Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2024/00069

 

2024           01            23                                       103/ШШ2024/00069
 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ********* дугаар хороо, *********дугаар хороолол, *********байрны ************** тоотод оршин суух, ***********овгийн *************,

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ************** дугаар хороо, ***************дүгээр гудамжны ************* тоотод оршин суух, *************овгийн ************* нарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Багануур дүүргийн ********** дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах, “**************** холбогдох хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансад тусгах, дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч ********,

Нэхэмжлэгч ******** итгэмжлэгдсэн төлөөлөгч: ********,

Хариуцагч: ************ захирал *******

Хариуцагчийн өмгөөлөгч: ***********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ************ нар нь *************ХК-д холбогдуулан хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, гарсан үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансад тусгах, дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

 

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***********” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулдаг зохицуулалттай хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас нь арилжаалагддаг хуулийн этгээд юм. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бүртгэлийн журмын 4 хавсралтаар “*********” ХК нь Компанийн тухай хууль, дээрх журамд заасан мэдээллийг жил, хагас жил, улирал, тухай бүрт нь нийтэд мэдээллэх үүрэг хүлээсэн.

         Уг тайлангаас үзэхэд хувийн өмч нь 57,304,500 төгрөг, төрийн өмч 29,520,500 төгрөг, эзэмшигчийн өмчийн дүн 702,374,104,55 төгрөг, үндсэн хөрөнгө 0 төгрөг байна.

         Арилжаа эрхлэх байгууллагын мэдээгээр зах зээлийн үнэлгээ нь 512,268,680 төгрөг байна. Монголын хөрөнгийн бирж дээрх “*********” ХК-ийн хувьцааны сүүлийн 6 сарын дундаж ханш нь 590 төгрөг байна. Компани нь Багануур дүүргийн төвд нь зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар барилга эзэмшиж байгаа бөгөөд санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд компанийн үндсэн хөрөнгөд барилга, газар бүртгэгдээгүй байна.

          Үүнээс үзэхэд “********” ХК-ийн хяналтын багцыг эзэмшдэг этгээдүүд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлан гаргадаггүй байх магадлалтай байна. Энэхүү хууль зөрчсөн эс үйлдэхүй нь “*********” ХК-ийн хяналтын багцыг эзэмшиж байгаа этгээдүүд компанийн нийт хөрөнгийг бодитойгоор үнэлэхгүй байгаа, үнэлэхээс зайлсхийж байгаа нь компанийн нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж, компанийн нийт зах зээлийн үнэлгээг бууруулж, жижиг хувьцаа эзэмшигчийн хувьцааг багаар үнэлж байгааг харуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 зүйлийн 4.1-т “аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө", 4.1.1-т "Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт", 4.2-т "Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож, нийтэд мэдээлнэ. Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна", 4.2.1-т "гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани", 5.1-т "Аудит баталгаажуулалтын үйл ажиллагааг чанарын хяналт, аудит, нягтлах ажил, бусад Аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн баталгаажуулалт болон холбогдох үйлчилгээний олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэнэ”, 5.2-т "Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ Аудитын олон улсын стандартыг баримтална, 10 дугаар зүйлийн 10.1-т "Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ:" 10.1.1-т "Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага" Компанийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1-т "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ", 30 дугаар зүйлийн 30.1-т "Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй”, 30.2-т "Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ", 30.5-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна", 31 зүйлийн 31.3-т "Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. “*********” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, санхүүгийн тайлан, балансын зөрүүтэй санхүүгийн мэдээллээс үзэхэд тус компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Компанийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна.

          “********” ХК-ийн бүх хөрөнгийг олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандартын дагуу (Хөрөнгийн үнэлгээний тухай хууль) бодитойгоор үнэлж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар (Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль) санхүүгийн бүртгэл хөтлөхөд тус компанийн зах зээлийн үнэлгээ арав, хорь дахин өсөж, хувьцааны үнэ нь одоо байгаа 590 төгрөгөөс дээш болж өсөж, жижиг хувьцаа эзэмшигч нарын эзэмшиж буй хувьцааны буюу хөрөнгийн үнэ цэнэ шударгаар, бодитойгоор тогтоогдох юм.

           Иймд “************” ХК-ийн хөрөнгийг хараат бус үнэлгээний байгууллагаар үнэлүүлж хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, гарсан үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансанд тусгах, санхүүгийн тайлан балансанд тусгагдсан дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг “***********” ХК-д даалгаж  өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч ******** шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас өмнөх жилүүдийн дундаж 52 долоо хоногийн ханшийг гаргаж ирж байна. Энэ бол хаалттай энэ компанийн хувьцаа арилжаанд явагддаггүй байсан үеийн ханш. Арилжаанд явагдахгүй байгаа шалтгаан нь компанийн үнэлгээ бага, хэн ч сонирхож авахгүй байсан үе. Ер нь “**********” ХК компани гэдэг нь бидний нүдэн дээр ил байгаа Хэрлэн худалдааны төв шүү дээ. Хариуцагчийн төлөөлөгчөөр өмнөх шүүх хуралд оролцож байсан Халиунаа яваад бүгдийг үзэж харсан байгаа. Хэрлэн төв бол Багануур дүүргийн Сандэй гэсэн үг. Тэгээд дэлгүүрийнхээ кассан  дээр эхнэр Ргийнхаа дансыг тавьчихсан, тэр дансаар мөнгө нь ордог, түрээс нь байршлаасаа хамаараад 1 м2 нь 65,000-70,000 төгрөгийн үнэтэй байдаг. Үнэлгээ хийлгэе гэхээр хийлгэдэггүй. Гэтэл 1 м2 талбайг 70,000 төгрөгөөр үнэлчихээд байна. Та нар Хэрлэн худалдааны төв руу ороод, хэдэн лангуу түрээсэлж хэдэн худалдагч ажиллаж байгааг сонирхоод үзээрэй, Хэрлэн худалдааны төв бол 00-ийн  өрөөнөөс эхлээд бүгдийг нь түрээсэлж байгаа шүү дээ гэв.

Нэхэмжлэгч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 удаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүн 2023 оны байдлаар үнэлгээ хийгээд тухайн компани 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй гэж гаргасан. Үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр гаргасан, үнэлгээг сангийн яам болон бусад ТББ-аас тусгай зөвшөөрөл авсан этгээд хийдэг учраас үнэлгээтэй маргахгүй байх гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаан дээр болон өнөөдөр ч гэсэн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдээгүй байна гэдэг дээр хувьцаа эзэмшигч нар маргаж байгаа, үүнээс 9 орчим тэрбум төгрөг нь үндсэн хөрөнгө, үндсэн хөрөнгө гэдэгт газар, барилга байгууламж орно. Санхүүгийн тайланд бид нар үзлэг хийхэд энэ талаар огт дурдагдаагүй байсан. Мөн түрээсийн орлогыг иргэн Нэргүй өөрийн эхнэр Ргийн хувийн дансаар бүгдийг нь авдаг. Тийм учраас компанийн тайлан дээр түрээсийн орлого тусгагдаагүй. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нар Үндсэн хуульд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар өмчилж, олж авах эрхээ эдлэх гэхэд нөгөө талаас тэр эрхийг нь зөрчөөд хязгаарлаад байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны хөрөнгийн биржийн арилжааны үнэлгээг гаргаж ирж байна, мэдээж энэ компанийн хувьцааны үнэ хөрөнгийнх нь хэмжээ бодитоор үнэлэгдвэл Хөрөнгийн бирж дээр компанийн үнэлгээ одоогийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч нарын эзэмшиж байгаа хувьцааны үнэ 10 дахин өснө гэсэн үг. Хариуцагч компанийг яагаад үнэлүүлэхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэдгийг тайлбарлахдаа 2017-2019 оны хөрөнгийн үнэлгээний тайланг иш татаж хэлдэг. Энэ тайлан нь 1998 оны долларын ханшийг 2020 оны ханштай харьцуулаад 3 дахин өссөн байна гээд тогтоосон байдаг. Жишээ нь подвалын давхарын 1м2 талбайг 70,000 төгрөг, дээд давхрын 1м2 талбайг 280,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тухайн үеийн зах зээлийн ханш нэг барилга барихад 1м2 талбай 1,000,000 төгрөг орчим байсан. Тэгэхээр иргэн********бусдын эрх ашгийг зөрчиж шударга бусаар хөрөнгө олж аваад байна, бүхэл бүтэн том худалдааны төв жилдээ 5,000,000 төгрөг буюу сардаа 400,000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжгүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 8 нэрийн барааны дэлгүүрээр дунджаар өдөрт 450 иргэн үйлчлүүлж, нэг иргэний худалдан авалтын дүн хамгийн багадаа 10,000 төгрөгөөр бодож үзэхэд жилд 1 тэрбум гаруй төгрөг болно, энэ нь кассын баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл орлого ихтэй, баяр ёслолын үеэр 450 иргэнээс ч илүү олон хүн үйлчлүүлж байгаа. Энэ хүн чинь компанийн хувьцаа эзэмшигчдэд очих ёстой байсан хөрөнгөөс хувьдаа завшаад байна. Түрээсийн орлого гэхэд 84 лангууг 65,000-70,000 төгрөгөөр түрээсэлж байгаа, үүнийг жилээр тооцоход хэдэн төгрөг болох вэ, Голомт банк, Мобиком, Төрийн банк, Пи си молл гээд газрууд түрээсэлж байгаа, хамгийн багадаа 8,000,000-10,000,000 төгрөг байгаа, энэ мөнгө компанийн дансаар орохгүй,  ерөнхий нягтлан буюу эхнэрийнх нь дансаар ордог. Хувьцаа эзэмшигч нар маань хувьцаа эзэмшиж байгаа компанийнхаа хөрөнгийг бодитоор тогтоолгоё, үнэлүүлье, улсын бүртгэлд бүртгүүлье гэдэг л шударга ёсны шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлахад Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гарсан 15 турбум орчим төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан балансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах гэж ойлгож болно гэв.

          Хариуцагч “********” ХК-ийн захирал ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “**********” ХК нь үнэт цаасны III ангилалд үнэт цаас нь арилжаалагддаг хувьцаат компани юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн эрх бүхий байгууллагаас батлан мөрдүүлж буй холбогдох журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж, олон нийтэд хүргэх мэдээ мэдээллийг Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудсаар нийтэд дамжуулан мэдээлж, холбогдох төрийн эрх бүхий байгууллагад тайлагнан ажиллаж байна. 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан бөгөөд ийнхүү зохион байгуулахдаа Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-ын 3.3, 3.4 дэх хэсэгт заасны дагуу өдөр тутмын сонинд зарлуулан хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлсэн бөгөөд нэхэмжлэгч нар хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцох бүрэн боломжтой байсан. Түүнчлэн “**********” ХК-ийн зүгээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тавигдсан стандартын шаардлагад нийцүүлэн санхүүгийн тайлан гаргаж холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад тайлагнан, хууль, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Дээр дурдсан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

          Хариуцагч “**************” ХК-ийн захирал Я.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай “*********” ХК бол нээлттэй ХК, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй, манайх жил бүр засвар хийдэг, барилга маань 1984 онд ашиглалтад орсон хуучны барилга элэгдлийн хугацаа дуусчихсан барилга, түрээсийн төлбөр, санхүүгийн тайлан бол хууль ёсоороо Монгол улсын татвар санхүүгийн тайлангийн хуулиар, олон улсын санхүүгийн дүрмээр жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржид тайлагнадаг, хууль зөрчсөн асуудал байхгүй, түрээсийн төлбөрийг гэрээ ёсоор авч тайландаа тусгаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийг хохироосон зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс итгэмжлэл, №11, 62, 52, 53 дугаартай  үнэт цаас эзэмшлийн тодорхойлолтууд,  “**********” ХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан,  

Хариуцагчийн зүгээс итгэмжлэл, хариу тайлбар, “**********” ХК-ийн цэвэр хөрөнгө болон бизнесийн үнэлгээний тайлан, Монголын хөрөнгийн биржийн 2019.12.10-ны өдрийн 03/697 дугаартай албан тоот, хувьцаа эзэмшигч **************, *********нараас “**********” ХК-д хүргүүлсэн санал зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.  

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “***********” ХК-ийн Ү-22*************дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-22*************дугаартай агуулахын зориулалттай агуулахын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Багануур дүүргийн газар Зохион байгуулалтын албанаас нэгж талбарын 12************дугаартай “*********” ХК-ийн газрын кадастрын  зургууд, “*********” ХК (***********)-ийн 1-р хороо Наран хороолол /12091/, 62 тоотод байрлах 12********* нэгж талбарын дугаартай 5234 м2 газар, 3-р хороо Үйлдвэр хэсэгт байрлах 12************нэгж талбарын дугаартай 22969 м2 эзэмших эрхтэй газруудын гэрээ, гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Хөрөнгийн үнэлгээний төв  ХХК-ийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монголын Хөрөнгийн биржийн цахим хуудсанд байршуулсан “************” ХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 30-32, 37-40, 90-99, 114-230, 139-140/, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээний төв  ХХК-ийн 608 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх-ийн 104, 2-р хавтас 14-90/, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

                       Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          1.Нэхэмжлэгч ***************нар нь “**********” ХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа ”хариуцагчийн хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, гарсан үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансад тусгах, дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах”  гэж тодорхойлсон.

          2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***********  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа  “Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гарсан 15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан блансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан блансад тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” гэж тодруулж тайлбарласан байна.

          3.Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч “***********” ХК нь өөрийн үндсэн хөрөнгө болох газар, барилга байгууламж болон олж байгаа түрээсийн, үйл ажиллагааны орлогыг компанийн санхүүгийн тайлан балансанд тусгадаггүй, сард 5,000,000 төгрөгийн ашигтай ажилладаг гэж худлаа санхүүгийн тайлан гаргадаг бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигч нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан шударгаар эд хөрөнгө олж авах, шударгаар эзэмших эрхийг зөрчиж байна. Хариуцагч компанийн эд хөрөнгийг бодитой үнэлж гарсан үнэлгээний дагуу дүрмийн өөрчлөлтийг санхүүгийн тайлан балансанд тусгаж, уг тайлан балансанд тусгагдсан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ өсөж компанийн хувьцааны үнэ өснө, хувьцааны үнэ өссөнөөр жижиг хувьцаа эзэмшигч нарын эзэмшиж буй хувьцааны буюу хөрөнгийн үнэ цэнэ шударгаар бодитой тогтоогдох юм” гэж тодорхойлж байна.  

4.Хариуцагч “**********” ХК-ийн захирал ************** ХК-ийн  санхүүгийн тайлан хуулийн дагуу жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржид  тайлагнадаг. Манай компани хууль зөрчөөгүй,  түрээсийн төлбөрийг гэрээ ёсоор авч тайландаа тусгаж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийг хохироосон зүйл байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

5.Хариуцагч “**********” ХК нь үнэт цаасны 3-р ангилалд үнэт цаас нь арилжаалагддаг нээлттэй хувьцаат компани бөгөөд 2023.12.19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч ***********нь “**********” ХК-ийн 4,446 ширхэг энгийн хувьцаа буюу 0.5 %, нэхэмжлэгч С.Мнь 13,090 ширхэг энгийн хувьцаа буюу 1.51% -ийг эзэмшдэг болох нь Үнэт цаасны  төвлөрсөн хадгаламжийн төвийн

үнэт цаас эзэмшлийн 52, 53 дугаартай тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

/2-р хавтаст хэргийн 184, 185 дугаар хуудас/

        6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2023.01.17-ны өдрийн 137 тоот захирамжаар хариуцагч “**********” ХК-ийн хөрөнгийг үнэлүүлж зах зээлийн үнэлгээг гаргуулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн 2023.05.09-ний өдрийн 221 тоот дүгнэлтээр 2023.02.14-ний  өдрийн байдлаар “**********” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн бодит үнэ 14,098,027,000 төгрөг болохыг тодорхойлжээ. / 1-р хавтаст хэргийн 113-230 хуудас/

          7.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023.05.24-ний өдрийн 925 тоот захирамжаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн 2023.10.27-ны өдрийн албан бичгээр “**********” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн бодит үнэ 2023.06.30-ны өдрийн байдлаар 15,399,918,000 төгрөг болохыг тодорхойлжээ.

        8.”**********” ХК-ийн хувьцааны 51 хувийг захирал Я.Нэргүй, 34 хувийг Нийслэлийн өмчийн газар, үлдэх 15 хувийг жижиг хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг талаар хариуцагч “**********” ХК-ийн захирал **************шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа дурджээ.

  /2-р хх-ийн 149-р хуудас/

            9.Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, 3.2 дахь хэсэгт “хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй”, 3.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэж тус тус заасан.

            10.Компаний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг нь компанийн дүрэм бөгөөд уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн хуульд зааснаас бусад эдлэх эрхийг уг дүрмээр тодорхойлдог бөгөөд зохигчдын хэн аль нь “*************” ХК-ийн дүрмийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.  

            11.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална”.17.2 дахь хэсэгт “Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй” гэж тус тус  заасан.

12.Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг үнэт цаасыг хэлэх бөгөөд уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах, компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхтэй байна.

13.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан хариуцагч компанийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тайлан балансад тусгуулж тусгасан тайлан балансийн дагуу компанийн  дүрэмдээ өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулахаар  шаардаж байгаа бөгөөд Компаний тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “энэ  хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл тухайн компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох эрхийг шүүх бус Компаний тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурал эдлэхээр  хуульчилсан байх бөгөөд ингэж тогтоохдоо уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт зааснаар хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоож болохоор хуульчилжээ. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон эсэх, энэ асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт шүүхэд ирээгүй байна.

14.Түүнчлэн Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт дараах асуудлуудыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд  нэмэлт өөрчлөлт оруулах буюу дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж заасан бөгөөд санхүүгийн тайлан баланс буруу, худлаа гаргаж байгаа учраас зөвтгүүлэх болон компанийн  дүрэмд өөрчлөлт оруулах талаарх саналаа нэхэмжлэгч нар нь хувьцаа эзэмшигчдийн хуралд гаргах эрхтэй байна.

15.Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн эрхэд хамаарахгүй, Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 55 дугаар зүйлийн 55.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хувьцаа эзэмшигч нарын хурал шийдвэрлэх эрхтэй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нар хувьцаа эзэмшигчдийн хуралд хандаагүй байхад шүүх шийдвэрлэх хууль, эрх зүйн зохицуулалтгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.  

16.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан “хариуцагчийн хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг гаргуулах, гарсан үнэлгээний дагуу дүрмийн сангийн өөрчлөлтийн бичилтийг тайлан балансад тусгах, дүрмийн сангийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд “***************” ХК-ийн  15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан балансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан балансад тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” гэж тодруулан тайлбарласныг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 1.Компаний тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар **********овгийн ***********,******** овгийн ******** нарын нэхэмжлэлтэй, “***********” ХК-д холбогдох “********” ХК-ийн 15,399,918,000 төгрөгийн хөрөнгийн өөрчлөлтийг тайлан балансад тусгаж дүрэмд өөрчлөлт оруулах, тайлан балансад тусгасан дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ТУЯА