Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/00404

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 30 181/ШШ2024/00404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ХХК /*******,******* тоотод оршин байх, РД 5828929/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, 2-1000 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД ШД73021172/-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 10,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Буянтогтох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь О.*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид нийт 10,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа хийдэг бөгөөд иргэн О.******* нь манай компани дээр ирж Худалдах, худалдан авах гэрээ 05/25 дугаар гэрээ байгуулан 13,100,000 төгрөгийн үнэ бүхий КТПН дэд станц болон трансформатор худалдаж авсан. Тэрээр тус тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 7100000 төгрөгний төлбөрийг 14 хоногийн дотор төлье гэж тохиролцож гэрээ байгуулсан.

Манай компаниас авсан дээрх тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг 5,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсоны дагуу бидний зүгээс газар дээр нь очиж ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэн ажиллагаанд оруулсан.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу худалдаж авсан эрчим хүчний тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд төлбөрөө нэхэмжлэхээр удахгүй өгнө гэж худлаа хэлэх болсон. Бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь хэсэгт худалдан авагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон ба алданги 50 хувиас хэтрэхгүй гэж тооцоход 3,550,000 төгрөг болж байна. Иймд иргэн О.*******оос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,100,000 төгрөгийг, алдангийн хамт гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Иргэн О.******* /ШД73021172/ миний бие өөрийн эзэмшлийн СБД-н 19-р хороо, Шарга морьт зусланд байрлах "Бяцхан Төгөл хотхондоо өмнө ашиглаж байсан 10кВ-н (63кВа) трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын улмаас 2020 оны 6 дугаар сард өргөдөл өгч хүсэлт гаргаснаар УБЦТС ТӨХК-с 2020 оны 08-р сарын 20-ны өдөр 15/03542/20 дугаартай техникийн нөхцөл гарсан. Уг техникийн нөхцөлд заасан 250кВа чадалтай 10/0,4КВ-н хүчдэл тохируулгын 5 шатлалтай трансформатор бүхий "КТПН" дэд өртөөг "*******" ХХК-ийн захирал 250кВа-н КТПН /трансформатор/-ыг 12.950.000 төгрөгөөр, ачиж буулгах тээвэр краны хөлсийг 150.000 төгрөгөөр тооцон нийт 13.100.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж тухайн өдөр ХААН Банкны 5225213644 тоот дансанд КТПН урьдчилгаа 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 11 сарын 07-ны өдөр КТПН хашаанд буухад 5.000.000 төгрөгийг тус дансанд шилжүүлсэн.

Д.Буянтогтохын эхнэртэй гэрээ байгуулсан ч компаний тамга тэмдэг байхгүй, тамгалаад өгнө гэж хэлээд гэрээгээ өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед нийт 11.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөрийг миний хуучин ашиглаж байсан 10кВ-н (63ква) дэд станцыг дагалдах бүх тоноглолын хамт 4.100.000 /Дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгөөр тооцож (барьтер) авсан. Энэ төлбөрт КТПН-н үлдэгдэл 2,100,000 төгрөг болон хуурай салгуурыг шон дээр угсрах, кабель үзүүрлэх, хэмжилт хийх ажлын хөлсөнд 2000.000 төгрөгийг тооцож урьдчилж төлсөн. Үүнээс хуурай салгуурыг угсрах, кабель үзүүрлэх ажлыг хийсэн. 2020 оны 11-р сард 10кВ-н (63ква) дэд станцыг дагалдах бүх тоноглолтой нь Д.Буянтогтохын ажилчид тулгуураас буулгаад 41-57 УНН улсын дугаартай өөрөө өргөгч карантай машинаараа тээвэрлэж авч явсан. Д.Буянтогтох төлбөрөө бүрэн авсан ч хийгдэх ёстой ажил хэмжилтээ хийгээгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ: Манай компаниас авсан дээрх тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг 5 сая төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон гэж илт худал зүйл бичсэн байна. Үнэн хэрэгтээ Д.Буянтогтох нь ямар ч газар шорооны ажил хийгээгүй бөгөөд КТПН суурь, газардуулга, кабелийн суваг ухах, буцааж булах зэрэг бүх ажлыг миний бие 100% өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн болно.

Д.Буянтогтох нь хэмжилт хийсэн гэж хийгээгүй ажлынхаа төлөө үндэслэлгүй нэмэлт төлбөр (авилга) надаас шаардсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүйд цухалдаж танил талаа ашиглаж, мэргэжлийн байгууллагад хандаж гомдол гаргаж шантаажилж эхлэсэн. Гомдлын дагуу хяналт шалгалт ирсэн ч торгууль актаа төлж журмын дагуу болгосон. Тухайн үед Д.Буянтогтохтой энэ тухай утсаар ярьж КТПН-тэй холбоотой харилцаа 2020 онд бүрэн дууссан.

Иймд "******* ХХК-н захирал Д.Буянтогтохын нэхэмжилсэн төлбөр нь ндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК, О.******* нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №05/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бараа материал хүлээн авалтын баримт, Д.Буянтогтохын иргэний үнэмлэхний хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, байшингийн гадна байдал харуулсан зураг, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн шаардлага, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн шаардлага, гадна байдал харуулсан зураг,

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: О.*******ийн Хаан банк-ны депозит дансны хуулга, дэд станцын зураг, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15/03542/20 дугаар техникийн нөхцөл, дэд станц зөөвөрлөх үеийн фото зураг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн шаардлага, Цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт, О.*******оос Г.Болдбаярт олгосон итгэмжлэл, Сорсекьюрити ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сорсекьюрити ХХК-ийн дүрэм, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Түр гэрээ, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зуслангийн Бяцхан төгөл зуслангийн хотхонд иргэн О.*******ийн 63/10 Ква чадалтай АТП-ийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээ зэрэг баримт хэрэгт цугларчээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг, алданги нийт 10,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

6. Хариуцагч О.Санжаадаржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр нь эс зөвшөөрч, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж маргасан.

7. Талууд дараах үйл баримтанд маргаангүй. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч О.******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 05/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулан КТПН дэд станц болон трансформатор худалдах, худалдан авахаар тохиролцсон.

7.2 Худалдах, худалдан авах гэрээ-ээр нэхэмжлэгч нь КТПН дэд станц болон трансформаторыг /250кВа чадалтай 10/0,4КВ-н хүчдэл тохируулгын 5 шатлалтай трансформатор бүхий "КТПН" дэд өртөө/ хариуцагчийн эзэмшлийн СБД-н 19-р хороо, Шарга морьт зусланд байрлах "Бяцхан Төгөл хотхонд нийлүүлж, суурилуулж хүлээлгэж өгөх, хариуцагч нь үнийг төлөхөөр тохиролцсон.

7.3 Гэрээний гол нөхцөл болох үнийн талаар бараа бүтээгдэхүүний үнийг 12,950,000 төгрөг, краны хөлс 150,000 төгрөг нийт 13,100,000 төгрөгөөр тохиролцсон талаар талууд маргаангүй.

8. Харин гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг төлсөн эсэх, уг үүргээ биелүүлсэн эсэхэд талууд маргаантай.

8.1 Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт уртдчилгаа 6,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 7,100,000 төгрөг, алданги 3,550,000 төгрөг нийт 10,650,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

8.2 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээс 6,000,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, түүний дараа 5,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн, үлдэгдэл 2,100,000 төгрөгт хуучин трансформаторыг өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгчид өгч явуулсан үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж байна.

9. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

9.1 Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

9.2 Зохигч гэрээний зүйлийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийн талаар маргаангүй тул маргаангүй үйл баримтанд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

9.3 Харин худалдан авагч буюу хариуцагч тал хууль буюу гэрээнд заасан худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг биелүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай.

9.4 Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч О.******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 05/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1 дэх заалтад ...Худалдан авагч нь бүтээгдэхүүний үнэ болох 12,950,000 төгрөгийг тохиролцсон хугацаанд саадгүй төлөх үүрэг хүлээнэ. Урьдчилгаа болох 6,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр төлөх, үлдэгдэл 9,950,000, краны хөлс 150,000 төгрөг нийт 7,100,000 төгрөгийг 2020.11.12-ны өдөр төлөх үүрэгтэй гэж заажээ./хх-3-5-р тал/

Хариуцагч гэрээнд зааснаар 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаангүй бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч О.*******ийн Хаан банкны 5753839237 тоот дансны дэлгэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-22-р тал/

Хариуцагч тайлбартаа дурдсанаар гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг 2020.11.07-ны өдөр шилжүүлсэн гэж маргадаг, нэхэмжлэгч уг 5,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа өөр амаар тохиролцсон хэлцлийн хөлс, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг хөлс гэж тайлбарлаж байна.

Шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан баримттай дүгнэн үзэхэд хариуцагч нь 2020 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 7,100,000 төгрөгийн өглөгтэй байсан, дээрх 2020 оны 11 сарын 07-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь уг гэрээний үүрэгт хамааралгүй болох нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтанд ...тус хоёр байгууллага хооронд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 7,100,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг үлдэгдэл тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов гэсэн байх ба баримтанд нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч, төлбөр төлөгч нар гарын үсгээ зурж, тамга дарсан байна./хх-7-р тал/

10. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын гэрээний үүрэгт шаардсан 7,100,000 төгрөгийг харицагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

11. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч О.*******оос гэрээний үүргийн дагуу алданги 3,550,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 05/25 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2 дахь хэсэгт гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд нөгөө талд гэрээний дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх бөгөөд худалдсан бараа болон төлбөрийг талууд харилцан тохиролцож барагдуулна, 3.3 дахь алданги хүлээх заалт зэрэг нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлах нь зүйтэй байна.

Гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалттай зөрчилдөж байх тул шүүх хуульд нийцсэн гэрээний тохиролцоо гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч талын хүсэлтээр асуусан гэрч Ш.Мөнхбаяр нь ...Бяцхан төгөл хотхонд ажилладаг. 2020 онд трансформатор буулгаад шинээр дэд станц барьсан. Нэг ч удаа зогсоогүй ажиллаж байсан, хүчин чадлыг нь нэмнэ гэж байсан. Хуучин дэд станцыг нэхэмжлэгч аваад явсан. Өөрсдөө буулгаад хуучинаа ачаад явсан...гэж мэдүүлж байх бөгөөд уг мэдүүлгээр хариуцагч талын үлдэгдэл 2,100,000 төгрөгт хуучин трансформаторыг өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгчид өгч явуулсан гэсэн татгалзлыг бүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч талаас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар хэрэгт авагдсан шаардлага гэх баримтууд, гэрч Ш.Мөнхбаттай хариуцагч талын байгуулсан гэрээ, бусад баримтуудыг шүүх үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй. /хх-32-34, 48-52, 69-74-р тал/

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 128 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*******оос Худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 7,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,550,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 128 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА