Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/00347

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                01           15                                               184/ШШ2024/00347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,400,500 төгрөг гаргуулах тухай  үндсэн, 7,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,400,500 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч М. нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр тавилгын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж болох хөрөө араам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч, 2 талаар сорогч, компрессор-380, шланк 6м, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу, зэрэг нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийт 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч нь тоног төхөөрөмжийн урьдчилгаа болох 8,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээнд заасан боловч 7,000,000 төгрөгийг Х.*******ын хаан банкны 5028897434 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр буюу 500,000 төгрөгөөр, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны  өдрийг хүртэл хугацаанд 500,000 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр 7сарын хугацаанд 7 хувааж төлөхөөр тохиролцсон боловч энэ хугацаанд урьдчилгааны дутуу 1,000,000 төгрөг болон үлдэгдэл нэг ч төгрөгийг Х.*******ад төлөөгүй. Зээлээр  худалдах, худалдан авах гэрээний 2.4-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Иймд гэрээнд төлбөр төлөх хугацаанаас нэхэмжлэл гаргах хүртэл алдангийг дараах байдлаар тооцоолов. Үүнд: 1. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 188 хоногийн 94,000 төгрөг. 2. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 159 хоногийн алданги 79,500 төгрөг. 3. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 129 хоногийн алданги 64,500 төгрөг. 4. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 500,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 500 төгрөг. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  99 хоногийн алданги 49,500 төгрөг. 5. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 68 хоногийн алданги 68,000 төгрөг. 6. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 38 хоногийн алданги 38,000 төгрөг. 7.2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн төлөлт 1,000,000 төгрөгөөс алданги тооцвол өдрийн 1,000 төгрөг. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 7 хоногийн алданги 7,000 төгрөгийн алдангийг тус тус төлөхөөр байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, алданги 400,500 төгрөг, нийт 6,400,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тоног төхөөрөмжийг аваагүй. Хэлцэл гэрээ хийсэн боловч талууд гэрээнээсээ татгалзаж буцаасан. Мөнгө төгрөггүй, боломж бололцоогүй нөхцөл байдал үүссэн. Мөн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчтэй ярилцаж байгаад буцааж өгсөн байдаг. хүлээлгэж өгсөн талаар баримтууд байгаа. манайх худалдаж аваагүй, шилжүүлж аваагүй хөрөнгө дээр мөнгө төлөхгүй. Авахгүй. Гэрээнээсээ татгалзсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авсан нь үнэн. Хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын сүүлээр буцаагаад өгсөн. Ажиллагаа нь өөрийнх нь хүсэж хүлээж байснаар биш байсан. Мөнгө төгрөгийг нь өгч чадахгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай байсан учраас буцаагаад өгсөн. Нэгэнт тоног төхөөрөмжийг аваагүй тул мөнгө төлөх үүрэг байхгүй. Худалдаж авах гэрээний нөхцөл нь юмыг нь аваад үнийг нь төлнө. Манайх хүлээж авсан боловч гэрээнээсээ татгалзаад тодорхой хэмжээний зүйл нь таалагдахгүй байсан тул гэрээнээс татгалзаж буцаасан нөхцөл байдал байна.  Мөнгө төлөх үүрэг дуусгавар болсон. Хүчээр юм өгөх гээд байгаа юм уу. Авахгүй гэж байхад нь өөрсдөө хашаа хороонд нь авчирч тавьчхаад одоо энийгээ аваарай гэх юм. Аваарай гэдэг саналаа хэзээ гаргасан юм бэ. Байхгүй. Одоо мөнгөө нэхээд байгаа нь учиртай. Өмнөх асуудал чинь дуусгавар болчихсон. Болиод буцаад аваачаад өгчихсөн. Мөнгө байхгүй юм байна. Мөнгөтэй болохоороо авъя гэдэг өөр асуудал. Мөнгөтэй болоод дахиад шинээр худалдах худалдан авах гэрээ хийгдэх нь байна. Манайх түүнийг авахгүй. Хүнд хүчээр буцааж өгөх гээд байгаа юм уу. Танайх нэгэнт буцаагаад авчихсан. Нэхэмжлэгч тал буцааж авсан. Төлж чадахгүй байна хэмээн буцааж өгсөн. Тэр үед нь мөнгөө өгөөд буцаагаад авах гэрээ хийхгүй яасан юм бэ. Тийм зүйл байхгүй. Бид төлж чадахгүй нь гээд буцаагаад өглөө. Үнэхээр хэзээ мөнгөтэй болохоо мэдэхгүй, тодорхойгүй бол гэрээ цуцалсан гэсэн агуулга шүү дээ. Авах эсэх нь тодорхойгүй байна шүү дээ гэв.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М. би Х.*******ад тоног төхөөрөмжийг 2023 оны 03 дугаар сард буцаан хүлээлгэж өгсөн. 7,000,000 төгрөгийг Х.*******аас гаргуулах хүсэлтэй байна. Иймд 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэгэнт буцаагаад өгсөн. Мөнгөө төлж чадахгүй юм байна. Буцааж өгье гээд өгсөн. Тэгэхэд чи дутаахгүй аваачиж тавиарай гээд өгчих гээд мессеж дээр байна шүү дээ. Тэгээд буцаагаад танай эзэмшилд шилжүүлээд өгсөн. Өнөөдөр хэдэн сар билээ? Мөнгө төгрөг өгөх ёстой байсан бол, гэрээ чинь үнэхээр хүчинтэй байсан бол гэрээний үйл ажиллагаа явагдаад дуусчихсан байх байсан. Гэтэл энэ хүн угаасаа л авахгүй гэсэн. Буцааж авна гэж танайд өгчхөөд буцаагаад авна гэдэг ийм зүйл огт байгаагүй. Нэгэнт буцааж өгсөн. Мөнгөө төлж чадахгүй нөхцөл үүссэн. Харин манайх бүрэн бүтэн буцаагаад өгсөн юм чинь урьдчилгаанд өгсөн 7,000,000 төгрөгөө буцаагаад авъя гэж байна. Өөрсдийн чинь юм байж байна. Манайх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа тухайн үед үүссэн. Түүний дагуу эд хөрөнгийг хүлээж авсан. Тодорхой урьдчилгаа мөнгийг өгсөн. Гэтэл энэ харилцаа тасалдаад дуусгавар болсон. 2023 оны 03 дугаар сард тоног төхөөрөмжийг буцаагаад хүлээлгэж өгснөөр батлагдана. Нэгэнт тоног төхөөрөмжийг авахгүй, мөнгө төлж чадахгүй хэмээн буцаагаад өгсөн. Тэрнээс хойш манайх тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй. Манай талд байхгүй учраас манах мөнгө төлөх үүрэг үүсээгүй. Нэгэнт өгсөн авснаа буцаана. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу. Манайх татгалзаж байна. Мөнгөө буцааж авъя гэх татгалзлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн.  Хугацаа ч гэсэн хангалттай байгаа. Хадгалалт гэдэг бол өөр. Худалдаж авсан эд зүйлээ хүлээж авахгүй хадгалах, нөгөөх нь худалдан авсан эд зүйлээ буцааж байгаа тохиолдолд худалдагч ирж автал хадгалах юм. Энэ нөхцөл байдалд тэр зардал мөнгөө гаргуулна гэж байгаа юм. Манайх гэрээгээ цуцлахгүй байгаа агуулга биш. Манайх өгсөн авснаа буцааж байгаа учир мөнгөө авъя. Нэгэнт буцаагаад эд зүйлээ буцааж авсан. Бүрэн бүтэн байна уу. Доголдолтой байна уу энэ бол танай л асуудал. Авсан газар нь аваачаад тавьсан. Таалагдахгүй, удаашралтай, хуучин тоног төхөөрөмж, М. мөнгөө төлж чадахгүй нөхцөл нь бодитой. Ямар ч баримт шаардахгүй нөхцөл байдал үүссэн байна. Гэрчүүд хэлсэн. Үзлэг хийсэн тэмдэглэл байна. Буцаагаад бүрэн бүтэн хүлээлгэж өгөөрэй гэсэн мессеж байна. Тиймээс манайх урьдчилж өгсөн мөнгөө авъя. Танайд ямар ч мөнгө төлөх үүрэг байхгүй гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч М. нь нэхэмжлэгчээс тавилгын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж болох хөрөө араам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч, 2 талаар сорогч, компрессор-380, шланк 6м, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу, зэрэг нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авах санал гаргаж, дээрх тоног төхөөрөмжийг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авч явсан. Үүний дараа тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж үзсэний үндсэн дээр худалдан авахаар болж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр хувааж төлөх байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Дээрх төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн дугаарын гар утас руу төлбөрөө төлөхийг шаардсан мессеж бичсэн байдаг. Гэтэл М. нь тоног төхөөрөмжийг түр буцааж өгөөд мөнгөө төлж дуусгаад буцаагаад авъя гэсэн тул өмнө нь тоног төхөөрөмжийг хадгалж байсан хүнээсээ дараагийн тоног төхөөрөмжийг хадгалах боломжтой эсэхийг асуугаад болно гэсэн тул М.т зөвшөөрсөн. Түүнээс биш хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг гэрээнээс татгалзсан, цуцалсан зэрэг нөхцөл байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл авсан өгсөн зүйлийг буцаасан  зүйл байхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/хх 1-2 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3 дугаар тал/, Х.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 4 дүгээр тал/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах 01 дугаар гэрээ”/хх 5-6 дугаар тал/, Х.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 7 дугаар тал/, итгэмжлэл/хх 26, 72 дугаар тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар/хх 54 дүгээр тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагч М.ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл/хх 43 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 46 дугаар тал/, итгэмжлэл/хх 85-86 дугаар тал/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.

 

Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн гэрч , нарын биеийн байцаалт/хх 45, 93 дугаар тал/, нэхэмжлэгч талын хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл/хх 77-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч М.т холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг болон алдангид 6.400.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нэхэмжлэгч Х.*******аас гэрээ цуцлагдсан тул урьдчилгаанд шилжүүлсэн 7,000,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал хариуцагч М. нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тавилгын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хөрөө рам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч, 2 талаар сорогч, компрессор-380, 6 м шланк, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу зэрэг нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж үзсэний үндсэн дээр худалдан авч, урьдчилгаа болох 8,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээнд заасан боловч 7,000,000 төгрөгийг Х.*******ын Хаан банкны 5028897434 тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 18-ны өдөр буюу 500,000 болон 1,000,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд 7 хувааж төлөхөөр тохиролцсон, урьдчилгааны дутуу 1,000,000 төгрөг болон үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 6.000.000 төгрөг болон үүргээ биелүүлээгүй хоног тутамд 0,1 хувиар тооцон 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 400,500 төгрөг, нийт 6,400,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, төхөөрөмжийг хадгалах боломжтой эсэхийг асуугаад хадгалуулсан тул гэрээ цуцлах үндэслэлгүй гэж,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг авсан боловч гэрээнээс татгалзаж 2023 оны 03 дугаар сард буцаасан, тухайн үед мөнгө төгрөгийн бололцоогүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчтэй ярилцаж байгаад буцааж өгсөн, тоног төхөөрөмжийг аваагүй тул мөнгө төлөх үүрэг байхгүй, манайх авахгүй, хүнд хүчээр буцааж өгөх гээд байгаа нь ойлгомжгүй, хэзээ мөнгөтэй болохоо мэдэхгүй, тодорхойгүй бол гэрээ цуцалсан гэсэн агуулга юм гээд, М. 2023 оны 03 дугаар сард буцаан хүлээлгэж өгсөн тул 7,000,000 төгрөгийг Х.*******аас гаргуулах үндэслэлтэй, бүрэн бүтэн буцаагаад авсан газарт нь машинаар тээвэрлэн тавьсан, манай талд гэрээний зүйл байхгүй тул өгсөн авснаа буцаан гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгч талын хадгалуулсан гэх тайлбар үндэслэлгүй үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж маргаж байна. 

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигч талуудын хооронд тавилгын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж болох хөрөө рам, хөрөөний ир ирлэгч, үртэс сорогч-2 талаар сорогч, компрессор-380, 6 м шланк, суурин нугас ухагч, компрессорын П буу, 32-ын хадаасны буу, хий үлээлгэгч буу зэрэг нийт 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 13,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцон хариуцагч буюу худалдан авагч М. 6,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дансаар нэхэмжлэгч талын дансанд төлсөн болох нь тогтоогдов./хх 5-7 дугаар тал/

Зохигч талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичгийн хэлбэртэй “Зээлээр худалдах, худалдан авах” гэх гэрээ байгуулсан байх боловч хүү тохиролцоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар “... чанар бүхий”, 251.2-т зааснаар гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талууд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анх амаар тохиролцон худалдах худалдан авах гэрээг хийж, тоног төхөөрөмжийг хариуцагч талын өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгч, урьдчилгаа 7,000,000 төгрөгийг мөн сарын 24-ний өдөр шилжүүлсэн, үүнээс хойш гэрээг бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулан баталгаажуулсан, үлдэгдэл төлбөрийг 7 сарын хугацааны туршид 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох тогтоогддог.

Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл өмчлөх эрх худалдан авагч М.т шилжсэн, худалдагч Х.******* 7.000.000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. 

Гэрээний зүйлийн биет байдлын болон эрхийн доголдлын талаар маргаагүй боловч төлбөрийн чадваргүй байдлаас болж 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тохиролцон маргаан бүхий төнөг төхөөрөмжийг анх авсан газарт нь хариуцагч М. нь нэхэмжлэгч Х.*******ын зөвшөөрлөөр буцаан тавьсан гэж, нэхэмжлэгч Х.******* гэрээ цуцлах бус тодорхой хугацааны дараа буцаан авах нөхцөлтэйгөөр хадгалсан гэх тайлбар гарган маргаж байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын болон гэрчийн мэдүүлэг тайлбар, үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Маргаан бүхий тавилгын үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буцаан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх талаар тохиролцон 3 сард буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

            Нэхэмжлэгч талын гэрээ цуцлагдаагүй маргаан бүхий тоног төхөөрөмжийг хадгалуулсан гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1, 258.2-т зааснаар худалдан авагч худалдан авсан эд хөрөнгөө хугацаанд нь хүлээж аваагүй бол худалдагч уг эд хөрөнгийг хадгалах, худалдагч эд хөрөнгийг өөртөө үлдээж саатуулах эрхтэй талаар заасан.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болохоор заасан тул хариуцагч тал гэрээний үүргээсээ төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй байдлаас болж гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг буюу гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа дууссан, шүүхэд мөн сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 259 дүгээр зүйлийн 259.1, 259.2-т зааснаар гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй, эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй талаар заажээ.

Хариуцагч тал гэрээний зүйлийг буцаан авахгүй удаасан, талуудын гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан тул нэхэмжлэгч тал дээрх журмыг хэрэглэх боломжтой байжээ, дээрх журмыг нэхэмжлэгч баримтлаагүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан/цуцалсан/ бол үр дагаврыг заахдаа талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээ цуцлагдсан тул хариуцагч өгсөн гэх 7.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Мөн нэхэмжлэгч тал 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 400,500 төгрөгийн алданги нэхэмжилснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцсон тул худалдагч тал алданги шаардах эрхтэй, гэвч шүүх тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх байсан 500.000 төгрөгөөс 28 хоногийн алдангийг тооцон 14.000 төгрөгийн алданги л ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1, 232 дугаар зүйлийн 232.6, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний зүйлийг нэхэмжлэгч өмчлөл эзэмшилдээ авахаар тохиролцсон 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 14.000 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгон, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 6.386.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар нэхэмжлэгч Х.*******аас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний зүйлийн үнэд шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг гаргуулан хариуцагч М.т олгох үндэслэлтэй.

Гэвч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн хангах боломжтой 7.000.000 төгрөгийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хангасан 14.000 төгрөгийн шаардлагыг хасан хэрэгсэхгүй болгон суутган тооцож, нэхэмжлэгчээс 6.986.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган гаргуулан хариуцагчид олгон шийдвэрлэв.

Гэрээний зүйл нэхэмжлэгч талд шилжсэн үйл баримт тогтоогдсон тул энэ талаар шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******ад олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Х.*******аас 126.726 төгрөгийг гаргуулан хариуцагч М.т олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаартай “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г цуцлан нэхэмжлэгч Х.*******аас 6.986.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 6.386.500 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 14.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.400 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.*******аас 122.176 төгрөгийг гаргуулан хариуцагч М.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ