Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 156/ШШ2024/00074

 

 

 

 

 

 

   2024        02          01                                               156/ШШ2024/00074

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00785/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар П.А-ын нэхэмжлэлтэй, Т банкд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тоот Т банкны Х салбарын захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалинг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: П.А,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Ю

Гэрч: Б.С, А.О, Г.А, Т.П, Г.Э, П.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч П.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нягтлан бодогч мэргэжилтэй, 2010 оноос Т банкны Х салбарт IT мэргэжилтнээр орж, 2012-2016 онд тус салбарын Хурх Тооцооны төвд захирал, 2016 оны 12-р сараас 2023 оны 10 сарын 13-г хүртэл хугацаанд Т банкны Х салбарт тооцооны төв хариуцсан менежерээр ажилласан. Тус банкинд 10 гаруй жил ажиллахдаа ёс зүйтэй, идэвх зүтгэл, үр бүтээлтэй, чин шударгаар, тогтвортой, тууштай ажиллаж байсан гэж бодож байгаа. Тиймээс ч Төрийн банкны "Мөнгөн соёмбо", Монгол банкны "жуух бичиг", Монгол банкны шагнал болох "санхүү, банкны Тэргүүний ажилтан" цол тэмдэг зэрэг шагналаар шагнагдаж байсан юм. Гэтэл 2023 оны 10 сарын 13-нд Т банкны Х салбарын захирал Б.Ю нь өрөөний ажилтанд миний ажлыг хүлээлцүүлэхээр болж, Б/119 тоот тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр намайг ажлаас халсан. Би тушаалыг эс зөвшөөрч миний бие Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргасан бөгөөд энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул тэмдэглэл үйлдэн дуусгавар болгосон юм. Т банкны Х салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тоот тушаалын байрны үндэслэлд: намайг "...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, Ес зүйн дурмийн 4.1.9. "Хөдөлмөрийн дотоод журам"-н 15-р зүйлийн 15.2.7 дахь заалтыг зөрчиж салбарын захирлын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа эсэргүүцэн, биелүүлж ажиллаагүй, мөн 15.2.1 дэх заалтыг зөрчиж ажлын цагаас удаа дараа "Ёс зүйн дүрэм"-н 5.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журам-н 15.2.8 дахь заалтыг зөрчин салбарын ерөнхий ня-бо Т.Пүрэвжав болон харилцааны менежерүүдийн өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж,...үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэжээ.Тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1/ Намайг зөрчил гаргасан гэж байгаа бол энэ талаар мэдэгдэж, надаас тайлбар авах ёстой байсан. Гэтэл огт тайлбар аваагүй, хуралд оролцуулалгүй нууцаар хуралдаж гэнэт ажлаас халах шийдвэр гаргасанд нь гомдолтой байгаа. 2/ Хөдөлмөрийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.4 /Хөдөлмөрийн дотоод журам-н 17-р зүйлийн 17.2-т мөн заасан/-т "ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, шийдвэрийн 1 хувийг хүлээлгэж өгнө гэсэн заалтыг зөрчиж, гаргасан шийдвэрээ надад танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй, миний ажлыг хүлээж авах ажилтанд тушаал өгсөн байсан. Иймээс гаргасан шийдвэрээ танилцуулж, гардуулж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 3/ Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасан чухам аль үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Түүнчлэн ажиллах хугацаандаа би ажлаас халагдах хэмжээнд хүртэл хөдөлмөрийн сахилга бат алдаж сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан удаагүй, удаа дараалан ч зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Иймд хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан, ямар журмаар шалгаж тогтоосон нь тодорхойгүй, үүний талаар би ямар ч ойлголт мэдээлэлгүй, надаас тайлбар аваагүй, захирлын зөвлөлийн хуралд ч оролцуулалгүй ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8, 158-р зүйлийн 158.1.1-д заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 1/ Т банкны Х салбарын захирлын 2023.10.13-ны Б/119 тоот "ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, 2/ Ажилгүй байсан хугацаанд буюу 2023 оны 10 сарын 13-наас шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар цалин нэхэмжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 12-р сарыг дуустал хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон тул өнөөдрийг хүртэл миний цалинг бодож сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тооцож олгохыг хүсч байна, 3/ эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Ю нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А нь Т банкны Х салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тусгасан болно. Тус ноцтой зөрчлөөс П.А нь 3 заалтыг зөрчсөн. Дараах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Үүнд: 1. Хөдөлмөрийн дотоод журмын 15-р зүйлийн 15.2.1 буюу "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсвэл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан хугацааны нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2-оос дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн" гэсэн заалтыг зөрчиж, үдийн цайны цаг 13:00- 14:00 цагийн хооронд байтал 30-40 минутаар хоцорч ажилдаа ирдэг бөгөөд ажлын цагийг баримтлах талаар чатаар удаа дараа анхааруулж байсан боловч биелүүлдэггүй. -хавсралт3 2. Хөдөлмөрийн дотоод журмын 15-р зүйлийн 15.2.8,, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.8 "Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсэх, бусдыг одоон хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан" гэх заалтыг зорчиж, хамт олны дунд биеэ зохисгүй авч явдаг. Хэнтий салбарын ажилчдын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, элдэв үгээр дайрч доромжлон, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан. /Ажилтнуудын тайлбарыг хавсаргав/ П.А нь банкны ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргадаг. Төрийн банкны "Ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "Удирдах удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх", "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 15 дугаарр зүйлийн 15.2.7-д Ажлын байрны тодорхойлолтонд заасан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөрийн хувийн ажлыг тэргүүнд тавьж, байнга бүтэхгүй тайлбар тавьж, салбарын захирлын өрөөнд удаа дараа орж ирэн элдэв үгээр дайрч доромжилсон. "Хавсралт - 2, 1 ширхэг CD бичлэг" 3. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 15-р зүйлийн 15.2.7, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.7 "Ажлын байрны тодорхойлолтонд заасан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчин өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хувийн ажлыг тэргүүнд тавьж, байнга бүтэхгүй тайлбар тавьж, салбарын захирлын өрөөнд удаа дараа орж ирэн элдэв үгээр дайрч доромжилсон. /хавсралт 2, 1 ширхэг CD бичлэг/ Түүнтэй байгуулсан тооцооны төв хариуцсан менежерийн ажлын байрны үндсэн зорилгод "Банкны зорилго, стратегид нийцүүлэн хариуцсан салбар, харьяа нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, харилцагч байгууллага, иргэдэд банкны үйлчилгээг хүргэх, өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд удирдан зохион байгуулж, баримт барьцаа хөрөнгийн бүртгэлд биечлэн хяналт тавьж, ажилтныг идэвхжүүлэх, чадваржуулах ажлыг зохион байгуулахад оршино гэж заасан байтал П.А нь өөрийн хариуцсан нэгжүүдийг чиг үүргээр хангаж ажилладаггүй, нэгж дээр үүссэн асуудлыг шийдвэрлэлгүй, ажилтнуудад "чадахгүй, өөрсдөө хий гэдэг тайлбар өгдөг ба өөрөөсөө байнга ажлыг түлхдэг. Үүнээс нь болж хариуцсан нэгжийн ажилтнууд салбарын захиралруу холбогдож гомдол хэлж, асуудлаа шийдвэрлүүлэхээр байнга ханддаг. Мөрөн тоооцооны төвийн захирал П.Мөнх-Эрдэнийн тайлбар түүнчлэн Төрийн банкны "Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 "Удирдах удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжинд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх" заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 5-р бүлэг Ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээ хэсэгт заасан 5.1.1 "Ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явахыг хориглоно" заалтыг зөрчиж ажлын байран дээр удаа дараа хэрүүл маргаан үүсгэж, бусдыг цээртэй үгээр доромжилж, айлган сүрдүүлсэн, дүрмийн 5.1.7 "Бусдыг ялгаварлах, дарамт шахалт үзүүлэх, бусдын эрхийг хязгаарлах" заалтыг зөрчиж Хэнтий салбарын харилцааны менежер А.О нь ажилтны орон сууцны зээл авахаар зээлийн хорооны хурлаар оруулахад П.А нь зээлийн хувийн хэргийг нь нээж үзэлгүйгээр харилцааны менежер А.О-д "Чи миний оруулсан зээлийг дэмжээгүй. гарын үсэг зураагүй учир би чиний зээлийг зөвшөөрөхгүй" гэдэг байдлаар хандсан зөрчлийг гаргасан. Мөн П.А-ын ёс зүйгүй үйлдлүүдийг таслан зогсоохын тулд удаа дараа сануулж, өөрийн энэ байдлаа засах байх гэдэг үүднээс хүлээцтэй хандаж байсан боловч тэрээр алдаа дутагдлаа засаагүй бөгөөд халагдах тушаал авсан өдөр буюу 2023.10.13-ны едер захирлын зөвлөлийн хуралд ороцлсон хүмүүс болох салбарын захирлын өрөө, харилцааны ахлах менежерийн өрөө, ерөнхий нягтлан бодогч нарын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, дайрч доромжлох үйлдэл гаргасан учир Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандаж байсан болно. /Цагдаагийн байгууллагад хандсан баримт/ Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль, холбогдох журам, хөдөлмөрийн гэрээний дагуу гарсан болно. шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:Зэлмэ овогт П-ийн А /РД:СЗ85021018/-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 319 тоот тодорхойлолт /хх-ийн 4-р тал/, П.А-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 5-р тал/, Т банкны Х салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дугаартай тушаал /хх-ийн 6-р тал/, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл /хх-ийн 10-12-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

4. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч Т банкны Х салбарын захирал Б.Ю-ийн хариу тайлбар /хх-ийн 20-22-р тал/, Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дугаартай тушаал /хх-ийн 24-р тал/, П.А-ын ажил хүлээлцсэн акт /хх-ийн 25-р тал/, Тойрох хуудас /хх-ийн 26-27-р тал/, Т банкны захирлын зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай хурлын тэмдэглэл /хх-ийн 28-31-р тал/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 32-37-р тал/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 38-40-р тал/, тооцооны төвүүдийн хуваарь /хх-ийн 41-р тал/, П.М, А.О, Г.Э, Г.А, Т.П,, Б.С нараас Т банкны Х салбарын захирал Б.Ю-д гаргаж байсан тайлбар /хх-ийн 42-68-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.А нь Т банкны Х салбарт холбогдуулан салбарын захирлын 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Б/119 тоот ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч П.А нь Т банкны Х салбарын Тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байсан ба түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллааагүй, салбарын захирлын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа эсэргүүцэн, биелүүлж ажиллаагүй, ажлын цагаас удаа дараа хоцорсон, ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэж, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан гэж үзэж ажил олгогчиийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэрийг 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Б/119 тоот тушаалыг тус салбарын захирал гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч намайг зөрчил гаргасан бол надаас тайлбар авах ёстой байсан, гэтэл огт тайлбар авалгүйгээр гэнэт ажлаас халах шийдвэр гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан чухам аль үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байна. Түүнчлэн ажиллах хугацаандаа би ажлаас халагдах хэмжээнд хүртэл хөдөлмөрийн сахилга бат алдаж сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгаагүй, удаа дараалан зөрчил гаргаагүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

3. Маргаан бүхий тушаал болох Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Б/119 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-г баримтлажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохоор хуульчилсан.

3.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.1 буюу Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсвэл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан хугацааны нийлбэр дүнгээр нэг сар 8 цаг болсон, 2-оос дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн гэсэн заалтыг зөрчиж үдийн цайны цаг 13:00-14:00 цагийн хооронд байтал 30-40 минутаар хоцорч ажилдаа ирдэг гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэлийн нэг гэж тайлбарлаж энэ талаар нотлохоор флашанд Т банкны ажлын байрны 2023 оны 9 сарын бичлэгүүдийг хуулбарлан хэрэгт ирүүлсэн. Шүүх хуралдаан дээр уг бичлэгүүдийг шинжлэн судлахад өдөр бүрийн 14 цагаас хойшхи тодорхой хугацааны камерын бичлэг байх ба нэхэмжлэгч П.А нь орж байгаа үйл явдлыг харуулсан байна. Дээрх бичлэгүүдэд хэзээ орж ирж байгаа нь харагдаж байх боловч үдийн цайндаа яваад ирж байгаа эсэх нь тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө нэхэмжлэгч хэзээ ажлын байрнаас гараад, тухайн үеүүдэд буцаж ирж байгааг нотлохгүй ба үдийн цайны цагаас хоцорч ирсэн гэдгийг бүрэн нотлохгүй байна. Иймд ажлын цагаас хоцордог гэдгийг тогтоох боломжгүй юм. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 9 сард ажлаа тасалсан, ажлын цаг баримтлаагүй гэсэн атлаа тухайн сарын цалин хөлсийг бүрэн олгосон нь Цалингийн тооцооны картаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна. / хэргийн материалын 93-р тал/

3.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмын 15-р зүйлийн 15.2.8, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.8-д Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан гэх заалтыг зөрчиж хамт олны дунд биеэ зохисгүй авч явдаг. Хэнтийн салбарын ажилчдын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж элдэв үгээр дайрч доромжлон цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан, мөн Төрийн банкны Ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжинд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалагаврыг цаг тухайд нь биелүүлэх, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-д 3ажлын байрны тодорхойлолтонд заасан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, өөрийн хувийн ажлыг тэргүүнд тавьж, байнга бүтэхгүй тайлбар тавьж салбарын захирлын өрөөнд удаа дараа орж элдэв үгээр дайрч доромжилсон гэж тайлбарлаж мэтгэлцдэг. Энэ нөхцөл байдлыг тогтоох гэж хариуцагч талын хүсэлтээр гэрчүүдийг Б.С, Т.П, Г.А, А.О, Г.Э, П.М нарыг шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрчүүд нэхэмжлэгчтэй ажлын байранд маргалдаж байсан талаар мэдүүлдэг ба бүх гэрчүүд 2023 оны 10 сарын 12-ний өдөр захирал Б.Ю-д өргөдөл бичиж өгсөн байх ба А.О-ы өргөдөлд 2023 оны 8 сарын 2-ны өдрийн зээлийн хуралдаанд өөрийнх нь зээлийг судлалгүй татгалзсан гэж, П.М тайлбартаа 2023 оны 8 сарын 30-нд зээлдэгчтэй хамт очиж уулзаагүйд гомдолтой талаар дурдсан байна. Харин бусад өргөдөл, тайлбарт хэзээ ямар үйлдэлд гомдолтой байгааг тодорхой дурдаагүй, ерөнхийдөө л үл ойлголцол гаргадаг, хамт ажиллахад зан харилцааны хувьд хүндрэлтэй талаар дурдсан. Мөн шүүх хуралдаан дээр тодруулахад гэрч Т.П 2023 оны наадмаар ажлын байран дээр муудалцсан гэж мэдүүлдэг зэргээс үзэхэд цаг хугацаа нь тодорхойгүй ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгааг тогтоох боломжгүй байна.

3.3 Хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж тайлбарладаг боловч хариуцагч байгууллагын Ёс зүйн дүрэм хэрэгт ирээгүй тул ёс зүйн зөрчил гэдгийг тогтоох боломжгүй ба шүүх хуралдаан дээр хариуцагч талаас Ёс зүйн хороо, зөвлөл зэрэг ажилтны ёс зүйн зөрчлийг хянан шалгах эрх, үүрэг бүхий хороо байдаг эсэхийг тодруулахад төв банкинд байдаг, салбарт байхгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан талаар тогтоогоогүй атлаа энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

3.4 Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэх үндэслэлийг тушаалын үндэслэл болгосон ба Галшар суманд ажиллахаар явах талаар даалгавар өгсөн боловч эсэргүүцсэн гэж тайлбарладаг. Хариуцагч талаас ирүүлсэн 2023 оны 9 сарын 07-ны өдрийн 37 дугаартай Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд ТТХМ П.А: Галшар ТТ-ийн захирал, ахлах теллер ээлжийн амралтаа эдлээгүй байгаа бөгөөд ахлах теллер ирэх 7 хоногийн 1 дэх өдрөөс амрая гэсэн хүсэлт өгсөн. Ахлах теллерийг амраавал салбараас теллер явуулж амраагаад зөрүүлээд захирлыг нь амрахад нь би өөрөө очиж ажиллая гэж нэхэмжлэгч хэлжээ. Үүнээс дүгнэхэд энэ ажлыг эсэргүүцсэн гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нь хэрэгт дээрх байдлыг нотлохоор чатны зургийг ирүүлсэн ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд засан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул үнэлсэнгүй.

3.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж болохоор зохицуулсан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалыг тодорхойгүй гэж үзэж гомдол гаргасан ба тушаалаас үзэхэд сахилгын зөрчилийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэдгийн чухам аль үндэслэлээр тушаалыг гаргасан нь ойлгомжгүй байна гэдэг нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл хүлээж байсан баримт байхгүй, хөдөлмөрийн харилцааг ноцтой зөрчсөн гэх зөчлийг хэзээ хэрхэн гаргасан нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

3.6 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гэж,мөн хуулийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасан байх тул дээрх үндэслэлүүдээр Т банкны Х салбарын захирлын 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Б/119 дугаартай Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Х салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байна.

4.1. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 2 сарын 01-ны өдрийг хүртэл 10 сард ажлын 8 хоног, 11 сард ажлын 22 хоног, 12 сард ажлын 20 хоног , 1 сард ажлын 22 хоног, нийт 72 хоног ажиллах байсан ба ажил олгогчийн буруутай шийдвэрээр ажиллаагүй. Нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцохдоо сүүлийн гурван сарын дундаж цалингаар буюу 2023 оны 9,8,5 саруудын дунджаар тооцлоо. Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 6 сард 11 хоног, 7 сард 6 хоног ажилласан ба энэ хугацаанд ээлжийн амралтыг эдэлсэн байх тул бүрэн ажилласан сараар тооцож дундаж цалинг тооцоолов. Үүнд: 2023 оны 9 сард 2 996 200 төгрөг, 8 сард 3 010 600 төгрөг, 5 сард 3 721 600 төгрөгийн цалин бодогдсон ба 2 996200+3 010 600+3 721 600=728 400 төгрөг, 9 сард ажлын 21 хоног, 8 сард ажлын 23 хоног, 5 сард ажлын 22 хоног 21+23+22=66 хоног. Энэ саруудын цалин нийт 9 728 400:66=147 400 төгрөг буюу нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 147 400 төгрөг байна. Үүнийг ажиллаагүй өдрөөр үржүүлээд буюу 72х147400=10 612 800 төгрөгийн цалин авах байсан гэж үзэж хариуцагчаас 10 612 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж хуульчлан зохицуулсан байх тул 10 612 800 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, холбогдох баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

4.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, мөн хуулийн 158.2.2хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан шүүх шийдвэрлэхээр хуульчилсан ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах эрхтэй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэв.

4.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаа нэрлэн заах нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон эрх ба хариуцагчаа Т банкны Х салбар /захирал Б.Ю/ гэж өөрөө тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 1 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж А.Энхсанаа оролцоно гэсэн утга агуулга бүхий 2023 оны 1 сарын 24-ний өдрийн 42/69 тоот албан бичгийг хариуцагч тал ирүүлсэн. Үүнд Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/449 дугаартай Итгэмжлэлийг хавсаргаж ирүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд А.Энхсанаа цахимаар оролцсон. Оролцохдоо хариуцагч Б.Ю-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар хүсэл зоригийг илэрхийлсэн ба хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшлуулсан. Нэхэмжлэгч нь төв Төрийн банкыг хариуцагчаар татаагүй байхад төв Төрийн банкны итгэмжлэлээр А.Энхсанааг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Харин 2024 оны 1 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд 2023 оны 1 сарын 24-ний өдрийн 42/69 тоот албан бичгийн дагуу оролцуулсан болно. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд А.Энхсанаа нь хэргийн оролцогч биш байх тул оролцуулаагүй болохыг дурдаж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөхөөр зохицуулсан байх тул хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлогот оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2,115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Т банкны Х салбарын захирлын 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Б/119 дугаартай Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Т банкны Х салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10 612 800 төгрөгийг хариуцагч Т банкны Х салбараас гаргуулж нэхэмжлэгч П.А-од олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 10 612 800 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлогот оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Х.ОТГОНЖАРГАЛ