Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2024/00027

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00017 дугаар шийдвэртэй,   нэхэмжлэгч ****** багт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК (захирал Х.Х)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******багт оршин суух "Н" ХХК-ийн захирал ажилтай, Ж.Е-т холбогдох,

 

“Худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. “М” ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр Барилга байгууламж барих, угсралтын болон худаг ус гаргах тухай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж юм. Тус “М” ХХК нь Ногооннуур сумын Ховд багийн төвд баригдах 5 ортой барилгын ажлын зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга байгууламж, гүний худаг гаргах зэрэг иж бүрэн ажлын гүйцэтгэлийн 80%-ийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд үргэлжлүүлэн “Д” ХХК нь барьж дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

1.2. “Д” ХХК нь дуусаагүй барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх явцад өмнө “М” ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэлийн ажлыг болон барилгын материалын зардлын хамт 110,000,000 төгрөгөөр үнэлэн зээлээр худалдан авч, барилгын ажлын үнэ 100,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын хүлээлцэх тооцоо нийдсэн акт”-ын дагуу төлж барагдуулсан юм.

1.3. “М” ХХК-аас “Барилгын хүлээлцэх тооцоо нийдсэн акт” гэх баримт бичиг үйлдэхэд “Д” ХХК-ийг төлөөлөн иргэн Ж.Е- гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан боловч тухайн үед “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь захирал А- болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай тогтоол зэрэг хүчин төгөлдөр эрхийн актаар батлагдсан байна.

 

1.4. Харин хэлцэл хийсэн Ж.Е- нь “Д” ХХК-ийн менежер ажилтай болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, “Д” ХХК нь хариуцагч Ж.Е-тэй хамаарал бүхий аж ахуйн нэгж болох нь шүүх, прокурорын хууль ёсны шийдвэрээр нотлогдож байна.

1.5. Хариуцагч Ж.Е- нь өөрийн хамаарал бүхий “Д” ХХК-ийг төлөөлөн “М” ХХК-тай хэлцэл хийж дуусаагүй барилгын ажлын гүйцэтгэлийг 110,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийж, 100,000,000 төгрөг төлж барагдуулсан байдаг бөгөөд одоо хүртэл 10,000,000 төгрөг төлөөгүй “М” ХХК-ийг хохироож байна.

1.6. Иймд “М” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Барилгын хүлээлцэх тооцоо нийлсэн акт” нэртэй гэрээний дагуу дутуу төлсөн 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 3 хувийн хүү тооцож нэхэмжлэхэд 2021 оны 12 дугаар сарын 15-аас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны хүртэл 23 сарын хугацаанд ногдох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,000,000 төгрөг ноогдох хүүгийн хэмжээ 6,900,000 төгрөг гарч байгаа нь үндсэн зээлийн зээлийн 50%-аас хэтрэх тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үндсэн зээл 10,000,000 төгрөг хугацаа хэтрүүлсэн 23 сарын хугацаанд дүйцүүлэн тооцох хүү зээлийн үнийн дүнгийн 50% буюу 5,000,000 төгрөг бүгд 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийсэн Ж.Е-ээс нэхэмжилж байна.

1.7. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.1, 263.2.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн хариуцагч Ж.Е-ээс зээлээр худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөгийн хамт бүгд 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Д” ХХК-нд холбогдуулан шүүхэд талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүл мэндийн төв, 5 ор (Баян-Өлгий Ногооннуур сумын Ховд баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн актын дагуу 110,000,000 төгрөгөөр тохиролцож, хариуцагчаас нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл ажлын төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00838 шийдвэрээр эрх бүхий этгээд нь төлөөлж зураагүй тул нэхэмжлэх эрхгүй гэж тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

2.2. “М” ХХК нь Ж.Е-т холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар “Д” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нь тухайн хийсэн хэлцлийн үүргийг биелүүлэх хүлээх тул 15 сая төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлөх ёстой гэжээ.

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчтэй байгуулсан хэлцэл нь төлөөлөгч бүрэн эрхгүй болохыг мэдсэн, мэдэх ёстой байсан тохиолдолд хэлцлийн үүргийг түүгээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болохыг зохицуулсан байна.

Тодруулбал, “М” ХХК нь барилга байгууламж барих олон жилийн туршлагатай, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Д” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй хэлцэл байгаа эсэхийг тогтоох бүрэн боломжтой, хуулийн этгээдтэй хэлцэл байгуулж байгаа эсэхийг тогтоох бүрэн боломжтой, хуулийн этгээдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэлд нэвтрэх (Opendata.mn) замаар тодорхойлох, Ж.Е-т олгосон итгэмжлэл байгаа эсэхийг шаардан авах зэргээр ажил хүлээлцэх актад хууль ёсны баримтыг үндэслэн гарын үсэг зуруулах боломжтой байсан.

2.3. Гэтэл “М” ХХК нь “Д” ХХК-ийг төлөөлүүлж Ж.Е-ээр ажил хүлээлцэх акт хийхдээ өөрийн ажил, үүрэгт хайнга хандаж, төлөөлөх эрхгүй болохыг мэдсээр байж ажил хүлээлцэж, төлбөр тохирсон байх ба үүнээс үүссэн эрх зүйн үр дагаврыг Ж.Е- хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно.

Түүнчлэн, М ХХК нь шүүхэд нэхэмжлэлдээ хариуцагчийг “Н” ХХК, түүний захирал Ж.Е- гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч компани нь “М” ХХК-тай ямар нэгэн барилгын ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулж, үүрэг хариуцлага хүлээгээгүй, барилга байгууламж барих чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл, “Н” ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй байхад хариуцагч хэмээн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан хариуцагч болох үндэслэлд хамаарахгүй болно.

2.4. “М” ХХК нь 15 сая төгрөгийн шаардах эрхээ “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г “Д” ХХК-ний өмнөөс Ж.Е- байгуулсан, ингэж байгуулахдаа талууд хүү тохирсон болохыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурддаг ба шаардаж буй хүү нь алданги учраас 50 хувиар тооцож нэхэмжилсэн гэсэн байна. “М” ХХК нь түүнийг төлөөлж Х.Халиасхар, “Д” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ж.Е- нарын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүл мэндийн төв, 5 ор (Баян-Өлгий, Ногооннуур сум Ховд баг)-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн актыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэж үзэх боломжгүй болно.

2.5. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болохын тулд хариуцагч худалдагч бэлэн байгаа эд хөрөнгийг өмчлөлийг худалдан авагчид урьдчилан шилжүүлэх, худалдан авагч харилцан тохиролцсон төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн, бүрэн төлөх, хүү тохирсон бол төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хэн нэгний бодитоор эзэмшиж, өмчилж буй эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээний харилцаа юм. Бодит байдал дээр “Д” ХХК-ийн тендерт шалгарсан байхдаа сайн дураараа захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээр өгсөн үүрэг, даалгаваргүйгээр гүйцэтгэж, уг үүргийн гүйцэтгэлийг үнэлэн төлбөр шаардсан үйл баримттай.

2.6. Харин Ногооннуур суманд баригдсан 5 ортой эмнэлийн өмчлөлийг “Д” ХХК өөрийн өмчлөлдөө авах эрх хуулиар үүсээгүй, зөвхөн тендерт шалгарсан этгээдийн хувиар тухайн барилгын ажлыг гүйцэтгэн захиалагч болох орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээдэг гүйцэтгэгч байгууллага байсан юм.

2.7. Талуудын хооронд байгуулагдсан гэх ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн акт нь харилцан үүрэг хүлээх гэрээний шинжтэй үүрэг биш бөгөөд тухайн ажлын үр дүн хүлээж авах тухай хууль зүйн фактад тооцогддог иргэний эрх зүйн харилцааны үйл явдал байгаа юм.Нэхэмжлэгч М ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5 сая гэж нэхэмжилсэн боловч агуулгын хувьд хугацаа хэтэрсэн хоног тутамд 3 хувиар тооцсон, 50 хувиар хэтрүүлэхгүйгээр хүү тооцсон гэж нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийн зохицуулалтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүү шаардаж байгаа нь үндсэн үүрэгт хамаарах байтал алдангийн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2.8. Харин талуудын хооронд алданги тохирсон зүйл байхгүй бөгөөд хүү төлүүлэх нь зөвхөн мөнгө зээлдүүлэхтэй холбоотой харилцаанд хамаардаг байтал гэрээний шинжгүй ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн актад хүү тохирсон нь иргэний хуулийн хэм хэмжээнд зөвшөөрөгдсөн харилцаанд хамаарахгүй байна.

2.9. Иймд “М” ХХК-ийн өмнө “Д” ХХК-ийн өмнөөс хэлцэл байгуулсан Ж.Е-т холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00017 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Е-ээс худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,000,000 (таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Е-ээс 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.   

            4. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх “М” ХХК болон “Д” ХХК-ийн  хоорондын хэлцлийг буруу дүгнэж, холбогдох баримтыг үнэлээгүй тухайд: Шүүхээс “М” ХХК болон “Д” ХХК нарын хооронд 2021.09.24-ий өдрийн Эрүүл мэндийн төв, 5 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Ховд баг/-ын барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”-ыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь тухайн актаар барилгыг хүлээлцэж, тооцоо нийлсэн бөгөөд ямар ажлын гүйцэтгэлийг худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй билээ.

4.2. “М” ХХК нь тендерт шалгараагүй байхдаа тухайн барилгыг дур мэдэн, хэн нэгний үүрэг, даалгаваргүйгээр 2021 онд барьсан байдаг. Эрүүл мэндийн төвийн тендерт анхнаасаа “Д” ХХК нь 2020 оны 12 дугаар сард шалгарсан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Улмаар “М” ХХК нь тендерийн маргаан үүсгэж, 1 жилийн хугацаанд шүүхэд хянагдсан бөгөөд энэ хугацаанд “М” ХК нь өөрийн дураараа барилгыг барьсан байгаа бөгөөд уг хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө болох боловч эрхийн бүртгэл хийгдээгүй байсан.

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч, худалдан авагчид хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх, худалдан авагч төлбөрийг төлөх харилцан үүрэг хүлээдэг ба “М” ХХК-ийн дураараа барьсан барилга бүхий үл хөдлөх хөрөнгийг “Д” ХХК худалдаж авах замаар өөрийн өмчлөлдөө шилжүүлж аваагүй. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 40 дүгээр зүйлд заасны дагуу “Д” ХХК нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 ортой эмнэлгийн тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгарч, улсын төсвөөс санхүүжилт авч, ажлыг хийж гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчийн үүргийг хүлээж оролцож байсан бөгөөд уг ажилтай холбогдуулан “М” ХХК-ийн дур мэдэн барьсан барилгыг худалдаж аваад Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яаманд худалдсан харилцаа биш юм. Харин “М” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг авах болсон шалтгаан нь тухайн үеийн нөхцөл байдлаар Эрүүл мэндийн газраас тендерийн маргаан дууссан цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сард “Д” ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлж, 2021 оны 12 дугаар сард дуусгах даалгавар өгсний дагуу аргагүй эрхэнд барилгыг хүлээлцэх актыг “М” ХХК-тай үйлдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс “М” ХХК-тай хүлээлцэх, тооцоо нийлэх акт нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн харилцаа байсан гэж үзэж байна. Уг зохицуулалтын 491 -6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй.” гэж зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн бол зайлшгүй зардлыг төлөх ёстой байдаг.

Дээрх үндэслэлээр “М” ХХК нь маргаан бүхий барилгыг дураараа барьсан бөгөөд энэ тохиолдолд "... барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”-д заасан мөнгөн дүнг эрх зүйн хувьд шаардах эрх үүсэх боломжгүй байхад шүүхээс 10 сая төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

4.4. Шүүхээс бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн “М” ХХК-ийн барьсан барилгын өртгийг Монгол Улсын мэргэжлийн төсөвчин Х.Серикболын баталсан төсвийн тооцооллоор 51,683,596.00 төгрөг гарсныг баримтаар нотолсон байхад “хэзээ баталсан нь тодорхойгүй, хөндлөнгийн баримтаар тогтоогдоогүй ...” гэж үнэлээгүй нь хууль бус юм. Тус төсвийн тооцооллыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.06-ны өдрийн 130/ШШ2022/00838 шийдвэрийн хавтаст хэргээс хуулбарлаж авч байсан ба өмнөх хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн байдаг билээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д зааснаар өмнөх шүүхээс нотлох баримтаар үнэлсэн баримтыг үнэлэхгүй гэж байгаа нь хууль бус юм.

4.5. “М” ХХК нь тухайн хэлцлийг хийхдээ эрх бүхий этгээд биш болохыг мэдэх боломжтой байсан тухайд: Шүүхээс “М” ХХК-ийн Ж.Е-т холбогдуулан гаргасан 10 сая төгрөгийг Иргэний хуулийн 69.1-д заасныг үндэслэл болгосон билээ. Гэвч шүүхээс мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар гуравдагч этгээдийн төлөөлөгчтэй байгуулсан хэлцэл нь төлөөлөгч бүрэн эрхгүй болохыг мэдсэн, мэдэх ёстой байсан тохиолдолд хэлцлийн үүргийг түүгээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй зохицуулалтыг анхаарч авч үзээгүй.

Тодруулбал, “М” ХХК нь барилга байгууламж барих олон жилийн туршлагатай аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд “Д” ХХК-ийн эрх бүхий этгээдтэй хэлцэл байгуулж байгаа эсэхийг хуулийн этгээдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэлд нэвтрэх /Ореndata.mn/ замаар тодорхойлох боломжтой байсан. Хэрэв гүйцэтгэх удирдлага нь өөр этгээд тохиолдолд Ж.Е-т олгосон итгэмжлэл байгаа эсэхийг шаардан авах зэргээр ажил хүлээлцэх актад зуруулах боломжтой байсан. Нэхэмжлэгч “М” ХХК нь аж ахуй нэгж байгууллага болохын хувьд энэхүү хууль ёсны гэрээ, хэлцэл байгуулж байгаа эсэхийг шалгах, мэдэх ёстой байсан зүйлээ шалгалгүй байгуулсан нь төлөөлөгчид үүрэг үүсгэх үндэслэл болохгүй байхад шүүхээс “М” ХХК нь мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, энэ талаар нотлох баримтыг үнэлээгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна.

4.6. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.3-д заасны дагуу тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00017 дугаартай шийдвэрийн “М” ХХК-ийн 10 сая төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүх Ж.Е- уг хэргийн хариуцагч биш гэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсны дараа “Д” ХХК гэрээ хийсэн этгээд нь Ж.Е-, бид нарт ямар нэгэн холбогдол байхгүй” гэж байгаа. “Д” ХХК уул нь Ж.Е-ийн хамаарал бүхий компани. Ж.Е- нь өөрийн нэр дээрх компанид дахин зээл гарахгүй болохоор нь өөрийн нягтлан бодогч А- гэх этгээдэд компанийг түр хугацаагаар шилжүүлж, үүнээс хойш 10 хүрэхгүй хоногт тооцоо нийлсэн актыг үйлдэж байгаа.

5.2. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо үүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх үүнийг худалдах, худалдан авах гэрээ гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь өмчлөлд байсан асуудал биш, харин тендерийн маргаанаас улбаатай асуудал. “М” ХХК болон “Д” ХХК-тай холбоотой тендерийн маргаан үүсэж, уг тендерт анхан шатны шүүхээс “М” ХХК-ны талд шийдвэр гарсан болохоор нь “М” ХХК тухайн төслийн барилгыг барьж, бараг дуусах шатандаа хүрсний дараа дээд шатны шүүхээс өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин “Д” ХХК-ийн талд шийдвэрлэгдсэн. Тиймээс нэгэнт баригдсан барилга тул хоёр аж ахуйн нэгжийн захирлууд тохирч, нэгэнт баригдсан барилгыг үнэлж, хоёр тал гэрээ байгуулсан. Угаасаа тендерийн төслийн бүх хөрөнгө оруулалтыг “Д” ХХК авсан. “Д” ХХК-ийг тухайн үед Ж.Е- төлөөлсөн. Харин одоо уг компани Ж.Е-ийн нэр дээр байдаг. Ж.Е- нь одоо хүртэл “Д” ХХК-ийн менежерээр ажиллаж байгаа.

5.3. 110,000,000 төгрөгөөр тохирч, 100,000,000 төгрөгийг Ж.Е- нь “М” ХХК-д шилжүүлээд өгчихсөн байгаа. Үүнээс 10,000,000 төгрөг үлдсэн. Уг 10,000,000 төгрөгийг хугацаандаа төлж чадахгүй бол 3 хувийн хүүтэй төлнө гэж гэрээндээ зааж өгсөн. 10,000,000 төгрөгийн 3 хувийн хүүг одоо хүртэл төлөгдөөгүй хугацаагаар нэхэмжлэхээр бол үндсэн 10,000,000 төгрөгөөс илүү гарчихаар байгаа. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө багасгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хүү буюу анз нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.  

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзээд, “М” ХХК-ийн Ж.Е-т холбогдуулан гаргасан “Худалдан авсан ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн мөнгө 10,000,000 төгрөг, төлбөл зохих хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Е-т холбогдуулан зээлээр худалдах, худалдан  авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...хариуцагч Ж.Е- нь өөрийн хамаарал бүхий “Д” ХХК-ийг төлөөлөн “М” ХХК-тай хэлцэл хийж дуусаагүй барилгын ажлын гүйцэтгэлийг 110,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийж, 100,000,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд одоо хүртэл 10,000,000 төгрөг төлөөгүй “М” ХХК-ийг хохироож байна. “М” ХХК нь хариуцагч Ж.Е-ээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Барилгын хүлээлцэх тооцоо нийлсэн акт” нэртэй гэрээний дагуу дутуу төлсөн 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 3 хувийн хүү тооцох ёстой ч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үндсэн зээл 10,000,000 төгрөг хугацаа хэтрүүлсэн 23 сарын хугацаанд дүйцүүлэн тооцох хүү зээлийн үнийн дүнгийн 50% буюу 5,000,000 төгрөг бүгд 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлцэл хийсэн Ж.Е-ээс нэхэмжилж байна....” гэж тайлбарласан,

 

Хариуцагч Ж.Е- хариу тайлбартаа: “...“М” ХХК нь “Д” ХХК-ийг төлөөлүүлж Ж.Е-ээр ажил хүлээлцэх акт хийхдээ өөрийн ажил, үүрэгт хайнга хандаж, төлөөлөх эрхгүй болохыг мэдсээр байж ажил хүлээлцэж, төлбөр тохирсон байх ба үүнээс үүссэн эрх зүйн үр дагаврыг Ж.Е- хариуцах хуулийн үндэслэл байхгүй болно... Талуудын хооронд байгуулагдсан гэх ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн акт нь харилцан үүрэг хүлээх гэрээний шинжтэй үүрэг биш бөгөөд тухайн ажлын үр дүн хүлээж авах тухай хууль зүйн фактад тооцогддог иргэний эрх зүйн харилцааны үйл явдал байгаа. Харин талуудын хооронд алданги тохирсон зүйл байхгүй бөгөөд хүү төлүүлэх нь зөвхөн мөнгө зээлдүүлэхтэй холбоотой харилцаанд хамаардаг байтал гэрээний шинжгүй ажил хүлээлцэх, тооцоо нийлсэн актад хүү тохирсон нь иргэний хуулийн хэм хэмжээнд зөвшөөрөгдсөн харилцаанд хамаарахгүй” гэж маргажээ.

 

9. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ж.Е- нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Д” ХХК-ийн захирлын үүргээ С.А-т шилжүүлсэн буюу “Д” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “М” ХХК-аас Ногооннуур сумын Ховд багийн төвд 5 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг зураг төслийн дагуу өрлөг, хучилт, уурын зуухны барилга, гүний худаг гаргах зэрэг 80 хувьтай хийж гүйцэтгэсэн ажлыг 110,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авсан, “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд гол багийн барилгыг хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт”-д гарын үсэг зурсан, улмаар 100,000,000 төгрөгийг тухайн актад гарын үсэг зурсан өдөр Капитрон банкаар дамжуулан шилжүүлсэн буюу төлж барагдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эдгээр нөхцөл байдлуудын талаар зохигч маргаагүй байна. Харин худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн 10,000,000 төгрөгийг худалдан авагч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ж.Е-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

10. Анхан шатны шүүх хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлсон, маргааны үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд хуулийг оновчтой тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу худалдах-худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг худалдан авагчаар гаргуулж, харин алданги 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх “М” ХХК болон “Д” ХХК нарын хоорондын хэлцлийг буруу дүгнэж, холбогдох баримтыг үнэлээгүй..” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зохицуулсан байх тул хариуцагч Ж.Е- нь худалдан авсан нийт ажлын гүйцэтгэлийн үнээс үлдсэн 10,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх гэрээний үнийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсоноос үл хамааран талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

12. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын хүлээлцэх тооцоо нийдсэн акт”-д хэрэв хугацаандаа төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хамаарч сарын 3 хувийн хүү тооцохоор заасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байгаа ба “нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 3 хувийн хүү тооцож нэхэмжилсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги тооцох эрхээ алдсан байна”  гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

13. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолдоо “...”М” ХХК нь тухайн хэлцлийг хийхдээ эрх бүхий этгээд биш болохыг мэдэх боломжтой байсан...” гэжээ.

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолд гэрч Ж.Е-ийн “...Миний бие “Н” ХХК-ийн захирал бөгөөд барилга угсралтын “Д” ХХК-ийн менежерээр ажиллаж байна. Тус -Д- ХХК-ийн захирлаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус “Д” ХХК-ийн нягтлан болох С.А-ийн нэр дээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түр хугацаагаар шилжүүлсэн. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн захирал байгаагүй, С.А-ийн нэр дээр шилжсэн байгаа юм. Ногооннуур сумын Ховд гол багт 5 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болж зээл авах гэхэд миний нэр дээр “Н” ХХК-ийн зээлтэй давхар гарах боломжгүй гэсэн тул “Д” ХХК-ийг өөр хүний нэр дээр шилжүүлэн “Д” ХХК-ийн нэр дээр зээл гаргуулж авсан юм. Уг гаргасан зээлийн мөнгөнөөс би “М” ХХК-тай хийсэн гэрээний дагуу өгөх ёстой төгрөг байсан тул 120,000,000 төгрөг авч 100,000,000 төгрөгийг тус “М” ХХК-д өгсөн юм. Одоогийн байдлаар миний төрсөн хүү болох Е-ын нэр дээр 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өөр шилжсэн юм” гэсэн мэдүүлэгт тусгагджээ.

Үүнээс үзэхэд, хариуцагч Ж.Е- нь өөрийгөө “Д” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй гэдгийг мэдсээр байж хэлцэл хийсэн байх тул хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д “Гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй” гэж  заасан  боловч “Д” ХХК-ийн захирлаар Ж.Е- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус “Д” ХХК-ийн нягтлан бодогч С.А-ийн нэр дээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түр хугацаагаар шилжүүлэн, Ногооннуур сумын Ховд гол багт 5 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх тендерт оролцохдоо “Д” ХХК-ийн захирал хариуцагч Ж.Е- байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба “М” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек нь давж заалдах гомдолдоо гомдол гаргасан “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж буруу ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                     Д.КӨБЕШ