Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2023/01047

 

 

 

 

    2023           12             13     

                       130/ШШ2023/01047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 7 дугаар багт оршин суух, И овогт Х-ийн Т

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Ө.Х/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урамшуулал цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Ө.Х/-т холбогдуулан гарт олгох цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2021 оны 10 дугаар сард тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсны дараа Б сумын Засаг дарга асан А.Ж ирээд Б сумын санхүүгийн албаны даргаар оронд нь хүн томилогдох хүртэл хэдэн сар түр ажиллаж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Би уг хүсэлтийг зөвшөөрсөн тул захирамж гаргаж, Б сумын санхүүгийн албаны даргаар 2 сар ажилласан. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн шинэ хүн томилогдсон. Тэгээд дахиад Засаг дарга тайлан гаргах шаардлагатай байна, урьд 2 удаа тайлан хангалтгүй байсан, шинээр ирсэн хүн тайлан гаргаж чадахгүй байх, та зөвлөхөөрөө ажиллаад өгөөч гэж надад хүсэлт тавьсан ба би тэгье гээд зөвшөөрөөд, намайг зөвлөхөөрөө авч ажиллуулсан. 2021 оны 12 сард тэр хүн томилогдсоны дараа бид хоёр хамтарч ажиллаад бүх гүйлгээг хийгээд, 2021 оны жилээс бүх хаах данснуудын биелэлтийг хийгээд, санхүүжилтэд хуваарилах тайлан мэдээ гаргах, авах дутуу санхүүжилт байвал аймгаас авах гэх мэт ажлуудыг бид хийж гүйцэтгэсэн. Мөн байгууллагуудаас ирсэн баримт материалуудад үнэлгээ хийдэг бүх юмыг би зааж өгч ажилласан. 2022 оны 1 дүгээр сараас тайлан гаргахад суусан. Бид хоёр бүх материалаа бүрдүүлээд тайлан гаргаж 1 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн орлогын 10 дугаар дансыг, 1 дүгээр гарын үсэг Засаг дарга, 2 дугаар гарын үсэг Санхүүгийн албанд зурдаг бүх материал бүрдүүлээд аудитад хүргүүлсэн. Тэгээд 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэцэрлэг, сургууль, Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд арваад байгууллагын тайланг нэгтгээд бүгдийг зааж өгсөн. Мөн Сангийн яамны тайлангийн балансаар бүгдийг заагаад 2 дугаар сарын 25-ны өдөр бүх байгууллагуудын тайланг хүлээж авч 3 дугаар сарын 05-ны өдөр гэхэд нэгтгээд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Тэгээд 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны хүртэл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, аудитад бид хоёр ажилласан. Тайланг хянуулаад, гарсан зөрчлийг залруулж тайлан гаргаад дуусгасан юм. Цалин хөлсний талаар амаар Санхүүгийн албаны даргын үндсэн цалин 791,000 төгрөгөөр тохирсон боловч 2022 онд миний цалинг олгож чадаагүй. Яагаад вэ гэвэл мөнгө төгрөг хүрэхгүй байна, төсөвт та энэ жилдээ нийгмийн даатгалыг төлж байж 2023 онд цалинг чинь шийдвэрлээд олгоё гэж хэлсэн. 2023 оноос тэгээд эхлээд би тэр цалин хөлсөө нэхэмжилсэн. Засаг даргын тамгын газрын даргад очсон. Засаг дарга тэр үед ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тэгээд Тамгын газрын дарга нягтлан хоёрт нэлээн хэд хэдэн удаа очоод цалинг маань олгохыг хүсэхэд 6 сар хүртэл өгөхөөр болсон. Энэ хооронд тус сумын Засаг дарга солигдсон. Б сумын Засаг даргатай Санхүүгийн албаны даргын цалин болох 791,000 төгрөгөөр тооцож урамшуулал авахаар болж тохиролцсон байсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасахаар миний гартаа авах ёстой урамшууллын хэмжээ 1,949,000 төгрөг болж байна. Иймд Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас урамшуулал цалин 1,949,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Ж эрх хэмжээний хүрээнд санхүү албаны даргын зөвлөх гээд захирамж гаргасан байна. Тухайн үед 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2022 оны орон нутгийн төсөв батлагдаж орон тоо батлагдсан үед дээрээс Засгийн газрын тогтоолын дагуу орон нутгийн Тамгын газрын бүтэц орон тоог баталдаг. Б сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны дотор Санхүү албаны зөвлөх гэдэг орон тоо байхгүй байна. Хоёрдугаарт Засаг даргын тамгын газрын дарга төсвийн шууд захирагч учраас батлагдсан орон тооны дагуу ажиллаж байгаа хүмүүст л цалин олгодог. Батлагдаагүй орон тоонд цалин гаргах эрх мэдэл төсвийн шууд захирагчийн хувьд байхгүй гэж хуульд бас хориглочихсон. Тийм учраас тухайн үед сумын Засаг дарга санхүүгийн албаны зөвлөх гэдэг орон тоог бий болгохдоо захирамж дотор ямар эх үүсвэрээр зөвлөхийг цалинжуулахыг тодорхой бичээгүй байна. Эрх зүйн акт үйлдээгүй байна. Засаг дарга эрх хэмжээний хувьд зөвлөх, туслах ажиллуулсан тохиолдолд цалинг тухайн орон нутгийн давсан орлогоор шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа. Санхүүгийн албан даргаар томилогдсон хүн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрийн албаны шалгалт өгөөд жинхлэгдэж томилогдсон. Тийм учраас Санхүүгийн албаны зөвлөх гэдэг орон тоонд давхардуулан төсвөөс мөнгөө гаргаж цалинжуулах боломжгүй байна. Эрх мэдэл ч байхгүй. Засаг даргын хүсэлтийн дагуу 2021 оны санхүүгийн тайлан гаргах ажиллагаанд оролцсон нь үнэн. Сумын Засаг дарга томилж байгаа учраас би оролцох эрх байхгүй. Тухайн үеийн Засаг даргатай хоорондоо тохиролцсон байж магадгүй. Цалин хөлсийг баталсан орон тооны дагуу өгдөг. Төсвөөс орон тоо бус хүнийг цалинжуулдаг эрх байхгүй шүү дээ. Тухайн үеийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Жд нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлээд өгье гэж удаа дараа санал гаргасан боловч хойш нь тавьж байсан. Тэгж байхад Засаг дарга солигдсон. Тухайн үедээ Засаг дарга ямар нэгэн захирамж гаргаад өгсөн бол энэ өрийг барагдуулж өгөх байсан. Бид нарт ямар нэгэн эрх зүйн акт гаргаж өгөөгүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 187 дугаартай тэмдэглэл, Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаартай захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тооцоо бодсон баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас Б сумын Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/130 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Х.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн зөвлөх ажилтнаар  2022 оны 1, 2, 3 дугаар саруудад ажилласан хугацааны урамшуулал цалин болох 1,949,640 төгрөгийг Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны батлагдсан бүтэц орон тоонд санхүүгийн зөвлөх гэх орон тоо байхгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,949,640 төгрөг төсвөөс олгох боломжгүй гэжээ.

8. Нэхэмжлэгч Х.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Б аймаг Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаартай “Санхүүгийн зөвлөх ажилтан томилох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 1. Х.Тйг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны санхүүгийн тайлан дуусах хүртэл хугацаанд санхүүгийн зөвлөхөөр түр томилсугай. 2. Х.Тд зохих хууль журмын дагуу урамшуулал цалин тооцож олгохыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч /Б.Ж/-д зөвшөөрсүгэй гэжээ. 

9.2. Б аймаг Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/130 дугаартай “М.Ү-г Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тйг чөлөөлж, тус сумын 5 дугаар багийн иргэн М.Ү-г Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоонд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай гэжээ.

9.3. Б аймаг Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай “М.Ү-г Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилох тухай” захирамжаар Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор М.Ү-г 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн томилсугай гэжээ.

9.4. Дээрх баримтуудаас харахад нэхэмжлэгч Х.Тйг 2021  оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны санхүүгийн тайлан дуусах хүртэл хугацаанд санхүүгийн зөвлөхөөр түр томилсугай гэсэн мөртлөө Б аймаг Б сумын Засаг даргын Б/137 дугаартай захирамж нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь, улмаар Б сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/130 дугаартай  захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тйг чөлөөлж, тус сумын 5 дугаар багийн иргэн М.Ү-г Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоонд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай гэж, мөн Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор М.Ү-г 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн томилсугай гэжээ тус тус эрхийн актуудыг гаргасан нь учир дутагдалтай байна.

9.5. Б аймаг Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба хавсралтад албан тушаалын нэр санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, орон тоо 1 /нэг/ гэсэн байх ба дээрх захирамжид дурдсан санхүүгийн зөвлөх гэсэн орон тоо байгаа нь тогтоогдохгүй байна.

9.6. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Х.Тйн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад Б сумын Засаг даргын Тамгын газар нь 2022 оны 1 сар, 2022 оны 11, 12 саруудад цалин олгож, ажил олгогч шимтгэл төлсөн байна.

9.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин шагнал урамшууллаас бүрдэнэ гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т ажил олгогч, эсхүл түүний төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүснэ.

9.8. Мөн хуулийн 41.3-т ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаар хариуцагч Б сумын Засаг дарга нэхэмжлэгч Х.Ттэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байна.

9.9. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг ба нэхэмжлэгч Х.Т нь дээрх ажлуудыг гүйцэтгэхдээ хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын цагийн дэглэм зэрэг хөдөлмөрийн гэрээний онцлогт хамаарах дүрэм журамд захирагдаж, байгууллагаас харилцан хамааралтай ажиллаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9.10. Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно, 1.2.2-т төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид, мөн журмын 1.3-т улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн байгууллага жил бүр төсөвтөө тусгана, 2.1. хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэжээ.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т зааснаас “бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь тухайн ажилласан хугацааны урамшуулал цалин олгогдоогүй гэдгийг урамшуулал цалин олгоогүй сарын дараагийн сараас эхлэн мэдэх боломжтой байсан.

10.1. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлж буй хугацааны дараагийн сараас буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандаж хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, 154.8 дахь хэсэгт нарийвчлан зохицуулсан атал нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

11. Иймд  нэхэмжлэгч Х.Тйн нэхэмжлэлийн шаардлага буюу урамшуулал цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Тйн хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас урамшуулал цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б