Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00153

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр Дуга 210/МА2024/00153

 

 

Г банк ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/05307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Сд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,912,600.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Хоохор овогтой С нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г банктай ЗГ/КР/250409 дугаартай зээлийн эрхтэй Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй кредит нээлгэн зарцуулалтыг хийсэн болно.

1.2. Зээлдэгч Х.С нь ЗГ/КР/250409 дугаарт кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 98 cap хугацаа хэтрүүлсэн ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон.

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт нийт 4,994,510 төгрөг/шимтгэл, хураамж 200 төгрөг, бэлэн гүйлгээ 4,775,000 төгрөг, бэлэн бус гүйлгээ 219,510 төгрөг/, зээлийн хүүгийн төлбөрт 16,598,241.78 төгрөг /бэлэн гүйлгээний хүү 16,174,689.04 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 423,552.74 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16,681,421.99 төгрөг/хугацаа хэтрүүлсний хүү 12,445,329.33 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 4,236,092.66 төгрөг/ нийт төлбөрт 38,274,373.77 төгрөг төлөөгүй байна.

- Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь Зээлийн гэрээний 3.6-д заасан cap бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс сарын 1 хувиар хугацаа хэтрүүлсний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 96 сард 12,445,329.33 төгрөг,

- Зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эрх хэтэрч эхэлсэн тул 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 4,236,092.66 төгрөг тус тус тооцсон болно.

- Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4,236,092.66 төгрөгийг 100 хувь хөнгөлж, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 12,445,329.33 төгрөгийн хүүнээс 9,125,680.97 төгрөг хөнгөлж, нийт 13,361,773.63 төгрөгийг хөнгөлж байна

Иймд Хоохор овогтой Сгаас зээлийн үндсэн төлбөр нийт 4,994,510 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16,598,241.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,319,648.36 төгрөг, нийт 24,912,600.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.Сгийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Х.С миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулан зээлийн эрхтэй 5,000,000 төгрөгийн кредит карт эзэмших эрхтэй болсон.

Миний бие нь олон жил хувийн бизнес эрхэлж ирсэн бөгөөд 2017 оноос түүхий эд хомсдосноос болж үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж үйл ажиллагаа маань бүр хумигдсан.

2.2. Энэхүү бизнесээ эрхлэхдээ цөөнгүй газраас зээл авч эрхэлж байсан ба Ковидын нөхцөл байдал 2 жил гаран үргэлжилж бизнес маань дампуурсан. Үүнээс болж Г банкны зээлээс гадна бусад бүх зээлүүд нэхэгдэж, хүнд нөхцөл байдалд орсон. Цар тахлын үр дагавар нь бизнес эрхэлдэг бидэнд маш их хохирол, хор уршгийг дагуулсан.

2.3.Миний бие өөрийн орон байр, барьцаанд тавьсан эд зүйлүүдээ бүгдийг өр төлбөртөө өгч, өөрөө энд тэнд амьдарч байна. Миний бие нь Г банкнаас авсан 5,000,000 төгрөгөө яагаад ийм их болсныг ойлгохгүй байна. 5,000,000 төгрөгийг 5 нугалж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин өөрийн авсан 5,000,000 төгрөгөө хэрэглэсэн хугацааны хүүгийн хамт төлөх болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Сгаас 10,980,679 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Г банк ХК-д олгож, нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагаас 13,931,921 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас 190,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Гэрээний хугацаа дуусах өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлиин хүүг тооцох нь зүйтэй гэж дүгнэснийг, Тогтоох хэсгийн 1-д Нэхэмжлэлийн шаардлагаас 13,931,921 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг үл зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагч Х.С, Г банк нарын хооронд байгуулагдсан ЗГ/КР/250409 дугаар гэрээгээр карт эзэмшигч нь зээлдүүлэгч талд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн. Х.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж картын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй улмаас нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 38,274,373.77 төгрөг төлж барагдуулах үүрэгтэй байсан ба нэхэмжлэгч нь картын хүүний төлбөрөөс нийт 13,361,773.63 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, 24,912,600.14 төгрөгийг нэхэмжилсэн.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн өөрийн буруутай хариуцлагагүй байдлаас урт хугацааны туршид хүү хуримтлагдсан ч зээлдүүлэгч багасган тооцож нэхэмжлэл гаргасан.

4.2. Г банк ХК, Х.С нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хууль болон холбогдох харилцааг зохицуулсан хуулийн дагуу гэрээний хугацаа дууссанаас үл хамаарч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй байх зохицуулалттай.

Зээл олгогч нь шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 13,931,921 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй шийдвэр байх бөгөөд, талуудын хооронд байгуулсан гэрээнд зээл олгогчийн шаардсанаар төлнө, шаардахгүй бол төлбөр төлөхгүй байх зүйл заалт байхгүй.

Х.Сд холбогдуулж шаардах эрхийнхээ хугацаанд харъяалах шүүхэд хандан 4 удаа нэхэмжлэл гаргаж, 1 удаа түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж байсан нь шаардах эрхээ хангалттай хэрэгжүүлж байсан гэж үзнэ.

Иймд 101/ШШ2023/05307 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа зүйл заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,912,600.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2-р тал/

 

3. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Х.Стай 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/КР/150409 дугаар Г банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г банк ХК нь 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгөний хүү 3 хувь, зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ 5 хувь, эргэн төлөх доод хэмжээ 20 хувь байхаар 2 жилийн хугацаатай карт эзэмшигчид зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ./хх-3/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4. Зээлдүүлэгч Г банк ХК нь дээрх гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй 5163812606711851 дугаартай кредит картыг зээлдэгч Х.Сд шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Зээлдэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийн , 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,950,000 төгрөгийн тус тус бэлэн гүйлгээг хийж, нийт 4,950,000 төгрөгийн зээлийн үүрэг үүссэн, мөн 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 219,510 төгрөгийн бэлэн бус гүйлгээг хийж, зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 175,000 төгрөг төлж, үндсэн зээлийн гэрээний үүрэгт 4,994,510 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх 4-5/

 

5. Зээлдэгч Х.С нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан байхад талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.14-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хх 4-5/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 4,994,510 төгрөгийн зээл авсан, одоо уг зээлийн хүүгийн үүрэг нь 19,918,090 төгрөг болж, нийт 24,912,600 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрхээ хэрэгжүүлэхийг тулгаж болохгүй боловч банк нь санхүүгийн салбарын мэргэжлийн байгууллага болохын хувьд зээлдэгч иргэний эрх хөндөгдөж, төлөх зээлийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэх эрсдлийг хязгаарлах арга хэмжээг авах шаардлагатай.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй байхад хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээс үзэхэд үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг хамт бодож байсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Х.Сгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,980,679 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч Х.С нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш үүргийн зөрчил гаргасан байхад 4 жилийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь зээлийн хүүг нэмэгдэхэд нөлөөлсөн тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/05307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР