Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00226

 

 

 

..... ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00045 дугаар магадлалтай,

..... ХК-ийн нэхэмжлэлтэй,

....., ..... нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 24.589.208 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн баталгаа гаргах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 000446883 болон 000286399 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ..... ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хариуцагч ....., ..... нар нь нэг гэр бүлийн хүмүүс. Хариуцагч ..... нь тухайн үед ..... ХК-д ажиллаж байсан ба Жанат ХХК-ийн барьсан орон сууцнаас байр худалдаж авсан. ..... орон сууц худалдан авч ипотекийн зээлд хамрагдахын тулд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу тухайн орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөх мөнгөгүй болчихоод тус байгууллагад хүсэлт гаргасан. Улмаар нэхэмжлэгч тал Харашаш, Гүлнаш, Заманбек нарт байрны 30 хувь болох мөнгийг зээлж тусалж дэмжсэн. Үүнд, .....т 30.000.000 төгрөгийн зээл гаргаж өгсөн. Тухайн үед хариуцагчид мөнгийг бэлнээр өгсөн. Журмын дагуу ипотекийн зээлд хамрагдах иргэн 30 хувийн урьдчилгаа мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх тул уг мөнгийг бэлнээр авч ипотекийн зээлд хамрагдсан. Уг мөнгөнөөс тодорхой хувийг төлсөн. ..... нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байхдаа 3.305.208 төгрөгийг өр төлбөрийн асуудал гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ” нэртэй "Зээлийн гэрээ" байгуулж, үлдэгдэл төлбөрүүдийг нэгтгэж 24.589.208 төгрөгийг төлөхөөр баталгаажуулсан. ....., ..... нар нь улсын бүртгэлийн Ү-0213006935 дугаартай 84.75 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м2 талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай Г-0213001410 улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг барьцаанд тавьсан. ....., ..... нар нь гэрээний 1-т зааснаар төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барагдуулах ёстой байтал төлбөрийг барагдуулахгүй байсаар өдийг хүрлээ. Иймд ....., ..... нараас 24.589.208 төгрөгийг гаргуулж ..... ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ....., ..... нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч бид нарыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 24.589.208 төгрөгийн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар зээлж авсан гэсэн нь үндэслэлгүй. Бид түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Энэ мөнгө нь үлдэгдэл төлбөртэй холбоотой мөнгө. ..... би 2012 оноос ..... ХК-д хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед тооцоо хийхэд миний нэр дээр 3.305.208 төгрөгийн тооцоо гарсан. Харин 21.284.000 төгрөгийн хувьд бид 2016 онд Эрчим компанийн ажилчдын орон сууцнаас 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр авсан. Энэ байрыг авахдаа ..... ХК-тай гэрээ хийгээгүй, харин “Жанат” ХХК-тай гэрээ байгуулж авсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр үнэлж бүгд 52.470.000 төгрөгөөр авсан. Үүний 15.774.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.Муратын дансанд, үлдэгдэл 36.696.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.Муратын дансанд өөрийн Голомт банкны 5805010711 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Харин миний нэр дээр байгаа 3.305.208 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ....., ..... нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэл гаргагч ..... ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тилеуберди нь надтай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа эхнэр ....., бид хоёрын нэр дээр бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг “Харасай” хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай, Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286299 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус барьцаалж авсан. Тэрнээс хойш 2 жил өнгөрсөн боловч дээрх гэрчилгээнүүдийг буцааж өгөөгүй. Үүнээс болж бид өөрсдийн өмчлөлийн газар, байшинг бусдад худалдаж чадахгүй хохирч байна. М.Тилеубердийн дээрх үйлдэл нь бидний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг “Харасай” хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай, Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286299 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ..... ХК-ийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Сөрөг нэхэмжлэл гаргагч .....ийн өмчлөлд байгаа Өлгий сумын 10-р баг Харасай хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84,75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 нэгж талбарын дугаартай Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг тус тус барьцаалж, 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй Зээлийн гэрээ байгуулж, тус ..... ХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн инженер ажилтай байсан ....., түүний эхнэр ..... нарт зээл олгосон юм. Зээлдэгч ....., ..... нар нь зээл болон үлдэгдэл төлбөр болох 24.589.208 төгрөгийг төлж барагдуулаад, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-0213006935 тоот гэрчилгээ, мөн хаягт байршилтай 1000 м.кв талбайтай 031301652 нэгж талбарын Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг авахад татгалзах зүйлгүй болно. Энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153-р зүйлийн 153.1-д заасан шаардлагад нийцэж байгаа ба мөн хуулийн 154-р зүйлийн 154.1-д зааснаар дээрх эд хөрөнгө өмчлөх эрх нь "барьцааны зүйлд" хамаарч байгаа. Дээрх барьцаалсан байгаа ....., ..... нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч ..... ХК нь өмчлөлд шилжүүлээгүй, захиран зарцуулаагүй түл барьцаалуулагч нарын өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй болно. Хариуцагч .....ийн сөрөг нэхэмжлэлийг ..... ХК-ийн нэхэмжлэлтэй ....., ..... нарт холбогдох үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан ....., ..... нараас нийт 24.589.208 /хорин дөрвөн сая таван зуун ная есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг гаргуулж ..... ХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар хариуцагч ....., ..... нарын ..... ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ..... ХК-ийн эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 031301652 нэг талбарын дугаартай, Г-0213001410 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 000286299 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00045 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00374 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээний 3,4,5,6,7 дахь заалтыг хүчин төгөлдөр буст тооцож, үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг ..... ХК-иас гаргуулан ....., ..... нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280896 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ дутуу төлсөн 210.699 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагчаас 210.696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Давж заалдах шатны шүүх нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийн 24.589.208 төгрөгийг ханган шийдвэрлэсэнд гомдол гаргасан байхад түүний гомдлыг хүлээж авахаас татгалзсан үндэслэлийг дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн нэг талын эрх ашгийн үүднээс хэргийг шийдвэрлэж байгаа ба ямар ч нотлох баримтгүйгээр хариуцагчаас 24.589.208 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг зөв ойлгохгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл талуудын хоорондох харилцааг буруу тодорхойлж зээлийн гэрээ гэж үзэж Иргэний хуулийн 281.1 дэх хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэсэн нь буруу болсон. Тодруулбал 2017 оны 01-р сарын 06-ны өдөр “Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ” нэртэй гэрээ байгуулж орон сууцны төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар харилцан тохиролцсон агуулгатай гэрээ байгуулсан байна. Энэ нь харилцааны хувьд худалдах худалдан авах гэрээ болох нь харагдаж байгаа. Худалдагч нь худалдан авагчаас төлбөрөө төлөөгүй гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд худалдан авагч болох хариуцагч тал төлбөрөө төлсөн гэж баримтаа гаргаж ирээд маргасан. Түүнээс биш энэ нь зээлийн гэрээ байгуулаагүй байсан. Хариуцагч ..... нь энэ талаар тайлбарлахдаа ..... ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тилеуберди нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр бид хоёрыг нотариатад дуудсан. Намайг нотариатад дуудсан шалтгааныг ..... ХК-д ажиллах хугацаандаа үлдсэн тооцоо болох 3.305.208 төгрөг байсан. Тухайн тооцоог төлж барагдуулах тухай гэрээ хийх гэж байгаа гэж биднийг дуудаж урьдчилж бэлтгэсэн гэрээндээ гарын үсэг зуруулж авсан. Би тухайн гэрээг ямар учиртайг асуухад ажиллаж байх хугацаандаа авсан цалингийн урьдчилгаа 3.305.208 төгрөгийг хэрхэн төлөхтэй холбоотой гэж хэлсэн учраас би нотариатчийн хэвлэж бэлэн болгосон гэрээний хэд хэдэн газарт гарын үсгээ зурсан. Бид Тилеубердид итгэдэг байсан тул түүний үгэнд итгэж гарын үсгээ зурж байсан. Тухайн үед нотариатын үйлчилгээний газар маш их хүмүүс очирлож байсан тул 3 сая төгрөгтэй холбоотой гэрээ гэж үзээд гарын үсэг зураад байсан” гэжээ. 2017 оны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээгээр ..... ХК болон ..... нар Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай 48 айлын орон сууцны 603 тоотод байрлах 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр худалдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 21.0284.000 төгрөг, компанийн 76 дугаар дансанд байгаа үлдэгдэл тооцоо 3.305.208 төгрөг, бүгд 24.589.208 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барагдуулах талаарх агуулгатай гэрээ байна. Түүнээс биш зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн харилцаа байхгүй. Мөн ..... нь ..... ХК-аас 21.284.000 төгрөг зээлдэхээр болж өөрт шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан тооцох ёстой гэдгийг шүүх анзаараагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 Бодит байдал дээр ..... нь Жанат ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр орон сууц худалдан авсан байжээ. 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээнд дурдаж байгаа орон сууц буюу .....ийн худалдаж авсан орон сууцны төлбөр төлөгдсөн эсэх талаар: Гэрээгээр орон сууцны 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 52.470.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох орон сууц худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. Үүний 15.774.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.Муратын дансанд, үлдэгдэл 36.696.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.Муратын дансанд .....ийн Голомт банкны 5805010711 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байна. Ингээд байрны төлбөр бүрэн төлөгдсөн байна. Байрны тооцоо дууссан байхад байрны төлбөрийн үлдэгдэл гэж дахин гэрээ байгуулна гэдгийг .....ийн огт урьдчилан төсөөлөх боломжгүй байжээ. ..... тухайн гэрээнд гарын үсэг зурахдаа компанийн 76 дугаар дансанд байгаа үлдэгдэл тооцоо буюу цалингийн урьдчилгаа болох 3.305.208 төгрөгийн талаар гэрээ байгуулж байгаа гэж ойлгож гэрээ хийсэн гэдгээ удаа дараа тогтвортой мэдүүлээд байгаа юм. Иймээс байрны төлбөрийн үлдэгдэл гэсэн гэрээний тооцоо бүрэн дууссан тул тухайн гэрээний биелэлт дуусгавар болсон байх тул гэрээний биелэлтийг хангуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн учраас үүрэг дуусгавар болсон байна. Шүүхийн дүгнэж байгаачлан иргэн Х.Сетерхан .....т 30 сая төгрөг зээлдсэн гэж байгаа бол яагаад ..... ХК шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч биш этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагч анхнаасаа би ..... ХК-аас орон сууц аваагүй, орон сууцны тооцоогүй, мөн зээл аваагүй гэж байгаа юм. Гэтэл шүүх тэдний хооронд байгуулсан бичгэн гэрээг л үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээ бичгээр байгуулагдсан ч гэсэн гэрээний агуулгыг анхаарах ёстой байсан, үүрэг дуусгавар болсон эсэхийг анхаарах ёстой байсан, мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн эсэхийг анхаарах ёстой байсан юм. ..... ХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ....., ..... нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон. Хариуцагч ..... нь орон сууцны урьдчилгаа болох 15.774.000 төгрөгийг хэрхэн яаж олсон талаар шүүхэд тайлбараа гаргасан. Үүнтэйгээ холбогдуулан шүүх хуралдааны явцад К.Ерланыг хууль сануулж гэрчээр асуухад "..... надаас 2016 оны Муратын барьсан байрнаас орон сууц авахаар 12 сая төгрөг зээлдэж авсан. Тэрээр надад баримт бичиж өгч, нэг жилийн дотор 1-2 сая төгрөгөөр хувааж төлж өгсөн" гэж мэдүүлсэн мэдүүлэг болон К.Ерланаас зээл авсан талаарх бичгэн нотлох баримтаар байрны урьдчилгааг Х.Сетерханаас аваагүй гэдэг нь нотлогдсон юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг санаатай өөрчлөн бичиж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ноцтой зөрчил гаргасан. Иймд хэргийг бүхэлдээ хянаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн 24.589.208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эсхүл хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

..... ХК нь ....., ..... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24.589.208 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “инженерээр ажиллаж байхдаа орон сууц худалдан авах зорилгоор компаниас 30.000.000 төгрөг зээлсний үлдэгдэл 21.284.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 3.589.208 төгрөг төлөөгүй. Эдгээрийг нэгтгэж төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гаргасан тул мөнгийг гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нар 3.305.208 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөөгүй “30.000.000 төгрөгийн зээл аваагүй, орон сууцны үнийг Жанат ХХК-д өөрийн болон бусдаас зээлсэн мөнгөөр төлсөн, зээл төлөх, баталгаа гаргах гэрээг төөрөгдөж байгуулсан, гэрчилгээ хууль бусаар барьцаалсан” гэсэн байна.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлээр 2017 оны 01 сарын 06-ны болон 07-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, зээлийн баталгаа гаргах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 000446883 болон 000286399 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч ....., түүний өмгөөлөгч С.Нургайыпын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

1. ..... ХК болон ....., ..... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй  гэж үзэж, зээлийн үүрэгт 24.589.208 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

....., ..... нар 2016 онд Жанат ХХК-с орон сууц худалдан авч, уг орон сууцны урьдчилгаа төлбөрийг өөрийн ажиллаж байсан ..... ХК-с зээлж төлсөн, дээрх мөнгийн үлдэгдэл болон ажлаас халагдах үеийн тооцоо 3.305.208 төгрөгийн хамт нийт 24.589.208 төгрөг төлөхөө баталгаажуулж, 2017.01.06-ны өдөр үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг төлбөрийг барагдуулахаар орон сууц болон газрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн зээлийн баталгаа гаргасан нь тогтоогджээ.

Хариуцагч нар, ..... ХХК-с мөнгө зээлээгүй, шаардлага байгаагүй Жанат ХХК-с худалдан авсан орон сууцны үнийг өөрийн болон К.Ерланаас зээлсэн  мөнгөөр төлсөн гэж марган, Жанат ХХК-ийн захирал Д.Муратад 2016 оны 4 болон 6 дугаар сард мөнгө шилжүүлсэн баримтыг гаргасан боловч зохигчийн хооронд үлдэгдэл төлбөр барагдуулах болон зээлийн баталгаа гаргах гэрээ дээрх цаг хугацаанаас хожим байгуулагдсан байна.

Гурван ажилтанд орон сууц худалдан авах урьдчилгаанд зориулж мөнгө зээлэхээр шийдвэрлэж, зээлийн мөнгийг бэлнээр өгсөн, тэдний нэг нь ..... байсан гэж мэдүүлсэн тухайн үед ..... ХХК-д нягтлангаар ажиллаж байсан Б.Гүлнаш болон бусад ажилчид У.Харашаш, Х.Сетерхан нарын мэдүүлгийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлийн үүргийг хожим баталгаажуулсан үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа хариуцагч ..... гэрээний заалт бүрт гарын үсэг зурсан, улмаар талууд гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн нь уг гэрээнээс үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул гэрээ байгуулахдаа төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээрийг шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймээс зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүргээ ..... ХК биелүүлж мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч нар гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч мөнгөө буцаан төлөхийг шаардах эрхтэй.

Иймд нийт 24.589.208 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн гэж дүгнэв.

2. Сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч ..... ХК нь хариуцагч нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0213006935 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 000446883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай 000286399 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус эзэмшилдээ авсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Зээлийн үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээний 3-7-р заалт нь мөн зээлийн баталгаа гаргасан баримтад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, хэрэв төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол тухайн хөрөнгийг шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга тусгагдсанаас үзэхэд зохигч эдгээр эд хөрөнгийг барьцаалах хүсэл зоригтой байсан, энэхүү тохиролцоо гэрээний нөхцөл болсон байна.

Иймд зохигч барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээ бичгэн хэлбэртэй гэж үзнэ.

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болох бөгөөд зохигч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул барьцааны тохиролцоо нь хүчин төгөлдөр бус, барьцааны эрх үүсээгүй байна. Иймээс төлбөр барагдуулах гэрээний барьцааны хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзэн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3-т заасантай нийцсэн байна.

Нөгөө талаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байхыг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээ нь дангаар бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхэд хамаарахгүй, барьцааны зүйл биш, өөрөөр хэлбэл, тухайн гэрчилгээг нэхэмжлэгч эзэмшилдээ авснаар барьцааны зүйлээр шаардлагаа хангуулах үр дагавар үүсэхгүй болно.

Дээрхээс үзвэл хариуцагчийн эзэмшил нь хууль бус тул өмчлөгч гэрчилгээ гаргуулах шаардлага гаргах эрхтэй.

3. Давж заалдах шатны шүүх төлбөр барагдуулах гэрээний барьцааны хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хүчин төгөлдөр буст тооцохоор заасан нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 212/МА2019/00045 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хүчин төгөлдөр буст тооцож” гэснийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоож”  гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ....., хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ..... нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                         ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                                             Б.УНДРАХ

                                                                                                                              Д.ЦОЛМОН