| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07309/И |
| Дугаар | 101/ШШ2024/00664 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2024/00664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ........ регистрийн дугаартай, ............................. оршин байх Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ............. регистрийн дугаартай, ...................... тоотод оршин суух Совогт Ц.Б,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ................ регистрийн дугаартай, ...................... оршин суух П овогт Б.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 50,074,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Б.Б, Ц.Б, хариуцагч Б.Б-гийн өмгөөлөгч Ю.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б ХХК болон Ц.Б, П ургийн овгийн Б.Б нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн ЗГ95/05/405 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 цалингийн зээл, 2014 оны 08 дугаар сарын 28-ний өдөр 89-05-391 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулан 36 сарын хугацаатай нэг сарын 2,4 хувийн хүүтэй, 10,880,000 төгрөгийн зээлийг авто машин худалдан авахаар олгосон.
Зээлдэгч Ц.Б, Б.Б нар нь Дорноговь аймаг Замын-үүд сум 1 дүгээр баг, 9 дугаар хэсэг гудамж, гиб байр 203 тоотод гэр бүлийн хамт шилжиж ирсэн байх үедээ хамтран гэр бүлийн хэрэглээнд зориулж цалингийн зээл, авто машин худалдан авах зээл авсан. Тус зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, тохирсон хугацаандаа зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрлээ.
Зээл авах үедээ Дорноговь аймаг, Замын үүд 1 дүгээр баг, ИХШХГ-н байр 1 тоот хаягтай байсан ч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 тоот засаг даргын тодорхойлолтоор бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тогтоогдсон.
Зээлдэгч нар нь Сэлэнгэ аймагт үндсэн хаягтай боловч оршин суугаа газраа байнга өөрчилдөг, зээл төлөх сонирхолгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй бөгөөд зээлдэгч нарыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны 182/ШШ2023/02080 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. 2023 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар Б.Б-гийн зээлийн үндсэн зээлийн 2,369,896 төгрөг, нийт 28,026,787 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй. Ц.Б-ы зээлийн үндсэн зээл 6,911,513 төгрөг, хүү 13,019,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,117,033 төгрөг, нийт 22,047,701 төгрөг. 2 зээлийн нийт үлдэгдэл 50,074,487 төгрөгөөр банкийг хохироож байх тул зээлдэгч Ц.Б, Б.Б нараас гаргуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие Т.Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдуулан гаргасан 22,047,701 төгрөгийг төлөх болно гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б миний бие Т.Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т.Б 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар надтай уулзаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой хүсэлт гаргаж өгч байгаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 89-05/391 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 89-05/391 дугаартай Фидуцийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ95/05/406 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хариуцагч Б.Бгийн 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гараар бичсэн тодорхойлолт, хариуцагч Ц.Б-ы 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр гараар бичсэн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02080 дугаартай шийдвэр, Зээл хүүгийн тооцооны хуудсыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 50,074,487 төгрөгийн 28,026,787 төгрөгийг хариуцагч Б.Бгээс, хариуцагч Ц.Баас 22,047,701 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 89-05/391 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ95/05/406 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Т.Б ХК нь Б.Бтэй 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ95/05/406 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар, Ц.Бтай 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 89-05/391 дугаартай Лизингийн зээлийн гэрээ байгуулж, 10,880,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эд хөрөнгө худалдан авах зориулалтаар тус тус зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар болон тус гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 6-8, 39-40 дэх талд/
Дээрх гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бгээс үндсэн зээл 9,922,043 төгрөг, зээлийн хүү 15,734,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,369,896 төгрөг нийт 28,026,787 төгрөг, хариуцагч Ц.Баас үндсэн зээл 6,911,513 төгрөг, зээлийн хүү 13,019,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,117,033 төгрөг нийт 22,047,701 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч нар нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч Ц.Б нь 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс хойш, хариуцагч Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 18-26 дахь талд/
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар хариуцагч нар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч Ц.Б нь гэрээ байгуулснаас хойш 1 жил 3 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан, хариуцагч Б.Б гэрээ байгуулснаас хойш 1 жил 2 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр дууссан байхад зээлдүүлэгч нь энэ өдрөөс хойш 6 жилийн дараа шүүхэд хариуцагч нарын оршин суух хаягийг эрэн сурвалжлуулж, нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Тодруулбал, хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдэх, гэрээ цуцлах, шаардах эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгч нарт их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгожээ.
Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч нарын төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дуусах өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Бгээс үндсэн зээл 9,922,043 төгрөг, зээлийн хүүд 4,714,323 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,903 төгрөг нийт 14,666,269 төгрөгийг, хариуцагч Ц.Баас үндсэн зээл 6,911,513 төгрөг, зээлийн хүүд 1,112,418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8745.87 төгрөг нийт 8,032,676 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаас 13,360,518 төгрөг, хариуцагч Ц.Бд холбогдох шаардлагаас 14,015,028 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.Б түүний өмгөөлөгч нар энэ зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн зохицуулалтад хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.
Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор хуульд зохицуулсан.
Хариуцагч Б.Б 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, хариуцагч Ц.Б 2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр тус тус нэхэмжлэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна./х.х-ийн 13-14 дэх талд/
Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул хөөн хэлэлцэх хугацааг шинээр тооцож, нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн болно
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгээс 14,666,269 төгрөг, хариуцагч Ц.Баас 8,032,676 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаас 13,360,518 төгрөг, хариуцагч Ц.Бд холбогдох шаардлагаас 14,015,021 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 271,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ