Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0358

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Доржпүрэв нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Доржпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 114 дүгээр зүйлийн 114.1, 163 дугаар зүйлийн 163.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Доржпүрэв нарын 28 иргэний “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар шийдвэр болон түүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар магадлалд заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Батгэрэлийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Доржпүрэв давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт шүүхээс урьд нь шийдэгдсэн бүртгэлтэй холбоотой хэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авч үнэлэлт өгсөн. Энэ нь шүүх нэгэнт урьд хэлэлцсэн хэргийн талаар үнэлэлт өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зүйл заалтыг зөрчсөн. Орхон аймгийн орон нутгийн сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон эсэхтэй маргаагүй. Харин хууль ёсны дагуу бүртгэх нь зүйтэй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бүртгүүлж сонгуульд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх ашиг нь зөрчигдсөн этгээдүүд шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр дахин сонгууль явуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол, түүнийг үндэслэн тус аймгийн иргэдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоол хүчинтэй байх бөгөөд энэ тогтоолуудад гомдол гаргаагүй байна” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх 2 тогтоолыг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэмжээгээр дахин сонгууль зарлаж өгөхийг аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Шүүхийн шийдвэрт “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир гомдол гаргах эрхгүй” гэжээ. Өмнөх буюу бүртгэлтэй холбоотой Улсын дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 145 тоот шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргасан байхад Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09 тогтоол, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолтой холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байгааг буруушааж байна. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.5, 114.1, 163.1.1 гэсэн заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дур мэдэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Доржпүрэв нарын 29 иргэнээс “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэрт заасан Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргийг  шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд хамаарч байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал /цаашид “орон нутгийн хурал” гэх/-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар сонгуультай холбоотой бүхий л харилцаа, тэр дундаа сонгуулийн байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх,  шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан харилцаанд энэ хуулийг баримтлах учиртай.

           Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 113.5-д “Сонгуулийн байгууллагад гаргасан өргөдлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан бол шийдвэрлэж дуусахаар хуульд заасан өдрөөс эхэлж нэхэмжлэл гаргах хугацааг тоолно”, 114 дүгээр зүйлийн 114.1-д “Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасантай үйл баримтыг нийцүүлвэл нэхэмжлэгч нар Улсын дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар захирамжийг хүлээж аваад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Сонгуулийн хороонд хандаж “орон нутгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах”-ыг хүссэн өргөдөл гаргасан байх ба тухайн сонгуулийн хороо хуулиар тогтоосон 3 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд шийдвэрлэж дуусахаар хуульд заасан хугацаа буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байжээ.

           Гэтэл тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон, улмаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд...шүүхэд нэхэмжлэл гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

           Хэдийгээр нэхэмжлэгч 29 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 436 дугаар магадлал хүчин төгөлдөр байх боловч энэ нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдалд хамаарахгүй, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой байжээ.

          Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д заасныг баримтлан Д.Доржпүрэв нарын нэр бүхий 29 иргэний нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Орхон аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн товыг дахин зарлаж, дахин сонгууль зохион байгуулж, явуулахгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн орон нутгийн сонгуулийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 дугаар тойргуудад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дахин явуулахыг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг  хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН