Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00258

 

Сартпланет ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Г.Цагаанцоож Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1702 дугаар магадлалтай,

 Сартпланет ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нарын нэхэмжлэлтэй,

Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д холбогдох,

 Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ- нь Компьютер малл худалдааны үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхшүр, нэхэмжлэгч Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, Стартпланет ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, А.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа буюу Компьютер центр төвийн одоогийнхоор Компьютер малл худалдааны төвийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээг хариуцан, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжиж хамтран ажиллах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй үүсгэн байгуулагдсан гэх боловч 200 гаруй гишүүдийнхээ саналыг огт аваагүй, өмчлөгч буюу гишүүдийн зөвшөөрөлгүйгээр эдийн засгийн ашиг сонирхлоор хандан тус Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ийн захирал иргэн Ц.Бархасбадьхүү нь дур мэдэн өөрөө, элдэв баримт бүрдүүлэн хууль бусаар байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус Компьютер малл худалдааны төвийн өмчлөгч 200 гаруй гишүүд хууль бусаар байгуулагдсан гэж үзэж, мөн хууль бусаар мөнгө хураан авч байгаа гэж үзэж ашиглалтын төлбөр төлөхөөс татгалздаг, түүнчлэн хууль бусаар гишүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр ашиглалтын тариф батлан мөнгө авдаг, мөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байхдаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, мөн 8.1.2-т заасан хууль тогтоомж ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн гэсэн заалтуудыг удаа дараа зөрчиж байсан. Удирдах зөвлөлийн гишүүн гэж өөрийн найз хэдэн хүнээ оруулан одоо хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна, хууль бус үйл ажиллагаа явуулахдаа оффисын цахилгааныг удаа дараа таслах, шилэн кабел таслах, ус хаах, нийтийн явган шатны гарцыг хууль журмыг зөрчиж хааж цоожлох, хүний өмчлөлийн талбайг мэдэгдэлгүйгээр шилэн ханыг нь буулгаж өөрчилсөн зэргээр маш олон ноцтой хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргаж иргэдийг хохироосоор ирлээ. Иргэн Б.Мөнхшүр нь Компьютер малл худалдааны төвийн В1 давхрын В020, В022 тоот өрөөний хууль ёсны өмчлөгч бөгөөд Сартпланет ХХК-ийн хувьд 2 давхрын 2008 тоот, 8 давхрын 8007, 8008 тоот өрөөний хууль ёсны өмчлөгч, иргэн Х.Батпүрэв нь 1 давхрын 1016 тоотын өмчлөгч юм. Нэхэмжлэгч нар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь хууль бусаар үүсгэн байгуулагдсан болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагчаас гаргасан бичгийн баримт болон улсын бүртгэлээс ирсэн бичгийн баримтуудтай танилцаад шаардлагыг өөрчлөх шаардлага гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, мөн албадан татан буулгуулах тухай гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд уг холбоог байгуулах талаар анх 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмчлөгч нарын бүх нийтийн хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэний үндсэн дээр Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг байгуулсан болно. Тус хурлаас Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг 11 хүний, Хяналтын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнд нэхэмжлэгч Н.Батцэрэн, Х.Батпүрэв нар өөрсдөө хүлээн зөвшөөрч сонгогдсон байна. Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь Монгол Улсын хууль дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд хуулийн дагуу зохион байгуулагдсан болно. Мөн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Компьютер центр цогцолборын үйл ажиллагааны дүрмийг боловсруулан Удирдах зөвлөлийн 11 гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталсан байдаг. Энэ дүрмийг мөн л нэхэмжлэгч нар өөрсдөө хамтран боловсруулж, баталж гарын үсгээ зурсан байгаа болно. Одоогийн байдлаар тус төвд үйл ажиллагаа эрхэлж буй өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийг хамарсан 200 гаруй гишүүдтэй бөгөөд тэдгээр өмчлөгч, түрээслэгч нар болон тус төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарын тав тухтай байдал, орчны ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах зорилгоор өмчлөгч нарын /гишүүд/-ийн өмнөөс Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай газар эзэмшигч иргэн Р.Сарантуяагийн нэр дээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ус сувгийн Удирдах газартай цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Улаанбаатар шинэчлэх ХХК-тай Хог тээвэрлэлтийн гэрээ, Харуул хамгаалалтын Смарт секьюрти ХХК, Азийн топ эхлэл ХХК нартай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-тай Кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх гэрээ, Билгүүн засаг ХХК-тай Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ХААН банк ХХК-тай Карт уншигч, Терминал төхөөрөмж ашиглалтын гэрээ зэрэг гэрээ байгуулан ажиллаж эдгээр байгууллагад гишүүдийн ашигласан төлбөрөөс тооцон төлбөр тооцоог хийж гүйцэтгэн дулаан, цахилгаан, цэвэр усны хэрэгцээг тасралтгүй ханган ажиллаж байна. Холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бүх гишүүдийн хурлыг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулж Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын ажлын тайланг сонсож, холбооны гишүүдээс Сайн гэсэн үнэлгээг авсан бөгөөд уг хурлаас анх сонгогдон ажилласан Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дахин шинээр Удирдах зөвлөлийг 9 гишүүн, Хяналтын зөвлөлийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгосон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор шинээр Удирдах зөвлөлийн даргыг Т.Наран-Эрдэнийг, Гүйцэтгэх захирлаар Ц.Бархасбадьхүүг улираан сонгосон байна. Ц.Бархасбадьхүү нь Гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэсэн үе буюу 2017 оны 5 дугаар сарын 15-наас хойш Компьютер худалдааны төвийн хийж дуусгаагүй ажил буюу дутуу хийгдсэн барилгыг гүйцээн дуусгах, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэгт их хүчин чармайлт гаргаж дэвшилтэт байдалд хүргэсэн гэж гишүүд ажлыг нь үнэлж дахин улираан сонгосон. Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь өөрийн гишүүдийн эрх ашгийн төлөө 15 ажиллагсадтайгаар ажиллаж тэдгээрийн ашигладаг ариун цэврийн өрөө, дундын өмч болох коридор, явган шат, урсдаг шат, цахилгаан лифт зэргийг цэвэрлэж, бусад гэрээт байгууллагуудтай гишүүдийн өмнөөс харьцах, гэрээ байгуулах, баримт бичиг бүрдүүлэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг ханган ажилладаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн дагуу байгуулагдаж бүх гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллаж буй ашгийн төлөө бус байгууллага гэж үзэж байна. Учир нь Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь өөрийн 200 гаруй гишүүн болон түрээслэгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээр гишүүд холбооны үйл ажиллагааг дэмжин гэрээ байгуулан ажиллаж байгаа нь Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэрээр: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дахь заалтын 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Сартпланет ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нарын хариуцагч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг албадан татан буулгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1702 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Баттөмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат миний бие Давж заалдах шатны шүүхийн 1702 дугаартай магадлалыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтад бодитой дүгнэлтийг хийгээгүй, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Нэгдүгээрт: Барилга өмчлөгчдийн холбоо ТББ-ийг иргэн Ц.Бархасбадьхүү ганц гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, өөрийн найз гэх 10 хүний хамтаар хурал хийж тэмдэглэл үйлдэн улмаар тус Сүхбаатар дүүрэг, 9 хороо, Их тойруу-54, Компьютер малл төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тус оффис, үйлчилгээний 200 гаруй өмчлөгч нарын талаас дээш хувь нь ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахыг зөвшөөрсөн тохиолдолд өмчлөгч нарын олонх оролцсон, зөвшөөрсөн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, тогтоолтой байж ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах ёстой байсан. Хэрэгт 200 гаруй өмчлөгч нарын олонх байтугай 10 гаруй хүний ч гарын үсэг байхгүй атал хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэн нэгэн этгээд өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах үндэслэл байхгүй.

Хоёрдугаарт: Барилга өмчлөгчдийн холбоо ТББ нь хууль бусаар ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахдаа дүрмэндээ заасан үйлчлүүлэгчийн эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг удаа дараа явуулснаас гадна, үйл ажиллагаан дүрмийнхээ 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.9, 6 дугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь өөрөө Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн тус оффис, үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй өмчлөгч нарын засвар, үйлчилгээг хариуцах ёсгүй гэж эсэргүүцсэн эсэргүүцлийг дарж лифтийг удаа дараа зогсоож, цахилгааны удаа дараа хууль бусаар хязгаарлаж, мөн ус таслах, оффисын хаягийг дур мэдэн өөрчилсөн, өмчлөгч нарын өмчийн талбайд дур мэдэн халдаж зохион байгуулалтыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн зэргээр өмчлөгч нарын эрхийг удаа дараа, ноцтой зөрчиж, улмаар зөрчлийн хуулийн дагуу цахилгаан удаа дараа хязгаарласан үйлдэлдээ арга хэмжээ тооцуулж байсан нь өөрөө Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8.1.2-т заасан хууль тогтоомж ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн гэсэн заалтад хамаарна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Сартпланет ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д холбогдуулан тус байгууллагыг Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, албадан татан буулгуулахыг шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д холбоо нь Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвийн өмчлөгчдийн санаачилгаар хуулийн дагуу зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хариуцагчийн эрх зүйн байдлын талаар:

Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэрээр байгуулагдсан байна.

Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвд 200 гаруй өмчлөгч нар худалдаа, үйлчилгээний чиглэлээр аж ахуй эрхэлж байгаа нь зохигчдын өөрсдийнхөн тайлбараар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ҮБШ/01 дүгээр хурлын тэмдэглэлээс үзэхэд Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-г үүсгэн байгуулж, дүрмээ баталж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн 9072012067 тоот гэрчилгээ авсан байна.(хх-23)

Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь дүрмэнд заасны дагуу Удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын зөвлөлийн 5 гишүүн, мөн гүйцэтгэх захиралтайгаар удирдлагын бүтцээ батлан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь дүрмийн  2 дугаар заалтад тусгагджээ. Удирдах зөвлөлийн гишүүнээр нэхэмжлэгч Х.Батпүрэв, Н.Батцэрэн нар сонгогдон ажиллаж байгаа гэх хариуцагчийн тайлбарыг тэд үгүйсгээгүй байна.

Гэрчилгээнд тус төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг Гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих, хамтран ажиллах гэж заажээ.

Тус холбоо нь зөвхөн гишүүддээ үйлчилж, худалдааны төвийн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт хамгаалалтын найдвартай байдал, барилга өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилго чиглэлтэйгээр байгуулагдсан гэдэг нь тус байгууллагын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4-д зааснаар мөн тусгалаа олжээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн эрх ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй гэж, мөн зүйлийн 3-д Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно гэж заажээ.

Хариуцагч байгууллага нь үйл ажиллагааны хүрээнд тус төвд худалдаа, аж ахуйн үйлчилгээ эрхлэгч өмчлөгч нартай худалдааны төвийн ашиглалтын гэрээ, мөн өмчлөгч нарын нэрийн өмнөөс төвийн барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор харуул хамгаалалт, эрчим хүч цахилгаан, дулаан худалдан авах, хог тээвэрлэх, цэвэр усаар хангах, бохир татан зайлуулах зэрэг гэрээг холбогдох газруудтай хийж дүрмэнд заасан ажил үүргээ хэрэгжүүлж байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хоёр шатны шүүх Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-гыг Компьютер худалдааны төвийн барилгын өмчлөгч нарын санаачилгаар сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхтэй байгууллага мөн гэж дүгнэхдээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д болон мөн хуулийн 6 зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

а)Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үндэслэлээр шүүх төрийн бус байгууллагыг албадан татан буулгана гэж зохицуулжээ.

 Нэхэмжлэгч нар нь Компьютер худалдааны төвийн барилгын зарим үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нар бөгөөд Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг Компьютер малл худалдаа, үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгож, албадан татан буулгуулахыг шаарджээ.

 Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг татан буулгах шаардлага , үндэслэлийг нэхэмжлэгч нар тайлбарлахдаа эд хөрөнгө ашиглалтын төлбөрийн тарифыг дур мэдэн нэмсэн, удирдах зөвлөлийн гишүүнд өөрийн танил найзыг оруулсан, нийтийн шатны гарц хаах, цахилгаан таслах, ус хаах зэрэг зохисгүй байдал гаргасан гэсэн шалтгааныг дурджээ.

б)Хэрэгт авагдсан баримтаас талуудын хооронд ашиглалтын төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлснээс шаардлага хүргүүлэх, төлбөрийн үлдэгдэлтэй этгээдийн цахилгааныг хязгаарлахыг сануулах зэрэг үйл ажиллагаанаас үүдэн Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ удирдлага, нэхэмжлэгч нарын хооронд маргаан үүссэн байна. Уг асуудал нь нэхэмжлэлийг хангах хуульд заасан үндэслэл болохгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тус төрийн бус байгууллага нь Компьютер худалдааны төвийн барилгын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүйг болохыг тогтоолгоно гэдэг нь албадан татан буулгуулах шаардлагын үндэслэл нь гэж нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхойлж, улмаар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг татан буулгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

в)Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар иргэд төрийн бус байгууллагад сайн дураар өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Сартпланет ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нарын Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг татан буулгах тухай шаардлагыг тус төрийн бус байгууллагын бүх гишүүдийн өмнөөс гаргасан гэж үзэх хуулийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдсан, шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01610 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1702 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Батпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА

                    Х.СОНИНБАЯР

                                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                  Д.ЦОЛМОН