Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2024/00006

 

 

 

 

 

 

 

2024 04 03 226/МА2024/00006

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дугаар шийдвэртэй *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тоот *******ын захирлын тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалинг олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нягтлан бодогч мэргэжилтэй, 2010 оноос *******т IT мэргэжилтнээр орж, 2012-2016 онд тус салбарын Хурх Тооцооны төвд захирал, 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд *******т тооцооны төв хариуцсан менежерээр ажилласан.

Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******ын захирал ******* нь өрөөний ажилтанд миний ажлыг хүлээлцүүлэхээр болж, Б/119 тоот тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр намайг ажлаас халсан.

Тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Намайг зөрчил гаргасан гэж байгаа бол энэ талаар мэдэгдэж, надаас тайлбар авах ёстой байсан. Гэтэл огт тайлбар аваагүй, хуралд оролцуулалгүй нууцаар хуралдаж гэнэт ажлаас халах шийдвэр гаргасанд нь гомдолтой байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, мөн Хөдөлмөрийн дотоод журам-ын 17 дугаар зүйлийн 17.2 "ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, шийдвэрийн 1 хувийг хүлээлгэж өгнө гэсэн заалтыг зөрчиж, гаргасан шийдвэрээ надад танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй, миний ажлыг хүлээж авах ажилтанд тушаал өгсөн байсан. Иймээс гаргасан шийдвэрээ танилцуулж, гардуулж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

3. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан чухам аль үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Түүнчлэн ажиллах хугацаандаа би ажлаас халагдах хэмжээнд хүртэл хөдөлмөрийн сахилга бат алдаж сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан удаагүй, удаа дараалан ч зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

Иймд хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан, ямар журмаар шалгаж тогтоосон нь тодорхойгүй, үүний талаар би ямар ч ойлголт мэдээлэлгүй, надаас тайлбар аваагүй, захирлын зөвлөлийн хуралд ч оролцуулалгүй ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус, миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

*******ын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тоот "ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 13-наас шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар цалин нэхэмжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг нэхэмжилсэн ба шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон тул өнөөдрийг хүртэл миний цалинг бодож сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тооцож олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* нь *******ын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тусгасан. Тус ноцтой зөрчлөөс ******* нь 3 заалтыг зөрчсөн.

1. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.1 буюу "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа мэдэгдэлгүй ажлын 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсвэл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан хугацааны нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2-оос дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн" гэсэн заалтыг зөрчиж, үдийн цайны цаг 13:00- 14:00 цагийн хооронд байтал 30-40 минутаар хоцорч ажилдаа ирдэг бөгөөд ажлын цагийг баримтлах талаар чатаар удаа дараа анхааруулж байсан боловч биелүүлдэггүй.

2. Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.8 буюу Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.8 "Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан" гэх заалтыг зөрчиж, хамт олны дунд биеэ зохисгүй авч явдаг. Хэнтий салбарын ажилчдын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, элдэв үгээр дайрч доромжлон, цээртэй үгээр доромжлох үйлдэл гаргасан.

Төрийн банкны Ажилтны ёс зүйн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжид нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх", "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 15 дугаар зүйлийн 15.2.7-д Ажлын байрны тодорхойлолтод заасан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, өөрийн хувийн ажлыг тэргүүнд тавьж, байнга бүтэхгүй тайлбар тавьж, салбарын захирлын өрөөнд удаа дараа орж ирэн элдэв үгээр дайрч доромжилсон.

3. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 15 дугаар зүйлийн 15.2.7 буюу Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.7 "Ажлын байрны тодорхойлолтод заасан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ******* нь өөрийн хариуцсан нэгжүүдийг чиг үүргээр хангаж ажилладаггүй, нэгж дээр үүссэн асуудлыг шийдвэрлэлгүй, ажилтнуудад "чадахгүй, өөрсдөө хий гэдэг тайлбар өгдөг ба өөрөөсөө байнга ажлыг түлхдэг. Үүнээс нь болж хариуцсан нэгжийн ажилтнууд салбарын захирал руу холбогдож гомдол хэлж, асуудлаа шийдвэрлүүлэхээр байнга ханддаг.

Түүнчлэн Төрийн банкны "Ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 "Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдах ажилтны хууль тогтоомжинд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх" заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 5 дугаар бүлэг Ажилтанд хориглох ёс зүйн хэм хэмжээ хэсэгт заасан 5.1.1 "Ажлын байр, олон нийтийн дунд хэрүүл маргаан үүсгэх зэргээр биеэ зүй зохисгүй авч явахыг хориглоно" заалтыг зөрчиж ажлын байран дээр удаа дараа хэрүүл маргаан үүсгэж, бусдыг цээртэй үгээр доромжилж, айлган сүрдүүлсэн, дүрмийн 5.1.7 "Бусдыг ялгаварлах, дарамт шахалт үзүүлэх, бусдын эрхийг хязгаарлах" заалтыг зөрчиж Хэнтий салбарын харилцааны менежер ******* нь ажилтны орон сууцны зээл авахаар зээлийн хорооны хурлаар оруулахад ******* нь зээлийн хувийн хэргийг нь нээж үзэлгүйгээр харилцааны менежер *******д "чи миний оруулсан зээлийг дэмжээгүй, гарын үсэг зураагүй учир би чиний зээлийг зөвшөөрөхгүй" гэдэг байдлаар хандсан зөрчлийг гаргасан.

Мөн *******ын ёс зүйгүй үйлдлүүдийг таслан зогсоохын тулд удаа дараа сануулж, өөрийн энэ байдлаа засах байх гэдэг үүднээс хүлээцтэй хандаж байсан боловч тэрээр алдаа дутагдлаа засаагүй бөгөөд халагдах тушаал авсан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр захирлын зөвлөлийн хуралд оролцсон хүмүүс болох салбарын захирал, харилцааны ахлах менежер, ерөнхий нягтлан бодогч нарын өрөөнд орж хэрүүл маргаан үүсгэж, дайрч доромжлох үйлдэл гаргасан учир Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандаж байсан болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль, холбогдох журам, хөдөлмөрийн гэрээний дагуу гарсан болно гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******ын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дугаартай Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох *******ын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10.612.800 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******од олгож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 10.612.800 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5 дахь хэсэг ... үндэслэлгүй байна.

Төрийн банкны салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3-т заасны дагуу ажилтантай холбоотой тушаал гаргах эрхийг салбарын захиралд журмаар шилжүүлсэн болно. Хэдийгээр тус тушаалыг Хэнтий салбарын захирал гаргасан хэдий ч уг хэргийн жинхэнэ хариуцагч нь "Төрийн банк" ХК болно.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж хуульчилсан тул Хэнтий салбарын захирал /Б.Юунбиш/ нь тус хэрэг маргаанд хариуцагч байх этгээд биш бөгөөд банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект биш болно. Түүнчлэн тус хэрэг маргаанд Төрийн банкийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох итгэмжлэл Хэнтий салбарын захиралд олгогдоогүй болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу хариуцагчийг зөв тодорхойлсоны үндсэн дээр шүүх хуралдаан үргэлжлэх боломжтой байсан.

Тус хэрэг маргаанд "Төрийн банк" ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлаас хуулийн газрын мэргэжилтэн итгэмжлэлээр хэрэг маргаанд жинхэнэ хариуцагч итгэмжлэлийн дагуу төлөөллөөр шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүхээс хангаагүй бөгөөд хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Төрийн банкны хууль ёсны эрх ашиг, жинхэнэ хариуцагчаар оролцох эрхийг хохироосон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2 дахь хэсэг ...үндэслэлгүй байна.

Учир нь гэрчүүдийн бичмэл тайлбар болон шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь удаа дараа ажлын байранд хэрүүл маргаан үүсгэж, цээртэй үгээр доромжилсон зэргийг нотолсон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно. Хариуцагчийн зүгээс *******, *******, *******, *******, , нарыг гэрчээр оруулсан. Эдгээр гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт байхаар хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь удаа дараа хэрүүл маргаан үүсгэж байсан нь нотлогддог.

Дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-т заасны дагуу ноцтой зөрчил бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болно. ******* нь тус зөрчлийг гаргасан нь гэрчүүдийн тайлбар мэдүүлэг болон аудио бичлэгээр нотлогддог бөгөөд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болно.

Мөн ******* нь хэрүүл маргаан үүсгэж байгаа талаар 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн аудио бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх боломжтой байсан. Гэрчийн мэдүүлэг ойлгомжгүй байгаа тохиолдолд тухайн үйлдэл, цаг хугацааг нарийвчлан тодруулах боломжтой байсан тул хэрэгт хамааралтай нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. ******* нь *******ын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул салбарын захирлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тусгасан болно. Тус ноцтой зөрчлөөс ******* нь 2 заалтыг зөрчсөн болно.

...Иймд тус хэрэг маргааны жинхэнэ хариуцагч байх этгээдийг зөв тодорхойлоогүй, шүүхэд "хариуцагчаар төлөөлөх эрхгүй этгээдийг байлцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар нотлоогүй, удаа дараа хэрүүл маргаан үүсгэж байсан талаар гэрчийн мэдүүлэг байхад нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Орон нутгийн салбарын захирлын эрх хэмжээ ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогддог. Би Төрийн банк ХК-г төлөөлөх эрхгүй, орон нутгийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй нэгж тул энэ хэрэгт төв банк итгэмжлэлээр г оруулахаар томилсон байсан гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Салбарын захирал нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, томилох, чөлөөлөх эрхтэй албан тушаалтан тул анхан шатын шүүх хариуцагчийг зөв тодорхойлж дүгнэсэн гэж үзэж байна. Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч ******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед уг хэргийн жинхэнэ хариуцагч хэн болох, хариуцагчийг солих эсэх талаар ямар ч хүсэлт гаргаагүй болно.

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/119 тоот тушаалд хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэснээс хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тухай огт дурдаагүй, зөрчил гаргасан тухай баримтаар шалгаж тогтоогоогүй тул уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй гэж үзэж байна.

- *******ын Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болж, надтай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ надад огт мэдэгдээгүй, нууцаар хуралдсан. Тухайн хурлаар намайг хэзээ ямар зөрчил гаргасан болох, ямар баримтаар тогтоогдож байгаа талаар тодорхой зүйл огт яригдаагүй.

- *******, ******* нар нь захирлын зөвлөлийн хуралд оролцож надтай холбоотой асуудлыг шийдвэрлэлцсэн атлаа шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэрч гэдэг бол хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байх ёстой.

- Захирлын зөвлөлийн хурлын маргааш буюу 10 дугаар сарын 12-ны өдөр *******, харилцааны менежер *******, нар "гомдол", "тайлбар" гэсэн нэртэй, бүгд ижил утга агуулгатай, тодорхой бус зүйл бичсэн байдаг. Иймд хурлын тэмдэглэл, эдгээр ажилтнуудын бичсэн зүйлүүд, гэрчүүдийн шүүх хуралдаанд өсгөн мэдүүлгүүд зэргээр намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг нотлох боломжгүй буюу шүүх хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх боломжгүй баримтууд болно.

Түүнчлэн намайг ажлаас удаа дараалан хоцорсон гэж тушаалд дурдсан байх боловч үүнийгээ нотлох ирц бүртгэлийн талаарх баримт гаргаагүй. Хариуцагчаас хэрэгт бүрдүүлж өгсөн бичлэг нь байгууллагын доторх камерийн бичлэг байх бөгөөд зөвхөн миний орж гарсан дүрсний бичлэгийг тасдаж авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадваргүй баримт болно.

Мөн ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэж, цээртэй үгээр доромжилсон гэх боловч хэрэв ийм зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдах эсэхийг тогтоолгосон шийдвэрлүүлэх байсан. Гэтэл ийм асуудлаар намайг шалгаж шийтгэсэн зүйл байхгүй болно.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийдвэр хууль ёсны гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ямар үүрэг даалгавар биелүүлээгүйгээ мэдэхгүй байна. Хүнийг гүтгэж болохгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж,

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг,

3.1.13-т "банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг,

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д "Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж тус тус хуульчилсан ба Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-т Нэгж гэж Банкны салбар, төлөөлөгчийн газар, зээлийн төв, тооцооны төв болон кассыг ойлгохоор тусгажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд ******* нь хуулийн этгээдийн эрхгүй, Төрийн банк ХК-ийн орон нутгийн салбар нэгж байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж хуульчилсан ба анхан шатны шүүх хуулийн этгээдийн төлөөллийн асуудал хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг анхааралгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлон нэрлэн заасан, уг хэрэгт хариуцагчаар оролцож байгаа *******аас д итгэмжлэл олгогдоогүй гэсэн үндэслэлээр явцуу хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Орон нутгийн салбарын захирал ******* нь Төрийн банк" ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, эсвэл албан тушаалаараа төлөөлж байгаа гэж үзэж байгаа бол орон нутгийн салбарын захирлын эрх хэмжээ юугаар тодорхойлогдож энэ төлөөлөл хэрэгжинэ гэж шүүх үзсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн хариуцагчийг зөв тодорхойлоогүй, төлөөллөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн этгээдийн эрхийг хангаагүй, тухайн хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн, хэрхэн, ямар хүрээнд төлөөлөхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эрх зөрчигдсөн, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим алдагдсан байна.

 

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримттай танилцах /хх-71/ хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба шүүх хэргийн оролцогчийн гаргасан дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 156/ШШ2024/00074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

 

Г.БОЛОРМАА