Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2024/00022

 

 

М.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/01078 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч М.Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар (дарга Н.С)-т холбогдох,

 

“Ажилгүй байсан хугацааны олговор 19,386,628 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2,423,328 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Е- /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие М.Е- нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус газрын мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Гэтэл тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албаны үүрэгт ажилд хайхрамжгүй хандаж, Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.2. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 130/ШШ2023/00236 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00075 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дүгээр тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

1.3. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч М.Е- намайг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар урьд эрхэж байсан ажилд тухайн өдрөөс эргүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан. М.Е- би хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэх эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно гэж журамласан.

1.4. М.Е- намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн ба тухайн өдрөөс ажилд эргүүлэн томилогдсон 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 сар 23 хоног ажилгүй байсан. Би ажилгүй болохоос өмнөх 3 сар буюу 4 дүгээр сард 1,323,992 төгрөг, 5 дугаар сард 1,149,748 төгрөг, 6 дугаар сард 1,139,748 төгрөгийн цалин хөлс авсан. Түүний нийлбэр нь 3,613,488 төгрөг болж байгаа ба үүнийг 3 сард хуваахаар нэг сарын дундаж цалин хөлс 1,204,496  төгрөг байна. Үүнийг 1 сарын дундаж ажлын өдөрт хуваахаар нэг өдрийг дундаж цалин хөлс 57,356 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны олговорт 19,386,628 төгрөг авах ёстой. Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 1.2.5-д зааснаар хууль бусаар ажлаас халагдсан хугацааг шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тохиолдолд тухайн хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор, мөн журмын 2.1.5-д энэ журмын 1-2.5-д заасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн даатгуулагчийг ажилдаа эргэн орсноос хойш нэг сарын дотор нэг удаа бүрэн хэмжээгээр төлнө гэж журамласан тул хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар ажил олгогч нөхөн төлөх ёстой. Миний ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин 19,386,628 төгрөг болж байгаа ба түүнд ногдох ажил олгогчийн төлбөл зохих 12,5 хувиар тооцоход 2.423,328 /19,386,628 х 12,5% =2,423,328 төгрөг/ төгрөгийн шимтгэлийг ажил олгогч төлөх тооцоо гарч байна.

1.5. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс ажилгүй байсан хугацааны олговорт 19,386,628 /арван есөн сая гурван зуун наян зургаан мянга зургаан зуун хорин найман/ төгрөг гаргуулан надад олгох, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх 2,423,328 /хоёр сая дөрвөн зүүн хорин гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ажилд эгүүлэн томилсон бөгөөд ажилгүй байсан хугацааны олговор олгохоор ажиллаж байна. Гэвч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн олговрын хэмжээг буруу бодож, хэт ихэсгэсэн хэмжээгээр нэхэмжилсэн байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.1, 1.3, 1.4, 1.5, 1.7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ажилтны сарын дундаж цалинг тогтоож, уг тогтоосон дундаж цалингаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгодог.

2.3. Гэтэл нэхэмжлэгч нь сарын дундаж цалин хөлс бодохдоо 2022 оны 04, 05, 06 дугаар саруудад өөрт нь бодогдсон нийт цалингийн дунджаар бодож нөхөн олговрын хэмжээг тооцсон байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно хэмээн заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сарын дундаж цалин тооцоход байгууллагын эдийн засагчийн гаргасан олговол зохих цалингийн хэмжээгээр бодсон нь буруу байна.

2.4. Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх тушаал авсны дараа 2023 оны 07 дугаар сард ээлжийн амралтын бодуулж, ээлжийн амралтын цалин хөлс давхар авсан болно. Иймд Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу нэхэмжлэгч М.Е-ы дундаж цалин хөлс бодоход сүүлийн 3 сарын цалин хөлс буюу 2022 оны 05, 06 дугаар сарын цалин, 07 дугаар сарын ээлжийн амралтын цалин хөлсний дунджаар бодох нь зүйтэй байна. М.Е- нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сар, 15 ажлын өдрийн нөхөн олговор авахаар байна.

2.5. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч М.Е-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу нийт 14,444,537 /арван дөрвөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговор, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлд 1,805,567 /нэг сая найман зуун таван мянга таван зуун жаран долоо/ төгрөг төлөхөөр байна.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,157,204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 229,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл 2,394,650 төгрөгийг Нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267000 төгрөгөөс 254,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 12,117 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 253736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ажилтанд ажилгүй байсан хугацааны олговор олгоход сүүлийн 3 сарын хугацааны цалин хөлсний дундаж цалингаар ажилгүй байсан хугацааны цалинг олгодог.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтад “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно”, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтад “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална”, 1.3 дахь хэсэгт “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин. нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно”, 1.5 дахь хэсэгт “Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 1.7 дахь хэсэгт “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна” гэж заасан.

4.3. Иргэн М.Е- нь Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалын 3 дахь заалтын дагуу М.Е-д ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийж, цалинг 2022 оны 7 дугаар сард олгож, нийгмийн даатгалын бичилт хийж өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалын хавсралтад зааснаар ээлжийн амралтын цалин нь дундаж цалин хөлс бодох цалингийн бүрэлдэхүүн мөн атал анхан шатны шүүхийн шүүгч дундаж цалин хөлс бодоход М.Е-ы 2022 оны 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсний дунджийг хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас бодсон ба уг үнийн дүн нь ажилтны нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт) орсон хэмжээгээр бодсон.

4.4. Иймд анхан шатны шүүгч шийдвэр гаргахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг буруу хэрэглэсэн тул шүүгчийн уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Би 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд явсны дараа ажилд эргэж ороогүй. Би 7 дугаар сард огт ажиллаагүй. 7 дугаар сард орж ирсэн цалин миний 6 дугаар сард оногдсон ээлжийн амралтын цалин гэсэн үг. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг зөрчиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч  М.Е-ы Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Ажилгүй байсан хугацааны олговор 19,386,628 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2,423,328 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай” хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.    

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримт, зохигчийн тайлбараар:

- Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн мэдээллийн технологи, телемедицин хариуцсан ажилтан М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж,

- Нэхэмжлэгч М.Е- нь шүүхэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 130/ШШ2023/00236 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Е-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж,

- Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч М.Е- эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 212/МА2023/00075 дугаартай магадлалаар М.Е-ы гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Мэдээллийн технологи, телемедецин хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж,

- Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00954 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр энэхүү магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь тус тус тогтоогдож байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Е-ы ажилгүй байсан хугацааг зөв тооцоолж, түүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэж дундаж цалин хөлсийг тогтоож, нэхэмжлэгч М.Е-ы ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 19,157,204 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч М.Е-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 229,424 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг зөрчөөгүй, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д заасанд нийцсэн байх тул хариуцагчийн “...анхан шатны шүүгч шийдвэр гаргахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг буруу хэрэглэсэн тул шүүгчийн уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч М.Е- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болохыг тэмдэглэж байна.

 

10. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Е-ы 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэлийг журмын дагуу ажил олгогчийн төлөх 2,394,650 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 1.2.5, 2.1.5-д тус тус заасныг зөрчөөгүй, зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч маргаагүй болно.

 

11. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Иргэн М.Е- нь Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалын 3 дахь заалтын дагуу М.Е-д ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийж, цалинг 2022 оны 7 дугаар сард олгож, нийгмийн даатгалын бичилт хийж өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалын хавсралтад зааснаар ээлжийн амралтын цалин нь дундаж цалин хөлс бодох цалингийн бүрэлдэхүүн мөн атал анхан шатны шүүхийн шүүгч дундаж цалин хөлс бодоход М.Е-ы 2022 оны 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсний дунджийг хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас бодсон ба уг үнийн дүн нь ажилтны нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт) орсон хэмжээгээр бодсон” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч М.Е-ы 2022 оны 6, 5, 4 дүгээр сард авсан цалин хөлсөөр түүний дундаж цалин хөлсийг тооцоолсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн шүүхийн нэхэмжлэгч М.Е-ы  ажлаас буруу халагдахаас 3 сарын өмнө авч байсан цалин хөлсний дунджийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэж тооцоолсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 1.3-т заасныг зөрчөөгүй.

Иймд хариуцагчийн дээрх гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

   12. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/01078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ