийг мэдэхгүй. Дарга маань ажилчдыг ялгаварлан гадуурхдаг нь үнэн. Саяхан Булган суманд 3 инженер ажиллаж ирэхэд нөгөө хоёр инженерт 2 хоногийн томилолт өгөөд, надад 1 хоногийн томилолт өгдөг. Дарга намайг ажил тасалсан мэтээр цагийн бүртгэл хөтөлдөгт гомдолтой байна. Үнийн өсөлттэй үед миний цалинг хассанд гомдолтой байна.

1.5 Ажил олгогч 1 жил 7 сарын хугацаанд дарамт үзүүлээд, амар тайван байдал үзүүлэхгүй байна. Ажил олгогч намайг бусад компаниудад ажил хийдэг гэж буруутгаж байна. Би ажлын цагаа бүрэн ашиглаад, ажилдаа бүрэн суудаг. Бусад байгууллагуудын ажлыг ажлын бус цагаар хийдэг. Үүнээс болж Б аймгийн Барилга захиалагчийн алба хохирсон зүйл байхгүй. Би ажил олгогчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зүйл байхгүй. Тайлан мэдээгээ хугацаандаа өгч байсан. Харин даргын талын бусад инженерүүд одоо хүртэл тайлан мэдээгээ өгөөгүй. Иймд Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ж-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч Е-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албанд холбогдуулан гаргасан гомдлыг эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.4, 42.7, 43 дугаар зүйл, 43.1.4, заалт, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2, дах заалт, 123 дугаар зүйлийн 123.2.3 дах заалт, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 7 дугаар зүйлийн 7.19 дэх заалтуудыг үндэслэн 3 сарын цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

2.2 Барилгын хяналтын инженер Е нь Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс зөвшөөрсөн бөгөөд захирах, захирагдах, зарчмыг мөрдлөг болгодоггүй, удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, ёс бус үйлдэл гаргадаг бөгөөд ажлын цаг баримталдаггүй. Тухайлбал аймгийн Засаг даргаас “Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг дарга Б-ийн өргөдөл гомдлыг шалгаад асуудлыг шийдэж хариу хүргүүлэхийг даалгаж” гомдлыг шилжүүлсэн албан бичиг ирсэн. Уг гомдлыг ирсэн бичигт бүртгэж аваад барилгын хяналтын инженер Е-д 2023.05.22-ний өдрийн байгууллагын шуурхай хурлаар үүрэг, даалгавар өгч хуулийн хугацаанд нь гомдолд дурдсан зөрчлүүд байгаа эсэх, тухайн зөрчил үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй болох талаар дүгнэлт гаргаж өгөхийг үүрэг болгосон болно. Энэ талаар хурлын тэмдэглэл байгаа.

2.3 Нэгэнт аймгийн Засаг дарга Н сумын иргэн багийн Засаг дарга Б-ийн өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлэхийг байгууллагын 7 хоногийн 1 дэх өдрийн шуурхай 2023.05.29, 2023.06.05, 2023.08.07 өдрүүдийн хурлаар удаа дараа үүрэг өгч байсан. /хурлын тэмдэглэлтэй нотлох баримттай/ Дээд шатны Засаг даргын шийдвэрийг бид биелүүлэх үүрэгтэй бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой асуудал байсан тул үндэслэл бүхий тайлбар дүгнэлт гаргаж танилцуулах ёстой байсан. Нэг ёсондоо өөрсдийн хийсэн ажлаа хамгаалах шаардлагатай байсан. Үүний дагуу Н сумын Бахлаг 1 дүгээр багт хийгдсэн барилгын ажилд шууд хяналт тавьсан инженер Ед албан үүрэг өгч, тухайн Н сумын Бахлаг 1 дүгээр багт хийгдсэн ажлын талаар хариу, дүгнэлт гаргаж тайлбар авчрахыг даалгасан юм. Гэвч Е нь уг гомдлын хариуг хуулийн хугацаанд нь хариу хүргүүлээгүй хугацаа хожимдуулж, 2023.08.21-ний өдөр дугаар 121/23 тоот албан бичгээр арай гэж хариу бичсэн.

2.4 Мөн Е нь өглөө ажилдаа ирдэг боловч цаг баримталдаггүй. Удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй урдаас үндэслэлгүй тайлбар хэлж, захирах, захирагдах зарчмыг баримталдаггүй ёс бус үйлдэл гаргадаг. Дээр нь хувийн ашиг сонирхлын үүднээс тендерийн бичиг баримт боловсруулж, ажлын цагаар ажилдаа хайнга ханддаг. Ажлын цагаар ажлын байранд суухгүй болохоор 2023.07.2.4 өдрийн дугаар 98/23 албан тоотоор хандаж тайлбар авч байсан. /цагийн бүртгэлтэй/ Е нь 2023.04.17 өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Гэвч 2023.07.17 өдөр амралт олгохыг хүссэн өргөдлийг удирдлагад гаргасан. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу чиний ээлжийн амралт авах хугацаа болоогүй гэж хэлсэн боловч Е надад чи

яасан их хууль мэддэг юм бэ? Хууль хяналтын байгууллага миний талд зогсдог гэж намайг хэл амаар доромжилсон.

2.5 Байгууллагад 8 хүний боловсон хүчин ажилладаг бөгөөд бүгдээрээ нэг өрөөнд суудаг. Нэг хаалгатай, нэг л цоожтой 5 түлхүүртэй. Ийм учир байдлыг удирдлагын зүгээс тайлбарлаж түлхүүрийн хуулбарыг олшруулж авахыг Е-д сануулж байсан. Мөн 2023.06.28-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл 2 өдрийн цалинтай чөлөө олгож байсан болно. Байгууллагын ээлжид 2023.07.24 өдрийн хурлаар Е-ийн ажилдаа хайнга хандаж, ажилдаа суухгүй байгаа талаар болон өөрийн хариуцаж буй барилгын засварын ажлын хурлын тэмдэглэлд саналаа тусгаж байхыг удаа дараа сануулж үүрэг өгч байсан болно. Байгууллагын ээлжид хурлын үед Е нь гар утас гаргаж ирээд бичлэг хийж, хэл амаар доромжлон ёс бус үйлдэл гаргасан энэ тухай байгууллагын ажилчдаас гэрчийн мэдүүлэг авч болно. /бичлэг нь байгаа/

2.6 Ийм байдлаас харахад миний бие Е-ыг дарамтлаагүй болохыг эндээс харж болохоор байна. Харин Е нь намайг байгууллагын дарга гэж хундэлдэггүй, хэрүүл үүсгэж харьцдаг нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.10 удирдах удирдуулах ёс, 4.2.13 заалтад заасан ажил хэрэгч байдлаар хүндэтгэлтэй хандаж, албан тушаалын нэрээр харьцана, 5.5.1 заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2.7 Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч цагийн бүртгэл хөтлөх үүрэгтэй гэж заасны дагуу цагийн бүртгэлийг миний би ажилчдын өглөө ажилдаа ирсэн болон орой тарсан цагийг бүртгэлийг хөтөлдөг нь үнэн. Байгууллагын түлхүүр бүх ажилчдад байдаг бөгөөд ганц миний бие түлхүүр хармаалдаггүй ,огт ор үндэслэлгүй гүтгэсэн байна. Е нь удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй мөртлөө тендерийн бичиг баримт боловсруулж, ажилдаа хайнга хандаж ирсэн. Үүний тод жишээ нь Б сумын Сөнхөл баг, Гүүртийн голын модон гүүрний ажлын төсөв, Цагааннуур тосгоны нэгдсэн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв хийсэн нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүй заалтыг тус тус зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч Е-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Барилга захиалагчийн албаны дарга Ж-д гэх Тайлбар авах тухай 2023.07.24 өдрийн 98/23 албан бичгийн хариу, Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 47 тоот тэмдэглэл/шийдвэр зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, хурлын тэмдэглэл, тус албаны 2023 оны 05, 06, 07, 08 дугаар сарын Е-ийн цагийн бүртгэл, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаал, Бсумын Сөнхөл баг, Гүүртийн голын модон гүүрийн ажлын төсөв, Ц тосгоны нэгдсэн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв,  Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/04 дүгээр тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан Барилга захиалагчийн албаны хөдөлмөрийн дотоод журам, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, чөлөөний хуудас, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, Еы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл, Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 98/23 дугаар албан бичгээр Е-аас тайлбар авах албан бичиг, тус албаны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 121/23 дугаар албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, бүртгэл хяналтын карт, Б-ээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Б аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл, Н-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр тушаал, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, Аймгийн 2023 оны Боловсрол, соёлын салбарын засварын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Аймгийн 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Барилга захиалагчийн албаны барилгын хяналтын инженер С овогтой Е-ийн албан тушаалын тодорхойлолт, Ө сумын 6 дугаар багт гэрэлтүүлгийн тавих ажлын төсөв зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч  Е-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогчоос 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б/11 дугаартай тушаалаар надад ямар ч үндэслэлгүй гүтгэлэг зааж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Миний бие захирах, захирагдах ёсыг зөрчөөгүй, ажил таслаагүй. Ажлын бус цагаар 2 газарт өөрийн мэргэжлийг ашиглан төсөв хийж өгсөн нь үнэн. Энэ нь миний үндсэн ажил хийхэд саад болсон асуудал байхгүй болно. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үүг гэжээ.

6.Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус албаны барилгын хяналтын инженер Е нь Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс зөвшөөрсөн бөгөөд захирах, захирагдах, зарчмыг мөрдлөг болгодоггүй, удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, ёс бус үйлдэл гаргадаг бөгөөд ажлын цаг баримталдаггүй. Аймгийн Засаг даргаас иргэн Б-ийн өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлэх талаар удаа дараа үүрэг өгсний дагуу Н сумын Бахлаг багийн  барилгын ажилд шууд хяналт тавьсан инженер Е-д үүрэг өгч, тухайн Н сумын Бахлаг 1 дүгээр багт хийгдсэн ажлын талаар хариу, дүгнэлт гаргаж тайлбар авч ирэхийг даалгасан боловч хариуг хуулийн хугацаанд хүргүүлээгүй, удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, ажилдаа ирдэг боловч цаг баримталдаггүй, хувийн ашиг сонирхлын үүднээс тендерийн бичиг баримт боловсруулж, ажлын цагаар ажилдаа  хайнга ханддаг тул сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Е-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.4, 42.7, 43 дугаар зүйлийн 43.1.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.2, 123 дугаар зүйлийн 123.2.3, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 7 дугаар зүйлийн 7.19 дэх заалтуудыг үндэслэн  барилгын хяналтын инженер ажилтай Е нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын дотоод журамд заасан чиг үүрэг  хариуцлагыг үл тоож захирах, захирагдах ёсыг чанд баримтлаагүй, цаг баримтлаагүй, үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үндсэн ажил олгогчтой мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажилласан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа хайнга хандсан тул 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7.2 Ажил олгогч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга болон ажилтан Е нар нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

7.3 Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 98/23 дугаартай инженер Е танаа гэж хаягласан “Тайлбар авах тухай” албан бичигт 10 төрлийн зөрчлийн талаар бичиж энэхүү бичигдсэн зүйлтэй холбоотой албан ёсны хариу тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ирүүлэхээр тусгасан байх ба Е-аас тухайн албан бичигтэй холбоотой тайлбарыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргажээ.

7.4 Б аймгийн Барилга захиалагчийн албаны цагийн  бүртгэлийн ажилтан С овогтой Е-ийн 2023 оны 05, 06, 07, 08 дугаар саруудын ажилд ирсэн, ажлаас тарсан хугацааны талаар тэмдэглэгдсэн байна. 

7.5 Нэхэмжлэгч Е нь мэргэшсэн төсөвчний хувьд 2023 онд Б сумын Сөнхөл баг, Гүүртийн голын модон гүүрийн ажлын төсөв, Ц тосгоны нэгдсэн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв, Ө сумын 6 дугаар багт гэрэлтүүлгийн тавих ажлын төсвийг тус тус хийсэн болох нь тогтоогджээ. 

7.6 Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай хурлаар ... Ж-аас ... Ержан Н сумын багийн төвийн өргөдлийн хариу боловсруулж өгөх үүрэг өгөгдсөн талаар яригдсан ба уг тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсгийн 3-т “Даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэх талаар тусгасан, мөн байгууллагын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шуурхай хурлын  тэмдэглэлд Е-ийн 5, 6 дугаар сард ажлаас эрт тарсан цагийн нийлбэр 20.7 цаг хүрч хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул сахилгын шийтгэл тооцох мэдэгдэл өгч, албан бичигт заасан 11 төрлийн зөрчилд бичгээр тайлбараа ирүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

7.7 Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6.3, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Барилгын инженер ажилтай С овогтой Е нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа хайнга хандсан тул сахилгын шийтгэл ногдуулсан байна.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2 дах хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.3 дахь хэсэгт “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасан байна. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан байна.  Хуулийн дээрх заалтыг үндэслэн Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 98/23 дугаартай инженер Е танаа гэж хаягласан “Тайлбар авах тухай” албан бичгийг хүргүүлсэн байна. Ажил олгогчийн  сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал болон дээрх албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч Е-д захирах, захирагдах ёсыг чанд баримтлаагүй, цаг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үндсэн ажил олгогчтой мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажилласан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулжээ.

11.Хариуцагчийн зүгээс захирах захирагдах ёсыг чанд баримтлаагүй гэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд чухам нэхэмжлэгчийн ямар үйлдэл, эс үйлдэхүй захирах, захирагдах ёсонд харшилсан нь тогтоогдохгүй байна.

12.Цаг баримтлаагүй үндэслэлийн хувьд 2023 оны 05 дугаар сард 11.1 цаг, 06 дугаар сард 9.6 цаг, нийт нийлбэр 20.7 цаг буюу 2.5 цаг ажил тасалсан гэж тайлбарласан байна. Хэрэгт авагдсан цагийн бүртгэл болон зохигчдын тайлбараар тухайн байгууллагын ажилчдын цагийн бүртгэлийг хариуцагч буюу Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга бүртгэдэг болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба 2023 оны 05, 06 дугаар сард ажил тасалсан гэх зөрчил нь ажил олгогчид илэрхий зөрчил байх тул хуульд заасан хугацаанд шийтгэл ногдуулаагүй байна.

12.Ажил ологчоос Е нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээ Аймгийн Засаг даргаас ирүүлсэн иргэн Б-ийн Н сумын Бахлаг багийн төвтэй холбоотой өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлэх үүрэг өгсөн боловч хариуг хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэж тайлбарлажээ. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон тухайн өдрийн байгууллагын шуурхай хурлын тэмдэглэлээс үзэхэд дээрх  зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхээр байх бөгөөд энэхүү үндэслэлээр дахин сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн  123.7 дахь хэсэгт сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж заасантай нийцээгүй байна.

 

13.Хариуцагчаас Е үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үндсэн ажил олгогчтой мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж, 57.2, 57.2.2-т үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан тохиолдолд үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Е нь үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Е-аас мэргэшсэн төсөвчний хувьд 2023 онд Б сумын Сөнхөл баг, Гүүртийн голын модон гүүрийн ажлын төсөв, Ц тосгоны нэгдсэн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв, Ө сумын 6 дугаар багт гэрэлтүүлгийн тавих ажлын төсвийг тус тус хийснийг зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

14.Иймд нэхэмжлэгч Е-ийн гомдлыг хангаж, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

14.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ болох 70200 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е-ийн гомдлыг хангаж, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б аймгийн  Барилга захиалагчийн албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК