Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2024/00017

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/01064 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** үйл ажиллагаа явуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга А.Е/, хамтран хариуцагч тус аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга /Х.Б/, хамтран хариуцагч Х.Б- нарт холбогдох,

 

“Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хариуцагч тус аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /цахим сүлжээгээр/, хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б, хариуцагч Х.Б-н өмгөөлөгч Х.Тилеугавал  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Тус компани нь Б сумын эргэлтийн эмийн санд 1,089,570 төгрөгийн эм барааг зээлээр худалдан борлуулсан. Гэвч уг эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөгийг одоог хүртэл төлж өгөхгүй манай компанийг хохирооч байна. Баян-Өлгий аймгийн М компани төвөөс тус аймгийн Б сумын эргэлтийн эмийн сангийн захиалгаар 1,089,570 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Эргэлтийн эмийн сангийн журмаар Эрүүл мэндийн төв нь үйл ажиллагаагаар хангах, чиглэл өгөх үүрэгтэй байдаг. Харин эд хөрөнгө захиран зарцуулах, мөнгө гаргуулах эрх нь тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар байгаа. Ажил олгогч нь Засаг даргын Тамгын газар гэж ойлгож байна. Яагаад гэвэл өмнөх шүүх хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга нь Х.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал болон чөлөөлсөн тушаал нь байгаа гэсэн тайлбар хэлсэн. Тийм учраас нэхэмжилж буй мөнгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй.   

 

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Елжаны хариу тайлбар, татгалзал:

2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримт буюу Тооцооны үлдэгдлийн баталгааны хуудаснаас харахад “М” ХХК-аас Б сумын Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй харин Б сумын Эргэлтийн эмийн сан худалдан авсан тухай үйл баримт тогтоогдож байна. Б сумын Эмийн эргэлтийн санг Б сумын Засаг даргын 2018 оны захирамжаар байгуулсан ба мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар захирамжаар тус Эмийн эргэлтийн сангийн Хяналтын зөвлөл-ийг байгуулсан бөгөөд дээрх Эмийн эргэлтийн сан байгуулах тухай болон Эмийн эргэлтийн сангийн Хяналтын зөвлөл байгуулах тухай захирамжууд хүчинтэй байгаа юм. Б сумын Эмийн эргэлтийн сангийн журмын дагуу сумын Эрүүл мэндийн төв нь Эргэлтийн эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллах бөгөөд санхүү, тооцоотой холбоотой асуудалд оролцох эрхгүй юм. Дээр дурдсан Эргэлтийн эмийн сангийн журмын дагуу Эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийг сумын Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг хариуцсан нягтлан бодогч зурдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын талаар зохицуулж өгсөн байх ба 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан нотлох баримт болон сумын Засаг даргын шийдвэр, Б сумын Эргэлтийн эмийн сангийн журам зэргээс харахад Б сумын Эрүүл мэндийн төв нь энэхүү “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч биш юм. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баянбаатарын хариу тайлбар, татгалзал:

3.1. Б суманд Эргэлтийн эмийн сан анхлан байгуулагдахад болон дахин өөрчлөн байгуулахад Засаг даргын тамгын газрын оролцоогүй бөгөөд эмийн сантай холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Иймд хамтран хариуцагчаар оролцох ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Харин Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмийн бүтээгдэхүүнийг татан авах, өр төлбөр барагдуулах ажил нь журмаараа эмийн сангийн эрхлэгчийн ажил байсан тул Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Х.Б- өөрөө хариуцаж хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна.

 

4. Хамтран хариуцагч Х.Б-н хариу тайлбар, татгалзал:

4.1. Миний бие “М” ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангийн салбараас өөрийн биеэр ирж, эм аваагүй. Эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн машинаар ирсэн эмийг хүлээн авсан. Дээрх эмийг худалдан борлуулсны үнийг эргэлтийн эмийн сангийн дансанд төвлөрүүлж хийж байсан. Тэгээд ажиллаж байхад 2022 оны 02 дугаар сард тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х.А нь Цагдаагийн байгууллагад Х.Б- нь миний хоёрдугаар гарын үсгийг дурайлган зурж данснаас мөнгө гаргасан байна гэж өргөдөл гаргаснаар уг асуудал одоо хүртэл шалгагдаж байна. Уг асуудлыг эхлээд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид дараа нь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Миний бие 2021 оны 03 дугаар сард жирэмсний амралт авсан ба тухайн үед эргэлтийн эмийн сангийн дансанд 5,762,500 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн юм. Энэ мөнгийг үүнээс хойш зарцуулаагүй ба эм авсан “М” ХХК, “Дэвшил баян” фарм, “Өлгий таван салаа” ХХК-уудад шилжүүлэх ёстой байтал нягтлан бодогч Х.А, Засаг дарга Н.Х нар одоо хүртэл шилжүүлээгүй байна. Би 2021 оны 3 дугаар сард жирэмсний амралт авснаас хойш эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаагүй болно. Цагдаагийн байгууллагын мөрдөгчид тус сумын эргэлтийн эмийн сангийн санхүүгийн баримтад Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5,762,500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Тус сумын Засаг даргын тамгын газраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.А гэдэг хүнийг томилж эргэлийн эмийн сангийн дансанд буй 5,762,500 мянган төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. М ХХК-ийн надаас нэхэмжилж буй эмийн үнэ болох 1,089,570 мянган төгрөг нь үндэслэлгүй ба би хариуцагч биш. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/001064 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,089,570 /нэг сая наян есөн мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв, хамтран хариуцагч Х.Б- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 30,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын даргын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Б сумын Эргэлтийн эмийн сан байгуулахад Засаг даргын Тамгын газар ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаагүй зохион байгуулалтад оролцоогүй, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа болон мөнгөний гүйлгээнд оролцоогүй болно.

6.2. Сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Эргэлтийн эмийн сангийн эмийн санчийг томилж, үйл ажиллагааны журмыг баталсан.

6.3. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд ЗДТГ нь тусдаа бие даасан шийдвэр гаргах эрх бүхий алба байгууллага болно. Эргэлтийн эмийн сангийн журамд хяналтын зөвлөлийг байгуулсан нь Засаг дарга тусдаа Тамгын газраас хараат бус бие даасан ажлын хэсэг байгуулж ажиллуулсан болно.

6.4. Мөн сумын Эрүүл мэндийн төв нь уг Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын хувьд оролцож, уг эмийн сангаар дамжуулан хөнгөлөлттэй эм авч байсан. Эмийн сан байгуулагдахад Эрүүл мэндийн төвийн регистрийн дугаараар байгуулагдсан байдаг.

6.5. Тухайн үед эмийн санчаар ажиллаж байсан Х.Б- нэхэмжлэгч талаас эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байдаг бөгөөд эмийн сангийн гүйлгээг хариуцсан нягтлан бодогчтой орлого, зарлагын тооцоо нийлээгүй, ирсэн бараа орлогод авхуулж, төлбөрийг төлж барагдуулах ажлаа хийгээгүй байна. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан ажилтны буруутай үйл ажиллагаа мөн болно.

6.6. Засаг даргын Тамгын газар тус хэрэгт хариуцагчаар оролцож төлбөр төлөх ямар нэгэн үндэслэлгүй гэж үзэж байна.

6.7. Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/01064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Нэхэмжлэгч “М” ХХК эргэлтийн эмийн санд бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгсөн. Тухайн эргэлтийн эмийн сангийн хөрөнгө, санхүүг захиран зарцуулах эрх мэдэл бүхий этгээд нь нэгдүгээр гарын үсэг Засаг дарга байсан. Тэр журмаараа зохицуулагдсан. Хариуцагч Х.Б- гэдэг хүн нь тухайн үед эрхлэгчийн албан тушаалтай, тухайн эргэлтийн эмийн сангийн ажилтан байсан гэж үзэж байна. Тухайн ажилтан төлбөр үүсгэж төлөөгүй байсан бол санхүү хариуцсан байгууллагын санхүүгийн нягтлан өр төлбөр тооцоотой эсэхийг шалгаад манайд төлж барагдуулах ёстой байсан бол тэрийг нь шалгаж тухайн үед ажлаас гаргах ёстой байсан. Гэтэл ажлаас гараад удаан хугацаа өнгөрсөн. Манай бараа бүтээгдэхүүнийг борлуулсан мөнгө нь Засаг даргын санхүүд хадгалагдаж байгаа. Тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байгаа учраас мөнгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь өөрөө зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөх хүсэлттэй байна.

 

8. Хамтран хариуцагч Х.Б-н өмгөөлөгч Х.Тилеугавалын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Миний үйлчлүүлэгч Х.Б- 2021 оны 3 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт авсан. Тухайн үед Х.Б- эргэлтийн эмийн сангийн дансанд 5,762,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ мөнгийг үүнээс хойш зарцуулаагүй ба эм авсан ганцхан “М” ХХК биш “Д”, “Ө” ХХК-уудад шилжүүлэх ёстой байтал нягтлан бодогч Х.А, Засаг дарга Н.Х нар одоо хүртэл шилжүүлээгүйгээс болж эргэлтийн эмийн сангийн дансанд үлдсэн. Цагдаагийн байгууллагын мөрдөгчид тус сумын эргэлтийн эмийн сангийн санхүүгийн баримтад Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр эргэлтийн эмийн сангийн харилцах дансанд 5762500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь тогтоогдсон. Эргэлтийн эмийн санч хувьдаа эмийн үнийг ашигласан зүйл харагдахгүй байна гэж дүгнэлт гаргасан. Тус сумын Засаг даргын тамгын газраас намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр Б.Ауган гэдэг хүнийг томилж эргэлийн эмийн сангийн дансанд буй 5762500 мянган төгрөгийг зарцуулж эхэлсэн байна. Уг нь энэ мөнгийг  “М” ХХК болон “Д”, “Ө” ХХК-уудад шилжүүлэх ёстой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Миний үйлчлүүлэгч 2021 оны 3 дугаар сараас эхлэн ажлаас гарсан тул энэ мөнгө дансанд хэвээр байсан. Тийм учраас “М” ХХК-ийн нэхэмжилж буй 1089570 төгрөгийг хамтран хариуцагч Х.Б-д холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. 

 

ХЯНАВАЛ:

 

9. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй байна.

 

10. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж худалдаж авсан эм, эмийн бүтээгдэхүүний үнэ 1.089.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус хүсэлт гаргаж тус сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Эргэлтийн эмийн сан /эрхлэгч Х.Б-/ зэргийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “...тус Эрүүл мэндийн төв эм худалдаж аваагүй, Б сумын Эргэлтийн эмийн сан худалдаж авсан” гэж Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар “Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай” захирамж, тус сумын Эмийн эргэлтийн сангийн журам зэргийг гаргаж өгсөн;

хамтран хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын хариу тайлбарт “Эргэлийн эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмийн бүтээгдэхүүнийг татан авах, өр төлбөр барагдуулах ажил нь журмаараа эмийн сангийн эрхлэгчийн ажил байсан тул Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч өөрөө хариуцаж хариуцлага хүлээх ёстой” гэж;

тус сумын Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан гэх Х.Б-н анхан шатны шүүхэд “Миний бие 2021 оны 3 дугаар сард жирэмсний амралт авснаас хойг Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаагүй. Миний бие “М” ХХК-ийн тус аймаг дахь эмийн сангаас өөрийн биеэр ирж эм аваагүй, эргэлтийн эмийн сангаас өгсөн захиалгын дагуу манай сумын Эрүүл мэндийн төвийн машинаар ирсэн эмийг хүлээж авсан. Эргэлтийн эмийн сангийн дансанд 5.762.500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, энэ мөнгийг үүнээс хойш зарцуулаагүй ба эм авсан “М” ХХК, “Д”, “Ө” ХХК-уудад шилжүүлэх ёстой байтал нягтлан бодогч Х.А, Засаг дарга Н.Х нар одоог хүртэл шилжүүлээгүй байна” гэж тайлбар өгсөөр байтал анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг хуульд заасан журмаар, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас  хооронд нь харьцуулж үнэлэх журмыг зөрчиж, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газраас 1.089.570 төгрөг гаргуулж, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн шүүх хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/42 дугаар “Эмийн эргэлтийн сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай” захирамж, тус сумын Эмийн эргэлтийн сангийн журам зэргийг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйг тэмдэглэх нь зүйтэй. Энэ талаарх хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

12. Хамтран хариуцагчаар татан оролцуулсан Баян-Өлгий аймгийн Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр одоо хэн ажиллаж байгаа эсэх, хэрвээ Х.Б- ажиллаж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасанд нийцэх ба шүүх хуулийн уг шаардлагыг хангуулах үүрэгтэй.

 

13. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн, нэхэмжлэлийн үндэслэл болсон хэргийн 7 дахь талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх тухайн баримтын жинхэнэ эхийг шаардан аваагүй атлаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг баримтыг “гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн” гэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг буруу хэрэглэжээ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл баримт нь хуулбар хувь байхаас гадна нотариатчаар гэрчлэгдээгүй, түүнд агуулагдах баримтат мэдээлэл нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар жинхэнэ эхийг нь шаардаж авах эрхтэй бөгөөд ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг “шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ шаардах эрхээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т” заасныг баримталж техникийн шинжтэй ноцтой алдаа гаргасныг тэмдэглэж, дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1, 168.1.3 дахь заалтаар анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2023/01064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК