Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1702

 

 

 

 

 

 

 

 

 

 “С” ХХК, Б.М, Х.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК, Б.М, Х.Б нарын хариуцагч “КХТБӨХ” ГҮТББ-д холбогдуулан гаргасан “КХТБӨХ” ГҮТББ нь Компьютер малл худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“КХТБӨХ” ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа буюу Компьютер центр төвийн одоогийнхоор Компьютер малл худалдааны төвийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээг хариуцан, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжиж хамтран ажиллах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй үүсгэн байгуулагдсан гэх боловч 200 гаруй гишүүдийнхээ саналыг огт аваагүй, өмчлөгч буюу гишүүдийн зөвшөөрөлгүйгээр эдийн засгийн ашиг сонирхлоор хандан тус “КХТБӨХ” ГҮТББ-ийн захирал иргэн Ц.Б нь дур мэдэн өөрөө, элдэв баримт бүрдүүлэн хууль бусаар байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус Компьютер малл худалдааны төвийн өмчлөгч 200 гаруй гишүүд хууль бусаар байгуулагдсан гэж үзэж, мөн хууль бусаар мөнгө хураан авч байгаа гэж үзэж ашиглалтын төлбөр төлөхөөс татгалздаг, түүнчлэн хууль бусаар гишүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр ашиглалтын тариф батлан мөнгө авдаг, мөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байхдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, мөн 8.1.2-т заасан хууль тогтоомж ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн гэсэн заалтуудыг удаа дараа зөрчиж байсан. Удирдах зөвлөлийн гишүүн гэж өөрийн найз хэдэн хүнээ оруулан одоо хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна, хууль бус үйл ажиллагаа явуулахдаа оффисын цахилгааныг удаа дараа таслах, шилэн кабел таслах, ус хаах, нийтийн явган шатны гарцыг хууль журмыг зөрчиж хааж цоожлох, хүний өмчлөлийн талбайг мэдэгдэлгүйгээр шилэн ханыг нь буулгаж өөрчилсөн зэргээр маш олон ноцтой хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргаж иргэдийг хохироосоор ирлээ. Иргэн Б.М нь Компьютер малл худалдааны төвийн В1 давхрын В020, В022 тоот өрөөний хууль ёсны өмчлөгч бөгөөд “С” ХХК-ийн хувьд 2 давхрын 2008 тоот, 8 давхрын 8007, 8008 тоот өрөөний хууль ёсны өмчлөгч, иргэн Х.Б нь 1 давхрын 1016 тоотын өмчлөгч юм. Нэхэмжлэгч нар “КХТБӨХ” ГҮТББ нь хууль бусаар үүсгэн байгуулагдсан болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагчаас гаргасан бичгийн баримт болон улсын бүртгэлээс ирсэн бичгийн баримтуудтай танилцаад шаардлагыг өөрчлөх шаардлага гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа “КХТБӨХ” ГҮТББ нь Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах тухай гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“КХТБӨХ” ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг холбоог байгуулах талаар анх 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмчлөгч нарын бүх нийтийн хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэний үндсэн дээр “КХТБӨХ” ГҮТББ-ыг байгуулсан болно. Тус хурлаас Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг 11 хүний, Хяналтын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнд нэхэмжлэгч Н.Б, Х.Б нар өөрсдөө хүлээн зөвшөөрч сонгогдсон байна. “КХТБӨХ” ГҮТББ нь Монгол Улсын хууль дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд хуулийн дагуу зохион байгуулагдсан болно. Мөн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Компьютер центр цогцолборын үйл ажиллагааны дүрмийг боловсруулан Удирдах зөвлөлийн 11 гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталсан байдаг. Энэ дүрмийг мөн л нэхэмжлэгч нар өөрсдөө хамтран боловсруулж, баталж гарын үсгээ зурсан байгаа болно. Одоогийн байдлаар тус төвд үйл ажиллагаа эрхэлж буй өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийг хамарсан 200 гаруй гишүүдтэй бөгөөд тэдгээр өмчлөгч, түрээслэгч нар болон тус төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарын тав тухтай байдал, орчны ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах зорилгоор өмчлөгч нарын /гишүүд/-ийн өмнөөс “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК”-тай Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”-тай газар эзэмшигч иргэн Р.С-ийн нэр дээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн Удирдах газартай цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, “У” ХХК-тай Хог тээвэрлэлтийн гэрээ, Харуул хамгаалалтын “С” ХХК, “А” ХХК нартай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, “МХС” ХХК-тай Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ,” Б” ХХК-тай Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, “ХБ”-тай Карт уншигч, Терминал төхөөрөмж ашиглалтын гэрээ зэрэг гэрээ байгуулан ажиллаж эдгээр байгууллагад гишүүдийн ашигласан төлбөрөөс тооцон төлбөр тооцоог хийж гүйцэтгэн дулаан, цахилгаан, цэвэр усны хэрэгцээг тасралтгүй ханган ажиллаж байна. Холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бүх гишүүдийн хурлыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулж “КХТБӨХ” ГҮТББ-ын ажлын тайланг сонсож, холбооны гишүүдээс Сайн гэсэн үнэлгээг авсан бөгөөд уг хурлаас анх сонгогдон ажилласан Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дахин шинээр Удирдах зөвлөлийг 9 гишүүн, Хяналтын зөвлөлийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор шинээр Удирдах зөвлөлийн даргыг Т.Н-ийг, Гүйцэтгэх захирлаар Ц.Б-г улираан сонгосон байна. Ц.Б нь Гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэсэн үе буюу 2017 оны 5 дугаар сарын 15-наас хойш Компьютер худалдааны төвийн хийж дуусгаагүй ажил буюу дутуу хийгдсэн барилгыг гүйцээн дуусгах, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэгт их хүчин чармайлт гаргаж дэвшилтэт байдалд хүргэсэн гэж гишүүд ажлыг нь үнэлж дахин улираан сонгосон. “КХТБӨХ” ГҮТББ нь өөрийн гишүүдийн эрх ашгийн төлөө 15 ажиллагсадтайгаар ажиллаж тэдгээрийн ашигладаг ариун цэврийн өрөө, дундын өмч болох коридор, явган шат, урсдаг шат, цахилгаан лифт зэргийг цэвэрлэж, бусад гэрээт байгууллагуудтай гишүүдийн өмнөөс харьцах, гэрээ байгуулах, баримт бичиг бүрдүүлэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг ханган ажилладаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд “КХТБӨХ” ГҮТББ нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн дагуу байгуулагдаж бүх гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллаж буй ашгийн төлөө бус байгууллага гэж үзэж байна. Учир нь “КХТБӨХ” ГҮТББ нь өөрийн 200 гаруй гишүүн болон түрээслэгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээр гишүүд Холбооны үйл ажиллагааг дэмжин гэрээ байгуулан ажиллаж байгаа нь “КХТБӨХ” ГҮТББ-ыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1,2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “С” ХХК, Б.М, Х.Б нарын хариуцагч “КХТБӨХ” ГҮТББ-д холбогдуулан гаргасан “КХТБӨХ” ГҮТББ-ыг албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтад бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж, шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. "БӨХ" ТББ-ийг иргэн Ц.Б ганц гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, өөрийн найз гэх 10 хүний хамтаар хурал хийж тэмдэглэл үйлдэн улмаар тус Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу-54, "Комьютер молл" төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт. засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус оффис. үйлчилгээний 200 гаруй өмчлөгч нарын талаас дээш хувь нь ашиглалт. засвар үйлчилгээг хариуцахыг зөвшөөрсөн тохиолдолд өмчлөгч нарын олонх оролцсон, зөвшөөрсөн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, тогтоолтой байж ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах ёстой байсан. Хэрэгт 200 гаруй өмчлөгч нарын олонх байтугай 10 гаруй хүний ч гарын үсэг байхгүй атал хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэн нэгэн этгээд өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах үндэслэл байдаггүй.

2. "БӨХ" ТББ нь хууль бусаар ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахдаа дүрэмдээ заасан үйлчлүүлэгчийн эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг удаа дараа явуулснаас гадна, үйл ажиллагаан дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.9, 6 дугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь өөрөө "Төрийн бус байгууллагын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан "дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан", түүнчлэн тус оффис, үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй өмчлөгч нарын засвар. үйлчилгээг хариуцах ёсгүй гэж эсэргүүцсэн эсэргүүцлийг дарж лифтийг удаа дараа зогсоож, цахилгааны удаа дараа хууль бусаар хязгаарлаж, мөн ус таслах, оффисын хаягийг дур мэдэн өөрчилсөн, өмчлөгч нарын өмчийн талбайд дур мэдэн халдаж зохион байгуулалтыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн зэргээр өмчлөгч нарын эрхийг удаа дараа, ноцтой зөрчиж, улмаар зөрчлийн хуулийн дагуу цахилгаан удаа дараа хязгаарласан үйлдэлдээ арга хэмжээ тооцуулж байсан нь өөрөө Төрийн бус байгууллагын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан "хууль тогтоомж ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн" гэсэн заалтад хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч С ХХК, Б.М, Х.Б нар нь хариуцагч Компьютер худалдааны төвийн “БӨХ” ГҮТББ-д холбогдуулан тус холбоо нь компьютерийн худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

 

            Хариуцагч Компьютер худалдааны төвийн Барилга өмчлөгчид 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 63 хүний саналын эрхтэйгээр хуралдаж, БӨХг байгуулан дүрмийг баталж, Удирдах зөвлөлийг 11 хүний, Хяналтын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус томилсон, улмаар шинээр байгуулсан хуулийн этгээдийг  Улсын бүртгэлийн байгууллага гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага статустайгаар   бүртгэж гэрчилгээ олгосон нь хэрэгт баримтаар авагджээ. /хх61-92/

 

            БӨХ нь үйл ажиллагааны чиглэлээ худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын найдвартай байдал, худалдаа үйлчилгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, барилга өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах гэж дүрмийн 1.4 дэх заалтад тодорхойлсон байна.

 

            Иймд” КХТБӨХ” ГҮТББ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн эрх бүхий байх бөгөөд худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь БӨХ-г Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албадан татан буулгуулахаар шаардаж байгаа ч дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

            Нэхэмжлэгч “С” ХХК болон Б.М нар нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй 2 давхрын 2008 тоот, 8 давхрын 8007, 8008 тоот өрөөний цахилгааныг удаа дараа тасалж, өмчлөгчийн эрхийг болон, эрчим хүчний тухай хуулийг хариуцагч зөрчсөн гэж тайлбарласан ч “С” ХХК-д 2017 оны ашиглалтын төлбөрөө төлөхийг  БӨХ-оос удаа дараа мэдэгдэж, хугацаа олгож байсан, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний байдлаар 2 801 043,19 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар 2017.9.11-ний өдөр мэдэгдэж, цахилгаан хязгаарлахыг урьдчилан сануулж байсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-107-110/

 

            Хэрэгт авагдсан “Компьютер центр цогцолборын оффис, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааны дүрэм /2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр баталсан/-ийн Тав, Зургаа дахь хэсэгт /хх121-127/ уг цогцолборт үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч, түрээслэгч, Барилга өмчлөгчдийн эрх үүргийг тодорхойлсон байх бөгөөд БӨХ-д өмчлөгч түрээслэгч нараас ашиглалтын зардлыг гаргуулан дансандаа төвлөрүүлэх ажлыг хариуцуулж, төлбөрийг цаг тухай бүр нэгдсэн журмаар холбогдох байгууллагад шилжүүлж, төлбөр тооцооны асуудлыг зөрчилгүй байлгах үүргийг дүрмийн 6.2 дахь заалтаар хүлээлгэжээ.

 

            Мөн дүрмийн 5.1.1-5.1.13-т өмчлөгч, түрээслэгчийн үүргийг нэгбүрчлэн заасан байх бөгөөд ашиглалтын төлбөрийг сар бүр төлөх үүргээ нэхэмжлэгч “С” ХХК болон иргэн Б.М биелүүлээгүй байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

            Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллагыг татан буулгах Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Б-ийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО    

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ