Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/01078

 

 

 

 

    2023           12             20     

                       130/ШШ2023/01078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт М-ын Е

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор 19,386,628 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2,423,328 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Е /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 19,386,628 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2,423,328 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие М.Е нь Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Гэтэл тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.2. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 130/ШШ2023/00236 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00075 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дүгээр тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

1.3. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч М.Е намайг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар урьд эрхэж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан. М.Е би хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэх эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно” гэж журамласан.

1.4. М.Е намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн ба тухайн өдрөөс ажилд эргүүлэн томилогдсон 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 сар 23 хоног ажилгүй байсан. Би ажилгүй болохоос өмнөх 3 сар буюу 4 дүгээр сард 1,323,992 төгрөг, 5 дугаар сард 1,149,748 төгрөг, 6 дугаар сард 1,139,748 төгрөгийн цалин хөлс авсан. Түүний нийлбэр нь 3,613,488 /1,323,992 +1,149,748 + 1,139,748 =3,613,488/ төгрөг болж байгаа ба үүнийг 3 сард хуваахаар нэг сарын дундаж цалин хөлс 1,204,496 /3,613,488: 3 =1,204,496/ төгрөг байна. Үүнийг 1 сарын дундаж ажлын өдөрт хуваахаар нэг өдрийг дундаж цалин хөлс 57,356 /1,204,496: 21 өдөр = 57,356/ төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны олговорт 15 сар х 1,204,496 төгрөг = 18,067,440 төгрөг, 23 хоног х 57,356 = төгрөг 1,319,188 төгрөг, бүгд 19,386,628 төгрөг авах ёстой. Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 1 2.5-д зааснаар хууль бусаар ажлаас халагдсан хугацааг шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор, мөн журмын 2.1.5-д энэ журмын 1-2.5-д заасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор нэг удаа бүрэн хэмжээгээр төлнө гэж журамласан тул хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар ажил олгогч нөхөн төлөх ёстой. Миний ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин 19,386,628 төгрөг болж байгаа ба түүнд ногдох ажил олгогчийн төлбөл зохих 12,5 хувиар тооцоход 2.423,328 /19,386,628 х 12,5% =2,423,328 төгрөг/ төгрөгийн шимтгэлийг ажил олгогч төлөх тооцоо гарч байна.

1.5. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс ажилгүй байсан хугацааны олговорт 19,386,628 /арван есөн сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуун хорин найман/ төгрөг гаргуулан надад олгох, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх 2,423,328 /хоёр сая дөрвөн зүүн хорин гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчийг давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ажилд эгүүлэн томилсон бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор олгохоор ажиллаж байна. Гэвч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн олговрын хэмжээг буруу бодож, хэт ихэсгэсэн хэмжээгээр нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ын 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ажилтны сарын дундаж цалинг тогтоож, уг тогтоосон дундаж цалингаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгодог. Гэтэл нэхэмжлэгч нь сарын дундаж цалин хөлс бодохдоо 2022 оны 04, 05, 06 дугаар саруудад өөрт нь бодогдсон нийт цалингийн дунджаар бодож нөхөн олговрын хэмжээг тооцсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сарын дундаж цалин тооцоход байгууллагын эдийн засагчийн гаргасан олговол зохих цалингийн хэмжээгээр бодсон нь буруу байна. Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх тушаал авсны дараа 2023 оны 07 дугаар сард ээлжийн амралтын бодуулж, ээлжийн амралтын цалин хөлс давхар авсан болно. Иймд “ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-д заасны дагуу нэхэмжлэгч М.Еы дундаж цалин хөлс бодоход сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, 07 дугаар сарын ээлжийн амралтын цалин хөлсний дунджаар бодох нь зүйтэй байна. М.Е нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сар, 15 ажлын өдрийн нөхөн олговор авахаар байна. Иймд Б аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч М.Ед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-д заасны дагуу нийт 14,444,537 /арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговор, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1,805,567 /нэг сая найман зуун таван мянга таван зуун жаран долоо/ төгрөг төлөхөөр байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаал, 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн Б/41 дугаартай тушаал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлал, улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөгч Х.Бтай байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас дундаж цалин хөлсний тодорхойлолт, цалингийн карт, Х.Н-т олгосон итгэмжлэл, ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, Мэдээлэл, технологийн ажилтан М.Еаас цалингийн суутгал хийсэн тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

7. Нэхэмжлэгч М.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

7.1. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар М.Е намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүний дараагаагаар шүүхэд хандсан юм. Тус газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар намайг урьд эрхэж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс ажилгүй байсан хугацааны олговорт 19,386,628 /арван есөн сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуун хорин найман/ төгрөг гаргуулан надад олгох, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх 2,423,328 /хоёр сая дөрвөн зүүн хорин гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэж тайлбарлав.

8. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

8.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ажилд эгүүлэн томилсон бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор олгохоор ажиллаж байна. Гэвч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн олговрын хэмжээг буруу бодож, хэт ихэсгэсэн хэмжээгээр нэхэмжилсэн байна. нэхэмжлэгч М.Еы дундаж цалин хөлс бодоход сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, 07 дугаар сарын ээлжийн амралтын цалин хөлсний дунджаар бодох нь зүйтэй байна. М.Е нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сар, 15 ажлын өдрийн нөхөн олговор авахаар байна. Иймд Б аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч М.Ед нийт 14,444,537 /арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговор, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1,805,567 /нэг сая найман зуун таван мянга таван зуун жаран долоо/ төгрөг төлөхөөр байна гэж маргасан.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.Нэхэмжлэгч М.Е нь Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Еы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч М.Е эс зөвшөөрч Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлалаар М.Еы гомдлыг хангаж, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Еыг Б аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг  2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр энэхүү магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10.1. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь нэхэмжлэгч М.Еыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дугаартай “М.Еыг  эгүүлэн томилох тухай” тушаалаар М.Еыг Б аймгийн Б аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилсон байна.

10.2. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь нэхэмжлэгч М.Еыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дугаартай “М.Еыг эгүүлэн томилох тухай” тушаалаар ажилд эгүүлэн томилсон тухайд талууд маргаагүй.

10.3. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар нь ... нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн олговрын хэмжээг буруу бодож, хэт ихэсгэсэн хэмжээгээр нэхэмжилсэн байна. нэхэмжлэгч М.Еы дундаж цалин хөлс бодоход сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, 07 дугаар сарын ээлжийн амралтын цалин хөлсний дунджаар бодох нь зүйтэй байна. М.Е нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сар, 15 ажлын өдрийн нөхөн олговор авахаар байна. Иймд Б аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч М.Ед нийт 14,444,537 /арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговор, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1,805,567 /нэг сая найман зуун таван мянга таван зуун жаран долоо/ төгрөг төлөхөөр байна гэж маргаж байгаа боловч Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгч М.Еы ажилгүй байсан хугацааны олговор тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилсан байна.

11.1. Дээрх хөдөлмөрийн хуульд зааснаар хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгч М.Еыг ажлаас чөлөөлөгдөх хүртэлх ажилласан хоног ногдох цалин хөлс болон ээлжийн амралтын тооцоо хийж цалин олгосон болох нь хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч М.Е нь ажил олгогчоос өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.

13. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох  дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.3.5-д  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоогдсон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно гэж тус тус журамласан байна.

13.1. Төрийн мэдээллийн сангаас гаргасан М.Еы Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч М.Е нь 3,613,488 төгрөгийн /4 дүгээр сард 1,323,992 төгрөг, 5 дугаар сард 1,149,748 төгрөг, 6 дугаар сард 1,139,748 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход 1,204,496 төгрөг /3,613,488:3= 1,204,496 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс 57,356 төгрөг /1,204,496 : 21= 57356 төгрөг/ байна.

 

14. Нэхэмжлэгч М.Е нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10  дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 сар 23 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн ба  шүүхээс дээрх ажилгүй байсан хугацааг тооцоход нэхэмжлэгч М.Е нь 15 сар 19 хоног ажилгүй байсан байна гэж үзлээ.

15. Иймд нэхэмжлэгч М.Еы ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт  19,157,204 төгрөг /15 сар х 1,204,496 төгрөг + 19 хоног х 57,356 төгрөг/-ийг хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 229,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

16. Мөн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг гэж заасан байна.

16.1.Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 1 2.5-д зааснаар хууль бусаар ажлаас халагдсан хугацааг шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор, мөн журмын 2.1.5-д энэ журмын 1-2.5-д заасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор нэг удаа бүрэн хэмжээгээр төлнө гэж заажээ.

16.2. Иймд нэхэмжлэгч М.Еы 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэлийг журмын дагуу ажил олгогчийн төлөх 2,394,650 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт даалгах нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267000 төгрөгөөс 254,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 12,117 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох 19,157,204 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 253,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,157,204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ед олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 229,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл 2,394,650 төгрөгийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгөөс 254,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 12,117 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 253,736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ед  олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б