Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1598

 

х

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.М, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дүгээр шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МТӨААТҮГ-т холбогдох

 

45 464 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 6 469 962 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Гх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал С.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Боловсрол, Шинжлэх ухааны яамны харъяа Шинжлэх ухааны парк, мэдээллийн технологитой /хуучнаар М ТӨААТҮГ/ 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, өндрөөшөө хүн явах боломжгүй, харанхуй гэрэлгүй, 31 жил ашиглалтгүй байсан, зоорийн давхрын 300 м.кв талбайг 5 сарын турш доош ухан тохижуулж 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ашиглаж ирсэн. Гэрээний 4.1-д түрээсийн 1 м.кв талбайн сарын хөлсийг 7 000 төгрөгөөр тохирсон ба тохижилт засварын хөлсөнд 2 000 төгрөгийг суутгаж тооцохоор гэрээ хийсэн. Гэрээний 4.3-д Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаатай тогтвортой байх ба жил бүр түрээсийн гэрээнд сунгалт хийнэ гэж заасан тул 300 м.кв талбайн сарын түрээс /300м2х 7000 төг/ 2 100 000 төгрөг ба үүнээс cap бүр /300 м.кв х 2000 төг/ 600 000 төгрөгийг тохижилтын зардалд суутгавал гэрээний ерөнхий хугацаа болох 5 жилийн хугацаанд /12 cap х 5 жил/ 60 cap болох ба тохижилтын суутгах зардал 36 000 000 /60 cap х 600 000 төг/ төгрөг болно. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү Жич: Бид энэхүү шаардлагыг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэл болгон гаргасан боловч нэхэмжлэгч М ТӨААТҮГ-ын төлөөлөгч шүүхэд ирээгүй шалтгаанаар шүүх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн № 101/Ш32016/14961 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Бид 28 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж засвар үйлчилгээний зардал 37 364 000 төгрөг, түрээсийн төлбөрт 7 500 000+2 040 000=9 540 000 төгрөг бөгөөд нийт 47 504 000 төгрөг нэхэмжилсэн. Талууд болон Төрийн өмчийн хороо оролцсон 3 талт 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой №12/13/54/45 дугаартай гэрээгээр түрээсийн төлбөрийг 1 м.кв-ийг нь 330,000 төгрөгөөр тохиролцсон байна. 300 м.кв х 330 000 төгрөг, нийт 990 000 төгрөг, харин “Б” ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 сарын хугацаанд 1 м.кв-ийг 2 100 000 төгрөгөөр тооцож төлсөн байх ба 600 000 төгрөг суутгаад илүү төлсөн зөрүү нь 1 500 000-990 000=510 000 төгрөг байна. 4 сараар үржүүлэхэд 2 040 000 төгрөг илүү төлсөн байна. Иймд илүү төлсөн 2 040 000 төгрөгийг нэхэмжлэн шаардлагаа ихэсгэж нийт 47 504 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МТӨААТҮГ шүүхэд бичгээр гаргасан болон түүний төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М  “Б” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13/33 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулан 300 м.кв талбай бүхий өрөөг интернет кафены түрээсэлсэн билээ. “Б” ХХК нь Монгол улсын хууль, дүрэм, журам болон түрээсийн гэрээгээ удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд МТҮП- ын зүгээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр №1/343 тоот албан бичгээр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар 14 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн юм. Тус мэдэгдлийн дагуу “Б” ХХК нь 2014 оны 8 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон боловч зарим тооны үнэ бүхий эд хөрөнгүүдээ авалгүй, дотор нь хадгалж их хэмжээний хог хаягдлаа цэвэрлээгүй, түрээсийн талбайгаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй болно. Үүний дагуу Түрээсийн талбайд байгаа эд хөрөнгөө бүрэн авч, их хэмжээний хог хаягдлаа зориулалтын газар нь хаяж түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгөхийг сануулсан боловч “Б” ХХК-ийн зүгээс Түрээсийн талбайг зориулалтыг нь өөрчлөн өөр зориулалтаар ашиглах учир одоохондоо түрээсийн талбайгаа суллаж, хүлээлгэж өгөлгүй байж байя хэрэв түрээслэхгүй тохиолдолд тухайн талбайг бүрэн чөлөөлж, хог хаягдлын цэвэрлэн акт үйлдэн түлхүүрээ хүлээлгэн өгч бусдад түрээслэх боломжоор нь хангаж өгнө гэж тайлбарлаж биднийг их хэмжээний алдагдалд оруулсан. Нэхэмжпэгчийн шаардаж байгаа тохижилтын зардалд их хэмжээний мөнгөөр бага засвар хийсэн, мөн гэрээний дагуу тохижилт, засварын ажлыг бүрэн хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ нь “Б” ХХК-д ашигтай, эд хөрөнгөд засвар, өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Төрийн өмчийн хороог оролцуулаагүй, хэт нэг талыг барьсан, Иргэний хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Засварын ажлын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болох Төрийн өмчийн хороог /ТӨХ/ оролцуулан 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12/13/54/45 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх гэрээ-г ТӨХ, МТҮП, “Б” ХХК-нууд нь харилцан тохиролцож 3-н талт гэрээг шинээр байгуулж засварын ажлын хөрөнгө оруулалтын талаарх харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгасан байдаг. Тодруулбал, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж талууд 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулсан байдаг. Тус гэрээний 4.3-т Түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан байдаг бөгөөд Б ХХК нь засварын ажлаа эхэлж хөрөнгө оруулалт хийхээр бол ТӨХ-ноос бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан юм. Тус заалт нь Түрээслэгч нь гэж тодотгон зааж хөрөнгө оруулалтаа бүртгүүлэх эсэх нь тухайн оруулалт оруулж буй түрээслэгчийн эрх үүргийн асуудал байхаар тусгасан байгаа юм. “Б” ХХК нь тус заалтын дагуу ТӨХ-ноос зөвшөөрөл авалгүй засварын ажлаа эхлүүлсэн байдаг бөгөөд тус заалтын Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй. гэж заасны дагуу буцаан нэхэмжлэх эрхгүй юм. Мөн өөрсдийн эрхлэх бизнесийн үйл ажиллагаанд зориулж засвар хийсэн болно. 2012 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн 12/13/54/45 тоот гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулагдсан байдаг. Б ХХК нь барилгад засварыг 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн энэ тухай өмнөх нэхэмжлэлдээ ч дурдсан байдаг учир гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд засвар хийсэн тул гэрээний заалт тухайн нөхцөлд үйлчилнэ. Мөн гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх аливаа үр дагавар хариуцлагыг аль буруутай тал нь хариуцдаг. Иймээс “Б” ХХК-ийн хууль зөрчсөн болон түрээсийн төлбөрөө төлөлгүй гэрээгээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул тухайн хөрөнгө оруулалт, засварын зардлаа “Б” ХХК нь өөрөө бүрэн хариуцах ёстой юм. Түрээслэгч нь 2012 оны 4 дүгээр сараас 2012 оны 8 cap хүртэлх түрээсийн төлбөрийг бодон түрээсийн зөрүү төлбөр гэж томъёолон 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь огтхон ч ойлгомжгүй бөгөөд хууль зүйн хувьд ямар ч боломжгүй. “Б” ХХК болон МТӨААТҮГ нь нарын хооронд анхлан байгуулсан хүчин төгөлдөр гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12/13/54/45 тоот гэрээ бөгөөд гэрээнд Хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага болох ТӨХ-г оролцуулсан тус гэрээний хүчинтэй хугацаанд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулан түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан болох нь гэрээний зохицуулалтууд болон гэрээ байгуулсан он cap өдөр зэргээр тогтоогдож харагдаж байгаа юм. Гэтэл хүчин төгөлдөр бус, хэрэгжээгүй 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээний заалт, түрээсийн үнийн дүнгээр үндэслэлгүй төлсөн хэмээн түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Дахин тодотгон хэлбэл “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль бус бөгөөд МТҮП нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МТӨААТҮГ шүүхэд бичгээр гаргасан болон түүний төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: МТӨААТҮГ нь '“Б” ХХК-тай 2013 оны 09-р сарын 26-ны өдөр 13/33 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, уг гэрээний сунгалт болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан гэрээг тус тус байгуулан 300 м.кв бүхий талбайг Интернэт кафены зориулалтаар 1 сарын түрээсийн төлбөр 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг байхаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэвч “Б” ХХК нь Монгол Улсын хууль, дүрэм журам болон түрээсийн гэрээгээ удаа дараа ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир Мэдээлэл технологийн ундэсний парк ТӨААТҮГ-ын зүгээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр №1/343 тоот албан бичгээр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар 14 хоногийн хугацаатай гэрээнд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу “Б” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр талбайг чөлөөлсөн боловч 2014 оны 5, 6, 7 сарын түрээсийн төлбөрөө өнөөх хүртэл төлөөгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэл дараах байдлаар байна. Үүнд: Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2014 оны 05 сарын түрээсийн төлбөр 1 591 694 төгрөг, 2014 оны 06 сарын түрээсийн төлбөр 2 161 614 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 8 хоногийн түрээсийн төлбөр 560 000 төгрөг нийт 4 313 308 төгрөг байна. Алданги 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4 313 308 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 0.5 хувийн алданги бодоход өдрийн 21 556 төгрөг. 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 1252 хоног байна. 1252*21566 = 27 000 632 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч тул алданги 2 156 654 төгрөг болж байна. Гэрээний нийт дүн түрээсийн төлбөрийн үлдэгдэл алданги 6 469 962 төгрөг болж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь заалтууд болон Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ний 1 дахь заалтуудыг удирдлага болгон түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төр болон гэрээгээр тохиролцсон алдангийг нэхэмжлэх эрхтэй. Иймд түрээслэгч “Б” ХХК-аас 6 469 962 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алданги 6 469 962 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Эхний шаардлагын хувьд зөвшөөрөхгүй бөгөөд төлбөр тооцооны талаар мэтгэлцэх явцад тодорхой болно. Удаах шаардлагын хувьд уг гэрээ нь түрээсийн гэрээ гэх нэртэй боловч ажил гүйцэтгэх гэрээ юм. Учир нь 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн зүйл гэх объект тэр үед бодитоор байгаагүй. Харин уг гэрээнд ажлын үр дүн ба хариу төлбөр төлөх хэлцэл байгаа бөгөөд хожим 2012 оны 09 сарын эхэнд түрээсийн зүйл бодитой бий болсны дараа 2012 оны 4 дүгээр сарын 01 гэсэн огноотой №12/13/54/45 гэсэн дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч МТӨААТҮГ-аас 34 330 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, 13 173 750 төгрөгт хариуцах хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Б” ХХК-аас 4 313 308 төгрөг гаргуулан МТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2 156 654 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433 160 төгрөг, хариуцагч МТӨААТҮГ-ийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТӨААТҮГ-аас 329 601 төгрөг гаргуулан “Б” ХХК-д олгож, “Б” ХХК-аас 83 962 төгрөг гаргуулан МТӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "БАГЭТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк" ТӨААТҮГ-т холбогдох тохижилт засварын ажлын хөлсний үлдэгдэл, үндэслэлгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр, гэрээний үнийн зөрүү, бүгд 47 504 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 4,313,308 төгрөг, алданги 2,156,654 төгрөг, бүгд 6,469,962 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 181/ШШ2019/01391 дугаартай шийдвэрийн дараах хэсэгт эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, "БАГЭТ" ХХК нь тохижилт засварын ажпын хөлсний үлдэгдэл 37 964 000 төгрөг, үндэслэлгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр 7 500 000 төгрөг, гэрээний үнийн зөрүү 2 040 000 төгрөг, бүгд 47 504 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх тохижилт засварын ажлын хөлсний үлдэгдэл 37 964 000 төгрөгөөс 34 330.25 төгрөгийг хангаж, 3 633 750 төгрөгийг хангаагүй байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь яагаад 3 633 750 төгрөгийг хассан нь тодорхойгүй байна. Үндэслэлгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр 7 500 000 төгрөгийг хангаагүй байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь "БАГЭТ" ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацаанд юу ч түрээслээгүй. Өөрөөр хэлбэл, мөн, энэ хугацаанд хариуцагч талд бусдад түрээслэх зүйл байгаагүй. Ийм хоёр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг 11 133 750/3,633,750+7,500,000/ төгрөгийнтөл хэмжээнд эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлыг, үндэслэлийн хамт хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас дутуу 11 133 750 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "БАГЭТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "М" ТӨААТҮГ-т холбогдох тохижилт засварын ажлын хөлс, үндэслэлгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр, гэрээний үнийн зөрүү бүгд 47 504 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр 4 313 308 төгрөг, алданги 2 156 654 төгрөг нийт 6 469 962 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэхтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дугаартай шийдвэрийн дараах хэсэгт эс зөвшөөрч, дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. "Б" ХХК нь тохижилт засварын ажлын хөлс үлдэгдэл, үндэслэлгүйгээр илүү төлсөн түрээсийн төлбөр, гэрээний үнийн зөрүү гэх нийт 47 504 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч "Мэдээлэл технологийн үндэсний парк" ТӨААТҮГ/МТҮП/ нь энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг төлөх боломжгүй. Анхан шатны шүүх нийт үнийн дүнгээс 34 330 250 төгрөгийг хангаж МТ-аас гаргуулахаар болсон байна. Үүнийг МТҮП нь зөвшөөрөхгүй байна. Учир нь "Б" ХХК нь М-ын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг /Зталт гэрээ/ байгүулж ажиллаж байсан. Тус гэрээнд түрээслэгч нь барилгын хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол Төрийн өмчийн хорооноос /ТӨХ/ зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасны үндсэнд /"Б " ХХК нь ТӨХ-оос хөрөнгө оруулалтын талаар зөвшөөрөл аваагүй, ямар нэгэн хүсэлт тавиагүй/ нэхэмжлэх эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 34 330 250 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийн гомдлыг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 34 330 250 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч МТӨААТҮГ-т холбогдуулан засвар үйлчилгээний зардал 37 964 000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлсөн 9 540 000 төгрөг, нийт 47 504 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөр 6 469 962 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ./1хх 1-2, 2хх 202, 234-235, 3хх 17, 26-27 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд байгуулагджээ. /1хх 7-8, 2хх 84-89, 207-213, 223-225 дугаар тал/ Уг гэрээнүүдэд шаардах эрхийн үндэслэлийг өөр өөрөөр тайлбарласан байна.

            Талууд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч МТӨААТҮГ-ын зоорийн давхрын 300 м.кв тайлбайг биеийн тамир спорт сургалтын зориулалтаар түрээслүүлэх, түрээсийн 1 м.кв талбайн хөлс нь 7 000 төгрөг байх ба 2 000 төгрөг нь засварын зардалд суутгагдана. Нэг сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг байна. Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаанд тогтвортой байх ба жил бүр түрээсийн гэрээнд сунгалт хийнэ. Түрээслэгчийн удирдлагад өөрчлөлт орох нь түрээсийн гэрээг өөрчлөх шалтгаан болохгүй.”, түрээсийн гэрээний 4.2-т засварын ажил дуусах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийн 50%-ийг хөнгөвчилнө. Энэ хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна.” гэж, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 4.3-т түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээр уламжлан Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй.” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх гэрээний дагуу Төрийн өмчийн хорооноос засвар хийх зөвшөөрөл авсан эсэх үйл баримт тодорхойгүй байна. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

            Түүнчлэн, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд түрээсэлсэн эд хөрөнгийн хийцэд өөрчлөлт орсон эсэх талаар дурдаагүй байна./1хх 91-98 дугаар тал/ Иймээс түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт орсон эсэхийг тодруулах шаардлагатай.

           

            Анхан шатны шүүх тус гэрээнүүдийг хэний буруугаас цуцлагдсан үйл баримтын талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй байна. Энэ нь завсарын зардлыг буцаан шаардах эрхэд нөлөөлөх эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгч засвар хийсэнтэй холбоотой баримтууд ирүүлснээс хэдэн төгрөгийн ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлж, үнэлсэн болох нь тодорхойгүй байна. /1хх 120-250, 2хх 1-6 дугаар тал/

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг залруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01391 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч талын 193 090 төгрөг, хариуцагч талын 329 620 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                            А.МӨНХЗУЛ

 

                                                   С.ЭНХТӨР