Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2019/00045

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэртэй, “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, А.З, К.Ө нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 24.589.208.00 төгрөг гаргуулах тухай.

           

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай Зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 10 м.кв талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Хариуцагч А.З, К.Ө нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй "Зээлийн гэрээ" байгуулж, “Э” ХК -аас 24.589.208 /хорин дөрвөн сая таван зуун наян есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаагаар зээлж авсан. Зээлдэгч А.З, К.Ө нар нь тухайн 24,589,208 төгрөгийг зээлж авахдаа зээлдэгч “Э” ХК-нд зээлийн гэрээний 3 дахь заалтад зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-0213006935 дугаартай 84.75 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м2 талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай Г-0213001410 Улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг барьцаанд тавьсан. Зээлдэгч А.З, К.Ө нар нь зээлийн гэрээний 1 дэх заалтад зааснаар зээлийн төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барагдуулах ёстой байтал удаа дараа гомдлын шаардлага гаргахад төлж өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар А.З, К.Ө нарын зээлээр авсан 24,589,208 төгрөгийг төлүүлж, “Э” ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А.З, К.Ө нарын тайлбарт: “Нэхэмжлэгч бид нарыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 24,589,208 төгрөгийн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар зээлж авсан гэсэн нь үндэслэлгүй. Бид түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Энэ мөнгө нь үлдэгдэл төлбөртэй холбоотой мөнгө. А.З би 2012 оноос “Э” ХК-д хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед тооцоо хийхэд миний нэр дээр 3,305,208 төгрөгийн тооцоо гарсан. Харин 21,284,000 төгрөгийн хувьд бид 2016 онд Эрчим компанийн ажилчдын орон сууцнаас 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр авсан.Энэ байрыг авахдаа “Э” ХК-тай гэрээ хийгээгүй, харин "Ж" ХХК-тай гэрээ байгуулж авсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр үнэлж бүгд 52,470,000 төгрөгөөр авсан. Үүний 15,774,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.М-ын дансанд, үлдэгдэл 36,696,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.М-ын дансанд өөрийн Голомт банкны 5805010711 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Харин миний нэр дээр байгаа 3,305,208 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан А.З, К.Ө нараас нийт 24,589,208 /хорин дөрвөн сая таван зуун ная есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг гаргуулж “Э” ХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар хариуцагч А.З, К.Ө нарын “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 нэг талбарын дугаартай, Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286299 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

           

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул түүний шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Тухайлбал:

1. Шүүх маргааныг зөв ойлгохгүйгээр талуудын хоорондох харилцааг буруу тодорхойлж зээлийн гэрээ гэж үзэж Иргэний хуулийн 281.1 дэх хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь буруу болсон. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй гэрээ байгуулж орон сууцны төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар харилцан тохиролцсон агуулгатай гэрээ байгуулсан, зээлийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нь "Э" ХК болон А.З нар Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай 48 айлын орон сууцны 603 тоотод байрлах 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр худалдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 21,284,000 төгрөг, компанийн 76 дугаар дансанд байгаа үлдэгдэл тооцоо 3,305,208 төгрөг, бүгд 24,589,208 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барагдуулах талаарх агуулгатай тул худалдах, худалдан авах гэрээ болон цалингийн урьдчилгаа мөнгөтэй холбоотой холимог гэрээ болох нь харагдаж байна. А.З нь "Э" ХК-аас 21,284,000 төгрөг зээлдэхээр болж өөрт шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ёстой гэдгийг шүүх анхаараагүй байна.

2. А.З нь "Ж" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр орон сууц худалдан авсан. Гэрээгээр орон сууцны 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 52.470.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. Үүний 15.774.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.М-ын дансанд, үлдэгдэл 36.696.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.М-ын дансанд А.З-ийн Голомт банкны 5805010711 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байна. Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл гэсэн гэрээний биелэлт дуусгавар болсон байх тул гэрээний биелэлтийг хангуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй.

3. Гэрч Х.С мэдүүлэг эргэлзээтэй, хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байснаас гадна гэрч өөрийнхөө мэдүүлгийг өөрөө хэргийн 100 дугаар хуудсанд байгаа гэрчийн мэдүүлгээр үгүйсгэж байсан. Гэтэл шүүх нь түүний 30 сая төгрөг зээлдсэн гэснийг 30 хувь гэж өөрчилж залруулснаас гадна, ямар ч нотлох баримтгүйгээр түүний мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн байна. Шүүх гэрч Х.С "Би бэлэн мөнгө өгсөн" гэж мэдүүлсэн байх тул хариуцагч А.З, К.Ө нарыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа нь хангалтгүй байна. Нөгөө талаас Х.С-ы мэдүүлэгт "30 сая төгрөг аваад нэг ч төгрөг буцааж өгөөгүй" гэж мэдүүлсэн. Тэгвэл яагаад 30 сая төгрөг биш 21 сая төгрөг шаардсан нь ойлгомжгүй байна.

4. Шүүхийн дүгнэж байгаачлан иргэн Х.С А.З-т 30 сая төгрөг зээлдсэн гэж үзвэл "Э" ХК шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч биш этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагч анхнаасаа би "Э" ХК-аас орон сууц аваагүй, орон сууцны тооцоогүй, мөн зээл аваагүй гэж байгаа. Гэтэл шүүх тэдний хооронд байгуулсан бичгийн хэлбэртэй гэрээг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ бичгээр байгуулагдсан ч гэсэн гэрээний агуулга, үүрэг дуусгавар болсон эсэх, мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн эсэхийг анхаарах ёстой байсан.

5. "Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг А.З, К.Ө нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.

6. Хариуцагч А.З нь орон сууцны урьдчилгаа болох 15.774.000 төгрөгийг хэрхэн яаж олсон талаар шүүхэд тайлбараа гаргасан бөгөөд үүнтэйгээ холбогдуулан шүүх хуралдааны явцад К.Е-ыг гэрчээр асуухад "А.З надаас 2016 оны М-ын барьсан байрнаас орон сууц авахаар 12 сая төгрөг зээлдэж авсан. Тэрээр надад баримт бичиж өгч, нэг жилийн дотор 1-2 сая төгрөгөөр хувааж төлж өгсөн" гэж мэдүүлсэн мэдүүлэг болон К.Е-аас зээл авсан талаарх бичгийн нотлох баримтаар байрны урьдчилгааг Х.С-аас аваагүй гэдэг нь нотлогдсон.

7. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн зарим хэсгийг анхнаасаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн байсан. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн хэсэг буюу 3,305,208 төгрөгтэй холбоотой хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжаас 50 хувь чөлөөлөгдөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбекийн 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт оруулав.

 

“Э” ХК нь хариуцагч А.З, К.Ө нарт холбогдуулан зээлээр авсан 24.589.208.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, “Э” ХК-ний эзэмшилд байгаа Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 дугаартай Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан А.З, К.Ө нараас нийт 24,589,208 төгрөгийг гаргуулж “Э” ХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 92 дугаар зүйлийн 92.1.-т зааснаар хариуцагч А.З, К.Ө нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  болжээ. Учир нь:  

Хариуцагч нарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний 3,4,5,6,7 дугаар заалтаар Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус барьцаалж, гэрчилгээнүүдийг компанийн захирал дээр хадгалж, төлбөрийг төлсөн тохиолдолд буцааж өгөхөөр, төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх...”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг тус тус зөрчиж зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үлдэгдэл төлбөр барагдуулах тухай гэрээний 3,4,5,6,7 дахь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан заалтууд нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж улсын бүргэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д “Энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх...үүрэгтэй” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч А.З, К.Ө нарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний 3,4,5,6,7 дугаар заалтуудыг хүчин төгөлдөр буст тооцож,  үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ,  000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.896.00 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 140.400.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагад гэрээний үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан байхад 70.200.00 төгрөг төлсөн тул /280896-70200/ дутуу болох 210.696.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.896.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор байгаа тул түүний нэхэмжлэгчид төлөх хэмжээнээс хасаж тооцон /280896-70200/ хариуцагчаас 210.696.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээний 3,4,5,6,7 дахь заалтыг хүчин төгөлдөр буст тооцож, ,  үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ,  000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Э”ХК-иас гаргуулан  А.З, К.Ө нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280896 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дутуу төлсөн 210699 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагчаас 210696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 264370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ