Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2024/00017

 

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 
 

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 11 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК (захирал Х.Х);

Хариуцагч: Б аймгийн А 5-р багт оршин суудаг, “Н”  ХХК-ийн  захирал ажилтай, Ш овогт Ж.Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5,000,000 төгрөг,  нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж тус компани гүйцэтгэх захирал Х.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Ж.Е-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5,000,000 төгрөг,  нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.”М” ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр “Барилга байгууламж барих, угсралтын болон худаг ус гаргах” тухай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж юм. Тус “М” ХХК нь “Н” сумын “Х” багийн төвд баригдах 5 ортой барилгын ажлын зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга байгууламж, гүний худаг гаргах зэрэг, иж бүрэн ажлын гүйцэтгэлийн 80%-ийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд үргэлжлүүлэн “Д” ХХК нь барьж дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

1.2.”Д” ХХК нь дуусаагүй барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх явцад өмнө “М” ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэлийн ажлыг болон барилгын материалын зардлын хамт 110,000,000 төгрөгөөр үнэлэн зээлээр худалдан авч, барилгын ажлын үнэ 100,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын хүлээлцэх тооцоо нийдсэн акт”-ын дагуу төлж барагдуулсан юм.

1.3.”М” ХХК-аас “Барилгын хүлээлцэх тооцоо нийдсэн акт” гэх баримт бичиг үйлдэхэд “Д” ХХК-ийг төлөөлөн иргэн Ж.Е гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан боловч тухайн үед “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь захирал А болох нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр эрхийн актаар батлагдсан байна.

1.4.Харин хэлцэл хийсэн Ж.Е нь “Д” ХХК-ийн менежер ажилтай болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, “Д” ХХК нь хариуцагч Ж.Е-тэй хамаарал бүхий аж ахуйн нэгж болох нь Шүүх, Прокурорын хууль ёсны шийдвэрээр  нотлогдож байна.

1.5.Хариуцагч Ж.Е нь өөрийн хамаарал бүхий “Д” ХХК-ийг төлөөлөн “М” ХХК-тай хэлцэл хийж дуусаагүй барилгын ажлын гүйцэтгэлийг 110,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийж 100,000,000 төгрөг төлж барагдуулсан байдаг бөгөөд одоо хүртэл 10,000,000 төгрөг төлөөгүй “М” ХХК-ийг хохироож байна.

1.6.Иймд “М” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Барилгын хүлээлцэх тооцоо нийлсэн акт” нэртэй гэрээний дагуу дутуу төлсөн 10,000,000 төгрөгийн гэрээнд заасан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 3 хувийн хүү тооцож нэхэмжлэхэд 2021 оны 12 дугаар сарын 15-аас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны хүртэл 23 сарын хугацаанд ногдоох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,000,000 төгрөг ноогдох хүүгийн хэмжээ 6,900,000 төгрөг гарч байгаа нь үндсэн зээлийн  зээлийн 50%-иас хэтрэх тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үндсэн зээл 10,000,000 төгрөг хугацаа хэтрүүлсэн 23 сарын хугацаанд дүйцүүлэн тооцох хүү зээлийн үнийн дүнгийн 50% буюу 5,000,000 төгрөг бүгд 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийсэн Ж.Е-ээс нэхэмжилж байна.

1.7.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.1, 263.2.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн хариуцагч Ж.Е-ээс зээлээр худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөгийн хамт бүгд 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.

  2.Хариуцагч Ж.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

  2.1.Нэхэмжлэгч “М” ХХК нь “Д” ХХК-тай холбогдуулан шүүхэд талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүл мэндийн төв, 5 ор (Б “Н” сумын “Х” баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн актын дагуу 110,000,000 төгрөгөөр тохиролцож, хариуцагчаас нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл ажлын төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 шийдвэрээр эрх бүхий этгээд нь төлөөлж зураагүй тул нэхэмжлэх эрхгүй гэж тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

2.2.”М” ХХК нь Ж.Е-тэй холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар “Д” ХХК-ийг төлөөлж эрхгүй этгээд нь тухайн хийсэн хэлцлийн үүргийг биелүүлэх хүлээх тул 15 сая төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлөх ёстой гэжээ.

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчтэй байгуулсан хэлцэл нь төлөөлөгч бүрэн эрхгүй болохыг мэдсэн, мэдэх ёстой байсан тохиолдолд хэлцлийн үүргийг түүгээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болохыг зохицуулсан байна.

Тодруулбал, “М” ХХК нь барилга байгууламж барих олон жилийн туршлагатай, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Д” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй хэлцэл байгаа эсэхийг тогтоох бүрэн боломжтой, хуулийн этгээдтэй хэлцэл байгуулж байгуулж байгаа эсэхийг тогтоох бүрэн боломжтой, хуулийн этгээдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэлд нэвтрэх (Opendata.mn) замаар тодорхойлох, Ж.Е-т олгосон итгэмжлэл байгаа эсэхийг шаардан авах зэргээр ажил хүлээлцэх актад хууль ёсны баримтыг үндэслэн гарын үсэг зуруулах боломжтой байсан.

2.3.Гэтэл, “М” ХХК нь “Д” ХХК-ийг төлөөлүүлж Ж.Е-ээр ажил хүлээлцэх акт хийхдээ өөрийн ажил, үүрэгт хайнга хандаж, төлөөлөх эрхгүй болохыг мэдсээр байж ажил хүлээлцэж, төлбөр тохирсон байх ба үүнээс үүссэн эрх зүйн үр дагаврыг Ж.Е хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно. 

Түүнчлэн, “М” ХХК нь шүүхэд нэхэмжлэлдээ хариуцагчийг “Н” ХХК, түүний захирал Ж.Е гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч компани нь “М” ХХК-тай ямар нэгэн барилгын ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулж, үүрэг хариуцлага хүлээгээгүй, барилга байгууламж барих чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл, ““Н” ” ХХК нь нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй байхад хариуцагч хэмээн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан хариуцагч болох үндэслэлд хамаарахгүй болно.

2.4.“М” ХХК нь 15 сая төгрөгийн шаардах эрхээ “Зээлээр худалдах, худалдан авах гэрээг “Д” ХХК-ний өмнөөс Ж.Е байгуулсан, ингэж байгуулахдаа талууд хүү тохирсон болохыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурддаг ба шаардаж буй хүү нь алданги учраас 50 хувиар тооцож нэхэмжилсэн  гэсэн байна. “М” ХХК нь түүнийг төлөөлж Х.Х, “Д” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ж.Е нарын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүл мэндийн төв, 5 ор (Б, “Н” сум “Х” баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн актыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэж үзэх боломжгүй болно.

2.5.Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохын тулд хариуцагч худалдагч бэлэн байгаа эд хөрөнгийг өмчлөлийг худалдан авагчид урьдчилан шилжүүлэх, худалдан авагч харилцан тохиролцсон төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн, бүрэн төлөх, хүү тохирсон бол төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хэн нэгний бодитоор эзэмшиж, өмчилж буй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа юм. Бодит байдал дээр “Д” ХХК-ийн тендерт шалгарсан байхдаа сайн дураараа захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр өгсөн үүрэг, даалгаваргүйгээр гүйцэтгэж, уг үүргийн гүйцэтгэлийг үнэлэн төлбөр шаардсан үйл баримттай.

2.6.Харин “Н” суманд баригдсан 5 ортой эмнэлийн өмчлөлийг “Д” ХХК өөрийн өмчлөлдөө авах эрх хуулиар үүсээгүй, зөвхөн тендерт шалгарсан этгээдийн хувиар тухай барилгын ажлыг гүйцэтгэн захиалагч болох орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээдэг гүйцэтгэгч байгууллага байсан юм.

2.7.Талуудын хооронд байгуулагдсан гэх “ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн акт“ нь харилцан үүрэг хүлээх гэрээний шинжтэй үүрэг биш бөгөөд тухайн ажлын үр дүн хүлээж авах тухай хууль зүйн фактад тооцогддог иргэний эрх зүйн харилцааны үйл явдал байгаа юм.

Нэхэмжлэгч “М” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5 сая гэж нэхэмжилсэн боловч агуулгын хувьд хугацаа хэтэрсэн хоног тутамд 3 хувиар тооцсон, 50 хувиар хэтрүүлэхгүйгээр хүү тооцсон гэж нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийн зохицуулалтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүү шаардаж байгаа нь үндсэн үүрэгт хамаарах байтал алдангийн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2.8.Харин талуудын хооронд алданги тохирсон зүйл байхгүй бөгөөд хүү төлүүлэх нь зөвхөн мөнгө зээлдүүлэхтэй холбоотой харилцаанд хамаардаг байтал гэрээний шинжгүй ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн актад хүү тохирсон нь иргэний хуулийн хэм хэмжээнд зөвшөөрөгдсөн харилцаанд хамаарахгүй байна.

2.9.Иймд “М” ХХК-ийн өмнө “Д” ХХК-ийн өмнөөс хэлцэл байгуулсан Ж.Е-т холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.   

3.Нэхэмжлэгч талаас Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол,   Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төв, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”, “М” ХХК-ний “Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа” зэрэг  бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч талаас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “К” банкны “Төлбөрийн баримт”,  2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төв, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”, “Д” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 358 дугаартай “Газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2166 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, Захиалагч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэгч “Д” ХХК-ны хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМЯ/202003130 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг), 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 25/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0451 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 472 дугаартай магадлал, 2021 оны Монгол Улсын “Мэргэшсэн төсөвчний зохиосон “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын  төсөвт өртөг 299373590 төгрөгийн төсөв”, 2021 оны Монгол Улсын “Мэргэшсэн төсөвчний зохиосон  “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын төсөвт өртөг 61683596 төгрөгийн төсөв”, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр, “Д” ХХК-ний ажил гүйцэтгэхээс өмнөх  гэрэл зураг 2 хуудас, “Д” ХХК-ний ажил гүйцэтгэсний дараах гэрэл зураг 4 хуудас, “Д” ХХК-ний “Барилгын хөгжлийн төв”-д явуулсан “Үүрэг даалгаврын биелэлт”-ийн талаарх 3 хуудас материал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч “М” ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Ж.Е-ээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Барилгын хүлээлцэх тооцоо нийлсэн акт” нэртэй гэрээний дагуу дутуу төлсөн 10,000,000 төгрөг, хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн 23 сарын хугацаанд дүйцүүлэн тооцох хүү зээлийн үнийн дүнгийн 50% буюу 5,000,000 төгрөг бүгд 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийсэн Ж.Е-ээс нэхэмжилж байна.

7.Хариуцагч Ж.Е нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...”М” ХХК нь “Д” ХХК-ийг төлөөлүүлж Ж.Е-ээр ажил хүлээлцэх акт хийхдээ өөрийн ажил, үүрэгт хайнга хандаж, төлөөлөх эрхгүй болохыг мэдсээр байж ажил хүлээлцэж, төлбөр тохирсон байх ба үүнээс үүссэн эрх зүйн үр дагаврыг Ж.Е хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно. Мөн нэхэмжлэгч “М” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5,000,000 гэж нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймээс “М” ХХК-ийн өмнө “Д” ХХК-ийн өмнөөс хэлцэл байгуулсан Ж.Е-т холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Нэхэмжлэгч “М” ХХК нь “Н” сумын “Х” багийн төвд 5 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга, гүний худаг гаргах зэрэг 80 хувьтай хийж гүйцэтгэсэн ажлыг 110,000,000 төгрөгөөр үнэлж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч “Д” ХХК-д худалдсан үйл баримттай холбогдуулан хариуцагч “Д” ХХК-аас 118,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

8.2.Нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж өгсөн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн төв, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт” нь хуулийн шаардлага хангасан эсэх болон хууль ёсны нотлох баримт эсэх  үйл баримтын талаар урьд нь шинжлэн судалж дүгнэсэн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул түүнийг дахин үнэлэн дүгнэх шаардлагагүй болно. 

8.3.Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол-д:....Гэрч Ж.Е-ийн “Миний бие ““Н” ” ХХК захирал бөгөөд барилга угсралтын “Д” ХХК-ийн менежерээр ажиллаж байна. Тус “Д” ХХК-ийн захирлаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус “Д” ХХК-ийн нягтлан болох А-ийн нэр дээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түр хугацаагаар шилжүүлсэн. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн захирал байгаагүй, А-ийн нэр дээр шилжсэн байгаа юм. “Н” сумын “Х” гол багт 5 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болж зээл авах гэхэд миний нэр дээр ““Н” ” ХХК-ийн зээлтэй давхар гарах боломжгүй гэсэн тул “Д” ХХК-ийг өөр хүний нэр дээр шилжүүлэн “Д” ХХК-ийн нэр дээр зээл гаргуулж авсан юм. Уг гаргасан зээлийн мөнгөнөөс би “М” ХХК-тай хийсэн гэрээний дагуу өгөх ёстой төгрөг байсан тул 120,000,000 төгрөг авч 100,000,000 төгрөгийг тус “М” ХХК-д өгсөн юм. Одоогийн байдлаар миний төрсөн хүү болох Е-ын нэр дээр 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өөр шилжсэн юм.....

....Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд дүгнэлт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “М” ХХК-тай Б аймгийн “Н” сумын “Х” гол багийн барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт байгуулах үеэр Ж.Е нь тухай актад дээр гарын үсэг зурж ажил хүлээлцсэн байх ба 100,000,000 төгрөгийг хугацаанд нь бэлнээр төлж  барагдуулсан бөгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг актад дурдсан хугацаанд төлж барагдуулахгүй байгаа үйл баримт тогтоогдсон...гэсэн байна.   

 8.4.Хариуцагч Ж.Е нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Д” ХХК-ийн захирлын үүргээ Ат шилжүүлсэн буюу “Д” ХХК-ийг төлөөлөх бүрэх эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “М” ХХК-аас “Н” сумын “Х” багийн төвд 5 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга, гүний худаг гаргах зэрэг 80 хувьтай хийж гүйцэтгэсэн ажлыг 110,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авсан “Б аймгийн “Н” сумын “Х” гол багийн барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”-д гарын үсэг зурсан, улмаар 100,000,000 төгрөгийг тухайн актад гарын үсэг зурсан өдөр “К” банкаар шилжүүлсэн буюу төлж  барагдуулсан ба үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон боловч заасан хугацаанд мөнгөө төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

9.Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч “М” ХХК болон нэхэмжлэгч Ж.Е нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс худалдсан нийт ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгийг шаардах эрхтэй болно.

Мөн Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дур мэдэн хэлцэл хийсэн этгээд (хариуцагч) Ж.Е нь хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө тал (нэхэмжлэгч) “М” ХХК-ийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

10.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар ажлын гүйцэтгэлийг 110,000,000 төгрөгөөр үнэлж бэлэн төлөх үнийг шууд зааж тодорхойлсон, мөн 100,000,000 төгрөгийг бэлэн төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон ба дараа төлөх үнэ дээр нэмж тооцсон хүүгийн хэмжээ тохироогүй энэ үйл баримтын талаар нотлох баримт байхгүй буюу Иргэний хуулийн 263.2.3, 263.2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

11.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байна.

Харин энэхүү актад хэрэв хугацаандаа төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хамаарч сарын 3 хувийн хүү тооцохоор заасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байгаа ба нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 3 хувийн хүү тооцож нэхэмжилсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги тооцох эрхээ алдсан байна.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Н” сумын “Х” багийн төвд 5 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга, гүний худаг гаргах зэрэг 80 хувьтай хийж гүйцэтгэсэн ажлыг 110,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй 61,683,596 төгрөг байсан нь Монгол Улсын Мэргэшсэн төсөвчин Х.С-ын баталсан “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын төсөв-өөр нотлогдож байгаа гэх боловч энэхүү 2021 оны Монгол Улсын “Мэргэшсэн төсөвчин Х.С-ын баталсан “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын төсөвт өртөг 61,683,596 гэсэн төсвийг хэзээ баталсан нь тодорхой бус огноо бичигдээгүй, “М” ХХК-аас ажлын гүйцэтгэлийг худалдан авахаас өмнө эсхүл дараа үйлдсэн болох нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Мөн  хариуцагч талаас гаргаж өгсөн 2021 оны Монгол Улсын “Мэргэшсэн төсөвчин С.Е-ы баталсан “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг)-ын  төсөвт өртөг 299,373,590 төгрөгийн төсөв” гэсэн материалын дотор тал нь гүйцэтгэгч К ХХК-ийн  “Сургуулийн барилга, спорт заал, 240 суудал (Б, “Н” сум, Цагааннуур тосгон)” гэсэн төсвийн тооцоо материалууд явж байгаа тул энэ хэрэгт хамааралгүй болно.

13.Хариуцагч талаас гаргаж өгсөн  “Д” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 358 дугаартай “Газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2166 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, Захиалагч Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэгч “Д” ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМЯ/202003130 дугаартай “Эрүүл мэндийн төвийн барилга, 5 ор (Б, “Н” сум, “Х” баг), 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 25/2021 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2021/0451 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 472 дугаартай магадлал, “Д” ХХК-ийн “Барилгын хөгжлийн төв”-д явуулсан “Үүрэг даалгаврын биелэлт”-ийн талаарх 3 хуудас зэрэг бичгийн баримтууд огноо цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн “Д” ХХК-ний ажил гүйцэтгэхээс өмнөх болон  “Д” ХХК-ийн ажил гүйцэтгэсний дараах гэрэл зургуудыг хэн хэзээ баталгаажуулсан нь тодорхойгүй, хариуцагч Ж.Е-т холбогдолгүй эдгээр бичгийн баримтууд нь энэ шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

14.Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Е-ээс худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 10,000,000 төгрөг оногдох улсын тэмдэгтийн хураамж  174,950 төгрөгийг хариуцагч Ж.Е-ээс гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Е-ээс худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,000,000 (таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Е-ээс 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК