Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2023/01064

 

 

 

 

    2023           12             15     

                       130/ШШ2023/01064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А дүүрэг, 1111111 дугаар хороо, Д гудамж, 29-1 тоотод үйл ажиллагаа явуулах, М ХХК

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга А.Е/

Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга /Х.Б/

Хамтран хариуцагч: Х.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /цахимаар/

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Е

Хамтран хариуцагч Х.Б

Хамтран хариуцагчийн өмгөөлөгч Х.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Хамтран хариуцагч Х.Бд шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хамтран хариуцагч Х.Б шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дарв хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хамтран хариуцагч Х.Бн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга А.Е/, хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга /Х.Б/, Х.Б нарт холбогдуулан эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Тус компани нь Б сумын эргэлтийн эмийн санд 1,089,570 төгрөгийн эм барааг зээлээр худалдан борлуулсан. Гэвч уг эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг одоог хүртэл төлж өгөхгүй манай компанийг хохирооч байна. Б аймгийн М компани төвөөс тус аймгийн Б сумын эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Эргэлтийн эмийн сангийн журмаар Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа. Ажил олгогч нь Засаг даргын Тамгын газар гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шүүх хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Бг ажлаас чөлөөлсөн тушаал болон чөлөөлсөн тушаал нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Тийм учраас нэхэмжилж буй мөнгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Е хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн эмийн санд 1,089,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримт буюу Тооцооны үлдэгдлийн баталгааны хуудаснаас харахад М ХХК-иас Б сумын Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй харин Б сумын Эргэлтийн эмийн сан худалдан авсан тухай үйл баримт тогтоогдож байна. Б сумын Эмийн эргэлтийн санг Б сумын Засаг даргын 2018 оны захирамжаар байгуулсан ба мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар захирамжаар тус Эмийн эргэлтийн сангийн “Хяналтын зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд дээрх Эмийн эргэлтийн сан байгуулах тухай болон Эмийн эргэлтийн сангийн Хяналтын зөвлөл байгуулах тухай захирамжууд хүчинтэй байгаа юм. Б сумын Эмийн эргэлтийн сангийн журмын дагуу сумын Эрүүл мэндийн төв нь Эргэлтийн эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллах бөгөөд санхүү, тооцоотой холбоотой асуудалд оролцох эрхгүй юм. Дээр дурдсан Эргэлтийн эмийн сангийн журмын дагуу Эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийг сумын Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг хариуцсан нягтлан бодогч зурдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын талаар зохицуулж өгсөн байх ба 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримт болон сумын Засаг даргын шийдвэр, Б сумын Эргэлтийн эмийн сангийн журам зэргээс харахад Б сумын Эрүүл мэндийн төв нь энэхүү М ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн хариуцагч биш юм. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б хариу тайлбартаа: М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хамтран хариуцагчаар Б сумын Засаг даргын Тамгын газрыг оролцуулах хүсэлт гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Харин Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмийн бүтээгдэхүүнийг татан авах, өр төлбөр барагдуулах ажил нь журмаараа эмийн сангийн эрхлэгчийн ажил байсан тул Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Х.Б өөрөө хариуцаж хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

4. Хамтран хариуцагч Х.Б хариу тайлбартаа: Миний бие М ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангийн салбараас өөрийн биеэр ирж, эм аваагүй. Эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн машинаар ирсэн эмийг хүлээн авсан. Дээрхи эмийг худалдан борлуулсны үнийг эргэлтийн эмийн сангийн дансанд төвлөрүүлж хийж байсан. Тэгээд ажиллаж байхад 2022 оны 02 дугаар сард тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х.А нь Цагдаагийн байгууллагад Х.Б нь миний хоёрдугаар гарын үсгийг дурайлган зурж данснаас мөнгө гаргасан байна гэж өргөдөл гаргаснаар уг асуудал одоо хүртэл шалгагдаж байна. Уг асуудлыг эхлээд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид дараа нь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Миний бие 2021 оны 03 дугаар сард жирэмсний амралт авсан ба тухайн үед эргэлтийн эмийн сангийн дансанд 5,762,500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн юм. Энэ мөнгийг үүнээс хойш зарцуулаагүй ба эм авсан М ХХК, Д фарм, Ө ХХК-уудад шилжүүлэх ёстой байтал нягтлан бодогч Х.А, Засаг дарга Н.Х нар одоо хүртэл шилжүүлээгүй байна. Би 2021 оны 3 дугаар сард жирэмсний амралт авснаас хойш эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаагүй болно. Цагдаагийн байгууллагын мөрдөгчид тус сумын эргэлтийн эмийн сангийн санхүүгийн баримтад Б аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5,762,500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Тус сумын Засаг даргын тамгын газраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй мөртлөө 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А гэдэг хүнийг томилж эргэлийн эмийн сангийн дансанд буй 5,762,500 мянган төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. М ХХК-ийн надаас нэхэмжилж буй эмийн үнэ болох 1,089,570 мянган төгрөг нь үндэслэлгүй ба би хариуцагч биш гэжээ.

5. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Б, М.Ж нарт олгосон итгэмжлэл, Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас Б аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн.

7. Хамтран хариуцагч Х.Бгаас Х.Т-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хандсан хүсэлт, Б аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32/7521 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

8. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч М ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М компани Б сумын эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Эргэлтийн эмийн сангийн журмаар Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа. Ажил олгогч нь Засаг даргын Тамгын газар гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шүүх хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Бг ажлаас чөлөөлсөн тушаал болон чөлөөлсөн тушаал нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Тийм учраас Б сумын Засаг даргын Тамгын газраас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ХХК-иас Б сумын Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй харин Б сумын Эргэлтийн эмийн сан худалдан авсан тухай үйл баримт тогтоогдож байна. Б сумын Эмийн эргэлтийн санг Б сумын Засаг даргын 2018 оны захирамжаар байгуулсан тул тус сумын Эрүүл мэндийн төв нь хариуцахгүй юм. Тун ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

12. Хамтран хариуцагч Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие М ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангийн салбараас өөрийн биеэр ирж, эм аваагүй. Эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн машинаар ирсэн эмийг хүлээн авсан. Дээрх эмийг худалдан борлуулсны үнийг эргэлтийн эмийн сангийн дансанд төвлөрүүлж хийж байсан тул би уг мөнгийг хариуцахгүй гэжээ.

13. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

13.1. Нэхэмжлэгч М ХХК-иас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар зохигч нар  маргаагүй болно.

13.2. Нэхэмжлэгч Б аймгийн М компани төвөөс тус аймгийн Б сумын эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Эргэлтийн эмийн сангийн журмыг унших бол Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа тул үүнтэй холбоотой төлбөрийг Засаг даргын Тамгын газраас гаргаж өгөхийг хүсэж байна гэж нэхэмжлэлийн шаардлага тайлбарласныг хамтран хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газар үгүйсгэж чадаагүй болно.

13.3. Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг Б сумын засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаартай “Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай” захирамж болон мөн захирамжийн хавсралтаар Б сумын Эмийн эргэлтийн сангийн журмыг тус тус баталсан байна.

13.4. Энэхүү Б сумын Эмийн эргэлтийн сангийн журмын 4.2.1-д Засаг дарга түүний Тамгын газар нь арга зүйн удирдлагаар хангаж, эргэлтийн эмийн санд ... хяналт, дүгнэлтийн дагуу шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна, 4.2.2-т эргэлтийн эмийн сангийн эрхлэгчтэй эрх үүрэг, хариуцлага цалин, урамшуулал, нийгмийн даатгалыг тусгасан гэрээ байгуулж ажиллана, 4.2.3-т санхүүгийн алба нь эмийн эргэлтийн сангийн тайлан тэнцлийг хагас, бүтэн жилийн орлого, зарлага, үлдэгдлийн тооцоог хийж баталгаажуулан Засаг даргад танилцуулна, 3.2-т эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийг Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг хариуцсан нягтлан бодогч зурна гэж тус тус журамласан байх тул Б сумын Засаг даргын ажлын албан нь Засаг даргын Тамгын газар байх тул энэхүү эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг Б сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

13.5. Хамтран хариуцагч Х.Бн шүүхэд гаргасан тайлбартаа ... эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5,762,500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Тус сумын Засаг даргын тамгын газраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй мөртлөө 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А гэдэг хүнийг томилж эргэлийн эмийн сангийн дансанд буй 5,762,500 мянган төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. М ХХК-ийн надаас нэхэмжилж буй эмийн үнэ болох 1,089,570 мянган төгрөг нь үндэслэлгүй би хариуцахгүй гэсэн тайлбар болон Б сумын Эрүүл мэндийн төв нь дээрх хавтаст хэрэгт авагдсан Б аймаг Б сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаартай “Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай” захирамж болон мөн захирамжийн хавсралтаар Б сумын Эмийн эргэлтийн сангийн журмыг баталсан энэхүү журмын 2.10-т эмийн сангийн эрхлэгч нь зөвхөн эргэлтийн эмийн сангийн эмийг худалдан борлуулна гэж, 4.3.1-т Б сумын Эрүүл мэндийн төв нь сумын эргэлтийн эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хяналт тавьж ажиллах эрх үүрэгтэй гэсэн байх тул М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төв болон хамтран хариуцагч Х.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

13.6. Хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар нь  М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  хамтран хариуцагчаар Б сумын Засаг даргын Тамгын газрыг оролцуулах хүсэлт гаргасныг эс зөвшөөрч байна. Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Харин Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмийн бүтээгдэхүүнийг татан авах, өр төлбөр барагдуулах ажил нь журмаараа эмийн сангийн эрхлэгчийн ажил байсан тул Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Х.Б өөрөө хариуцаж хариуцлагаа хүлээх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй буюу Б сумын Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А гэдэг хүнийг Засаг дарга томилж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Бын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбар болон хамтран хариуцагч Х.Бн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

14. Иймд хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/  төгрөгийг гаргуулан М ХХК-д олгож, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв, хамтран хариуцагч Х.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангагдаагүй буюу мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хамтран хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газраас 30700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/  төгрөгийг гаргуулан М ХХК-д олгож, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв, хамтран хариуцагч Х.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас  30,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б