Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2024/00016

 

С.Е-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00963 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Т овогт С-ийн Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.Е-, хариуцагч Ш.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Ж- нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр надад цалинг 3 сараар буруулах сахилгын шийтгэл авсан.

1.2. Өмнө 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тайлбар авах тухай бичиг өгсөн. Тухайн мэдэгдэх хуудаст 11 төрлийн даалгавар өгсөн ба би нотлох баримттай тайлбар өгсөн. Би тухайн үед сахилгын шийтгэл авахыг зөвшөөрөөгүй. Өнгөрсөн жил 3 шатны шүүхийн шийдвэрээр намайг ажилд маань эгүүлэн тогтоосон. Тиймээс дарга маань ялгаварлан гадуурхаж, удаа дараа сахилгын шийтгэл авсан гэж үзэж байна.

1.3. Би ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж байсан. Өлгий сумын 6 дугаар багийн гэрэлтүүлгийн төсөв нь хяналтын төсөв биш, компаниудын тендерт оролцохдоо хийдэг төсөв. Энэ төсвийг би ажлын цагаар хийгээгүй, үүнээс болж байгууллага хохирол амсаагүй.

1.4. Надад дарга өмнө сануулах арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хурлын тэмдэглэл хөтөлсөн гэдгийг мэдэхгүй. Дарга маань ажилчдыг ялгаварлан гадуурхдаг нь үнэн. Саяхан Булган суманд 3 инженер ажиллаж ирэхэд нөгөө хоёр инженерт 2 хоногийн томилолт өгөөд, надад 1 хоногийн томилолт өгдөг. Дарга намайг ажил тасалсан мэтээр цагийн бүртгэл хөтөлдөгт гомдолтой байна. Үнийн өсөлттэй үед миний цалинг хассанд гомдолтой байна.

 

1.5. Ажил олгогч 1 жил 7 сарын хугацаанд дарамт үзүүлээд, амар тайван байдал үзүүлэхгүй байна. Ажил олгогч намайг бусад компаниудад ажил хийдэг гэж буруутгаж байна. Би ажлын цагаа бүрэн ашиглаад, ажилдаа бүрэн суудаг. Бусад байгууллагуудын ажлыг ажлын бус цагаар хийдэг. Үүнээс болж Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн алба хохирсон зүйл байхгүй. Би ажил олгогчийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зүйл байхгүй. Тайлан мэдээгээ хугацаандаа өгч байсан. Харин даргын талын бусад инженерүүд одоо хүртэл тайлан мэдээгээ өгөөгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.4, 42.7, 43 дугаар зүйл, 43.1.4, заалт, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2, дах заалт, 123 дугаар зүйлийн 123.2.3 дах заалт, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 7 дугаар зүйлийн 7.19 дэх заалтуудыг үндэслэн 3 сарын цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

2.2. Барилгын хяналтын инженер С.Е- нь Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс зөвшөөрсөн бөгөөд захирах, захирагдах, зарчмыг мөрдлөг болгодоггүй, удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, ёс бус үйлдэл гаргадаг бөгөөд ажлын цаг баримталдаггүй. Тухайлбал аймгийн Засаг даргаас Ногооннуур сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг дарга Х.Б-ийн өргөдөл гомдлыг шалгаад асуудлыг шийдэж хариу хүргүүлэхийг даалгаж гомдлыг шилжүүлсэн албан бичиг ирсэн. Уг гомдлыг ирсэн бичигт бүртгэж аваад барилгын хяналтын инженер С.Е-д 2023.05.22-ний өдрийн байгууллагын шуурхай хурлаар үүрэг, даалгавар өгч хуулийн хугацаанд нь гомдолд дурдсан зөрчлүүд байгаа эсэх, тухайн зөрчил үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй болох талаар дүгнэлт гаргаж өгөхийг үүрэг болгосон болно. Энэ талаар хурлын тэмдэглэл байгаа.

2.3. Нэгэнт аймгийн Засаг дарга Ногооннуур сумын иргэн багийн Засаг дарга Х.Б-ийн өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлэхийг байгууллагын 7 хоногийн 1 дэх өдрийн шуурхай 2023.05.29, 2023.06.05, 2023.08.07 өдрүүдийн хурлаар удаа дараа үүрэг өгч байсан. /хурлын тэмдэглэлтэй нотлох баримттай/ Дээд шатны Засаг даргын шийдвэрийг бид биелүүлэх үүрэгтэй бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой асуудал байсан тул үндэслэл бүхий тайлбар дүгнэлт гаргаж танилцуулах ёстой байсан. Нэг ёсондоо өөрсдийн хийсэн ажлаа хамгаалах шаардлагатай байсан. Үүний дагуу Ногооннуур сумын Бахлаг 1 дүгээр багт хийгдсэн барилгын ажилд шууд хяналт тавьсан инженер С.Е-д албан үүрэг өгч, тухайн Ногооннуур сумын Бахлаг 1 дүгээр багт хийгдсэн ажлын талаар хариу, дүгнэлт гаргаж тайлбар авчрахыг даалгасан юм. Гэвч С.Е- нь уг гомдлын хариуг хуулийн хугацаанд нь хариу хүргүүлээгүй хугацаа хожимдуулж, 2023.08.21-ний өдөр дугаар 121/23 тоот албан бичгээр арай гэж хариу бичсэн.

2.4. Мөн С.Е- нь өглөө ажилдаа ирдэг боловч цаг баримталдаггүй. Удирдлагын тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй урдаас үндэслэлгүй тайлбар хэлж, захирах, захирагдах зарчмыг баримталдаггүй ёс бус үйлдэл гаргадаг. Дээр нь хувийн ашиг сонирхлын үүднээс тендерийн бичиг баримт боловсруулж, ажлын цагаар ажилдаа хайнга ханддаг. Ажлын цагаар ажлын байранд суухгүй болохоор 2023.07.2.4 өдрийн дугаар 98/23 албан тоотоор хандаж тайлбар авч байсан. /цагийн бүртгэлтэй/ С.Е- нь 2023.04.17 өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Гэвч 2023.07.17 өдөр амралт олгохыг хүссэн өргөдлийг удирдлагад гаргасан. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу чиний ээлжийн амралт авах хугацаа болоогүй гэж хэлсэн боловч С.Е- надад чи яасан их хууль мэддэг юм бэ? Хууль хяналтын байгууллага миний талд зогсдог гэж намайг хэл амаар доромжилсон.

2.5. Байгууллагад 8 хүний боловсон хүчин ажилладаг бөгөөд бүгдээрээ нэг өрөөнд суудаг. Нэг хаалгатай, нэг л цоожтой 5 түлхүүртэй. Ийм учир байдлыг удирдлагын зүгээс тайлбарлаж түлхүүрийн хуулбарыг олшруулж авахыг С.Е-д сануулж байсан. Мөн 2023.06.28-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл 2 өдрийн цалинтай чөлөө олгож байсан болно. Байгууллагын ээлжид 2023.07.24 өдрийн хурлаар С.Е-ы ажилдаа хайнга хандаж, ажилдаа суухгүй байгаа талаар болон өөрийн хариуцаж буй барилгын засварын ажлын хурлын тэмдэглэлд саналаа тусгаж байхыг удаа дараа сануулж үүрэг өгч байсан болно. Байгууллагын ээлжид хурлын уеtр С.Е- нь гар утас гаргаж ирээд бичлэг хийж, хэл амаар доромжлон ёс бус үйлдэл гаргасан энэ тухай байгууллагын ажилчдаас гэрчийн мэдүүлэг авч болно. /бичлэг нь байгаа/

2.6. Ийм байдлаас харахад миний бие С.Е-ыг дарамтлаагүй болохыг эндээс харж болохоор байна. Харин С.Е- нь намайг байгууллагын дарга гэж хундэлдэггүй, хэрүүл үүсгэж харьцдаг нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.10 удирдах удирдуулах ёс, 4.2.13 заалтад заасан ажил хэрэгч байдлаар хүндэтгэлтэй хандаж, албан тушаалын нэрээр харьцана, 5.5.1 заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2.7. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч цагийн бүртгэл хөтлөх үүрэгтэй гэж заасны дагуу цагийн бүртгэлийг миний би ажилчдын өглөө ажилдаа ирсэн болон орой тарсан цагийг бүртгэлийг хөтөлдөг нь үнэн. Байгууллагын түлхүүр бүх ажилчдад байдаг бөгөөд ганц миний бие түлхүүр хармаалдаггүй ,огт ор үндэслэлгүй гүтгэсэн байна. С.Е- нь удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй мөртлөө тендерийн бичиг баримт боловсруулж, ажилдаа хайнга хандаж ирсэн. Үүний тод жишээ нь Булган сумын Сөнхөл баг, Гүүртийн голын модон гүүрний ажлын төсөв, Цагааннуур тосгоны нэгдсэн хогийн цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв хийсэн нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүй заалтыг тус тус зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч С.Е-ы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00963 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Е-ы гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч С.Е- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрсөн учраас түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэсэн. С.Е- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь нотлогдон тогтоогдсон байхад цагийн бүртгэлийг шүүхээс үндэслэлгүйгээр нотлох баримтаар үнэлээгүй, аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан шаардлагын дагуу хариу албаны тоот боловсруулах үүрэг даалгавар өгсөн байсныг С.Е- нь үл тоомсорлож, гүйцэтгээгүй, удаа дараа шаардсан байхад биелүүлээгүй. Учир нь аймгийн Засаг даргын албан тоотод заасан ажил нь Ногооннуур сумын Бахлаг багийн төвийн барилгатай холбоотой байсан бөгөөд уг барилгад С.Е- хяналт тавьж ажилласан байсан тул түүний хийж, гүйцэтгэсэн ажилтай холбоотой хугацаатай тайлбар ирүүлэхийг хүссэн.

4.2. С.Е- нь ажлын цаг баримтлахгүй байсан шалтгаан нь өөр байгууллагуудтай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байсан бөгөөд ажил нь цалгардаж, ажлын цагаар өөр ажил хийгээд суудаг, ажил олгогчийн зүгээс би шаардлага тавихад захирагдахгүй, өөдөөс тайлбар хэлж, эсэргүүцэл үзүүлдэг.

4.3. С.Е- нь өөрийнхөө хяналт тавих гэж буй барилгын ажлын төсвийг гаргаж, улмаар тухайн ажилд хяналт тавих зэргээр удаа дараа ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг тул давхар ажил буюу төсөв боловсруулах ажлыг хийхгүй байхыг удаа дараа шаардсан, хөдөлмөрийн гэрээндээ тусгасан боловч үргэлжлүүлээд хийгээд байсан.

4.4. Би түүний гаргасан зөрчилтэй холбоотой тайлбар авсан ба зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй тул сахилгын шийтгэл хүлээлгэж шийдвэрлэсэн. Зөрчил нь тогтоогдсон байхад шүүхээс үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00963 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

           

            5. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэлтэй сэргээн тогтоосон, уг маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

            6. Нэхэмжлэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны даргад холбогдуулж, тус албаны даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж тайлбарлажээ. Хариуцагч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд үндэслэлээ “ажилтан С.Е- нь захирах-захирагдах ёсыг баримталдаггүй, удирдлагаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, ёс бус үйлдэл гаргадаг бөгөөд ажлын цаг баримталдаггүй учраас сахилгын шийтгэл ногдуулсан” гэжээ.

 

            7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албанд хяналтын инженер ажилтай С.Е- нь (1) Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын дотоод журамд заасан чиг үүрэг хариуцлагыг үл тоож, захирах-захирагдах ёсыг чанд баримталдаггүй, (2) цаг баримтлаагүй, (3) үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсныг үндсэн ажил олгогчдоо мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, зах зээлд өрсөлдөгч байгууллагатай давхар ажилласан, (4) удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, хариуцсан ажилдаа хайнга хандсан гэсэн дөрвөн үндэслэлээр, ажил олгогчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.4 дахь заалт, 42.7 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, 57.2.2 дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.6 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.19 дэх заалтыг тус тус баримтлан ажилтанд үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

            8. Ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагчийн гаргаж өгсөн, тухайлбал огноо нь тодорхойгүй хурлын тэмдэглэл, 2023 оны 5-8 дугаар сарын цагийн бүртгэл, Булган сумын Сөнхөл баг, гүүртэй голын модон гүүрний ажлын төсөв, Цагааннуур тосгоны нэгдсэн хогны цэгт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын төсөв, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, чөлөөний хуудас, ээлжийн амралтын хуудас, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 98/23 дугаар инженер С.Е-д хаягласан ажил олгогчийн албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 22, 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 05, 6 дугаар сарын 26-ны, 7 дугаар сарын 24, 8 дугаар сарын 07-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүд, бүртгэл хяналтын карт, аймгийн Засаг даргад хандсан Ногооннуур сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын өргөдөл, ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр тушаал болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна.

 

            9. Ажил олгогчоос С.Е-ыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, албан тушаалын тодорхойлолт, байгууллагын дотоод журамд заасан чиг үүрэг хариуцлагыг үл тоож, захирах-захирагдах ёсыг чанд баримталдаггүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан боловч ажилтны чухам ямар үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй, ажил олгогчоос энэ талаар нотлох баримтад тулгуурласан тайлбараа шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

10. Байгууллагын 2023 оны 5-8 дугаар сарын цагийн бүртгэлээс үзвэл ажилтан С.Е- 5 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш 15:40 цагаас хойш ажилдаа ирээгүй, 16, 17-ны өдрүүдэд мөн 14:00, 16:00 цагаас хойш ажил тасалсан, 6 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш, 20, 21-ний өдрүүдэд 15:00 цагаас хойш ажил тасалсан, 7 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш ажил тасалсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь заалтад заасан ажлын цагийг баримтлах үүргээ зөрчсөн нь баримтаар тогтоогдсон байна. Гэвч ажил олгогч ажилтны гаргасан дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тухай бүр илрүүлж, цагийн бүртгэл үйлдэж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж чадаагүй байна.

Тухайлбал, ажил олгогчоос ажилтан С.Е-ы 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ажлын цаг баримтлаагүй хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тухай бүрд нь илрүүлсэн атлаа 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор шийтгэл ногдуулаагүй, 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан уг зөрчилд 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор шийтгэл оногдуулаагүй, 7 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш ажил тасалсан гэж байгууллагын даргын өөрөө бүртгэдэг цагийн бүртгэлд тэмдэглэгдсэн боловч ажил олгогчоос гаргаж өгсөн ажилтан С.Е-д ээлжийн амралт олгох тухай тэмдэглэлээр түүнд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаагаар ээлжийн амралт олгохоор шийдвэрлэсэн тухай тусгагджээ. Иймд ажилтныг ажил тасалсан гэх үндэслэлээр түүнд ажил олгогчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль ёсны зарчмыг хангаагүй гэж дүгнэв.

 

11. Ажил олгогч нь ажилтныг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, хариуцсан ажилдаа хайнга хандсан” гэж үзэж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсгийг зөрчсөн байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандсан Ногооннуур сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын өргөдөл, түүний мөрөөр авсан арга хэмжээ, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, түүгээр хэлэлцсэн асуудал, Барилга захиалагчийн албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал зэргээс үзвэл, анхан шатны шүүхийн “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй” гэх сахилгын зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ажилтан С.Е- нь түүний хувьд үндсэн ажил олгогч болох Барилгын захиалагчийн албаны хяналтын инженерийн ажилтай нь зэрэгцүүлэн өөр ямар нэгэн байгууллагатай, эсхүл үндсэн ажил олгогчтойгоо зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг буюу хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн уг үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийг удирдлага болгож ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Иймээс дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн “ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд тогтоогдсон, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр нь үлдээв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШШ2023/00963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Барилга захиалагчийн албаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК