Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2024/00023

 

Х.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/01047 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Х.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар /дарга Ө.Х/-т холбогдох,

 

“Урамшуулал цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Х.Т-и, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2021 оны 10 дугаар сард тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсны дараа Бугат сумын Засаг дарга асан А.Жамбыл ирээд Бугат сумын санхүүгийн албаны даргаар оронд нь хүн томилогдох хүртэл хэдэн сар түр ажиллаж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Би уг хүсэлтийг зөвшөөрсөн тул захирамж гаргаж, Бугат сумын санхүүгийн албаны даргаар 2 сар ажилласан. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн шинэ хүн томилогдсон. Тэгээд дахиад Засаг дарга тайлан гаргах шаардлагатай байна, урьд 2 удаа тайлан хангалтгүй байсан, шинээр ирсэн хүн тайлан гаргаж чадахгүй байх, та зөвлөхөөр ажиллаад өгөөч гэж надад хүсэлт тавьсан ба би тэгье гээд зөвшөөрөөд, намайг зөвлөхөөрөө авч ажиллуулсан.

1.2. 2021 оны 12 сард тэр хүн томилогдсоны дараа бид хоёр хамтарч ажиллаад бүх гүйлгээг хийгээд, 2021 оны жилээс бүх хаах данснуудын биелэлтийг хийгээд, санхүүжилтэд хуваарилах тайлан мэдээ гаргах, авах дутуу санхүүжилт байвал аймгаас авах гэх мэт ажлуудыг бид хийж гүйцэтгэсэн. Мөн байгууллагуудаас ирсэн баримт материалуудад үнэлгээ хийдэг бүх юмыг би зааж өгч ажилласан. 2022 оны 1 дүгээр сараас тайлан гаргахад суусан. Бид хоёр бүх материалаа бүрдүүлээд тайлан гаргаж 1 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн орлогын 10 дугаар дансыг, 1 дүгээр гарын үсэг Засаг дарга, 2 дугаар гарын үсэг Санхүүгийн албанд зурдаг бүх материал бүрдүүлээд аудитад хүргүүлсэн. Тэгээд 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэцэрлэг, сургууль, Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал гээд арваад байгууллагын тайланг нэгтгээд бүгдийг зааж өгсөн. Мөн Сангийн яамны тайлангийн балансаар бүгдийг заагаад 2 дугаар сарын 25-ны өдөр бүх байгууллагуудын тайланг хүлээж авч 3 дугаар сарын 05-ны өдөр гэхэд нэгтгээд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Тэгээд 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, аудитад бид хоёр ажилласан. Тайланг хянуулаад, гарсан зөрчлийг залруулж тайлан гаргаад дуусгасан юм. Цалин хөлсний талаар амаар Санхүүгийн албаны даргын үндсэн цалин 791,000 төгрөгөөр тохирсон боловч 2022 онд миний цалинг олгож чадаагүй. Яагаад вэ гэвэл мөнгө төгрөг хүрэхгүй байна, төсөвт та энэ жилдээ нийгмийн даатгалыг төлж байж 2023 онд цалинг чинь шийдвэрлээд олгоё гэж хэлсэн. 2023 оноос эхлээд би тэр цалин хөлсөө нэхэмжилсэн. Засаг даргын тамгын газрын даргад очсон. Засаг дарга тэр үед ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тэгээд Тамгын газрын дарга нягтлан хоёрт нэлээн хэд хэдэн удаа очоод цалинг маань олгохыг хүсэхэд 6 сар хүртэл өгөхөөр болсон. Энэ хооронд тус сумын Засаг дарга солигдсон. Бугат сумын Засаг даргатай Санхүүгийн албаны даргын цалин болох 791,000 төгрөгөөр тооцож урамшуулал авахаар болж тохиролцсон байсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хасахаар миний гартаа авах ёстой урамшууллын хэмжээ 1,949,000 төгрөг болж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас урамшуулал цалин 1,949,640 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Жамбыл эрх хэмжээний хүрээнд санхүү албаны даргын зөвлөх гээд захирамж гаргасан байна. Тухайн үед 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2022 оны орон нутгийн төсөв батлагдаж орон тоо батлагдсан үед дээрээс Засгийн газрын тогтоолын дагуу орон нутгийн Тамгын газрын бүтэц орон тоог баталдаг. Бугат сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны дотор Санхүү албаны зөвлөх гэдэг орон тоо байхгүй.  

2.2. Засаг даргын тамгын газрын дарга төсвийн шууд захирагч учраас хэрэв батлагдсан орон тооны дагуу ажиллаж байгаа хүмүүст л цалин олгодог. Батлагдаагүй орон тоонд цалин гаргах эрх мэдэл төсвийн шууд захирагчийн хувьд байхгүй гэж хуульд бас хориглочихсон. Тийм учраас тухайн үед сумын Засаг дарга санхүүгийн албаны зөвлөх гэдэг орон тоог бий болгохдоо захирамж дотор ямар эх үүсвэрээр зөвлөхийг цалинжуулахыг тодорхой бичээгүй байна. Эрх зүйн акт үйлдээгүй байна. Засаг дарга эрх хэмжээний хувьд зөвлөх, туслах ажиллуулсан тохиолдолд цалинг тухайн орон нутгийн давсан орлогоор шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаа.

2.3. Санхүүгийн албан даргаар томилогдсон хүн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрийн албаны шалгалт өгөөд жинхлэгдэж томилогдсон. Тийм учраас Санхүүгийн албаны зөвлөх гэдэг орон тоонд давхардуулан төсвөөс мөнгөө гаргаж цалинжуулах боломжгүй байна. Эрх мэдэл ч байхгүй. Засаг даргын хүсэлтийн дагуу 2021 оны санхүүгийн тайлан гаргах ажиллагаанд оролцсон нь үнэн. Сумын Засаг дарга томилж байгаа учраас би оролцох эрх байхгүй. Тухайн үеийн Засаг даргатай хоорондоо тохиролцсон байж магадгүй. Цалин хөлсийг баталсан орон тооны дагуу өгдөг. Төсвөөс орон тоо бус хүнийг цалинжуулдаг эрх байхгүй шүү дээ. Тухайн үеийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Жамбылд нэхэмжлэгчийн асуудлыг шийдвэрлээд өгье гэж удаа дараа санал гаргасан боловч хойш нь тавьж байсан. Тэгж байхад Засаг дарга солигдсон. Тухайн үедээ Засаг дарга ямар нэгэн захирамж гаргаад өгсөн бол энэ өрийг барагдуулж өгөх байсан. Бид нарт ямар нэгэн эрх зүйн акт гаргаж өгөөгүй.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/01047 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас урамшуулал цалин 1,949,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Өндөр насны тэтгэвэртэн Х.Т-и би эдийн засаг-нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд олон жил төрийн байгууллагад нягтлан бодогч, санхүүгийн албаны дарга зэрэг ажлыг мэргэжлийн дагуу гүйцэтгэж байгаад 2021 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан.

5.2. Намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараахан Бугат сумын Засаг дарга асан А.Жамбыл нь Бугат сумын санхүүгийн албаны сул орон тооны албан тушаалд түр хугацаатай ажиллаж өгөхийг хүсэлт болгосноор Х.Т-и миний бие 2021 оны 11 дүгээр сараас эхлэн Бугат сумын санхүүгийн албаны даргын сул орон тооны албан тушаалд сумын Засаг даргын захирамжаар ажиллаж байхад 2021 оны 12 дугаар сарын сүүлээр тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан албан тушаалтан томилогдож Х.Т-и би ажлаас чөлөөлөгдсөн. 

5.3. Гэвч шинээр томилогдсон ажилтан ажлын чиг баримжаагүй, тухайн оны санхүүгийн тайлан тооцоо, нягтлан бодох бүртгэлийн талаар урьдчилан бэлтгэгдээгүй, бие дааж тайлан тооцоо гаргаж, жилийн эцсийн мэдээ тайлан гаргах эсэх нь эргэлзээтэй байсан учраас Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагч А.Жамбыл нь Х.Т-и намайг Бугат сумын санхүүгийн албанд зөвлөн туслах хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулснаар миний бие 2021 оны Бугат сумын бүх төсөвт байгууллагуудын бүх санхүүгийн тооцоог нэг бүрчлэн хянаж, бүх данснуудын биелэлтийг тооцож гаргах, данснуудыг хаах, дутуу санхүүжилтыг гүйцээх, жилийн эцсийн тайлан мэдээг гаргах гэх мэд санхүүгийн бүх шатлалын үйл ажиллагаа гүйцэтгэж, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн сумын төсвийн нэгдсэн тайланг гаргаж, нягтлан бүртгэлийн анхан шатны баримт материалын бүрдлийг хангаж, сумын төсөвт байгууллагуудын нэгдсэн тайланг гаргаж, хуулийн хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны дотор аудитад хүргүүлж, 2022 оны 3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 05-ыг хүртэлх хугацаанд Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төрийн аудитын байгууллагатай хамтран ажилласан болно.

5.4. Х.Т-и миний ажилласан хугацааны нэг сарын цалин хөлсийг Санхүүгийн албаны даргын үндсэн цалин 791,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэж, цалин хөлсийг 2023 оны олгохоор, харин ногдох НДШ-ийг 2022 онд тооцож олгохоор сумын Засаг дарга аман шийдвэрээр зохицуулсан.

5.5. Тохиролцоо ёсоор Т-и би  2023 онд Бугат сумын Засаг дарга, түүний Тамгын газраас өмнөх оны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч өмнөх Засаг дарга ажлаас чөлөөлөгдсөн ба төсвийн шууд захирагч болох Бугат сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Харилбай, ерөнхий нябо нар надад урамшууллын хэлбэрээр 1,949,000 төгрөг тооцож, 2023 оны 6 дугаар сард /хагас жилд/ олгохоор болж тохирч намайг явуулсан. Түүнээс хойш би Бугат сумын Засаг даргын тамгын газрын дарга, нягтлан бодогч нараас удаа дараа шаардахад өмнөх тохиролцооноосоо буцаж, шүүхэд хандаж эхэлсэн болно.

5.6. Хариуцагч талаас тайлбарлахдаа Х.Т-и намайг төрийн албан хаагч биш, зөвлөх гэж орон тоо батлагдаагүй, зөвлөхийн цалин хөлс, урамшуулал, төсөвт суугаагүй гээд өгөхгүй байна. Гэтэл Х.Т-и намайг нэгэнт сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болохын хувьд Засаг даргын захирамж гаргаад өөрсдөө томилсон. Ингэснээр миний хөдөлмөрийн үр шимийг хүртэж, ажил хийлгэж авчхаад ажлын хөлсийг өгөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

5.7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан цалин хөлс, урамшуулал олгох журмаар олгох үүрэгтэй билээ.

5.8. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/01047 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсэгт /8 дахь заалт/ нотлох баримтаар баталж чадаагүй гэж буруу дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч Х.Т-и намайг ажилд томилсон сумын Засаг даргын захирамж байхад хариуцагч тал намайг ажилласан болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байхад “нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.9. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ. Гэтэл хариуцагч тал 2023 оны 6 дугаар сард цалин олгох тохиролцоо хийсэн, Т-и би 2023 оны 6 дугаар сараас эхлэн хохирлоо нэхэмжилж, 2023 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалтад заасан 30 хоногийн доторх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.

5.10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1308ШШ2023/01047 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт хуульд заасан арга, журмаар цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, зохих шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээнийг үндэслэн сэргээн тогтоож, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгоно.

 

7. Гэтэл анхан шатны шүүх Х.Т-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг буруу тодорхойлсноос (1) Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, (2) хариуцагчийг тодорхойлох, солихтой холбоотой шүүхээс хамаарах процессын хэм хэмжээг биелүүлээгүй, мөн (3) мэтгэлцэх зарчмыг хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

 

8. Нэхэмжлэгчээс цалин хөлс гэх 1.949.640 төгрөгийг хариуцагч Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан шаардсан үндэслэлдээ тус сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаар захирамжаар “2021 оны санхүүгийн нэгдсэн тайланд зөвлөх ажилтнаар томилогдсон ажилласан” талаар дурдсан бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, Х.Т-и болон Бугат сумын Засаг даргын Тамгын газар нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх нь бодитой нотлогдоогүй байхад шүүх өрсөлдөгч бусад хэм хэмжээнүүдийг шалгаагүй буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

 

Тодруулбал шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлс олгох хэлбэрийг хуульчилсан 105 дугаар зүйлийг хэрэглэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах шаардах эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг оновчтой сонгоогүй, зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгч ажлын хөлс шаардсан нэхэмжлэлийн үндэслэлдээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаар захирамжийг иш татаж, тус захирамжийг хэрэгт эх хувиар нь хавсаргаж өгсөн боловч нэхэмжлэлдээ хариуцагчаар Бугат сумын Засаг даргын Тамгын газрыг тодорхойлжээ. Үүнээс дүгнэвэл, шүүх Бугат сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

10. Бугат сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/137 дугаар захирамжийг үндэслэвэл тус сумын Засаг даргын Тамгын газар нь Х.Т-ийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн эсэх нь эргэлзээтэй учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан процессын арга хэмжээг авч хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл, тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад хуульчилсан хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан зарчмыг зөрчсөн буюу процессын шударга байдал алдагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэв.

 

12. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дахь “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэх хууль зүйн боломжгүй бөгөөд давж заалдах гомдлын “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай хэсгийг хүлээж авсан тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.144 төгрөгийг буцаан олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/01047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Т-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.144 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК