Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/05307

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ............ регистрийн дугаартай, ......................... байранд оршин байх Г.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .................. регистрийн дугаартай, ............................... тоотод оршин суух Х овогт Х.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,912,600.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Х.С нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Бтай ЗГ/КР/250409 дугаартай зээлийн эрхтэй Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй кредит нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч Х.С нь ЗГ/КР/250409 дугаарт кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 98 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт нийт 4,994,510 төгрөг /шимтгэл, хураамж 200 төгрөг, бэлэн гүйлгээ 4,775,000 төгрөг, бэлэн бус гүйлгээ 219,510 төгрөг/, зээлийн хүүгийн төлбөрт 16,598,241.78 төгрөг /бэлэн гүйлгээний хүү 16,174,689.04 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 423,552.74 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,681,421.99 төгрөг /хугацаа хэтрүүлсний хүү 12,445,329.33 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 4,236,092.66 төгрөг/ нийт төлбөрт 38,274,,373.77 төгрөг төлөөгүй байна.

- Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь Зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс сарын 1 хувиар хугацаа хэтрүүлсний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2015.07.01-ний өдрөөс эхлэн 96 сард 12,445,329.33 төгрөг,

- Зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2015.06.01-ний өдрөөс эхлэн зээлийн эрх хэтэрч эхэлсэн тул 2015.06.01-ний өдрөөс эхлэн 4,236,092.66 төгрөг тус тус тооцсон болно.

-Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4,236,092.66 төгрөгийг 100 хувь хөнгөлж, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 12,445,329.33 төгрөгийн хүүнээс 9,125,680.97 төгрөг хөнгөлж нийт 13,361,773.63 төгрөгийг хөнгөлж байна.

Иймд Х.С-с зээлийн үндсэн төлбөр нийт 4,994,510 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,598,241.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,319,648.36 төгрөг, нийт 24,912,600.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Х.С миний бие Г.Б-ны нэхэмжлэлтэй 24,912,600.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Х.С миний бие 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулан зээлийн эрхтэй 5,000,000 төгрөгийн кредит карт эзэмших эрхтэй болсон. Миний бие нь олон жил хувийн бизнес эрхэлж ирсэн бөгөөд 2017 оноос түүхий эдийн хомсдосноос болж үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. Ингээд чадан чадан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн явж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж үйл ажиллагаа маань бүр хумигдсан. Энэхүү бизнесээ эрхлэхдээ цөөнгүй газраас зээл авч эрхэлж байсан болохоор Ковидын нөхцөл байдал 2 жил гаран үргэлжилж бизнес маань өндийж чадалгүй дампуурсан. Үүний улмаас ганц Г.Бны зээл ч биш бусад бүх зээлүүд нэхэгдэж, маш их хүнд нөхцөл байдалд орсон. Цар тахлын үр дагавар нь бизнес эрхэлдэг бидэнд маш их хохирол, хор уршгийг дагуулсан. Миний бие өөрийн орон байр, барьцаанд тавьсан эд зүйлүүдээ бүгдийг зарим нэг өр төлбөртөө өгч, өөрөө энд тэнд амьдарч байна. Миний бие нь Г.Бнаас авсан 5,000,000 төгрөгөө яагаад ийм их мөнгө болсныг ойлгохгүй байна. 5,000,000 төгрөгийг 5 нугалж нэхэмжилж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин өөрийн авсан 5,000,000 төгрөгөө хэрэглэсэн хугацааны хүүгийн хамт өгөхөө ухамсарлаж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Г.Б ХХК, Х.С нарын хооронд 2015 он 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ/КР/150409 дугаар карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11192 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05487 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18001 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00477 дугаар шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 28ж 3-2/1154 дугаар албан бичиг,

Хариуцагчаас А.Б ХХК-ийн Мэдрэлийн эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/11 дугаар эмчийн тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б ХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,912,600.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Б ХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Х.Стай Зээлийн эрхтэй карт эзэмших тухай гэрээ байгуулж, нийт 5,000,000 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 3-4 дэх талд/

Тодруулбал, хариуцагч нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрхтэй байхаар тохиролцож уг гэрээг байгуулжээ.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-т "төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ гэж, мөн 5.1.26-т "төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ гэж тус тус зааснаар хариуцагч Х.С нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 4,950,000 төгрөгийн зээлийг төлбөр тооцоонд ашигласнаас 175,000 төгрөгийг төлж, 4,775,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн хүүнд (бэлэн гүйлгээнд 4,775,000 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 219,510 төгрөг) 4,994,510 төгрөг бодогдсоноос 175,000 төгрөгийг төлж, 4,994,510 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байхаас гадна энэ талаар талууд маргаагүй. /х.х-ийн 4 дэх талд/

Хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 11 хоногийн дараа 175,00 төгрөгийг төлснөөс хойш үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасны улмаас бэлэн гүйлгээний хүүнд 16,174,689,04 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүүнд 423,552.17 төгрөг нийт 16,598,241.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,319,648.36 төгрөг бодогдсон байна.

Талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг дээрх баримтуудаас үэзхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Х.С нь зээлийн гэрээний хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэрэг нь хэт өндөр тогтоогдсон ковидын нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтаганы улмаас эдгээр хүүг төлөхийг зөшөөрөхгүй гэж тайлбарласан.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа тийнхүү 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.14 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, тохиолдолд банк энэ талаар хууль болон гэрээнд заасан арга хэмжээг авах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш 11 хоногийн дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхаас гадна гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр дууссан байхад зээлдүүлэгч нь энэ өдрөөс хойш 2 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна. /х.х-ийн 10 дахь талд/

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан.

Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчиж 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгожээ.

Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн гэрээний хугацаа дуусах өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, 2017 оны 5 дугаар 01-ны өдрөөр тооцож хариуцагч Х.Сгаас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүнд 10,980,679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,931,921 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Сгаас 10,980,679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,931,921 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас 190,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ